• Өнөөдөр 2024-04-25

Б.ДАВААСҮРЭН: Амьдралын өчүүхэн зүйлд шантарч байгаа хүмүүс миний түүхийг уншаад босоосой гэж хүссэн

2022-01-03,   2803

-Амьдралд тохиолдсон хэцүү бүхнээ би спортын ачаар даван туулсан-

  Тэр санамсаргүй ослын улмаас нуруу нугасаа гэмтээж, хөлөө тайруулсан ч амьдралд бууж өгөөгүй. Харин ч сэтгэлийн тэнхээ, зориг зүрх, өөдрөг сэтгэлээрээ энэ амьдралыг ялж яваа. Тэгэхдээ түүнд жигүүр, тулах цэг, хөшүүрэг болдог гол зүйл нь спорт. Спорт л түүнийг бүтэн болгодог. Өөрийн амьдралын түүхээ “Чойронгоо” нэртэй хуудаст өгүүлсэн Б.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Эргэлт.мн сайтын уншигчдад шинэ оны мэнд хүргэе. 2021 он хэдийгээр цар тахалтай жил байсан ч өөрийгөө хөгжүүлэх, оюун ухаанаа тэлэх тал дээр илүү ажилласан, ахисан жил байлаа. Ирэх ондоо туялзуур сэлэмний анхдугаар улсын тэмцээнд оролцохоор зорьж байна” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Таны амьдралын түүхийн талаар цахим хуудаснаас уншлаа. Та өөрөө түүхээ бичье гэж бодов уу. Чойронгоогоос танд хандсан уу?

 -Нэгдсэн үндэсний аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-наас 17-ны хооронд зохион байгуулагдах юм. Тэр дундаа тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортын улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдах гэж байгаа. Тэгээд Чойронгоо хуудсыг хөтөлдөг хүн "Амьдралын түүхээ ярьж өгөөч" хэмээн холбогдсон юм. Би өөрөө энэ пэйжийг дагадаг, хүмүүсийн бодит амьдралын түүхийг бодитоор нь бичдэг болохоор үнэн зүйлийг үнэнээр нь ярья гэж шийдсэн юм. Би туулж өнгөрүүлсэн бодит амьдралаа чин үнэнээр нь ямар ч хачир, давсгүйгээр хүмүүст хүргэхийг хүссэн.

-Аав тань эргэж ирсэн үү. Аавынхаа тухай одоо ямар бодолтой байдаг вэ?

-Аав минь эргэж ирээгүй ээ. Тэр чигтээ өөр хүнтэй суугаад явсан. Одоо хааяа аавтайгаа холбогддог. Багад минь хэдий зоддог байсан ч тэр хүн миний аав шүү дээ.

-Ааваас тань салснаас хойш ээж нь тайван сайхан, жаргалтай амьдарч чадсан уу?

-Үнэхээр жаргалтай байгаа. Дахин тийм айдас ээжид минь байгаагүй дээ. Би өдийг хүртэл ээжийнхээ үгнээс гарч үзээгүй, өөдөөс нь чанга дуугарах нь битгий хэл уурлуулж ч байсангүй.

-Амьдралын түүхээсээ хүмүүст ямар нэгэн санааг хэлэхийг хүссэн байх гэж бодож байна. Зарим хүн шантарч, амьдралд тохиолдсон өчүүхэн бэрхшээлдээ бууж өгөх нь бий. Та ч энэ бүхнийг өөрийнхөөрөө харж суугаа байх?

 -Хүн бүр өөр өөрийн зовлон, жаргалыг туулдаг. Надаас ч хүнд зовлонг туулж яваа, илүү зориг зүрх, сэтгэлийн хаттай хүн бий. Мэдээж нөгөө талаар амьдралд тохиох жаахан бэрхшээлдээ шантран, бууж өгөх нэгэн ч байдаг. Тэдгээр хүмүүс миний түүхийг уншаад эрч хүч авч, нэгийг бодоосой, өөрийгөө ялан дийлж босоосой гэж хүссэн. Хамгийн гол нь хүмүүс алив нэгэн өвчин, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Шантрах, бууж өгөх, хөлгүй болчихоод цаашид юу хийх вэ гэж мухардсан үе байсан байх. Энэ бүхнийг давж туулахад хөшүүрэг болсон зүйл нь юу бол?

