• Өнөөдөр 2024-03-29

ОУХМ Б.Болортуяагийн дүү: Эгчийнхээ хажууд байсан бол хөлсийг нь арчаад, “Та минь хамгийн мундаг” гээд тэврэх байлаа

2021-08-06,   5294

-Нуулгүй хэлэхэд "Эгч, дүү олимпын аварга" гэж дуудуулах мөрөөдөлтэй байсан-


“Токио-2020” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 килограмм жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр шөвгийн дөрөвт үлдэж, мөнгөн медалийн төлөө Японы бөх Маюү Мүкайтай барилдаж 6:3 харьцаатай ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Камерун Улсын тамирчих Жозеф Эссомбетийг ялж, эх орныхоо далбаад Токиогийн тэнгэрт мандуулсан юм. Бид түүний дүү Бат-Очирын Баярмаатай ярилцлаа.

-Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадмын дэвжээнээс эгчийгээ харах ямар байв?

-Үнэхээр сайхан байлаа. Бид гэр бүлээрээ тойрч суугаад бүх барилдааныг нь үзсэн. Яг мэх хийхэд нь бүгдээрээ амандаа бувтнаад, хэн нь юу ярьж байгаагаа ч анзаарах сөхөөгүй байсан даа. Эгчийнхээ өмсдөг дээлийг гаргаж ирээд, захыг нь мушгиад суусан. Миний эгчдээ хийж өгч чадах хамгийн том тус энэ шүү дээ.  

-Яг барилдаж байх мөчид нь хажууд нь байсан бол юу гэж хэлэх байсан бэ?

-Би багаасаа эгчтэйгээ хамт бэлтгэл хийсэн. Бид хоёр нэг клубт барилддаг байсан юм. Эрүүл мэндийн шалтгаанаар барилдахаа больсоноос хойш чөлөөт бөхийн спортыг эгчээрээ дамжуулан мэдэрч байна даа. Хэрвээ Токиоруу хамт явсан бол бүх хүчээ дайчлан барилдаад бууж ирэхэд нь хөлсийг нь арчаад, “Та минь хамгийн мундаг” гэж хэлээх тэврэх байсан. Бас аавынхаа захиж хэлдэг бүх үгийг дахин давтан хэлэх байх. Эгч бид хоёр хамтдаа олимпын наадамд оролцоно гэж ярилцдаг байлаа. Нуулгүй хэлэхэд эгч, дүү олимпын аварга гэж дуудуулах мөрөөдөлтэй байсан юм. Хоёулаа биш ч эгч маань энэ хүндэт алдарыг хүртэх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.  

-Чи өөрөө барилддаг болохоор эгчийнхээ учраа бүрийг нь маш нягт ажигласан байх. Б.Болортуяа өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгаатай байсан бэ?

-Тэгэлгүй яах вэ. Секунд бүрийг нь амьсгал түгжин харж суулаа. Магадгүй миний хамгийн аз жаргалтай мөч байсан байж мэдэх юм. Миний эгч өрсөлдөгчдөөсөө сэтгэл зүйгээрээ хавь илү байлаа. “Би энэ удаад заавал давах ёстой” гэсэн дайчин эрмэлзэл барилдаан бүрээс нь харагдсан.

-Эрмэлзэл гэснээс эгч нь хэр шартай вэ. Зорисондоо хүрэхийн тулд дотроо шатдаг охин шиг санагдсан?

-Тийм шүү эгч маань маш их шартай. Хийнэ гэсэн бол заавал хийж, авна гэснээ заавал авдаг хүн. Би ч гэсэн энэ зан чанараас нь суралцахыг хичээдэг.

-Танайх дөрвөн охинтой айл юм билээ. Чи эгчтэйгээ илүү дотно байх тийм үү?

-Би айлын бага. Харин Болороо эгч маань яг миний дээд талынх. Ердөө хоёрхон насны зөрүүтэй болохоор бид илүү дотно байдаг. Мөн нэг спортод хайртай болохоор үргэлж нэг нэгэндээ туслаж, хэцүү зүйлсээ ярилцаж, ихэнхи цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг. Эгч намайг дандаа эрхлүүлдэг. Бас ямар ч зүйл тулгарахад ард минь бат зогсдог.

-Хамт бэлтгэл хийдэг гэлээ. Эгчтэйгээ эн тэнцүү барилддаг уу?

-Эн тэнцүү гэж хэлж болохгүй байх аа. Миний эгч дэлхийд данстай тамирчин шүү дээ. Би эгчийгээ нэг ч удаа давж үзээгүй. Харин оноо авч үзсэн. Би оноо авахаараа маш их баярладаг байлаа. Бэлтгэл хийж дуусаад “Таниас өнөөдөр оноо авч чадла шүү” гэхэд эгч маань “Миний дүү дархан мэхээ зөв хийсэн болохоор тэр” гэж надад урам өгнө. Тийм үг сонсохоор сэтгэлд нэг л сайхан болчихдог. Ингээд бодохоор эгчээрээ магтуулах дуртай ч юм шиг (инээв). Хэдий эгч минь ч гэсэн дэвжээн дээр гарахад бид хоёр өрсөлдөгчид болдог учраас бага зэрэг эмээдэг.

-Японы бөх Маюү Мүкайтай мөнгөн медалийн төлөө барилдсан. Тэр хэдэн минут урт санагдаж байв уу?

-“Уначих вий дээ, ялах л хэрэгтэй дээ” зэрэг олон юм бодоод цаг хугацааг нь анзаарч чадаагүй. Гэхдээ тэр хугацаанд олон зүйл бодож, догдолж амжсан. Эгч маань бүхий л хүч чадал, ур ухаанаа гаргаж барилдсан. Ялагдал хүлээхэд нь сэтгэл санаагаар унах вий л гэж санаа зовсон. Ямар сайндаа л “Хажууд нь байсан бол тайтгаруулах юм сан” гэж ээждээ хэлж байлаа.  Уг нь би ялна гэдэг нь 80 хувь итгэлтэй байсан юм. Өөрийнхөө барилдааныг гаргаад, ажиллаад өг гэж зөндөө хашхирсан. Дахиад жаахан л цаг, хэдхэн секунд байсан бол гэж бодохоор л эгчийнхээ өмнөөс харамсаад байх юм.

-Б.Болортуяаг эх орондоо ирэхэд нь хэрхэн угтаж авах вэ?

-Мэдээж хэрэг гэр бүлээрээ тосож авна. Гэхдээ би аав, ээж хоёроосоо түрүүлэн гүйж очоод эгчийгээ тэврэнэ гэж бодсон байгаа. Эгч маань олимпод оролцоно гэдэг миний мөрөөдөл ч мөн адил биелэж байгаа хэрэг. Тийм болохоор би эгчийгээ хамгийн дуртай сарнай цэцгийг нь бариад л угтана даа.

 


ОУХМ Б.Болортуяагийн дүү: Эгчийнхээ хажууд байсан бол хөлсийг нь арчаад, “Та минь хамгийн мундаг” гээд тэврэх байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188