• Өнөөдөр 2024-04-20

МУГТ С.БАТЦЭЦЭГИЙН ээж: Охиндоо боорцог хайрч өгөөд, “Боорцогоо дуусгаад, медалиа цүнхлээд ирээрэй” гэж хэлээд тэмцээнд явуулдаг байлаа

2021-08-03,   4327

          Чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга, Лондонгийн олимпын хүрэл медальт Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг ард түмний хайртай охин билээ. Ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимпын хүрэл медаль хүртэж, Монгол Улсынхаа тугийг олимпын тэнгэрт мандуулсан тамирчин маань өнөөдөр Токиогийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулах чухал барилдаанаа хийнэ. Энэ өдөр бид С.Батцэцэг тамирчны ээж Д.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. “Ханиас минь хойш миний ганц түшиг тулгуур минь болсон охиноороо үргэлж бахархаж, хайрладаг” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.
 
-Таны охин монголчуудыг огшоож, цар тахлыг хэсэг ч гэсэн мартуулж, сайхан барилдаан үзүүллээ. Танд баяр хүргэе?
 
            -Баярлалаа. Охин минь хоёр сайхан барилдаж, Монголын ард түмнээ баярлууллаа. Би Архангай аймгийн Хашаат суманд амьдардаг. Манай энд өчигдөр тог тасраад ОХУ-ын тамирчинтай барилдсан барилдааныг нь үзэж чадаагүй. Эхний барилдаан дээр нь тэвдэж л суулаа. Хоёр дахь барилдааныг нь хүнээс утсаар асуусан. “Танай охин ялсан” гэж хэлэхийг нь дуулаад баярласан. Тог ирээд мөнгөн медалийн төлөөх барилдааныг нь үзсэн. Харамсалтай нь  ялагдлаа. Их л сэтгэлээр унаж байгаа харагдсан. Охин минь барилдаж эхлэхээр нь хийж байсан зүйлээ орхиод л зурагтныхаа өмнө нам суудаг. Эх хүний зөн байдаг юм болов уу, намайг үзэхээр л охин минь ихэнхдээ ялдаг шүү.
 
-Тусгаарлалтад байж байгаад Токио явсан уу. Охиноо их санаж байна уу?
 
            -Тэгсэн. Бид хөдөө байдаг болохоор сүүлийн хэдэн сар уулзаж чадаагүй. Утсаар л холбогддог. Өмнө нь дандаа л гарынхаа хоолыг хийж өгөөд, охиноо үнсэж, сэтгэл санааг нь амраагаад явуулдаг байсан ч энэ жил жаахан онцгүй л явуулчихлаа. Гэхдээ утсаар “Миний охин бэртэл, гэмтэлгүй сайхан барилдаад, эх орондоо медальтай ирээрэй” гэж захиад явуулсан.
 
Тэмцээн нь эхлэхээс хоёр хоногийн өмнө ярьсан. “Ээжийнхээ захиасыг мартаагүй. Хичээж барилдаж, ээждээ, эх орондоо медальтай очно” гэж байна лээ.
 
Охины минь барилдаан дуусаагүй. Өнөөдөр хүрэл медаль авах байх. Охиндоо бүх сайн сайхан бүхнийг хүсээд цай сүүний дээжээ өргөөд л хүлээж сууна даа, эгч нь.
 
-Тамирчин хүний ээж байх хамгийн сайхан нь юу байдаг вэ?
 
            -Хөлсөө гарган барилдаж, барилдаж медаль авахыг нь харах л хамгийн сайхан даа. Барилдаж байх үед нь “Ямар их өвдөж байгаа бол, арай хүчтэй унагаад байна даа. Нуруу, гараа бэртээчих вий дээ” гэж санаа зовно. Хожигдвол уйлна. Ярихаас эмээнэ. Тэр бүхний дараа ялаад огшиход нь ийм мундаг охин төрүүлсэндээ баярладаг.
 
-Охин хүүхэд анх бөхөөр хичээллэж эхлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
 

            -Анх дургүйцэж байсан ч аав нь зөрсөөр байгаад явуулсан. Тэгээд амжилт гаргаад ирэхээр нь охиноо дэмжиж эхэлсэн. Охиндоо халуун боорцог хайрч өгөөд “Миний охин боорцогоо идэж дуусгаад медалиа цүнхлээд ирээрэй” гэж хэлээд явуулдаг байсан. Охин минь ер нь медальгүй ирнэ гэж байхгүй шүү.

 
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
 
            -С.Батцэцэг манай дөрөв дэх хүүхэд. Нэг охин дүүтэй. Миний охин ээждээ их эрх. Токиод очсон хойно нь утсаар ярьсан. “Ээжээ нутагтаа очилгүй их удлаа. Одоо тэмцээнээ дуусгаад ээжийгээ аваад, нутгаараа сайхан аялна” гэж байна лээ. “Охиноо хурдан ирээсэй”  гэж хүлээж байна.
 
-2012 оны Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн. Тэр сайхан мөч одоо ч хадгалагдаж үлдсэн болов уу?
 
            -Тэр үед цаг сайхан байж. Охиноо Лондонгийн олимпод явахад нь цай хоолыг нь сайхан бэлдэж өгөөд, тайван амраагаад “Миний охин хичээж барилдаарай. Монголчууд миний охинд итгэж байгаа шүү. Хэрвээ медальгүй ирвэл Монголын ард түмэн, багш нь их гомдох байх” гэж захиж явуулсан.
 
Ээжийнхээ захиасыг биелүүлж, эх орондоо хүрэл медаль авч ирсэн. Энэ жил бас ээждээ, эх орондоо медальтай ирэх байх аа.
 
-Токиогийн олимпод оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын дунд маргаан үүссэн. Түүн дээр та ямар бодолтой байна вэ?
 
            -Ямар ч тамирчдын дунд тэмцэл, өрсөлдөөн байдаг. Түүний адилаар л санаж, хүлээж авсан. Миний охин том зорилготой, мөн чадалтай. Өөрийнхөө хүчээр л өдий зэрэгтэй явж байгаа юм. Спортоос гадна хичээл, ном, ажил төрөлдөө ч том зорилго тавьж түүнийхээ төлөө хичээдэг. Тийм том зорилготой хүнд тэр зэргийн саад бэрхшээл байдаг л зүйл. Тэгж бодоод тоогоогүй.
 
-Таны охин өнөөдөр шийдвэрлэх, чухал барилдаанаа хийх гэж байна. Охиндоо хандаж юу гэж хэлмээр байна вэ?
 
            -Миний охин ааваасаа хойш миний ганц түшиг тулгуур минь болж ирсэн. Ээждээ их хайртай, эрх хүүхэд л дээ. Тэгээд охинтойгоо уулзалгүй удаж байгаа болохоор их санаж байна. Миний охин өнөөдөр өөртөө байгаа бүх хүчээ гаргаж, сайн барилдаарай. Ээж нь охиндоо хайртай шүү.

МУГТ С.БАТЦЭЦЭГИЙН ээж: Охиндоо боорцог хайрч өгөөд, “Боорцогоо дуусгаад, медалиа цүнхлээд ирээрэй” гэж хэлээд тэмцээнд явуулдаг байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188