• Өнөөдөр 2024-04-27

Үлэмж биетэн гэгдээд буй Ц.БААТАРХҮҮ: Хотын хүүхэд, залуучууд намайг харахаараа айгаад, хашхираад зугтах тохиолдол олон

2022-03-05,   57543

-Хонио дагаад, морио уначихсан явж байхад анх харсан хотын хүүхэд, залуучууд хашхираад зугтах нь энүүхэнд-

           Цахим орчинд “Монголд бүр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд үлэмж биетэй хүн амьдардаг" гэх мэдээлэл бүхий гэрэл зураг цацагдаж, сүүлийн хэдэн өдөр олны анхаарлыг татаад байгаа билээ. Бид Архангай аймгийн Эрдэнэмандал суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг өдгөө 54 настай Ц.Баатархүүтэй утсаар ярилцлаа.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу та. Тантай манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?
 
           -Сайн байна уу, намайг Цэрэнбалжирын Баатархүү гэдэг. Энэ жил 54 настай. Эцэг, эхээс арвуулаа, би зургаа дахь хүүхэд нь болж төрсөн.
 
-Та Архангай аймгийн Эрдэнэмандал суманд хэдэн жил амьдарч байна вэ?
 
           -Би Эрдэнэмандал сумын уугуул хүн. Багаасаа л энэ газарт малаа маллаж амьдарч байна даа. Ер нь холдож үзээгүй хүн дээ. /Инээв/
 
-Таны зураг цахим орчинд түгэж, Улаанбаатар төдийгүй Монгол даяар та сошиал од болж байгаагаа мэдсэн үү. Тэр зургийг хэзээ авахуулсан бэ?
 
        -Би өөрөө интернэт, фэйсбүүк ашигладаггүй болохоор хүүхдүүдээс сураг сонссон. Тэр зургийг гурван жил гаруйн өмнө, Малчин ТВ-ийн захирал залуу томилолтоор явж байхдаа надтай таараад “Хамт зургаа даруулъя ах аа” гээд авахуулж байсан. Түүний дараа Улаанбаатараас телевизийн хүмүүс ирж, миний тухай нэвтрүүлэг хийсэн.
 
 
 
-Таны өндөр хэд вэ. Зураг дээр нэлээн том биетэй харагдаж байсан?
 
              -Биеийн өндөр 172 см. Ерөнхийдөө толгой, гар, хөл л том. Бусдаар бол хэвийн. Яг ижил өндөртэй хүнтэй зогсохоор том харагдаад байдаг юм. Хүмүүс зургаар дүгнэж харахдаа их том, аварга биетэй гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш.
 
-Та түрүүн эхээс ах, дүү арвуулаа гэсэн шүү дээ. Тэдний биеийн өндөр дунджаар хэд вэ?
 
           - Гэрийнхнээсээ би ганцаараа ийм биетэй. Хүүхэд байхад зүгээр байсан юм. Арван жилээ төгсөөд, цэрэгт яваад ирсэн чинь хөл, гарнаас эхлээд томорчихсон. Тухайн үедээ залуу болохоор тоохгүй, мэдээгүй юм шиг л явдаг байлаа. Нас нэмээд ирсэн чинь илт мэдэгддэг юм байна. Жирийн хүнтэй харьцуулаад харахад их л эвгүй харагддаг шиг байгаа юм. Хот, хүрээ ороод дэлгүүр, хоршоо орохоор хүмүүс зүгээр явуулахгүй шүү дээ. Эхлээд нэлээн гайхаж жийрхэнэ. Дараа нь итгэхгүй ойртоод гар барьж үзээд л, сүүлдээ зургаа авахуулаад л байдаг. Зарим нэг нь бүр намайг хараад айгаад зугтдаг.
 
-Ямар шалтгаанаар хөл, гар, толгой нь томорсон юм бол?
 