 -Эрүүл саруул байхдаа эхнэртэйгээ хоёулаа хичээгээд амьдрал сайхан болж байсан. Гэтэл 2015 оны намар самарт явж байгаад санаандгүй ослоос үүдэн нуруу нугасны гэмтэлтэй болсон. Гэсэн ч би шантраагүй. Надад үр хүүхдэдээ харагдаад амьд байгаа минь л талархмаар санагдсан. Харин дараа нь 2018 онд  хөлөө тариулахдаа жаахан харамссан. Гэхдээ би энэ бүхнийг спортын ачаар даван туулсан. Миний амьдралын гол  хөшүүрэг бол спорт. Спортоор хичээллэснээсээ хойш би буруу замаар явсангүй,  өөрийн үзэл бодлоороо л явж, гэр бүл, хайртай бүхнийхээ төлөө зүтгэсэн. Одоо ч спортоор хичээллэж, илүү их амжилт гаргахыг зорьж байна.

 

2015 оны намар самарт явж байгаад санаандгүй ослоос үүдэн нуруу нугасны гэмтэлтэй болсон. Гэсэн ч би шантраагүй. Надад үр хүүхдэдээ харагдаад амьд байгаа минь л талархмаар санагдсан. 

-Амьдралын тань хамгийн чухал үед туялзуур сэлэмний спорт танд том нөлөө үзүүлжээ. Анх хэрхэн хичээллэх болсон бэ?

-Хөлөө тариулчихсан, том шархтай болохоор хөдөлгөөн хийх шаардлага үүссэн. Учир нь хүний эд, эрхтэн хөдөлгөөн хийж сэргэдэг. Энэ ч утгаар эмнэлэгт байхдаа туялзуур сэлмээр хичээллэнэ гээд бодчихсон байсан. Тэгээд эмнэлгээс гараад шууд л туялзуур сэлэмний клубд хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш дөрвөн жил болж байна.  Анх туялзуур сэлэмний тэмцээнээс хүрэл медаль аваад, дараа нь түрүүлсэн. Мэдээж спортоор хичээллэнэ гэдэг эрүүл мэндээс гадна тухайн хүний биеийн төлөвшил, зан чанар, харилцаанд их нөлөөлдөг.

-Туялзуур сэлэмнийхээ клубыг танилцуулаач. Та ямар клубэд явдаг вэ?

-Тэргэнцэртэй туялзуур сэлэмний “Өндөр хаан” гээд клуб бий. Дасгалжуулагч М.Мөнхтулгын удирдлагад бэлтгэлээ хийдэг. Энгийн хүмүүс болон хөгжлийн болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүмүүс гэсэн хоёр ангилалтай. Долоо хоногоор ээлжилж бэлтгэлээ хийдэг. Тамирчин хүнд амжилт гаргахад дэмжлэг их чухал байдаг. Энэ ч утгаар би Hi pay компанитай тамирчны гэрээ байгуулж, саяхнаас ажилдаа ороод, давхар бэлтгэлээ хийгээд явж байна. Туялзуур сэлмээрээ цаашид улам сайн хичээллэж, энэ спортыг Монголд илүү таниулахыг боддог.

-Та “Шат” богино хэмжээний киноны гол дүрд тогложээ. Хэрхэн тоглох болсон бэ. Энэ киноны илэрхийлэх санаа нь таны зорилготой төстэй санагдсан?

-“Шат” киноны найруулагчтай анх дүрийн сонгон шалгаруулалт дуусах үед нь холбогдсон юм. Тэгээд зохиолтой нь танилцахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон зүйлийн бэрхшээл тулгардаг гэсэн санааг дэвшүүлж байсан. Тэгээд үүнийгээ шатаар илэрхийлсэн нь сонин санагдсан. Энэ киногоороо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон зүйл тулгамддаг гэдгийг хэлэхийг зорьсон.

-Эхнэр минь сэтгэл зүрх, бүхнээ зориулан намайг асарсан-

-Одоо хоёул гэр бүлийнх нь талаар яриагаа үргэлжлүүлье. 17 настайдаа эхнэртэйгээ учирсан юм билээ?

