Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн асуудал давтан гаргасан гэх шалтгаанаар Монголын Боксын холбооноос хөөсөн. Энэ талаар Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Э.Цэндбаатарыг архидан согтуурдаг, багшаа зоддог, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэснийг нь тогтоосон” гэж мэдээлж байв. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр Азийн аварга, Азийн наадмын аварга, МУГТ Э.Цэндбаатар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд гаргасан. Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах хүсэлтэй иргэд ч гарын үсэг цуглуулж эхлээд байна.
Мөн өчигдөр Хөх хотод суух Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт 50 сая төгрөг өгч, байр, автомашинтай болгох аян эхлүүлэхээр болсон талаараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Эргэлт.мн сайт цаг үеийн нөхцөл байдал болон Э.Цэндбаатарын байр, автомашинтай болгох аян эхлүүлэх болсон шалтгааны талаар Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хэзээнээс мэдэх вэ. Дотно уу?
-Би Э.Цэндбаатарыг танихгүй. “Улаан бал” нэвтрүүлэгт орж байхыг нь үзээд “Хөөрхий ардын хүү ядарч байгаа юм байна” гээд иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлж, туслахыг хүссэн юм.
-Яагаад энэ аяныг эхлүүлэхээр болсон юм бэ?
-Монголчууд бид ядарсан нэгэндээ тусалсаар ирсэн ард түмэн. Түүний адилаар задарсан нэгнээ ч зад шүүмжилнэ. Э.Цэндбаатар бол ядарч яваа эр хүн. Гэр хороололд өссөн ядарсан айлын хүүхэд. Ямар ч авлигач, оффшорчны хүүхэд биш. Э.Цэндбаатарын ээж нь хүртэл хүүгээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах гээд гарын үсгээ зураад, гарын үсэг цуглуулж байна шүү дээ. Эгэл жирийн ардын хүү Э.Цэндбаатар өөрийнхөөрөө, шударга яваад л Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
-Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Э.Цэндбаатарын архидан согтуурдаг, багшаа зоддог, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэснийг нь тогтоосон” гэж мэдээлсэн. Энэ талаар юу гэж бодож байгаа вэ?
-Э.Цэндбаатар ямар ч хэрэгт холбогдоогүй. Ах нартаа зодуулсан. Сайн яваа хүнд садаа мунддаггүй. Э.Цэндбаатар олимп, дэлхийн медальтай Д.Отгондалайг дарж, гарч ирсэн юм билээ. Дотроо бөөн бужигнаантай Боксын холбооныхон Э.Цэндбаатарт атаархдаг шиг байгаа юм. Э.Цэндбаатарыг дуудахад нь юугаа ч мэдэхгүй хүүхэд хүрч очоод нэг ус уугаад л хаана яваагаа мэдэхээ байсан юм билээ. Би зохион байгуулалттайгаар Э.Цэндбаатарыг хорлосон байх магадлалтай гэж хардаж байгаа юм. Э.Цэндбаатар хулгай хийгээгүй, хүний амь хөнөөгөөгүй. Хэрэг хийсэн хүнийг л хэрэгтэн гэх болохоос биш Э.Цэндбаатарыг хэлэхгүй. Э.Цэндбаатар хэлмэгдэж байгаа хүүхэд. Ардын хүүхдийг цагаатгах ёстой. Э.Цэндбаатар шиг тамирчин ховор төрдөг юм. Айл, аймаг болгонд хурдан адуу заяадаггүй. Улсын наадамд түрүүлэх морь ганцхан л байдаг юм. Гэтэл монголчууд ганцхан байгаа эгэл ардын хүүгээ буруу ойлгож болохгүй.
-“Зохион байгуулалттайгаар Э.Цэндбаатарыг хорлосон байх магадлалтай гэж хардаж байгаа” гэж хэллээ. Тэгээд Э.Цэндбаатарыг хэн хорлосон гэж бодож байгаа юм бэ?
-Монголын боксын холбооны нэрийг хэдэн хүн өөрийн хувийн юм шиг өмчилж, засаглаж байгаа байдал ажиглагдаж байна. Тэгээд мөнгөтэй, ажил, албатай гэсэн болгон дээр Боксын холбооны нэрийг барьж, очдог цөөн тооны хүн байгаа. Тэр дундаа боксын спортоосоо төрсөн, олимпын аварга Э.Бадар-Ууган гэж нөхөр бий. Би олимпын аварга Э.Бадар-Ууганыг мундаг тамирчин болохоор нь хүндэлдэг. Э.Бадар-Ууган Монголын ард түмэн, татвар төлөгчдийн мөнгөөр олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж, оролцож байлаа. Амжилт гаргаад ирэхэд нь монголчууд байдаг болгоноо л өмнөөс нь барьж, одон, медаль болгоныг л олгосон. Өндөр хөгжилтэй орнуудын жишгээр тамирчин зодог тайлахаараа дасгалжуулагч хийж, дараагийн үеийн дүү нартаа зааж, зөвлөдөг. Харин холбооны асуудлыг нарийн зохион байгуулалттайгаар мэргэжлийн менежментийн онол судалж, мэргэшсэн албаны хүн хийдэг юм. Тамирчид багаасаа бэлтгэл хийж, хажуугаар нь нэг ч ном унших завгүй хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг. Гэтэл өнөөдөр Монголд нэрээ ч бичиж чадахгүй тамирчид байх ёстой газраа мэдэхгүй гариг андуураад явж байна.
