• Өнөөдөр 2024-04-27

Д.ДЭМБЭРЭЛНЯМБУУ: "Хархан нүдэн" тоглолт түүх болон үлдэж дээ

2021-11-11,   1068

-"МОЙЛ ХАРХАН НҮДЭН" НЭРТЭЙ ШИНЭ ДУУ ХИЙНЭ-

          Алтанбулаг боомтоор хил нэвтэрч, “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч Д-ээс коронавирусийн халдвар илэрч байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Тухайн үед жолооч Д дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн нь олны анхаарлыг татаж байв.

          Үүний дараа дуучин Д.Дэмбэрэлнямбуу болон түүний анхны бие даасан “Хархан нүдэн” тоглолтыг мэдэхгүй хүн ховор болсон гэхэд буруутахгүй болов уу. Хэсэг хугацаанд чимээгүй байж, уран бүтээлээ завсарлаад байсан дуучин Д.Дэмбэрэлнямбууг уншигч та бүхэнтэй уулзуулж байна.

-Та анхны “Хархан нүдэн” уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулснаас хойш жилийн хугацаа өнгөрчээ. Хэсэг хугацаанд олны хөлөөс хол байж, чимээгүй сууж байлаа. Энэ хугацаанд ямар уран бүтээл дээр ажиллаж, сонсогчидтойгоо ямар бүтээлтэй учран золгохоор төлөвлөж байна вэ?

          -Энэ хугацаанд нэг их уран бүтээлээ хөөж чадсангүй ээ. Хэсэг хугацаанд завсарлаад л байна.

-Хэдий “Завсарлаад байна” гээд шинэ уран бүтээл, дуу гаргаагүй ч шинэ дууны шүлэг, аян дээр сууж, шинэ бүтээл төлөвлөөгүй гэж үү?

          -Саяхнаас нэгэн шүлэг олж ирээд одоо л яг нэг уран бүтээл дээр ажиллаж байна даа. Шинэ бүтээлээ их удаалгүй ойрын хугацаанд сонсогчдын хүртээл болгохоор л төлөвлөөд байна.

-Шинэ уран бүтээлээ хэзээ сонсогчдын хүртээл болгох вэ. Нууц биш бол шинэ дууны тань нэр юу вэ?

          Үгүй, яах вэ. Нэр нь бас их сонин юм. Нэр нь “Мойл хархан нүдэн” гэдэг дуу. “Мойл хархан нүдэн” дууг “Хархан нүдэн” дуунаас яг нэг жилийн зайтай хийж байгаа болохоор их билгэшээж байгаа.

-Таны анхны дуу “Хархан нүдэн”. Сонсогчдод танигдсан нь ч “Хархан нүдэн” дуу, тоглолтоороо байх. Харин энэ удаад “Мойл хархан нүдэн” дуугаа сонсогчдын хүртээл болгох юм байна. Нэг л нүднээс салж өгөхгүй байх шиг...

-(инээв) Ердөө л тохиол нь ингэж таараад байгаа юм болов уу гэж бодох юм. Тэгээд ч нүд чинь чинь эмэгтэй хүний үзэсгэлэнг чимж өгч байдаг магтахаас өөр аргагүй бүтээл шүү дээ.

-“Хархан нүдэн” тоглолтын дараа Монгол Улс дотооддоо коронавирус алдаж, жолооч Д таны тоглолтыг үзсэн гээд улс даяар л бухимдаж байлаа. Тэр үед яг юу болсон талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?

          -“Хархан нүдэн” тоглолт 2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд болсон юм. Харин Монгол Улсад дотооддоо коронавирус алдсан гээд л арваннэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө бөөн юм болсон. Эхлээд “Хархан нүдэн” тоглолтыг дуучин Д.Найдандорж тоглолттой андуурч, холбогдох байгууллагаас шөнийн 03:00 цагийн үед Д.Найдандорж руу ярьж, баахан шалгаасан байна лээ.

          Харин дараа нь Д.Найдандорж тоглолтын багийн нэг хүн ээжтэй минь эхэлж холбогдоод тэр тухай хэлсэн юм. Тэгсэн ээж маань надад хэлэхдээ “Нэг хүн чамаар тоглох гээд байх шиг байна” гэж билээ.

-Тэр үед таныг болон танай гэр бүлийг хэсэг хугацаанд тусгаарласан. Яг тийм үед тусгаарлагдахад юу бодогддог юм байна. Маш олон хүний сөрөг, буруу сэтгэгдэл ч их ирж байсан байх?

          -Голдоо эмнэлгийн том автомашинтай гурван машины цуваа л төв замаар дуут дохио хангинуулаад л сүртэй юм л болж байсан. Тэгсэн одоо бүр коронавирус тусаад “Ирээд аваач” гэсэн ч тоохгүй болжээ. Тэр үед манай гэр бүл, хөдөөнөөс ирсэн ах, дүүс гээд 10 гаруй хүнийг хорооллын нэг зочид буудалд тусгаарласан.

