• Өнөөдөр 2024-04-18

Д.ӨНӨБОЛД: Дүрэмттэйгээ дуулж, олон хүнээс магтаалын үг сонсож, хэдхэн хоногийн өмнө аав болсон гээд догдлол дүүрэн байна

2021-09-14,   2899

        Өнгөрсөн бямба гарагийн бороотой үдэш цагдаагийн алба хаагч дүрэмт хувцастайгаа дуулсныг уншигч та санаж байна уу. Тэр алба хаагчийг санахдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулж байна уу.

Тэр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны амар, амгалан байдлын төлөө зүтгэж буй жирийн л алба хаагч. Хорооны иргэнд учирсан аюул бүхнийг сөрж, алба хаагчтайгаа хамт өглөөнөөс үдшийн бүрий хүртэл амрах ч завгүй ажиллаж байгаа Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам сахиулах тасгийн хэсгийн цагдаа, дэслэгч Д.Өнөболдтой ярилцлаа.

Миний дуулсан дуунд хараалын үг байхгүй болохоор сэтгэл амар байсан. Нэг нь тийм ер бусын л байна даа

-Дүрэмт хувцастайгаа тайзан дээр дуулах ямар байдаг юм байна вэ?

            -Сандарлаа.Огшлоо. Бас айдас, догдлолоор дүүрэн байлаа. Бямба гарагийн орой мэдэрсэн мэдрэмж одоо хүртэл хэвээрээ байна. Нэг тийм үгээр илэрхийлж чадахгүй мэдрэмж цээжин дотор байна. Анх удаа олон хүний өмнө тайзан дээр дуулж, бичлэгт багтаж, цахим орчинд олон хүнээр сайшаал, магтаалын үг бичүүлсэн болохоор сайхан байна шүү. Дарга нараасаа зөвшөөрөл авч, дүрэмттэйгээ дуулсан учир санаа зовох зүйлгүй байлаа. Дээрээс нь, миний дуулсан дуунд хараалын үг байхгүй болохоор сэтгэл амар байсан. Нэг нь тийм ер бусын л байна даа.

Бямба гарагийн орой мэдэрсэн мэдрэмж одоо хүртэл хэвээрээ байна. Нэг тийм үгээр илэрхийлж чадахгүй мэдрэмж цээжин дотор байна.

-Яагаад дуулахаар болсон юм бэ?

          -Он жавтайгаа цуг Өглөөний гудамжинд кофе уухаар очсон юм. Залуу хүмүүс байна даа, юм ярингаа хотын өглөөг мэдэрч, уулзахаар цаг товлосон юм. Он жав маань цагдаагийн байгууллагад алба хаадаг найзыгаа дагуулж ирсэн. Бид гурав ойр зуурын юм яриад сууж байхад гитартай ах ширээ болгон дээр суугаад, хүмүүст зориулж дуу дуулж өгч байсан. Хамгийн сүүлд бидний хажууд суугаад, “Цагдаагийн тухай гоё дуу дуулъя. Та бүхэн хамт дуулаач” гэх саналыг тавьсан. Бид хамт дуулж, тэр мөчийг үнэхээр гоё өнгөрөөсөн. Дуугаа дуулж дуусаад бид гурав явах гэтэл Оpen mic-ийн Энхтайван ах ирээд “Бямба гарагт болох арга хэмжээнд дүрэмт хувцастайгаа ирээд, дуулж өгч болох уу” гэж асуусан. Бид “Удирдлагаасаа асуугаад эргээд танд хариу хэлнэ. Хэрэв зөвшөөрөл бидэнд татгалзах зүйл байхгүй” гэж хэлээд явцгаасан. Дарга нар маань зөвшөөрч, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг сахиж, олон нийтийн газар зөв зохистой, үлгэр дуурайлалтай яваарай гэж хэлсэн. Би Тайванаа ахтай холбогдоод “Ямар дуу дуулах вэ. Залуу хүн юм чинь реп хийж болох уу” гэхэд дуртай хүлээж авч, “Чиний цээжинд байгаа бэлэн дуу юу байна” гэж асуусан. Би долдугаар ангийнхаа урлагийн үзлэгээр Яргай загас репперийн “Дахилтгүй дуу”-г дуулж байсан юм аа. Энэ дуу одоо хүртэл миний толгойнд үг, бадаггүй байдаг болохоор Тайванаа ахад үглэж, үзүүлсэн. “Болж байна, дотроо хараалын үг байхгүй биз дээ” гэж асуугаад л бид хоёр дуулах дуугаа тохирч, дуулсан даа.