            -Хүний л амьдрал юм даа. Мөр бүтэн, гэдэс цатгалан, эрүүл саруул өсгөсөн эжий, аавын минь буруу гэж юу байх вэ. "Ийм л хүн болж хорвоод мэндлэх хувьтай байсан юм байлгүй дээ" гэж боддог. Тэглээ гээд харамсаад, гутраад байсан зүйл байхгүй. Харин ч өдий зэрэгт насалж үр хүүхэд, ач зээ нараараа тойруулж, өдөр хоногийг жаргалтай өнгөрүүлж байгаадаа баярладаг.

 
-Хүмүүсийн таныг гайхах, зургаа даруулах зэрэг үйлдэл танд ямар санагддаг вэ?
 
          -Бөхчүүд гарыг минь барьж үзээд их гайхдаг. Та барилддаг байсан уу гээд л эхэлнэ шүү дээ.  Анх харж байгаа хүмүүс айх, гайхах нь зэрэгцээд эвгүй хараад байдаг. Гэхдээ би өөрөө тоодоггүй юм. Тэр нь ч амар байдаг.
 
-Гарны хэмжээ том болохоор илүү хүчтэй байх гэж бодлоо?
 
         -Хэмжээний хувьд том болохоос хүчээр илүү гэсэн үг биш юм. Миний хувьд багаасаа хар, бор ажил хийсний ачаар хүчтэй гэхээсээ илүү эв дүйтэй болсон хүн. Түүнээс биш, том юм бүхнийг өргөөд байдаггүй. Үүнийг хүмүүст хэлмээр санагддаг.
 
Хот, хүрээ ороод дэлгүүр, хоршоо орохоор хүмүүс зүгээр явуулахгүй шүү дээ. Эхлээд нэлээн гайхаж жийрхэнэ. Дараа нь итгэхгүй ойртоод гар барьж үзээд л, сүүлдээ зургаа авахуулаад л байдаг. Зарим нэг нь бүр намайг хараад айгаад зугтдаг
 
-Та эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан бэ?
 
        -Манай эхнэр надаас таван насаар дүү хүн байдаг. Хоёр охиныг минь төрүүлж өгсөн сайхан хүн бий. Арван жилээ төгсөхдөө эхнэрээ мэддэг байсан. Цэрэгт явж ирээд л суусан хоёр шүү дээ. Анх эхнэр бид хоёр хоёулхнаа байсан бол одоо ач зээгээ оруулаад арвуулаа болсон байна. Хоёр охины нэг нь миний дэргэд нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг. Нөгөө нь Эрдэнэмандал суманд номын санчаар ажилладаг.
 
-Таны талаар болон зураг, дүрс олон нийтийн сүлжээнд цацагдахаар гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?
 

        -Хүүхдүүд ер нь л дургүй байдаг юм. Өчнөөн хүмүүс “Наад хүн чинь мангас юм биш үү" гэх мэтээр хэлдэг болохоор тэр биз дээ. Ямар л хүн аавыгаа элдвээр хэлүүлэхийг хүсэх  вэ дээ. Хүний л хүүхдүүд болсон хойно, амьхандаа надад санаа нь зовж, өмөөрч, дургүйцдэг байх гэж дотроо боддог.

 
- Өөртөө таарсан хувцас олно гэдэг танд амаргүй байх?
 
         - Надад 45-46 размерын гутал таарах болохоор их ховор. Тиймээс захиалгаар монгол гутал, цагаан улт зэргийг хийлгэж өмсдөг. Малгай, бээлийг эхнэр охид минь оёж өгдөг.  Зундаа нимгэн тэрлэг, монгол гутлаа өмсөөд, өвөлдөө зузаан дээл, эсгий гутлаа өмсдөг эгэл жирийн хөдөөний хүн.
 
- Таныг анх хараад айх зугтах зэрэг хөгжилтэй зүйл тохиолдож байв уу?
 
          -Байлгүй яахав. Зун болгон л хөгжилтэй юм их болно шүү дээ. Хонио дагаад, морио уначихсан явж байхад анх харсан хотын хүүхэд, залуучууд  хашхираад зугтах нь энүүхэнд. Яалтай билээ дээ. Хүүе, гэхийн завдалгүй зугтаад явчихдаг. Энэ мэт  хөгтэй юм олон болно оо. /Инээв/
 
-Энэ ярилцлагыг уншиж буй уншигчдад хэлэхийг хүсэж байгаа зүйл байна уу?
 
