• Өнөөдөр 2024-04-26

Б.ХОСБАЯР: Тухайн агшны эмоци, мэдрэмжээрээ ганц л зурна

2021-11-02,   1352

     Дугуй царай, гэрэлтсэн харц, үе үехэн яралзах цагаан шүд. Энэ бол зочны маань гаднах төрх. Тэр өөрөө ямагт л ингэж хүмүүсийн царайны төрх байдлыг ажиглан, бийрийн үзүүрээр буулгах ажилтай. Түүнийг уншигч та танихгүй ч бүтээл нь хэдийнэ бидний танил болсон нэгэн.

     Энэ бол “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу жүжигчин, найруулагч Г.Доржсамбуу, “Гэрлэж амжаагүй явна” киноны уурхайн гагнуурчин өвгөн буюу жүжигчин Л.Лувсан, “Ирж яваа цаг” киноны Шагдар буюу жүжигчин Н.Цэвээнравдан, жүжигчин Л.Жамсранжав гуайн хөргийг амьд мэт буулгаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА С.Болд-Эрдэнийн зургийг тун адилхан зурсан, хөрөг зураач Б.Хосбаяр. Тэрбээр хөрөг зураг гэдэг адилхан байхаас илүүтэй тухайн хүний донж маягийг илтгэхээс гадна  “амьтай”  байх ёстой гэсэн алтан зарчим бий гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-ТҮҮНИЙ ЭХЛЭЛ-

-Аавынхаа нутаг Сүхбаатар аймгаас эхлэлтэй тэрбээр таван настайгаасаа эхлэн зураг зурж эхэлсэн гэнэ. “Багадаа гэр бүлээ дагаж, олон газраар явж, арван жилийн олон ч сургууль дамжсан. Ах маань бас уран дархан хүн байдаг бөгөөд  бид хоёр өрсөлдөн зургаа зурна. Арван жилдээ олон ч уран зургийн дугуйланд явдаг байсан” гэж тэр бага насаа дурсана. Түүний анх зурж, зургийн авьяасаа хөгжүүлж эхэлсэн түүх энэ. Дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуульд сурч, мэргэжлийн зураачаар төгсжээ. Эндээс тэрбээр мундаг том, зургийн мастер багш нараасаа олон зүйл сурч,  зургийн олон төрлийг мэдэж, чухам аль төрлөөр нь зурахаа шийдсэн байна. Ингээд Б.Хосбаяр зураачийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан, хөрөг зургийн мөн чанарын талаар үргэлжилсэн юм.

 

-ХӨРӨГ ЗУРАГ АМЬТАЙ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ-

-Таны зурсан хөрөг зургийг цахим орчноос олж харлаа. Алтан үеийн жүжигчдийг амьд мэт зуржээ. Хэзээнээс хөрөг зураг зурж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Амьд мэт гэдэг нь хөрөг зураг өөрөө амьтай байх ёстой. Тэгэхгүй зүгээр нэг хөлдүү, адилхан дүрс байвал хөрөг зурах болохгүй гэж би боддог. Энэ ч утгаар амьтай зурахыг хичээдэг. Сүүлийн хоёр жил яг хөрөг зургаар дагнаж байна. Хөрөг бол уран зургийн том төдийгүй сонирхолтой төрөл. Би нэгдүгээрт сонирхолтой,  хоёрдугаарт  Монголд хөрөг зургийн орон зай өгүүлэгдэж байгаа гэдэг утгаар энэ төрлийг сонгон зурж байгаа. Хүнийг зурахад гадаад төрх, зан чанарын судалгаа их шаардагдана. Хамгийн гол нь тухайн хүний имиж, донжийг гаргаж ирэх хэрэгтэй. Мөн нэмээд дотоод хүнийг нь гаргаж ирэх нь чухал. Баяр, гуниг, хол ойрын бодол, санаа зовнил, ямар нэгэн зүйлийг  өгүүлж байгаа харцыг нь гаргах ёстой. Түүнээс амьгүй, хүйтэн зурвал тэр хөрөг зураг биш. Миний хувьд энэ бүхнийг л баримтлахыг хичээдэг. Мөн зураг амьтай байхаас гадна анатоми гэж нэг зүйл бий. Энэ нь хүний араг яс, товгор яс, хамар, хөмсөг зэргийг судалж зурах юм. Анх бид сургуульд араг яс судалдаг байв. Ингэж хүний ясны бүтцийг мэдэрчихлээрээ гадаад төрх адилхан болоод ирдэг.