Бямба гарагийг догдлол дүүрэн хүлээж, бороотой ч гэсэн яарсаар ирсэн. Цагдаагийн алба хаагчдадаа зориулж, бэлдсэн дөрвөн мөртийнхөө талыг нь л зөв хэлж, дуулсан. Эхний хоёр мөртөө дуулаад, дараагийнхаас нь үгээ мартчихсан. Тэгээд л бараг зохиогоод л дуугаа дуусгасан. Маш их сандардаг юм билээ. Гэхдээ үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж авсандаа л туйлын баяртай байгаа.

-Хүмүүсийн сэтгэгдэл, магтаалын үгийг унших, сонсох сайхан байв уу?

              -Дуулсан өдрийнхөө орой л хандалт авсан байсныг нь харах үгээр илэрхийлэхийн аргагүй гоё байлаа. “Хүмүүс юу гэж бичсэн бол” гэж айж, санаа зовж сэтгэгдлийг нь уншихад эерэг байсанд бүр их талархсан. “Цагдаагийн алба хаагч ч гэсэн хүн шүү дээ. Бидэнтэй л адилхан залуу хүн. Хөгжим сонсож, дуу дуулдаг байлгүй яах вэ” гэдгийг унших мэдрэмж л сайхан байлаа.

-“Хараалын үггүй дуу дуулж байгаа болохоор санаа зовох зүйлгүй байлаа” гэж та хэллээ. Таны баримталдаг зарчим юу вэ?

               -Би хүнд “За” гээд хэлчихсэн л бол “Үгүй” болгож чаддаггүй. Ам гарвал барьж болдоггүй гэдгийг л амьдралдаа баримталж явдаг. Хэлсэн амандаа хүрэхийг, түүндээ заавал хүрч очихыг үргэлж хүсдэг дээ.

-Мөрөөдөл нь юу вэ?

         -Мөрөөдлийнхөө ажлыг л хийгээд явж байна даа. Дурлаж, бодож, тэмцэж орсон алба минь шүү дээ. Албанаасаа мөн ч олон зүйлийг сурч байна. Ээж минь “Хэлсэн амандаа хүрдэг байгаарай. Миний хүү түрэмгий ааштай шүү” гэж хэлж байсан. Цагдаагийн байгууллагын алба хаагч болсноор түргэн зан ямар их гэм хортой вэ гэдгийг мэддэг болсон. Таван секунд бодоход л асуудал яаж эргэдгийг мэддэг болсон болохоор илүү их тэвчдэг боллоо. Хэдхэн хормын түргэн уураа барьж чадаагүйгээс болж олон хүн хохирч, хаана хүрч байгааг харсан. Энэ бүгд миний мөрөөдлийн ажлаасаа олж авч байгаа хамгийн том сургамж.

-Цагдаагийн албанд орж байсан талаар нь яриагаа үргэлжлүүлэх үү?

 Аав, ээждээ цагдаагийн алба хаагч болно гэж хоёр жил ярьсан болохоор тэдэнд минь хүү нь хэлсэндээ хүрсэн нь л гоё байгаа байх даа. 

