• Өнөөдөр 2024-04-20

Ц.ГАНТУЛГА: Жирийн монгол залуу дэлхийн дээд амжилтыг эвдэх өдөр ирнэ

2022-02-25,   821

          Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн "Залуус" буландаа Гиннесийн дээд амжилтыг шинэчлэх хүсэлтэй Ц.Гантулгатай ярилцсан юм. Тэрбээр шүдээрээ 28 тонн жинтэй залгаа автобус чирж танигдсан нэгэн билээ. Ингээд түүнтэй ярилцсан, ярилцлагыг уншигч танд хүргэе.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

         -Сайн байна уу, намайг Цогнэмэхийн Гантулга гэдэг. Одоо 30 настай. Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж, өссөн. Айлын том хүүхэд, найман дүүтэй. Сонирхолдоо хөтлөгдөн бяр тэнхээ шаардсан үзүүлбэр хийдэг нэгэн. 

-Таны талаар цахим сүлжээнд олон сонирхолтой бичлэг байдаг шүү дээ. Хэзээнээс шүдээрээ хүнд зүйлс чирж эхэлсэн бэ?

         - Анх “Youtube”-ээс бичлэг үзээд "Яаж чаддаг байна аа" гэж бодоод судалж эхэлсэн. Тэгээд 2017 онд 40 литрийн багтаамжтай битонтой ус өргөж буй бичлэгээ өөрийн фэйсбүүкдээ байршуулахад эхэндээ хүмүүс эргэлзсэн. Түүний дараа машин, микро, автобус зэрэг зүйлсийг чирэхэд олон хүн "Үнэн юм байна" гэдэгт итгэсэн л дээ. Ер нь энэ төрлөөр хичээллээд явна гэдэг эрсдэл ихтэй. Миний хувь хүний онцлог бол шартай, нэг юмны ард гарна гэсэн бол гарч байж санаа амардаг. Гадаад хүн чадаж байхад монгол хүн яагаад болохгүй гэсэн бодлоос эхтэй.

- Та сая эрсдэлтэй гэлээ. Энэ төрлөөр удаан хугацаанд хичээллэвэл ямар эрсдэл үүсэх вэ?

        - Зөвхөн шүдээрээ хүнд зүйл чирнэ гэдэг маш их хүч шаарддаг. Мөн чирээд дууссаны дараа огцом хөдөлчихвөл тархинд цус харвах 60-70 хувийн магадлалтай байдаг . Одоогоор надад нөлөөлөөгүй. Гэхдээ хэдэн жилийн дараа тодорхой хэмжээнд сөрөг үр дүн гарах л байх. Гэсэн ч миний сонирхол, өөрөө хүсээд хийж байгаа болохоор эрсдэлээс айж хойш суух эрхгүй гэж боддог доо.

Миний хувь хүний онцлог бол шартай, нэг юмны ард гарна гэсэн бол гарч байж санаа амардаг. Гадаад хүн чадаж байхад монгол хүн яагаад болохгүй гэсэн бодлоос эхтэй

-Сонирхлоос гадна хүний суурь чадвар гэж байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

           - Магадгүй л юм. Бөх барилдах эвсэлгүй ч тэнхээтэй хүн гэж байдаг даа. Би бол яг тийм. Бага байхын л хар бор ажил хойш суулгүй хийж ирсэн нь тэсвэртэй, хүчтэй болох суурь болсон байх. Би хүчтэй хүн гэхээс илүүтэйгээр бодит байдлаа харуулж үнэлүүлэхийг хүсдэг. Суурь чадвар дээрээ үндэслэн сонирхлоо хөгжүүлсэн гэж болох юм.

-Гэр бүлийнхний зүгээс ямар байр суурьтай байдаг вэ?

          -Анхандаа манай аав дургүй байсан. “Олон хүний шүүмжлэл, элдэв юм их болно шүү дээ, одоо боль” гэх мэтээр зөвлөдөг байсан ч миний хийж байгаа зүйлийн ард эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, нэрээ гаргах хүслийг минь ойлгоод дэмждэг болсон.