-Амьтай зурахад өнгө, будгийн сонголт мөн чухал байх?

-Тийм ээ. Хамаагүй өнгө сонговол арьсны өнгө танигдахгүй, нүд нь алдагдана. Тухайлбал, Монгол хүний нүдийг цэнхэрээр будчихвал ямар харагдах билээ. Тэгэхээр нүд нь жижиг, живэр сахалтай гээд ерөнхий шинжийг бодож байгаад хамгийн онцлогтойд нь тулгуурлах хэрэгтэй. Нүдний харц зургийг амь оруулах гол зүйл. Иймээс нүдээ маш гоё, нямбай цэмцгэр зурах хэрэгтэй.

-Зурах гэж байгаа хүнийхээ  сонголтыг хэрхэн хийж байна вэ. Яагаад хуучны монгол киноны жүжигчдийг сонгож зурах болсон бэ?

-Хуучны киноны дүрүүд хүмүүсийн сэтгэлд их үлдсэн байдаг. Хараад нэрийг нь хэлэхгүй ч хүмүүс мэддэг. Тэгвэл тэдний дүрийг орчин цагийн залуус төдийлөн мэддэггүй. Иймээс нэг талаараа залууст зориулан зурсан юм. Залуус хуучны монгол киноноосоо монголынхоо ёс заншил, өв соёлыг мэдэж авахаас гадна  тэдгээр хүмүүсийн мөн чанар, дотоод сэтгэлийг таниасай гэсэн үүднээс зурсан. Тухайн үеийн уран бүтээлчид киноныхоо дүрээр юу өгүүлж байсныг зургаараа илэрхийлэхийг зорьсон.

-Одоогоор хэчнээн хөрөг зураг зурсан байна вэ. Үүнээс "Энэ л яг боллоо" гэж өөрийгөө тоосон зураг тань аль нь бол?

-Сүүлийн хоёр жилд 500 гаруй хөрөг зурсан байна. Эндээс 200 гаруй нь арай жаахан дөнгүүр зураг болсон. Гэхдээ би өөрийн бүтээлийг сайн, муу гэж хэлж мэдэхгүй байна. Төгс зураг гэж огт байдаггүй. Нүд, хамар, үс нь арай илүүтэй сайн болох зүйл л бий. Миний хувьд усан зургийн төрлөөр зурдаг . Усан будаг тосон будаг шиг дахиж будах, засварлах зүЙл байхгүй. Нэг урссан бол түүнээсээ шалтгаалан сайн, муу болох тохиолдол байна. Зургийн төрлөөсөө шалтгаалаад би зургаа нухдаггүй. Нухах юм бол муухай болгодог. Тухайн үеийнхээ эмоци, мэдрэмжээр шууд зурдаг. Усан будаг миний арга барил болон характерт тохирдог учир энэ төрлийг сонгосон.  Монголд хөрөг зураг зурдаг зураач олон ч усан будгийн төрлөөр зурдаг нь ховор.

-Тэгэхээр бүтээл тань их богинохон хугацаанд төрдөг байх нь?

-Тийм ээ. Усан будаг бол хурд, чадвар шаарддаг төрөл. Нэг эхлүүлсэн бол таслахгүйгээр дуусгах ёстой. Цаасан дээр уусгалт, өнгө, тонн зэрэг бүх зүйлийг бодож, тухайн агшинд нэг л буулгах өвөрмөц онцлогтой. Харин хүнийхээ судалгааг бол удаан бодож, хийнэ.

-Хүн бүр өөр өөр нүүрний хувиралтай. Энэ ч утгаар зурахад хамгийн хүнд эсвэл амархан нь царайны ямар төрх байдал байдаг вэ?

