• Өнөөдөр 2024-04-25

Д.ЛХАДОРЖ: Миний шавь үүнээс илүү амжилт гаргаж чадах байсан

2021-08-02,   1505

“Токио-2020” зуны олимпод эмэгтэй хийн гар бууны төрөлд өрсөлдсөн Ц.Анударь финалд шалгарахад нэг оноо дутсан. Түүний анхны олимп. Мөн багшгүйгээр оролцсон анхны тэмцээн. Тиймдээ ч тэмцээний дараа “Багш минь байсан бол энэ авсан онооноосоо илүү буудах байлаа” хэмээн ярьсан. Бид Ц.Анударь тамирчны багш Д.Лхадоржтой ярилцлаа. “Шавь минь галын шугам руу ганцаараа яваад том тэмцээнд орсон болохоор багшийгаа их санасан байх” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.
 
-Таны шавь сайн буудаж, шөвгийн наймд үлдэхэд нэг л оноо дутлаа. Танд баяр хүргэе?
 
                -Баярлалаа. Миний шавь “Токио-2020” зуны олимпод оролцоно гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Өмнө нь хамтдаа тэмцээнд явж, дэргэдээс нь зөвлөдөг байсан бол энэ удаад зурагтаар үзэж сууна.
 
-Бэлтгэл хэр сайн хангагдсан бэ. Ц.Анударь тамирчны онцлог нь юу вэ?
 
                -Өнгөрсөн нэгдүгээр сараас тусгаарлагдаж бэлтгэл хийсэн. Олимпод ч бэлтгэлийн үеэр буудсан шигээ сайн буудсан. Мэдээж оноо тоолдог учир нэг, хоёр оноо наана, цаана байж болно.  578 оноо гэдэг тийм муу оноо биш ээ. Монгол Улсын рекорд 578 Ц.Анударь эзэмшиж байна. Эмэгтэй 10 метрийн хийн гар бууны төрөлд 576 оноо гэдэг аль ч тэмцээнд дээгүүрт бичигдэх оноо. Миний шавь бусад тамирчдаас техник, бэлтгэлийн хувьд өөр л дөө. Түүнийг нь ойлгож, мэдэрдэг хүн их ховор.
 
-Бусад тамирчдаас өөр гэдэг нь?
 
                -Миний шавь бусад хүмүүсээс өөрөөр бэлтгэл хийдэг л дээ. Миний шавийн гарын хөдөлгөөн, биеийн хэлэмж, буудах техник нь бусад тамирчдаас өөр л дөө. Түүнийг нь ойлгохгүй “Чи сайн буудаж чадахгүй, их оноо авч чадахгүй" гэж зарим багш хэлж байсан л даа Тэгээд би шавийнхаа тэр талийг хөгжүүлж, буудаж чаддаг гэдгийг нь харуулсан.
 
-Тан дээр хэдэн настай ирж байсан бэ?
 
                -Ц.Анударь их хожуу буудаж эхэлсэн. 17 настайдаа буудлагын спортоор хичээллэж эхлээд 19 настай над дээр ирсэн. Тэгээд 22 настай олимпын эрхээ авч байлаа.
 
-Өмнөх тэмцээнүүдэд нь та хамт явдаг байсан уу?
 

            -Бид хоёрт олон улсын тэмцээн цөөхөн. Шигшээ багийн тамирчин болоогүй байхдаа л олимпын эрхээ авсан шүү дээ, миний шавь. 2018 онд дотоодын бүх шалгаруулалтад орж түрүүлээд 2019 оны хавар өөрсдийн зардлаар Бээжингийн дэлхийн цомд орж олимпын эрхээ авсан. Тэгээд тэр намартаа улсын шигшээ багт орсон. Хамт олон улсын гурван тэмцээнд л хамт явсан. Туршлага бага ч өсөх ирээдүйтэй тамирчин шүү, миний шавь.

 
-Багшгүй тэмцээнд оролцоно гэдэг тамирчны хувьд бүх зүйлийг өөрөө хийж гүйцэтгэх, даваад гарах хүнд нөхцөл үүсдэг байх аа. Ц.Анударь тамирчин түүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
 
                -Анхнаасаа олимпын бэлтгэлд гарахдаа багшгүй явахаар сэтгэлзүйгээ бэлдэж эхэлсэн. Би шигшээ багийн дасгалжуулагч биш учраас олимпод явах боломжгүй болсон. Энэ жил цар тахлаас үүдэн тамирчдын 50 хувьд нь л дасгалжуулагчийн эрх өгсөн. Тэгээд манай буудлагын дөрвөн тамирчны дунд хоёр дасгалжуулагч явж, Э.Даваахүү, Ц.Анударь нарын дасгалжуулагч нь үлдсэн.
 
