• Өнөөдөр 2024-04-20

ОУХМ Х.БОЛОРТУЯАГИЙН ээж: Охиноо тэмцээнд явуулах гэж тэтгэврийн зээл авч байлаа

2021-08-04,   4607

         Түүнийг Хүрэлхүүгийн Болортуяа гэдэг. Чөлөөт бөхийн ОУХМ, энэ жил анхны олимподоо оролцож байгаа билээ. Өдгөө 25 настай тэрбээр чөлөөт бөхийн тодоос тод гэрэлтэх нэгэн од юм. Түүний өөр нэг авьяас нь яруу найраг бичих. Чөлөөт сэтгэлгээний “Эсвэл” хэмээх ном хэвлүүлсэн юм. Х.Болортуяа өчигдөр анхны барилдаанаа хийж, цэвэр ялсан. Харамсалтай нь хоёр дахь барилдаандаа Болгарын бөхөд ялагдаж, дагах барилдаан хийхээр болсон. Энэ өдөр бид Х.Болортуяагийн ээж Д.Баасансүрэнтэй ярилцлаа. “Охиноо тэмцээнд явуулахын тулд аав нь цалингийн зээл, би тэтгэврийн зээл авч байсан” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.
 
-Охиныхоо барилдааныг үзэж сууна уу. Сүүлийн барилдаанд харамсалтай хожигдлоо?
 
            -Миний охины орж байгаа анхны олимп. Аав бид хоёр нь өнөөдөр бүх ажлаа хойш тавиад охиныхоо барилдааныг үзээд сууж байна. Аав нь баргийн зүйлд ам нээж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй юм. Би л ялахад нь баярлаж, ялагдахад нь сэтгэлээр унаж, босож, суун тэвдэж байна. Болгарын бөх нь ялвал дагах барилдаан хийх байлаа. Харамсалтай нь ялагдчихлаа. Охиноо барилдуулахын тулд өөр орны бөхийг ялаасай гэж хүлээж суусан даа. Ганц бид ч гэлтгүй Эрдэнэтчүүд, Монголчууд бүгд л дэмжиж, сайхан урмын үгээр дэмжиж байна.
 
-Х.Болортуяа дотогшоогоо, чимээгүй зан нь аавыгаа дууриасан байх нээ?
 
            -Тиймээ. Охин минь аавтайгаа их адилхан. Аавынхаа зан чанарыг илүү дууриасан. Барагтай шальдар булдар зүйлд оролцоод байхгүй, хаа нэг жинтэй үг хэлдэг. Тийм зантай хүн шүү дээ, миний хань. Охин хүүхэд болоод ч тэр үү аавдаа илүү сайн ханддаг шүү.
 
Эгч нь дөрвөн хүүхэдтэй. Хоёр охин, хоёр хүүтэй. Болороо манай хамгийн бага хүүхэд. Хүүг нь хүү, охиныг нь охин гэж ганцаардуулахгүй хань бараатай гаргасан дөрвөн хүүхэд минь миний бахархал юм шүү дээ.
 
-Та хоёр Эрдэнэт хотод амьдардаг уу?
 
            -Тиймээ, манайх Эрдэнэтийн айл. Би тэтгэвэртээ гарсан. Хань маань Эрдэнэт үйлдвэрт ажилладаг.
 
-Токиод очсон хойно холбоо барьсан уу?

             -Тэмцээн нь эхлэхээс өмнө холбоо барьсан. Байрлаж байгаа хотхоноо харуулаад, их сайхан байгаа тухайгаа л яриад байсан. Царай зүс нь  ч сайхан харагдаж байна лээ. Тэмцээн эхлэхээр нь холбоо барихаа больдог. “Би охиндоо санаа зовж олон юм асуугаад, заримдаа залхаадаг байх” гэж бодоод чухал үед нь холбоо барьдаггүй.

 
-Аав нь охиндоо юу захиж явуулсан бэ?
 
            -“Сайхан газар үзэж, олон аавын хүүхдүүдтэй сайхан барилдаад ирээрэй. Миний охины амжилтын үндэс тавигдаж байна. Энэ удаад муу барилдсан ч дараа нь олон том тэмцээн хүлээж байгаа. Тийм болохоор олон зүйлд сэтгэлээ зовоолгүй, тэмцээндээ л анхаараарай” гэж аминчхан захиад явуулсан. Миний охин харин “Өөрийнхөө бүх зүйлийг тэмцээндээ зориулаад аавынхаа нэрийг олимпын тавцанд дуудуулна” гэж хэлээд явсан.
 
-Барилдахыг нь хараад суух эх хүний хувьд хэцүү байдаг байх. Бидэн шиг ялбал баярлаж, ялагдвал сэтгэлээр унахаас өөр байдаг болов уу?
 
            -Тэгэлгүй яах вэ. “Хүчтэй унасан болов уу, өвдөж байгаа болов уу” гээд хамт дэвжээн дээр гараад л дуусна шүү дээ. Ямар сайндаа л охиноо унахад өрөвдөхдөө нулимс дуслуулж байх вэ дээ.
 
-Айлын бага хүүхэд болохоор их эрх үү?
 
            -Тийм ч эрх биш ээ. Багаасаа сургууль, бэлтгэл гээд биеэ даасан. Ерөнхий боловсролын сургуульд сурдаг байхдаа дотуур байранд амьдарч, үеийн хүүхдүүдтэйгээ харилцаж сурсан болохоор олны дунд биеэ зөв авч явдаг. Ээж аавдаа тийм ч их эрхлээд байдаггүй охин шүү.
 
-Анх бөхөөр хичээллэнэ гэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ?
 
            -Эхэндээ аав, бид хоёр нь тийм ч дуртай хандаагүй. Би бөх гэхээр “Намхан, бие хаа нь эв хавгүй хүүхэд болчихно” гэж ойлгоод охиноо бөх болгохгүй гэдэг байлаа. Өөрөө их тууштай болохоор амжилт гаргаж эхэлсэн л дээ. Тэр үеэс л охиноо дэмжиж, дээлийнх нь захыг мушгидаг болсон доо. Манай ураг удамд бөхийн удам байхгүй. Миний охин л бөх болох хувьтай байж.
 
-Яруу найраг сонирхож, шүлэг бичдэгийг нь мэднэ?
 
            -Миний охин “Их Монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Утга, уран зохиол бичих авьяастай. Байнга л ном уншиж, өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Яруу найргийн “Эсвэл” нэртэй ном хэвлүүлсэн. Бид хүүхдүүдээ аль болох юм юманд дөртэй, хүссэн зүйлийг нь хийж өгөхийг зорьдог. Охиноо шигшээ багт орохоос өмнө тэмцээн, уралдаанд явахад нь аав нь цалингийн зээл, би тэтгэврийн зээл авч явуулдаг байлаа.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
            -Баярлалаа.

ОУХМ Х.БОЛОРТУЯАГИЙН ээж: Охиноо тэмцээнд явуулах гэж тэтгэврийн зээл авч байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-07 13:31:31
    Mugii: Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-06 21:54:59
    Г.Наранцэцэг: Ангийн минь хүүгийн шавь олимпын эрх авна гэдэг маш том амжилт шүү.Төр засаг ийм автяаслаг хүүхдүүдээ дэмжээд ядаж зардлыг нь өгчихөд яанаа.Ээж аав нь цалин тэтгэврийн зээл авч уралдаан тэмцээнд явуулж байдаг ийм орон Монголоос өөр байхгүй.Идэрсайхандаа болон түүний шавь Болортуяадаа дараагийн олимпын тэмцээнд нь амжилт хүсье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188