• Өнөөдөр 2024-03-29

Авлигад “амташсан” Сэлэнгэ аймгийн прокурорууд алтны гэх хэргүүдийг хааж эхэлсэн үү

2021-08-19,   1507

-Сэлэнгэ аймаг нь гэмт хэрэг, зөрчлийн гаралтаараа улсдаа дээгүүрт бичигддэг. Тэр дундаа танхай буюу хүн амь, байгаль орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлдэг аж-


Сэлэнгэ аймгийн Прокурорын газрынхан амнаасаа үг унагах завгүй ажиллах болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэд авлигын мөнгөө урьдчилаад авчихсан учир удаан дарсан “алтны” гэх тодотголтой хэрэг, зөрчлүүдээ хэрэгсэхгүй болгохыг нь хэрэгсэхгүй болгож, “НО” нь ил тод байхад нотлох баримт хангалтгүй хэмээн буцаах зэргээр өдөр шөнөгүй, өндийх завгүй ажиллаж байгаа гэнэ. Бид энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжтай ярилцлаа.

-Сайн байна уу. Яагаад энэ талаар мэдээлэл өгөх болсон бэ. Хувийн өш хонзон байгаа юм биш биз?

-Сайн, сайн байна уу. Нутаг усныхаа төлөө чин үнэнчээр тэмцэхийг өш хонзон гэдэггүй юм бол өөр бодож санасан хар бараан зүйл надад байхгүй. Таньтай ярилцах болсон шалтгаан нь аймгийн прокуроруудын хууль бус үйлдэл, авлигийн хэрэгтэй холбоотой. Газрын хэвлийг онгичиж, ероол нь үл харагдах хэдэн зуун цооног өрөмдсөн “нинжа” нарын балгаар Бугант тосгоны иргэд, ан амьтан, мал сүрэгтэйгээ “булагдахаа” дөхсөн цаг саяхан. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Хан хэнтийн нурууны салбар уулс, Ерөө голын эх орчим байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт оршдог. Харамсалтай нь энэ сайхан хангай хүний буруутай үйлдлээс болж жил ирэх бүр унаган төрхөө алдсаар байгаа. Та нар олж сонссон бол “Тухайн бүс нутгийн экологийн тэнцвэр алдагдсанаас үүдэн газар хөдлөх болсон” гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж, сануулаад л байгаа. 

-Хүний буруутай үйлдэл гэдгээ дахиад жаахан тодруулахгүй юу?

-Хүн шиг амьдрахын тулд хоол хүнс, солих хувцасгүй атлаа хэдэн сараар ч хамаагүй ууланд бүгэж чадах, үхэлтэй нүүр тулахад бэлэн зуу, зуун самарчид, алт олохын төлөө “нүдээ өгөхөөс ч буцахгүй” мянга, мянган “нинжа” нар нутгийг минь сүйтгэж, сүйрүүлж байна. Экологийн цагдаагийн албаны хэсэг хүмүүс Ерөө сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлож байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоохоор өнгөрсөн дөрөвдүгээр сард ирсэн юм билээ. Өнгөрсөн жил гурван ч удаа ажиллаж байсныг нь тод санаж байна. Хамгийн чухал нь тус шалгалтаар ноцтой факт илэрсэн. Тухайлбал, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гэрээ ашигт малтмал олборлож байсан гурван аж ахуйн нэгж, дөрвөн нөхөрлөл, 29 иргэний хууль бус үйлдлийг олж тогтоосон. Тухайн хүмүүсийн заримыг нь баривчилж, хэсэг рүүгээ авч явсан.

Тоос дарж, мартагдах шахсан хэргүүдээ дарахыг нь дарж, хаахыг нь хаахаар Сэлэнгэ аймгийн прокурорууд завгүй ажиллаж байгаа.

-Та тэр дунд байсан юм уу. Яг ямар хүмүүсийг нь баривчлахгүй үлдээсэн юм бэ?

-Би нутгийнхаа төлөө тэмцдэгээс ухдаг хүн биш. Яг энэ үйл явдал болж байх үед тухайн газарт ойрхон явсан болохоор харсан юм. Баривчлахгүй үлдээсэн гэх нь ч хаашаа юм. Цагдаа, Мэргэжлийн хяналт гээд шалгалтынхан ирэх сургаар хамаг техник, автомашинаа орхиод уул руу гараад зугтаачихсан юм. Тэгээд л баривчилж чадаагүй байхгүй юу. Нимгэн ултай ботинк, бариу хувцастай, залуухан ахлагч зэрлэгшсэн “нинжа” нарыг гүйцэнэ гэж хаа байхав дээ.

