• Өнөөдөр 2024-03-29

Н.ГАНБОЛД: Азийн аварга шалгаруулах тэмцээний гүйлтийн тэшүүрийн анхны медалийг хүртэж байлаа

2022-02-10,   887

   Өвлийн олимпын  XXIV дэх удаагийн “Бээжин-2022” наадам  үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан бид 1992 оны Өвлийн олимпд гүйлтийн тэшүүрийн төрлөөр оролцож, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медальт, ахмад тамирчин Н.Ганболдыг "Өөрөөс нь" ярилцлагын буландаа урилаа. Цагтаа гүйлтийн тэшүүрээр алгасахгүй амжилт гаргадаг байсан тэр өдгөө хаа нэг Хандгайтын мөсөн талбайд очиж гулгачихаад, залуу тамирчдыг харж, тэдэнд зөвлөдөг гэх түүний ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

 
 
-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу, та. Монголчууд Өвлийн олимпоор амьсгалсан өдрүүд өнгөрч байна. Та ч мөн олимп үзээд, 1992 онд олимпд оролцож байсан дурсамжуудаас нь хөвөрч суугаа байх?
 
   -Сайхаан, олимпын төрлүүдээс гүйлтийн тэшүүрийг бол алгасахгүй үзнэ, гүйлтийн тэшүүрээр би тасралтгүй 18 жил хичээллэсэн. Олимпд оролцож байгаа залуу тамирчдыг харахаар анх тэшүүрээр гулгаж эхлээд, аймгийн болон улсын аварга, олимпд орж байсан үе минь санаанд бууна шүү дээ. Тэмцээнд оролцоно гээд бэлтгэлээ хийгээд өдийд ч их сайхан байдаг байсан даа.
 
-Та аль нутаг усных бэ, анх тэшүүрээр хэрхэн хичээллэх болсон бэ?
 
   -Би Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 13 настайгаасаа тэшүүрээр хичээллэж эхэлсэн. Анх би цанаар гулгадаг байх үед манай суманд тэшүүрийн мэргэжлийн хүн ирж, жил гаруйн хугацаанд амьдрахдаа жижиг гулгуурийн талбай хийсэн юм. Ингэж анх удаа мөсөн дээр гулгах зам нээгдсэн юм. Тухайн үед гулгах их сонирхолтой байсан болохоор шууд тэр жилдээ л аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дараа нь улсын аварга гээд тэшүүрчин болох зам минь эхэлсэн дээ. Өсвөрийн болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, спиртикад гээд ороогүй тэмцээн, уралдаан байхгүй, тухайн үед болдог байсан бүх л тэмцээнд оролцож, медаль авдаг байлаа.
 
-1992 оны өвлийн олимп бол хамгийн том амжилт нь байсан байх, таны үед олимп хэрхэн зохион байгуулагддаг байсан бэ, одоо ямар болсон байгаа ажиглагддаг вэ?
 
   -Мэдээж өөрчлөгдсөн, биднийг олимпд оролцож байх үед хувцас нь ч олддоггүй ихэд хэцүүхэн байлаа. Одоо бол бүх зүйл нь бэлэн болж, гүйлтийн тэшүүрийн тойрог нь хүртэл богинохон болсон байна. Тэгэхээр хувь тамирчин өөрөө л бэлтгэл сургуулилтаа сайн хийж, хичээл зүтгэвэл гаргавал амжилт ойрхон харагдаж байна.
 
-Та өвлийн олимпд ямар амжилт үзүүлсэн бэ?
 
    -Би гүйлтийн тэшүүрээр 27-р байрт шалгарч байсан. Уг нь тэр жил миний бэлтгэл сайн хангагдсан байсан юм. Гэтэл олимпоос өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнд гүйлтийн тэшүүрийн төрлөөр оролцоод арван мянган метрт гүйлтийн тэшүүрээр анхны мөнгөн медалийг хүртсэн. Тухайн үед Монголчууд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тэшүүрээр медаль аваагүй үе байсан юм. Тэгээд Солонгос Улсад очиж, мөн олон улсын тэмцээнд орж, дахин нэг мөнгөн медаль хүртлээ. Тэгээд эх орон руу гаа буцахдаа Эрээн хотоор дамжтал, ид наймаачид нь очсон үе таараад, билет нь олдоггүй долоо хоног буудал ч байхгүй, суугаагаараа нойр, хоолгүй шахам яваад, Улаанбаатарт ирж байсан. Энэ хугацаанд хамаг бэлтгэл, порм алдагдаж, олимпд  тааруухан оролцсон болов уу гэж жаахан харамсдаг юм. Гэхдээ олимпд оролцоно гэдэг тамирчин хүнд том зүйл шүү дээ. 
 

-Ерээд оны үед ч олимпд, гадны улс руу тэмцээнд оролцохоор явж байгаа тамирчнаа дэмждэггүй хэвээр байсан юм уу?

