• Өнөөдөр 2024-04-26

Чөлөөт бөхийн тамирчин Х.БОЛОРТУЯАГИЙН багш: Шинэ цай чанаж, Баян-Өндөр хайрхандаа өргөөд, шавийнхаа барилдааныг хүлээгээд сууж байна

2021-08-03,   3618

“Токио-2020” зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг жинд барилдаж байгаа Х.Болортуяад монголчууд найдлага тавьж, хүлээж суугаа билээ. Анхны олимподоо оролцож байгаа тэрбээр өнөөдөр шийдвэрлэх барилдаанаа хийнэ. Бид энэ өдөр түүний багш Б.Идэрсайхантай ярилцлаа. “Хүүхдийн ордны жижигхэн подволоос хүүхдүүдээ бэлдэж гаргадаг” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.
 
 -Таны шавь анхны олимпын тэмцээндээ оролцож байна. Танд баяр хүргэе. Өнөөдөр анхны барилдаанаа хийх гэж байна их сандарч байна уу?
 
            -Баярлалаа. Шинэ цай чанаж, Баян-Өндөр хайрхандаа өргөөд, шавийнхаа барилдааныг хүлээгээд сууж байна. Өмнө нь дандаа хамт явж, хажуугаас нь хэлж, зөвлөдөг байсан. Энэ удаад цар тахлаас болоод тэгж чадсангүй.
 
-Шавьтайгаа холбоо барьсан уу. Сэтгэлзүй нь хэр байна вэ?
 

            -Жин хасаагүй жиндээ орж байгаа болохоор их сайхан өнгөтэй харагдаж байна лээ. Нойр, хоолондоо сайн байгаа гэсэн. Эхний ээлжид Энэтхэгийн бөхийг давах хэрэгтэй байна. Тэгж чадвал Болгарын хүчтэй бөхтэй учраа таарна. Энэтхэгийн бөх их сайн бөх. Азийн аварга шүү дээ. Сүүлийн хэдэн жил Энэтхэгчүүд их сайжирч байгаа.

 
-Олимпын эрх авах үед нь маш их баярласан байх. Амжилт гаргана гэдэгт нь шавьдаа бүрэн итгэлтэй байна уу?
 
            -Миний шавь ганцаараа -62 кг жинд эрхээ аваагүй үлдсэн байсан. Тэгээд Болгар Улсад болсон эрхийн төлөөх тэмцээнд олон хүнд барилдаануудыг хийж, олимпын эрх авсан. Их үнэтэй олдсон эрх шүү. Тийм учраас залуу хүний аз, од нь гийгээд олимпод амжилттай оролцох байх гэж найдаж сууна. Мэдээж хүн бэлдсэн тамирчиндаа итгэж, найдаж байж л тамирчин нь амжилт гаргана шүү дээ. Тийм болохоор би шавьдаа бүрэн итгэж байна.
 
-Шигшээ багийн дасгалжуулагчид Х.Болортуяа тамирчны онцлогийг хэр сайн мэдэх вэ?
 
            -Шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр бид хоёр нэг багшийн шавь нар. Тиймээс бидний арга барил, сургалт нь ижил болохоор Х.Болортуяаг ерөнхийдөө мэднэ. Х.Болортуяагийн хэвтээ барилдаан бол манай багшийн бид нарт заасан барилдаан юм.
 
-Өрсөлдөгч тамирчдаа хэр судалсан бэ. Өмнө нь учраа таарч байв уу?
 
            -Ерөнхийдөө гол гол өрсөлдөгчийг нь судалсан. Энэтхэгийн бөхийг хүртэл судалсан. “Тэр бөх бол ихэнхдээ босоо байрлалаас барилддаг, баруун гар нь байнга ажиллагаатай байдаг. Тиймээс баруун гарыг нь сайн хорьж л барилдах хэрэгтэй” гэж өчигдөрхөн ярилцсан.
 
-Х.Болортуяа тамирчны барилдааны онцлог нь юу вэ?
 
            -Хэвтээ барилдаанд сайн. Толгой маш сайн уургална. Өөрийнх нь дархан мэх нь гарт түлхүүр мэх. Энэ мэхийг манай багш бидэнд зааж өгсөн, миний өөрийн мэх.
 
-Хэдэн настайдаа таны шавь болж байв?
 