Багштай тэмцээнд явах, багшгүй явах хоёр их ялгаатай. Тэр дундаа буудлага бол бүр ялгаатай. Тамирчин хүн олон сум буудна. Тэр дунд алдаа гарна. Түүнийг нь олж харах хүн зөвхөн өөрийнх нь багш шүү дээ. Би шавиа амьсгалаар нь л мэдэрдэг. Тухайн үед хамгийн зөв чиглүүлж, зөвлөгөө өгөх хүн би байсан байх.
 
-Токиод очоод Ц.Анударь тамирчин хэр хурдан орчиндоо дассан бэ. Сэтгэлзүй нь хэр байсан бэ?
 
                -Токио хотын уур амьсгалд их хурдан зохицож чадсан гэсэн. Сэтгэл зүйн хувьд миний шавь том тэмцээнд нугараад байхааргүй том сэтгэл зүйтэй.
 
-Таны шавь тэмцээн дууссаны дараа “Багшийгаа байсан бол” гэж харамсаж ярьсан. Хүмүүс ч “Багш нь байсан бол илүү буудах байсан” гэж сэтгэгдлээ хуваалцаж байна. Түүн дээр та ямар бодолтой байна вэ?
 
                -Миний шавь тэгж ярихад нь их өрөвдсөн шүү. Ямар ч тамирчинд тийм бодол төрнө шүү дээ. Галын шугам дээр ганцаараа очоод буудна гэдэг хүнд туссан байх аа. Мэдээж багшийн зөвлөгөө, түлхэх хүч байж тамирчин амжилт үзүүлнэ. Түүнийгээ л илэрхийлж хэлсэн. Зарим хүмүүс буруугаар ойлгож, яриад байна. Миний шавь ямар нэг шийдвэрийг эсэргүүцэж, хэн нэгнийг буруутгаагүй. Зөвхөн тухайн үед төрсөн сэтгэгдлээ л хэлж байгаа нь тэр юм. Шинэ залуу тамирчин олимпод очоод хамраараа таслуулчихлаар тухайн үедээ л хямарсан болов уу. Тэгээд л сэтгэлзүйгээрээ “Миний багш байсан бол” гэж хэлсэн байх. Түүнээс “Миний багшийг явуулсангүй” гэж ерөөсөө хэлээгүй.
 
-Тэмцээний дараа тан руу холбогдсон уу?
 
                -Тэмцээн дуусаад л шууд холбогдсон. Финалаас хасагдаж байгаагаа мэдээгүй болохоор сүүлийн хэдэн сумаа тооцоогүй байх. Ерөнхийдөө 576 оноог финалд үлдсэн гэж бодсон байх. Ерөнхий самбар нь хол байдаг болохоор зөвхөн өөрийнхөө оноог л харах боломжтой.
 
Хэдий шигшээ багийн дасгалжуулагч хамт байсан хэдий ч Ц.Анударийн багш биш шүү дээ. Буудлагын онцлог нь хувийн спорт учир арга, техник нь өөр өөр байдаг. Тэгэхээр хувь хувьдаа л багштай байх шаардлагатай. Гүндэгмаа, Анударь хоёр зэрэг буудсан болохоор хоёр талд гүйсэн болов уу. Мөн Ц.Анударьтай өмнө нь ажиллаж үзээгүй болохоор техникийг нь сайн мэдэхгүй байх.
 
Миний шавь тэгж ярихад нь их өрөвдсөн шүү. Ямар ч тамирчинд тийм бодол төрнө шүү дээ. Галын шугам дээр ганцаараа очоод буудна гэдэг хүнд туссан байх аа
 
-Олимпод явахад нь юу захиж явуулсан бэ?
 
                -Олимпод оролцоно гэдэг их том амжилт шүү. Битгий их зүйл бодож, өөрийгөө зовоогоорой. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпод жаргаж буудаж байгаад ирээрэй гэж захисан даа.
 
-Шавьдаа хүч өгөх урмын үгээр ярилцлагаа өндөрлөе?
 
                -Миний шавь анхны олимпдоо их амжилттай оролцлоо. Харамсалтай нь цар тахлаас болоод багш нь хамт байж чадсангүй. Түшиг тулгуур нь хамт байгаагүй болохоор хүссэн амжилтаа гаргаж чадаагүй байх. Гэхдээ биднийг илүү том амжилтууд хүлээж байна. Шавьдаа хайртай шүү.

Д.ЛХАДОРЖ: Миний шавь үүнээс илүү амжилт гаргаж чадах байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188