-Цар тахал гарснаас хойш бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийж байв?

           - Миний хувьд сардаа нэг удаа 40-50 кг жинтэй зүйлийг шүдээрээ зууж, чирж 1500-2000 удаа босож, суух бэлтгэл хийдэг. Одоохондоо өөрөө өөрийнхөө багш, дасгалжуулагч юм даа /Инээв/. Шинэ санаа байвч, олон хүн цуглуулах нь эрсдэлтэй болохоор чимээгүйхэн л байна. Удахгүй сайхан цаг ирэхээр олон улсын туршлага судлах бодолтой байгаа. 

-Танд тогтоосон рекорд гэж байдаг уу?

         - Одоогоор надад тогтоосон рекордын батламж байхгүй. Үүний төлөө л би одоог хүртэл олон төрлийн үзүүлбэр хийж байна.  Уг нь бол Гиннесийн автобусны амжилтын төрөл 15 тонн байдаг. Миний чирсэн автобус нь хоосон үедээ 16 тоннтой. Үүнийг би сүүлд дотроо хүнтэй ачаатай байхад нь чирсэн юм. Мөн 2019 оны нэгдүгээр сарын 28-нд “Таван Богд” компани дээр очиж, таван ширхэг “Land crueser 200” маркийн машин чирсэн. Энэ нь дэлхийд нэгт орохоор рекорд юм билээ.

 

Гиннесийн автобусны амжилтын төрөл 15 тонн байдаг. Миний чирсэн автобус нь хоосон үедээ 16 тоннтой

 

-Таны гаргасан амжилт бол хэдийнэ дэлхийн рекордыг эвдсэн гэж ойлголоо. Үүнийгээ бүртгүүлж, олон улсад таниулахад  ямар бэрхшээл байна вэ?

-Миний хэтийн зорилго бол Гиннесийн дээд амжилтыг шинэчлэх. Үүнийгээ  ч биелүүлж чадна гэж боддог. Хамгийн гол тулгарч буй асуудал нь олон улсын тэмцээнийг мэддэг, мэргэжлийн хүний зөвлөгөө, тодорхой хэмжээний дэмжлэг л хэрэгтэй байна. Гэхдээ зөв явбал бүх зүйлс аяндаа сайхан бүтнэ гэдэгт итгэдэг.

-Ойрын хугацаанд амжилтаа ахиулах бодол бий юү?

          -Дэлхийд онгоцны рекорд нь 50 тонн байдаг. Сүүлийн хоёр жилд Монголд шүдээрээ онгоц чирэх зөвшөөрөл авах гээд явж байна. Энэ асуудал шийдэгдвэл рекордоо нэмэгдүүлэхэд би бэлэн. Дэлхийд гарах хүсэл минь зөвхөн миний асуудал биш, эх орныхоо нэр, төрийн далбааг мандуулах боломж гэж ойлгож дэмжээсэй гэж хүсдэг.

-Шүдээрээ зууж хүнд зүйл чирэх үедээ амандаа зориулалтын хамгаалалт хэрэглэдэг үү ?

         -Энэ талаар хүмүүс асуудаг. Би ямар ч зүйл хэрэглэдэггүй. Зөвхөн шүдээрээ л өргөдөг, чирдэг. Ийм төрлийн спортоор хичээллэдэг гаднын хүмүүс нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг бол би уламжлалт аргаар хийсэн цагаан идээгээ иддэг. Миний ялгарах зүйл бол энэ гэж боддог. 

-Энэхүү нийтлэлийг уншиж буй уншигчдад хандаж хэлэх зүйл бий юү?

            -Жирийн монгол залуу дэлхийн амжилтыг эвдэх өдөр ирнэ. Намайг ойлгож, дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

            -Баярлалаа.  

 

Ц.ГАНТУЛГА: Жирийн монгол залуу дэлхийн дээд амжилтыг эвдэх өдөр ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-25 09:04:59
    Иргэн: Дүүд улам өндөр амжилт хүсье. Зорьсон хэрэг нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188