         

-Би 1999 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Намайг аравдугаар ангид байхад “Дөл” гээд тэмцээн Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байлаа. Тэмцээнд анхны жил нь гурав, дараа нь түрүүлсэн юм. Хоёр жил оролцохдоо цагдаагийн хамт олонтой цуг бэлтгэл хийсэн учраас албаныхаа сайхныг мэдэрч, алба хаагч нь болохоор зорьсон доо. Тухайн үед алба хаагчдын уур амьсгал маш их таалагдаж байсан юм. Тэгээд л албанд орохоор хоёр жил бэлдэж, элсэлтийн ерөнхий шалгалт өгч тэнцсэн. Шалгалтын хариу гарах үеэр би Мандал суманд байсан юм. Мандалаас Сэлэнгэ аймгийн төв рүү явж хуваарь сонсохоор галт тэрэгний билет захиалчихсан байсан ч би яваагүй. Яагаад ч юм, Дотоод хэргийн их сургууль тэнцчихсэн мэдрэмж төрөөд байсан. Гэтэл Дотоод хэргийн их сургуулиас маргааш нь надад тэнцсэн гэдэг хариу ирээд, би Улаанбаатар хот руу аавтайгаа бөөн баяр ирж байлаа.  Аав, ээждээ цагдаагийн алба хаагч болно гэж хоёр жил ярьсан болохоор тэдэнд минь хүү нь хэлсэндээ хүрсэн нь л гоё байгаа байх даа. Хүү нь 20 жилийн дараа өөрийнхөө сонгосон мэргэжилд сэтгэл хангалуун, үнэнч зүтгэж байхыг тэр хоёр минь хараад баярлах байх.

-100 жилийн түүхтэй байгууллагын отгон алба хаагч нь юм байна. Энэ байгууллагын юугаар нь илүү бахархах сэтгэл төрж байна вэ?

       -Хэн нэгний эрх, ашиг зөрчигдөж, аюулд өртөхөд хэн хамгийн түрүүнд очиж тусламж хүргэдэг вэ. Мэдээж цагдаагийн алба хаагч л очдог шүү дээ. Манай алба хаагчид гэмт хэрэгтэнтэй тэмцэж, илрээгүй хэргийг илрүүлж байна. Энэ бүгдийг мэдрэх л хамгийн сайхан мэдрэмж. Цагдаагийн алба хаагч өөрийнхөө амийг хүртэл золиослоод хүний амь, эрүүл мэндийг авран хамгаалж байна шүү дээ. Энэ бүгдийг хийж, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа алба хаагчдаараа бахархаж, яг тэдэн шиг болох юм сан гэж “буцалж” байна. Мөн би 26 хоногийн өмнө аав болсон. Энэ үед манай хамт олон надад хамт олны сайхныг мэдрүүлж, хамгийн сайнаараа ажиллах эрч хүч нэмж өгсөн.

-Албанд томилогдсоноосоо хойш ажилласан хэцүү, хүнд, сэтгэл эмзэглүүлмээр ямар дуудлагаар ажилласан тухайгаа ярьж өгч болох уу?

-Ажилд томилогдоод дөнгөж таван сар болж байгаа тэр хэцүү, энэ амархан дуудлага гэж хэлэхэд хэцүү байна. Цаашид илүү сайн ажиллах юм сан л гэж бодож сууна. 

 


Д.ӨНӨБОЛД: Дүрэмттэйгээ дуулж, олон хүнээс магтаалын үг сонсож, хэдхэн хоногийн өмнө аав болсон гээд догдлол дүүрэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-17 12:44:47
    Gg: Goe uhaalag Saihan mergejildee ezen bolson sain eej aaviin huu bnda
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-15 14:37:16
    [email protected]: Yasan ich ireedvi haragdaj bna a ene hvvd, butsalsan hvv bna. Amjilt hvsie. Ireedvi ni iveej hvsel muruudul ni dandaa butsalj ybag. Amjilt hvsie.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188