        - “Монгол ёсоо мэддэг байх нь чухал” гэж эрт үеэс л ахмадууд хэлдэг байсан. Ямар ч царай зүс биетэй хүн байсан, сайхан мэндлээд айж, ичихгүй байх нь монгол соёл, ёсны нэг нь юм. Мөн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд итгэж, тархиа битгий гашилгаарай. Жишээлбэл, над шиг хүн олон л байдаг байх. Энэ нь өөрөө буруу, муу, муухай зүйл огт биш. Яг л та нартай адилхан эгэл, жирийн, ардаа амьдралтай, хэн нэгний аав, өвөө, хань байдаг юм  шүү гэж хэлмээр байна.
 
-Бидний ярилцах хүсэлтийг хүлээн авч, цаг гарган ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
 
          -Баярлалаа.
 
Жишээлбэл, над шиг хүн олон л байдаг байх. Энэ нь өөрөө буруу, муу, муухай зүйл огт биш. Яг л та нартай адилхан эгэл, жирийн, ардаа амьдралтай, хэн нэгний аав, өвөө, хань байдаг юм  шүү гэж хэлмээр байна

Үлэмж биетэн гэгдээд буй Ц.БААТАРХҮҮ: Хотын хүүхэд, залуучууд намайг харахаараа айгаад, хашхираад зугтах тохиолдол олон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-01 15:55:27
    О сүнжидвал: Жинхэнэ хүн чанартай монгол хүн дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-02 17:43:22
    Ахдаа сайн сайхныг хүсье: Баатараа ахтайгаа Ёстой олон жил айл хунар явж байлаа, ёстой анзаарч ч байгаагүйн байна. Эрдэнэмандал сайхан нутаг шүү. Монголчууд Хануй, Хүнүй, Цүүр голын сав нутгаар явахдаа бууж мордож яваарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-08 07:57:20
    Эрдэнэ: Бөхчүүдийн гар шиг л юм бна .Хүн шиг л хүнээс юунаас нь айхавдээ?уулзсан хүн бүр танилцаад нөхөрлөөд гэр бүлийн найзууд болдоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-08 07:14:18
    М: Оросын олимп, дэлхийн олон удаагийн аварга Балуев гэж бас ийм нөхөр бий шдэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-08 07:10:00
    М: Д витаминтай холбоотой гэж ээж маань ярьдаг байсан. Химийн багш байсан юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 20:31:29
    хамаатан: Бяр тэнхээний хувьд бөхчүүдээс илүүднүү гэхээс дутах юм байхгүй хүн гэдгийг мэднээ.. барилдах гэхээр зодог шуудганд нь гар ордоггүй юм гэнэлээ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 20:31:16
    хамаатан: Бяр тэнхээний хувьд бөхчүүдээс илүүднүү гэхээс дутах юм байхгүй хүн гэдгийг мэднээ.. барилдах гэхээр зодог шуудганд нь гар ордоггүй юм гэнэлээ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 20:05:44
    Х: Сайхан сэтгэлтэй хүн байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 17:06:11
    l: unchin tarhinii usultiin daawar nasand hursen ch ylgataad bhar tolgoi gar hul tomordog gj unshj bsin bn .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 17:06:11
    l: unchin tarhinii usultiin daawar nasand hursen ch ylgataad bhar tolgoi gar hul tomordog gj unshj bsin bn .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 17:02:09
    Уншигч: Эвдрээгүй гоё хуруунуудтай юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 14:13:42
    Yes: Gar barildaachee ene avraga gariig ashiglaj devon larrantiig yalah heregtei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 10:43:23
    Bilgee: Shn gvndvgv ah bdg uyma
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-07 09:57:49
    Халиун.: Хувь хүний царай зүс ямар байхан огт хамаагүй болов ч зөвхөн гол хүний сэтгэл зан аашн харьцаан чухал байдаг юм да.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-06 11:30:23
    anu: wow
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188