• Өнөөдөр 2024-04-24

Ө.БАТНАСАН: Украинаас ирсэн оюутнууд машины дуунаар цожин сэрж, зарим нь ухаан алдаж байна

2022-03-04,   941

-УКРАИНААС БҮХ ОЮУТНАА ПОЛЬШ РУУ ТАТАЖ АВСАН-

ОХУ, Украины асуудлаар нэг сая орчим хүн Украин Улсаас дүрвээд байна. Мөн үүнтэй холбоотойгоор Монгол Улс Украинд суугаа оюутнуудаа Польш Улсаар дамжуулан авах ажил зохион байгуулж байгаа юм.

          Эргэлт.мн мэдээллийн сайт Польш руу дамжиж, Монгол руу нисэх оюутнуудыг хариуцан ажиллаж байгаа Полшийн монголчуудын холбооны гишүүн, “ETV” телевизийн Европын холбоон дахь суурин төлөөлөгч Ө.Батнасантай ярилцлаа.

 

-Украин суугаа монгол оюутнуудыг Польш руу татан авч, Монгол руу нисэх онгоцонд суулгаж өгч байгаа ажлын явц хэр байгаа вэ. Одоогоор хэдэн хүүхэд Польшид хүрч, хэд нь Монгол руу нисээд байгаа юм бэ?

          -Польш Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Польшийн монголчуудын холбоо хамтран хамгийн сүүлд, хоёр хоногийн өмнө Украины хилээс монгол оюутнуудаа авчирсан. Эхний ээлжид Польшоос Монгол руу 19 оюутныг нисгэж, өчигдөр мөн 16 оюутан Монгол Улсыг зорьсон. Харин одоогийн байдлаар Польшид 20 гаруй оюутан үлдэж, цаг үе, Украины нөхцөл байдлыг хэсэг хугацаанд ажиглах тухайгаа учирлаж байна.

-Хоёр орны хооронд мөргөлдөөн болж байгаа энэ цагт ч Польшоос монгол оюутнуудаа татан авч, Монгол руу нисгэж байгаа та нарт гомдол, санал ирсэн гэж сонссон. Энэ үнэн үү?

          -Хэд хэдэн хүнээс “Манай хүүхдийг авсангүй”, “Хүүхдүүдийг хурдан татаж аваач ээ” гэх зэрэг гомдол ирсэн. Гэхдээ одоо Украин дахь бүх монгол оюутнаа татан авч, Монгол руу нисгэж, зарим Украинд ажил төрөлтэй залуус нь нөхцөл байдлыг түр ажиглахаар Польшид байгаа.

          Мөн ОХУ, Украины асуудлаар оросууд бөмбөгдөж эхлэхэд хүмүүс Элчин сайдыг маш их шүүмжилж, “Элчин сайдууд гэж нэг ажилгүй хүмүүс байдаг” гэх зэргээр доромжилж байсан. Харин миний бодлоор энэ цаг үед хамгийн сайн ажиллаж байгаа хүн гэвэл Монгол Улсаас Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж. Элчин сайд Б.Дорж Польшийн улстөрчидтэй ч сайн холбоотой болохоор Украинаас монгол оюутнуудаа татаж авах ажил саадгүй бүтсэн. Украины хил дээр очих, зарим үед Украины нутаг руу орж оюутнуудаа авах үед Элчин сайдын яамны дипломат машинтай явж байгаа учир хоёр улсын хил дээрх урт цуваанд жагсахгүй саадгүй явж байлаа.

-Украинаас монгол оюутнуудаа татаж авах ажлыг хэрхэх зохион байгуулсан бэ. Польш Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтарч ажилласан гэж сонслоо. Тэгэхээр Элчин сайдын яамны машинтай Украины нутаг руу орж, оюутнуудаа авч байсан гэсэн үг үү?

          -Оросын цэргүүд дайрч эхлэхэд Киев, Харьков хотоос зугтсан монголчууд Украины хилээс 30 гаруй км-ын зайд байдаг Лавров хотод очсон. Хэсэг хугацаанд Лавров хотод амьдардаг нэгэн монгол эмэгтэйн гэрт бүгдээрээ хоргодож байсан юм. Улмаар Польш Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас монгол оюутнуудтайгаа холбогдож, Украины хилийн бүс орчимд дипломат машинтай очдог. Харин цаанаас Украин дахь монголчууд микроавтобус түрээсэлж, Украины хил дээр ирэхэд нь монгол оюутнуудаа тосож авдаг.

-Украинаас монгол оюутнуудаа татаж авах, Польшид түр байрлах байр, хоол хүнсний төлбөр зэргийг хэрхэн шийдвэрлэж байгаа юм бэ. Польшийн монголчуудын холбоо өөрсдөө мөнгө гаргаж байгаа юм уу?

          -ОХУ, Украины асуудлаар Монгол Улсын Засгийн газар хуралдаж, 500 сая төгрөгийн төсөв баталсан.  Украинаас оюутнуудаа татаж авах, хоол хүнс, байраар хангах, Монгол руу нисгэх ажил Монгол Улсын Засгийн газар, Польш дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэг, зааварчилгаа дор явж байгаа.