            -Анх 2009 онд 13 настай байхад нь би сонгож авч байсан юм. Эрдэнэтийн унаган охин шүү дээ. Сургуулиудын намрын спартикат болох гээд хүүхдүүд бэлдэж байхад хөнгөн атлетикийн урт мөчтэй, барилдчихмаар охин харагдаад байхаар нь “Чөлөөт бөхөөр барилдах уу. Багш дээрээ ирж бэлтгэл хийгээрэй” гэж хэлээд, сонгож авч байсан. Түүнээс хойш бид хамт явж байна даа.
 
-Токио явахдаа багшдаа юу гэж хэлээд явсан бэ?
 
            -“Багшаа би их хүнд нөхцөлд олимпын эрхээ авсан. Сэтгэл зүй одоо л гайгүй тогтвортой болж байна. Олимпод өөрийнхөө бүх хүчийг гаргаж барилдана. Өөртөө итгэлтэй байна” гэж хэлсэн.
 
-Та юу захиж явуулав?
 
            -“Миний охин олимп дөрвөн жилд нэг удаа болдог том тэмцээн л дээ. Гэхдээ ердийн тэмцээн шиг л барилдах хэрэгтэй. Ердийн тэмцээнд учраа таардаг тамирчид чинь оролцоно. Тийм учраас сэтгэлзүйгээ тэгж бэлдээрэй. Хамгийн чухал нь дараа нь харамсахааргүй, өөртөө байгаа бүх хүч, арга, ухаан, дархан мэхээ гаргаарай” гэж захисан. Миний шавийн анхны олимп. Хэдий хамт явж чадаагүй ч 2024, 2028 оны олимпын наадам биднийг хүлээж байна.
       Хэвтээ барилдаанд сайн, давхар хамна. Толгой маш сайн уургална. Өөрийнх нь дархан мэх нь гарт түлхүүр мэх. Энэ мэхийг манай багш бидэнд зааж өгсөн, миний өөрийн мэх.
 
-Хувь хүн нь ямар зан төлөвтэй вэ. Яруу найраг бичдэг тийм ээ?
 
            -Тийм ээ, яруу найраг бичих өгөгдөлтэй. Сэтгэхүй нь гүн ухаан талдаа илүү сайн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд нь “Миний охин спортын сэтгэл зүйчээр сурчих” гэж зөвлөөд тэр мэргэжлийг эзэмшүүлсэн. Аливаа зүйлд их тууштай. Х.Болортуяатай ижил 8,9 шавь минь оюутан болоод орхисон.  Манай Х.Болортуяа л спортдоо үнэнч үлдсэн. Зөв хүмүүжилтэй, зөв хүүхэд болохоор үйлс нь бүтэж, энэ олимпод сайхан барилдах байх гэж хүлээж сууна.
 
-Олимпод явахын өмнө чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын дунд маргаан үүссэн. Түүнд та ямар бодолтой байна вэ?
 
            -Хүмүүс янз бүрийн л бодолтой байна. Тамирчдаа дэмжих нэг нь байхад, үгүйсгэх өөр нэгэн байна. Бөхийг харлуулж байна, спортоор улс төр хийж байна. Түүнээс болоод эцэг эхчүүд хүүхдүүдээ спортод бага өгч байна. Би хөдөө орон нутгийн багш. Хүүхдийн ордны жижигхэн подволоос хүүхдүүдээ бэлддэг. Манайх бүтэн дэвжээ ч байхгүй. Тал дэвжээтэй тийм л газар. Над шиг ингэж зүтгэж байгаа олон багш бий. Гэтэл энэ багш нарын хөдөлмөрийг “Бөх сонирхогчид” гэж хэсэг хүмүүс үгүйсгэж, харлуулж байгаад нь эмзэглэдэг.
 
-Ярилцсанд баярлалаа. 
 
-Баярлалаа. 

Чөлөөт бөхийн тамирчин Х.БОЛОРТУЯАГИЙН багш: Шинэ цай чанаж, Баян-Өндөр хайрхандаа өргөөд, шавийнхаа барилдааныг хүлээгээд сууж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-03 21:59:02
    Отгоо Бат: Олон хүүхдийг зөв амьдралд хөтөлсөн багш
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-03 15:47:56
    Эрдэнэбат : Мундагшдээ амжилт найздаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188