          Би ч тусгаарлалтад ороод шууд л гар утсаа унтраачихсан. Тухайн үед ч хэвлэлийнхэн, цагдаа, онцгой гээд л олон газраас залгаж, гар утас байнгын дуугараад болж өгөхгүй байсан юм.

-Тухайн үед олон нийт “Хархан нүдэн” тоглолт, үзсэн хүмүүс рүү уурлаж бухимдан сөрөг сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Тусгаарлалтын хугацаагаа дууссаны дараа тэр олон сөрөг сэтгэгдлийг уншихад ямар байсан бэ. Сэтгэл зүйд тань нөлөөлсөн үү?

          -Манай монголчууд чинь салхи хийсэж яваа хамхуул шиг улс шүү дээ. Сошиалд хэтэрхий их толгойгоо угаалгасны гор нь тэгж гарч байгаа юм болов уу. Хэн нэгэн өөр нэгнийг сайлбал дагаж сайлаад, муулбал дагаад л муулж байдаг болж дээ.

          Гэхдээ яах вэ, нэгэнт л болоод өнгөрсөн юм. Гэхдээ би үүнд нэг их эмзэглэж, ач холбогдол өгөөд байдаггүй. Жил орчим хугацаанд цахим сүлжээ бага хэрэглэж, дахин үзэгч, сонсогчидтойгоо холбогдож харилцаж үзээгүй л байгаа. Фэйсбүүк сүлжээн дэх өөрийн хуудсаа устгачихсан байж байгаад саяхнаас л дахин нээж, идэвхжүүлж байна.

-Фэйсбүүк хуудсаа яагаад устгасан юм бэ. Монголд анх коронавирусийн халдвар гарч байх үеийн “Хархан нүдэн” тоглолт болон хүмүүсийн сөрөг хандлагатай холбоотой юу?

          -Үгүй ээ, үгүй зүгээр. Түүнээс хойш хувийн шалтгааны улмаас л устгасан.

-Анхны уран бүтээлийн тоглолт “Хархан нүдэн”-гээрээ өөрийгөө бүрэн гаргаж, сонсогчдод хүргэж чадсан гэж боддог уу?

-Сүүлд нь болсон үйл явдлаас бусдаас тоглолтын хувьд ямар ч асуудалгүй сайхан болсон. Өөрийн минь төсөөлж байснаас илүү үзэгч, сонсогчид ирж, уран бүтээлийг маань хүлээн авч байлаа. Яах вэ, тоглолтын араас л жоохон эвгүй юм болчихсоноос биш. Одоо ч тэгээд “Хархан нүдэн” тоглолт түүх болон үлдэж дээ (инээв).

-Таныг оюутан ахуй цагаасаа л “Хархан нүдэн” дуутай нөхөрлөж, анхны уран бүтээлээ болгож байсан тухай сонссон. “Хархан нүдэн” дуутай нөхөрлөсөн түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

          -Оюутан цагаас, хугацаат цэргийн алба хаагч байхаасаа л дуулж ирсэн. Хүмүүс миний дуулсан “Хархан нүдэн” дууг мэддэг ч, намайг нэг их таниж өгдөггүй байсан. Харин “Хархан нүдэн” тоглолтын дараа өөр болж, хүмүүс ч намайг таньсан байх (инээв).

-Нөгөөтээгүүр олон нийт “Хархан нүдэн” тоглолтыг шүүмжлэхээс гадна таны дуулсан “Хархан нүдэн” дууг хүмүүс сонирхох нь ихэссэн. Магад тэр үеийн үйл явдал таныг илүү их хүнд танигдахад нөлөөлсөн юм болов уу?

          -Өмнө нь миний олонх сонсогч нэг нутаг, усных, танил, хамаатан садан байлаа. Харин “Хархан нүдэн” тоглолтын дараа бараг Монгол даяар Д.Дэмбэрэлнямбуугийн дуулсан “Хархан нүдэн” дууг сонирхож, сонсож үзсэн болов уу.

-Нэгэнт “Хархан нүдэн” дуу, тоглолтоороо сонсогчдод танигдаад “Хархан нүдэн II” гэдэг тоглолт хийх сэдэл төрөв үү?

          -Саяхнаас хүмүүс тэгж ярихаар нь “Хархан нүдэн II”-ыг хийх бодол төрж байгаа шүү. Гэхдээ өөрчилж, шинэчилсэн зүйлгүй анхны хувилбараараа хийгээд лайв хэлбэрээр цацвал зүгээр юм болов уу гэж бодсон.

 


Д.ДЭМБЭРЭЛНЯМБУУ: "Хархан нүдэн" тоглолт түүх болон үлдэж дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188