-Алтны “нинжа” нар зэрлэгшсэн гэж үү?

-Зэрлэгших гэдэг нь түүхий мах идэж, хүний аминд хүрэхийг хэлээгүй юм. Зүсээ хувиргасныг ёжилож буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хууль бусаар алт ухаж цагдаад баригдсаар байгаад тэдний арга нарийссан. Сум орон нутгийн удирдлагуудтай хуйвалдаж, нөхөрлөл байгуулж эхэлсэн. “Нөхөрлөл” нэр зүүж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тэд дахин алт ухаж эхэлсэн. Хууль, хяналтынхнаар ар хийж, орон нутгийн удирдлагуудыг түшсэн “нинжа” нарыг зэрлэгшсэн гэхээс өөр юу гэх вэ.

-Прокурорууд үүнд ямар хамааралтай юм бэ?

-Прокурор бүрийн ширээн дээр нурж унах шахам өндөрлөсөн байгаль орчны гэмт хэргийн материал бий. Тэд дуртай цагтаа гарган ирж, түүгээрээ далайлган “нинжа” нарыг сүрдүүлдэг. Харин одоо өөрсдөө тэднийхээ сүрдүүлэгт автсан байна. Авлигийнхаа мөнгийг урьдчилаад авчихсан болохоор айж, сандрах нь аргагүй байх. Миний дуулснаар байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хууль бус уул уурхай эрхэлсэнтэй холбоотой бүх хэргээ овоолчихсон байна гэсэн. Зарим нэгийг нь мөрдөн байцаас буцаасан гэсэн. Өршөөлд хамруулахаар хэд, хэдэн хүний нэрийг ч дээш өргөн мэдүүлсэн сурагтай. Тоос дарж, мартагдах шахсан хэргүүдээ дарахыг нь дарж, хаахыг нь хаахаар Сэлэнгэ аймгийн прокурорууд завгүй ажиллаж байгаа.

-Зугтсан хүмүүс хаа холдохов дээ. Үнэтэй цайтай машин техникээ бүр мөсөн орхчихгүй байлгүй. Сахиж суугаад л барьчих амархан шүү дээ?

-Тэдний ашиглаж байсан 24 экскаватор, 17 ачааны автомашин, дөрвөн ковш болон алт угаах төхөөрөмжүүдийг лацадсан. Алтны драйгер гэхэд л 18 байсан гэнэ лээ. Хууль, хяналтынхан лацдахаас өөр яаж ч чадах билээ дээ. Прокурорын зөвшөөрөлгүй хураах гэвэл хүний эд хөрөнгөд халдсан болчихно. За даа, хураалаа гээд тэр том том автомашинуудыг, уулын хяр, хад асга, ус гол дундуур хэн нь барьж явах вэ дээ. Түүнийг нь мэдэж байгаа болохоор л “нинжа” нар зугтаж байгаа юм. Ердөө том оврын техник хэрэгсэл нь л тэр. Бусдаар бол арай дөнгүүр хэрэглэдэг гар багаж зөндөө бий. Тэдгээрийг яасныг нь мэдэхгүй. Ямартай ч шөнө дундуур нойр сэргээж, моторын дуу тачигнаад унтуулдаггүй байсан нь больж чих амрах шиг болсон. 

-Энэ жил ч гэсэн хяналт шалгалт хийсэн гэсэн байхаа. Тэр талаар нь та мэдээлэл олж сонссон уу?

-Бугант тосгоноос дээш Ялбаг гэдэг газар бий. Экологийн цагдаагийн алба, мэргэжлийн хяналтын газар, сум орон нутгийн удирдлагууд нийлсэн ажлын хэсэг гарч Ялбаг орчим хяналт, шалгалт хийсэн. Шалгалтаар долоон гэмт хэрэг, гурван зөрчлийг илрүүлсэн юм билээ. Манай нутгийн амтай бүхэн л ярьж байна. Ялбаг орчим нуусан 30 экскаватор, есөн ковш зэрэг нийтдээ 82 техник хэрэгслийг олсон юм билээ. Харганат, Өлөнт, Хорийн даваа гээд өөр, өөр газар зайтай байсан болохоор ойр орчимд нь бөөгнүүлэн лацдаж орхисон байх.


Авлигад “амташсан” Сэлэнгэ аймгийн прокурорууд алтны гэх хэргүүдийг хааж эхэлсэн үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-20 14:32:45
    Зочин: Энэ Прокурорууд яагаад тийм баян тансаг байдаг нь ингээд захын баримтуудаас д тодорхой болж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188