      -Бид нар чинь бор зүрхээрээ л, өөрсдөө зардал, мөнгөө гаргаад явна шүү дээ. Одоо харин сайн тамирчинг аль нэг байгууллага, компани ивээн тэтгээд явуулж байна. Бидний үед чинь тэмцээн, уралдаанд оролцох сонирхолоос өөр зүйлгүй байлаа шүү дээ. Нөгөө талаар бусад улсыг бодоход тэшүүрийн төрлөөр Монголчууд бидний нэг хэцүү зүйл нь бэлтгэл хийх мөсөн ордон байхгүй. Бусад орон шиг жилийн дөрвөн улирал бэлтгэлээ хийх боломжгүй, зөвхөн өвөл л бэлтгэл хийх боломжтой байдгаараа жаахан хумигдмал. Тамирчин хүнд бэлтгэлээ алгасах шиг уналт байхгүй. Нэг өдөр алгасаж, жаахан ханиад хүрээд хэвтэхэд л хамаг бэлтгэл, сургуулилт талаар болдог. Тэгэхээр тэшүүрийн төрлөөр хичээллэсэн ч бэлтгэл хийх хангалттай нөхцөл нь бүрдэхгүй болохоор үзүүлэх амжилт нь жаахан тааруу байдгаараа сул талтай.

-ТОЛЬ ШИГ МӨСӨН ДЭЭР  ГУЛГАЖ ЯАХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ-

 
-Таныг тамирчин байх үед хүмүүс спортоор хэр хичээллэдэг байсан бэ, тантай хамт мөр зэрэгцэж явсан олон тамирчин бий байх?
 
   -Тухайн үед нийтийн биеийн тамир гээд улсаас бүх хүнийг спортоор хичээллэхийг шаардаж, 18 аймаг тэр даяараа спортоор хичээллэж, хүмүүс өөрсдийн сонирхож байгаа төрлөөрөө хичээллэж, жинхэнэ өрсөлддөг байсан даа. Тэшүүрийн төрлөөр надтай хамт уралдаан, тэмцээнд  явдаг олон тамирчин бий. Зарим нь спортоосоо хөдийрсөн, зарим нь багшилж байгаа. Ер нь тэгээд спортоор дагнаад явах юм бол ар гэрийн амьдрал орхигдоно. Тэгээд ямар ч цалин мөнгөгүй, тэмцээнээс тэмцээний хооронд явах хэцүү, амжилт гаргах үе ч байна, гаргахгүй байх нь бий. Тэр ч утгаар спортын салбар чанга шүү дээ.
 
-Спортоор хичээллэхийн ач тус, тэшүүрчин байхын сайхан зүйл нь юу вэ?
 
  -Спорт бол хүнийг тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг байлгадаг гол зэвсэг. Тэр дундаа тэшүүр бол хурд хүч, авхаалж самбаатай байхыг шаарддаг. Толь шиг мөсөн дээр гулгах шиг сайхан мэдрэмж байхгүй. Одоо  хүүхэд, залуус гэртээ утсаа ширтээд буйдан дээрээ хэвтээд байна, угтаа бол аль нэг спортын төрлөөр хичээллэж, хөдөлгөөнтэй байх ёстой байгаа юм. Тэгэж гэмээнэ эрүүл чийрэг бие бялдартай, ухаан саруул хүн болно шүү дээ. Айхтар олимпд оролцоод явахгүй юм гэхэд дасгал хөдөлгөөн, спорт гэдэг бол хүний амьдралд зайлшгүй байх ёстой зүйлийн нэг. Тэгэхээр спорт хүнд их хэрэгтэй.
 
 
                          -Хүүхдүүдээс нь спортоор хичээллэж, тэшүүрчин болсон нь бий юү?

-Хүү маань нэг хэсэг хичээллэж байж байгаад больсон. Бэлтгэл хийх нөөц бололцоо нь тааруухан болохоор би ч айхтар шахсангүй, өөрт сонирхолтой илүү өргөн цар хүрээнд хөгжих зүйлээрээ явсан нь ч зүйтэй байх гэж боддог.

           
 
 
 -​Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?
 
   -Модон сийлбэр хийж, "Амурай" гээд цахим хуудсаараа дамжуулан хүмүүст хүргэж, борлуулдаг юм. Тэгээд ахмадуудтайгаа, ахмадын тэшүүрийн тэмцээнд оролцож, хаа нэг тэшүүрээр гулгамаар санагдахаараа Хандгайтын мөсөн талбайд очиж гулгачихаад, спортоо үзээд л сууж байна даа. 
 
 
 

Н.ГАНБОЛД: Азийн аварга шалгаруулах тэмцээний гүйлтийн тэшүүрийн анхны медалийг хүртэж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-04 10:14:14
    Д Ганбат: Манай Ганболд маш мундаг тамирчин амьдрал дээр сайн аав мөн хөдөлмөрч нийтэч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-26 14:35:10
    ts: gawiyat ughuur hvndee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-10 13:07:27
    Amartuvshin : Mundag shvv
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188