-Анх бид хоёр хадмындаа хамт байж байгаад л амьдралаа босгож, бүх зүйлийг эхнээс нь эхэлснээс хойш өдийг хүртэл хамтдаа явна. Эхнэр минь намайг өвдсөн ч хажууд минь байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа болохоор мэдээж шантрах зүйл байлгүй яах вэ. Анх намайг хэвтэхэд шөнө нойргүй асарч, хурдан биеэ даалгахад их тусалсан. Энэ ташрамд, бүх зүйлийг тэвчиж, сэтгэл зүрхээ  зориулан намайг харж хандаж, дэмжиж байсанд баярлалаа гэж хэлье.

-Найз нөхдийн чанарыг илүүтэй таньсан байх. Амьдралынх нь хүнд үед найзууд нь хэрхэн туслаж, түшиж байсан бол?

-Багаасаа найзласан найз минь бүх үед хамт байсан. Анх 2015 онд нуруу нугасны гэмтэл авахад найз минь шууд ажлаасаа чөлөө аваад намайг эмнэлгээс гартал сахисан. Дараа нь 2018 онд хөлөө тариулаад эмнэлэгт хэвтэхэд мөн л Архангайд ажилтай явж байгаад  шөнө нь ирээд, намайг сахиж байсан. Би ямар сайхан найзтай вэ гэдгээ энэ үеүддээ илүү мэдэрсэн. Найздаа баярлаж явдгаа мөн илэрхийлье.

-Таны түүхээс аавын тань тухай уншсан. Өөрөө хатуу амьдралыг туулж ирсэн болохоор хүүхдүүдээ мэдээж сайн аав байхыг хичээдэг байх?

-Хүүхдүүдээ хэт хатуу гараар биш, гэхдээ хэтэрхий зөөлөн биш үйлдлээрээ хүмүүжүүлэхийг хичээдэг.

-Ээж нь одоо хамт байдаг уу?

-Ээжтэйгээ хамт байгаа. Үргэлж хүүгээ дэмжиж, хүүгийнхээ талд байдаг хамгийн эрхэм хүн.

-Амьдрал таныхаар юу вэ?

-Амьдрал надад их зүйл ухааруулсан. Өнөөгийн нийгэмд юу ч болж байсан тэвчих л хэрэгтэй цаг үе юм шиг байна. Эрүүл байхдаа амьдралыг харах, хөгжлийн бэрхшээлтэй болоод амьдралыг харах хоёр огт өөр. Эрүүл саруул хөдөлмөрлөж байгаа хүмүүс хүн чанар, хандлагаараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гүйцэхгүй юм билээ. Хүмүүст хандаж соёлтой нийгмийг бүтээж, эерэг хандлагыг түгээе гэж хэлмээр байна.

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Тэргэнцэртэй туялзуур сэлэмний төрлөөрөө параолимпод оролцох хамгийн том зорилготой байна. Шилдэг тамирчин болж олимпод орох миний мөрөөдөл.

 Түүний түүхийг уншихад хэчнээн хэцүү амьдрал туулж яваа нэгэн бэ гэж бодогдсон бол харин түүнтэй ярилцахад зориг зүрх, өөдрөг сэтгэлийнх нь дэргэд туулж өнгөрүүлсэн зовлон нь дэндүү жаахан санагдсан юм. Тэр энэ амьдралыг үнэхээр ялж яваа ажээ.


Б.ДАВААСҮРЭН: Амьдралын өчүүхэн зүйлд шантарч байгаа хүмүүс миний түүхийг уншаад босоосой гэж хүссэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-07 00:33:28
    Ч.Оюунхүү: Найзад нь маш их баярлалаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж.. Даваасүрэн дүүгээ зорьсон зорилгодоо хүрч улам их амжилт гаргахыг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-06 16:11:01
    Н.Гэрэл : Архи дарс , муу зуршилаас хол , нэг ч муу муухай үг хэллэг амнаасаа цухуйлагдаггүй үргэлж хүнд туслах сайхан сэтгэлийг тээж явдаг хүү дээ улам их амжилт хүсэе . Миний хүүд тэсвэр тэвчээр хангалттай байдаг . Хүүг минь нойр хоолоо умартан чин сэтгэлээсээ сахиж дахин амьдрахад нь тусалж хажууд нь байсан багын найз ангийн анд нь болох Э.Бадамдорж хүү дээ баярлаж байнга талархаж явдаг даа. Миний л хүү шиг санагддаг болжээ .
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188