-Украинаас Польш руу гарсан монгол оюутнуудын нөхцөл байдал ямар байсан бэ. Түгшүүрийн цагт хэрэглээний зүйл, хувцас, мөнгө, гэрчилгээ зэрэг чухал зүйлээ орхисон тохиолдол байсан уу?

          -Оросууд Украиныг бөмбөгдөхийн өмнөх өдөр хэн “Оросууд дайраад ороод ирнэ” гэж санах вэ дээ. “Дайн болно” гэсэн л шуум гараад байснаас иргэд ч түүнд “Арай ч оросууд бидэн рүү дайрахгүй байх” гэсэн итгэлтэй байсан. Гэсэн ч яах аргагүй В.Путины тушаалаар хоёрдугаар сарын 24-ний өдрийн 05:45 цагт бөмбөгдөлт эхэлж, дайны түвшинд шилжсэн. Тэгээд л оросууд бөмбөгдөөд эхлэхээр “Оросууд дайраад ороод ирнэ гэж зүүдлээ ч үгүй байсан” хүмүүс айж, сандарсан даа хураасан хэдэн төгрөгөө бүү хэл, солих хувцас ч үгүй амиа аврахаар гарч хоргодох байр руу явсан байгаа юм.

          Харьков хотын хоргодох байрнаас Ливов хот хүртэл 180 км байдаг. Харин довтолгооноос зугтсан эрэгтэй монгол оюутнууд галт тэрэгний үүдэн хэсэг, эмэгтэйчүүд нь нэг куфенд 15-уулаа чихэж, ирсэн. Украинаас Польшид ирсэн монгол оюутнууд олон хоног түгшүүртэй, унтаж чадахгүй байсны улмаас маш их ядарсан, айж сандарсан байсан. Зарим нь байрны пудвол, метроны буудалд хоргодож, ядарч, даарч, өлссөний улмаас бие нь өвдсөн.

-Оюутнуудын сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, тогтвортой байгаа юу?

          -Саяхан л бөмбөг дэлбэрч, сум шунгинаж байсан газраас ирсэн хүүхдүүд үнэхээр айдастай байна. Дайны траума гэдэг шиг бөмбөг дэлбэрч байгаа чимээ, буун дуу хүүхдүүдийн маань айдас болжээ. Байрлаж байгаа зочид буудлынх урдуур шөнө дунд автомашин явахаар маш их айдастай цочиж сэрээд бүтэн нойртой амарч ч чадахгүй байна. Польшид ирсэн монгол оюутнууд нэгнийгээ санаандгүй цочооход нэг нь айж, ухаан алдаж унасан тохиодол хүртэл гарсан.

-ОХУ, Украины нөхцөл байдлыг хөрш оронд нь амьдарч байгаа хүний хувьд ямар байдлаар харж, дүгнэж байгаа вэ?

          -Хүмүүс Украины нөхцөл байдлыг өөрсдөө харж, мэдрээгүй болохоор төсөөлөгдөхгүй байх. Гэхдээ дайн гэдэг үнэхээр хүсмээр зүйл биш. Олон хүний амь эрсдэж, олон ч зүрх итгэл, урам зориггүй болж байна.

          Үнэнийг хэлэхэд анх би монголчууддаа туслах, дэмжих санаа байгаагүй. Харин элэг нэгтгүүдийнхээ төлөө боссон, тэмцсэн, цаг завгүй ажилтай ч цаг гарган ажиллаж байгаа Польшийн монголчуудын холбооныхныг хараад Украинд суугаа монголчуудынхаа төлөө тэмцэх урам зоригтой болсон юм. Бид энд нэг нэгэндээ туслах гээд гэр гэрээсээ оо, сойз, хувцас хунар, хоол хүнсээ зөөгөөд л хүүхдүүддээ авчирч өгөөд байж байна даа.

 

 


Ө.БАТНАСАН: Украинаас ирсэн оюутнууд машины дуунаар цожин сэрж, зарим нь ухаан алдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-04 13:28:09
    Зочин: Энэ Батнасан гэдэг хүн харин асуудлыг зөв ойлгодог, голч, ноён нуруутай хүн байна. Оюутнуудын заримынх нь аав ээж юм бүхнийг харлуулж муулаад, төрийн албыг дангаар нь буруутгаад харааж зүхэж коммент бичээд байх шиг байсан. Хувь хүний өөрсдийнх нь буруу бас байгаа ш дээ бас. Дайн болно гэж америк олон удаа ярьж бичиж дипломатуудаа гаргаж, иргэдээ бас гарахыг уриалж байсан. Тагнуулын мэдээлэл сайтай их гүрний байдлыг харж, орчин нөхцөлдөө хурдан үнэлэлт хийж, эхний 41 оюутан шиг Украйнаас хурдан гарч болох л байсан. Гэтэл өөрсдөө бас хариуцлагагүй хандчихаад, төрийн албаны ажилтнуудыг 100 хувь буруутгаж харлуулаад байсан. Муу хэлээд байсан төрийн байгууллага нь татвар төлөгч бидний төрд төлсөн татвараас зардал гаргаад энэ хүүхдүүдийг нь авчирсан. Амны билэгээс ашдын билэг гэж. Бусдыг муулж харлуулан, харааж зүхдэг, өмхий амтай муухай юм ярьдаг хүмүүс өөрсдөд рүүгээ л муу юмаа дуудна, энерги таталцлын хуулиараа..
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188