-Миний хувьд настай хүмүүсийн царай  зурахад амар санагддаг. Залуу хүнийх үрчлээ бага, овгор товгор яс нь цөөн болохоор хэцүү. Хүүхэд бол бүр хэцүү. Маш эмзэг хандахгүй бол жаахан өөрчлөхөд царай нь өөр болж, эсвэл үрчлээтэй болчихно.

-ЧАНАРГҮЙ ХӨРГИЙН САНАЛААС ТАТГАЛЗДАГ-

Тэр ярианыхаа туршид хөрөг зураг амьтай байх ёстой гэдгийг байн, байн давтаж байсан бөгөөд өөрөө хүмүүсээ эрж, хайж, тэр дагуу судалгаа хийж суудаг нь мэдрэгдэж байв. Тэгвэл энэ хэсэгт түүний зургийн үнэ ханш, хөрөг зураг зуруулах санал хэр авдаг тухай нь яриагаа өрнүүллээ.

-Хуучны уран бүтээлчдийн хөрөг зургийг зурахаар үр хүүхэд, ач, зээ нараас нь зургийг нь авах санал ирдэг байх. Зургийн борлуулалт ямар байдаг вэ?

-Мэдээж ирнэ. Тэдний үр хүүхэд, хүүхдүүдийнх нь найз, тэр жүжигчний хүүхэд гээд холбогдоно. Тэгээд заримд нь зургаа бэлэглэнэ. Зарим үед тохирох үнээр өгнө. Хамгийн гол нь зурсан зураг маань тухайн хүнд таалагдаасай гэж их боддог. Миний усан будгийн зургууд  80-100 мянган төгрөгөөр борлуулагддаг. Зарим хүн үнэтэй гэдэг, нөгөө хэсэг нь боломжийн байна гэнэ.

-Хүмүүс хөрөг зургаа зуруулах санал мөн тавьдаг байх. Санал хүлээж авдаг уу, өөрийн сонгосон хүнээ л зурдаг уу?

-Ер нь санал хүлээж авах дургүй. Учир нь "Тухайн хүнд таалагдахгүй байх вий" гээд эмээгээд байдаг юм. Зарим хүн аав ээжийнхээ хөргийг зуруулах гээд ярина. Өнөө зураг нь дээр үеийн, чанаргүй, бүдгэрсэн байдаг. Тэгэхээр зурж чадахгүй болж байгаа юм. Бараг нүд нь хаана байгаа юм бэ гэсэн зургийг би яаж зурах билээ. Хөрөг зураг зурах саналыг тухайн зургийн чанараас хамаарч авдаг.

-Энэ сайхан хөрөг зургийг хүмүүс сонирхон үзэх байх. Үзэсгэлэн гаргах бодол бий юү?

       -Үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байтал цар тахлаас үүдэн хойшилсон. Дараа жилийн хавраас гаргах санаатай.Мэдээж өөрийн бүтээлээ хүмүүст үзүүлэх бодолтой л явна.

    Ийнхүү "Хөрөг зургаараа цаашид дагнаж,  энэ төрөлд өөр олон зүйл шинээр туршихаар, судалж байна" гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Судалж, бодож яваа түүнээс тун удахгүй гарцаагүй сайхан хөрөг зургууд төрөх нь лавтай санагдана.


Б.ХОСБАЯР: Тухайн агшны эмоци, мэдрэмжээрээ ганц л зурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-13 21:33:51
    Болд: маш их таалагдлаа ээжийхээ зурагийг зуруулмаар байна зураачтай холбоо барих утас юму FB хаяг нь байна уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-02 16:07:38
    irgen: Hororg zurag zurdag bol yah argagui avyas. avyas chadvar ni shuud shalgagadaj bga gesen ug. Nogoo surhii modern geh met zuraachid horog zurag zuraad chadlaa haruulah heregtei sh de. Urlagiin oor turul eneter geh bh daa, gehdee l zuraach l yum bol hunii zurgiig tostei zurj chaddag l baih estoi, ted chadahgui l dee, kk. sorry. Ene zaluud bayar hurge, argagui avyastai yumaa.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188