-Тэгэхээр Монгол Боксын холбоог тойрсон бужигнаантай Э.Бадар-Ууган холбоотой гэсэн үг үү?
-Э.Бадар-Ууган эхлээд “Монголын Боксын холбоог аваач ээ” гээд “Тавантолгой”-н эзэн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ дээр очсон. Тэгээд Ажнайгаас баахан мөнгө сааж сааж байгаад явсан. Дараа нь “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяр гэгч дээр очсон байгаа юм. Т.Мөнхбаяр бол жинхэнэ Женкогийн цэрэг. Т.Мөнхбаяр Женкогийн захиалгаар Ардчилсан намыг хоёр хуваасан бууны нохой. Ардчилсан намыг хоёр хуваасныхаа дараа Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирлаар очиход нь Э.Бадар-Ууган Т.Мөнхбаярыг мөнгөтэй гээд очсон. Тэгээд саяхан Боксын холбоог Хууль зүйн сайд Х.Нямбаатарт бэлэглэчихлээ.
-Монгол Боксын холбоог бэлэглэсэн гэж үү. Яагаад ингэж бодох болсон юм бэ?
-Хууль зүйн сайд Х.Нямбаатар холбоогоор нэр хүнд, сүлжээ хийх байх гэж бодоод байгаа юм. Х.Нямбаатар ажлаа авсан цагаасаа хойшхи ажилдаа л санаа зовох хэрэгтэй. Монголын Боксын холбооны өмнөх алдаа, оноо, амжилт Х.Нямбаатарт огтоосоо хамаагүй. Хууль зүйн сайд Х.Нямбаатар ажлаа аваад өөрөө хараагүй, баримт, нотолгоогүй, мөрдөн байцаалтад хэрэг үүсэж, шүүхээр ороогүй юмыг хов живээр асуудалд хандаж, Э.Цэндбаатарыг хөөсөн. Монголд тэр залуу шиг тамирчин ховор төрнө.
-Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын талд зогсож, дэмжих хүн олон байгаа. Нөгөөтээгүүр Э.Цэндбаатарыг шүүмжлэх хүн ч олон байгаа шүү дээ?
-Мөрдөн байцааж, прокурорын шатанд хянаж, шүүхээр ял өгсөн тохиолдолд л хүн хэрэг хийсэн хүн болдог юм. Э.Цэндбаатар ямар хэрэгтэн, ялтан уу. Залуу хүүхэд хэн ч л гэсэн алдаж, гэнэддэг шүү дээ. Авлигачдын хүүхдүүд алдахгүй байхыг нь харъя л даа. Бүгд л хар тамхичин болчихсон амьдрал үзээгүй бацаанууд байгаа.
Эхнээсээ Сү.Батболдын хүү Б.Баттүшиг гэж мангар бацаан “Э.Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай” гэж жиргэсэн байна билээ. Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч юм байх.
“Монголын үндэсний” гэх тодотголтой олимпын хороог олон улсад оффшор данстай “хулгайчийн хүүхэд”-ээр төлөөлүүлмээргүй байна.
Тэр Б.Баттүшиг гэгч хүртэл Э.Цэндбаатарыг дээрэлхэж байна. Гэтэл түүний аавыг Монголын төрд гийгүүлсэн юм байхгүй, авлигач, хулгайчаар нь ард түмэн мэднэ. Гэтэл хүү нь ядарсан ардын хүүг дээрэлхээд байгаа байхгүй юу.
-Төгсгөлд нь уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Монголын боксын холбооны Удирдах зөвлөл гэж ямар нөхдүүд байдгаа танилцуулах хэрэгтэй. Монголын боксын холбоо бол хэн нэгний хувийн холбоо биш. Олон нийтийн байгууллагын боловсон хүчин ил тод байх ёстой. Хандив, санхүү нь ч ил тод байх хэрэгтэй. Өнөөгийн байдлаар Монголын боксын холбоонд хэн гэгч, хэдэн төгрөгийн санхүү, хандив өгснийг нь ил гаргаж тавь. Түүнээс хэдийг нь холбоо, тамирчдадаа зарцуулаад, хэдийг нь идээд, халаасалсан юм. Би лав Э.Бадар-Ууганыг хардаж байна. “Монголын боксын холбоонд 30, 40 мянгаар ам.доллар хандивлахад хийж бүтээсэн зүйл “Юу хийсэн юм. Гаргаад ир” гэхэд гаргаж ирэхгүй гөлийгөөд байж байна” гэж би Э.Бадар-Ууганы талаар сонссон. Хүмүүс Боксын холбоонд хандив өгдөг гэж байгаа юм. Хүмүүсээс ирж байгаа хандивыг олон нийтэд нээлттэй, ил тод болгож мэдээлэх хэрэгтэй. Бас тэгж байж л дараа дараагийн хандивлагч нар нэмэгддэг. Хүн хандив өгөхөд нь тэр хүний нэрийг дурсахгүй бол дараагийн хүнээс нь бүр хандив олддоггүй юм. Хандив гэдэг чинь ил тод байж л хөгжиж байдаг зүйл.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Э.Цэндбаатар ядарч яваа эр хүн учраас 50 сая төгрөг өгч, байртай болгох аян эхлүүллээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |