• Өнөөдөр 2024-04-20

М.Мягмаржаргалын нөхөр: Миний хань чинь наддаа олимпын аварга юм шүү дээ

2021-07-29,   7095

Олимпын наадмын дэвжээнээс цурхиртлаа уйлаад буухдаа "Дараагийн удаа заавал хичээнэ. Монгол Улсынхаа далбааг мандуулна. Энэ удаад чадсангүй, уучлал хүсье, монголчуудаасаа" хэмээн хоолойгоо чичрүүлэн байж хэлсэн боксчин М.Мягмаржаргалын үг монголчуудад хайр түгээлээ. Тэр гарцаагүй дараагийн олимпын аварга. Олимпын дэвжээнд дэлхий аварга боксчинтой эн тэнцүү тулалдсан тамирчин юм. Тэрбээр олимпод оролцож байгаа Монголын анхны эмэгтэй боксчин байлаа. Хэдий ялагдал хүлээж, олимпын наадмыг өндөрлүүлж байгаа ч түүнийг олон амжилт хүлээж байгаа биз ээ.  Эмэгтэй боксчдын түүхийн хуудас болсон М.Мягмаржаргал тамирчны нөхөр М.Даваанямтай бид ярилцлаа. 

-Таны эхнэр олимпын наадамд оролцож байгаа анхны эмэгтэй боксчин болж, сайхан тулаан үзүүллээ. Танд болон таны эхнэрт баяр хүргэе?

         -Баярлалаа. Монголын түүхэнд анх удаа эмэгтэй боксчин олимпод орж, хүчтэй тулаан үзүүллээ. Тэр нь миний хань байна гэж бодсонгүй явлаа шүү. Ханиараа их бахархаж байна. Мэдээж медаль авна гэж зорилго тавьсан хэдий ч зарим алдаанаас болоод харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Гэхдээ сайхан байлаа. Олимпод оролцоно гэдэг их чухал шүү дээ. Энэ түүний минь эхлэл юм.

-Тулааныг нь үзээд суухад их зүйл бодогддог байх?

         -Тэгэлгүй яах вэ, их догдолдог юм билээ. Би өөрөө боксын спортоор хичээллэдэг болохоор “Тэгж цохиосой, ингэж тулалдаасай” гэж өмнөөс нь ринген дээр нь гармаар болдог шүү. Гэхдээ миний хань өөрийнхөө санасан, бодсоноо хийж, сайхан тулалдсан. Тулааныг нь үзээд “Хүнд цохилт аваад өвдөж байгаа болов уу, ядарч байгаа болов уу, толгой тархиндаа бэртэл авах вий дээ” гэж бодоод л өмөлзөөд суулаа. "Эвий минь эмэгтэй хүн шүү дээ" гэж өөртэйгөө ярьсаар, олимп өндөрлүүллээ, бид хоёр. 

-Эхнэртэйгээ анх яаж танилцаж байсан талаараа яриад өгөөч?

         -Бид боксын “Ширэн бээлий” клубд анх танилцаж байлаа. Бүр ринген дээр тулалдаж танилцсан шүү дээ. Эмэгтэй хүн болохоор хайрлаад цохиж чаддаггүй, эвгүй юм билээ. Бие биедээ дасаж, хайрлаад, хамтдаа жаргал, зовлонгоо үүрэлцэж, өрх тусгаарласан. Бид одоогоор хүүхэдтэй болоогүй. Хоёр биенээ эрхлүүлээд байж байна даа. Спортоороо амжилт гаргаад, өмнө нь том ирээдүй хүлээж байхад үр хүүхэд нэхэж ч чаддаггүй юм билээ. Түүнийг "Одоо болжээ" гэж хэлтэл нь хүлээнэ дээ.

-Эхнэрийнхээ хамгийн ойрын зөвлөгч, дасгалжуулагч нь та байх нь ээ?

          -Боксын спортын талаар бага ч болтугай мэдлэгтэй болохоор ханийнхаа алдаа, оноог мэддэг, мэдэрдэг. Миний хань их дайчин, урагшаа явж тулалддаг юм. Энэ удаагийн учраа таарсан боксчин нь дэлхийн аварга, их сайн тамирчин байлаа. Мөн цар тахлаас үүдэн тэмцээн, уралдаан хойшилсон учир бэлтгэл дутуу хангагдсан байх. Ер нь жүдо, буудлагын тамирчдыг харахад сүүлийн жилүүдэд тэмцээн холдсон болоод ч тэр үү, бэлтгэл төдийлөн сайн хангагдаагүй байх шиг байна, миний бодлоор.

Спортоороо амжилт гаргаад, өмнө нь том ирээдүй хүлээж байхад үр хүүхэд нэхэж ч чаддаггүй юм билээ. 

-Токиог зорихдоо танд юу гэж хэлээд явсан бэ, эхнэр тань?

         - Хань минь Токиогийн олимпод явахыг их хүссэн болохоор аз жаргалтай байсан. “Хайр нь хичээнэ. Олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулна” гэж хэлээд явсан. Миний зүгээс ханьдаа их санаа зовсон л доо. Эмэгтэй хүн тулааны спортоор энэ том тэмцээнд орно гэдэг амаргүй шүү дээ. Тив дэлхийн аваргууд ирнэ. Хүнд тулаанууд өрнөнө. Тэгээд  “Миний ханьд олдож байгаа том боломж шүү. Айж, эмээж ерөөсөө болохгүй шүү” гэж захиад, үнсээд явуулсан.

-Олимп гэлтгүй эмэгтэй хүн тулааны спортоор хичээллэнэ гэдэг хүнд шүү дээ. Үүнийг дэргэдээс нь хараад суух хэцүү байдаг байх?

         -Хэцүү, хэцүү.  Цэвэр тулааны спорт шүү дээ. Хүнд бэртэл авна, хүнийг бэртээнэ. Цэвэр сэтгэл зүйн спорт. Тэгээд тулааны спортоор хань минь хичээллэхээр олон зүйлд нь санаа зовно. Түүнийгээ гэхдээ их нуудаг. Эмэгтэй хүн том зориг гаргаад, олон саадыг туулж, тулааны спортоор олимпын эрх авч, “Эх орныхоо нэрийг олимпын тэнгэрт гаргана” гэж байхад нь “Миний хань одоо спортоо боль. Чамд санаа зовж байна” гэж хэлж, зоригийг нь мохоохыг хүсдэггүй. Аль болох зоригжуулж, “Миний хань аварга болно. Сайн тулаанч болно” гэж урам өгч, өөрийн зүгээс дэмжиж болох бүх зүйлийг хийж өгдөг дөө.Үүнээс ч илүү их урам өгөх юм сан гэж бодож сууна. Надад түүний төлөө хийж чадах юу байна тэр бүгдийг л хийнэ дээ.

-М.Мягмаржаргал тамирчныг ринген дээр “Монгол Улсын туггүй, цулгуу өмсгөл өмссөн” гэж хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад тийм өмсгөл өмссөн юм бэ?

            -Токиогийн олимпын дүрэмд ивээн тэтгэгч байгууллагын логотой хувцас өмсөхийг хориглосон юм билээ. Түүнийг нь мэдэхгүй Монголын боксын шигшээ багийн өмсгөл нь ивээн тэтгэгч байгууллагын логотой байсан. Тэгээд тэмцээнд орохын өмнө хувцсыг нь хурааж авч, цаанаас нь цулгуй өмсгөл өгсөн. Тэрнээс миний хань дураараа өмсгөлөө сонгоод өмсчихсөн юм биш ээ.

-Тулаанаа дуусгаад тан руу холбогдсон уу. Сэтгэл санаа нь ямар байна вэ?

            -Мэдээж ямар олиг байх вэ дээ. Би өөрөө тавдугаар ангиасаа эхэлж чөлөөт бөхөөр хичээллэсэн. Олон тэмцээн уралдаанд орж үзсэн болохоор ялалт, ялагдлыг мэддэг. Мэдээж тамирчин хүнд ялагдал хүнд тусна. Ханийгаа хараад “Сэтгэлээр их унаж байгаа байх даа. Хэдий  хүчтэй харагдаж байгаа ч дотроо ямар их зүйлд шаналж байгаа бол” гэж бодсон шүү.

Монголчуудаасаа уучлалт гуйгаад уйлахад нь тэврээд авмаар байлаа, өөрийн эрхгүй. Даан ч тэгж чадахгүй болохоор сэтгэл санааг нь өргөх сайхан зүйлсийг ярьж тайтгаруулсан. Дахиад хэлэхэд энэ бол эхлэл юм.

-Таны хань хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

            -Миний хань их шулуун, шударга, дайчин зантай шүү дээ. Ер нь боксын спортын онцлог нь тийм юм болов уу. Хүнийг их дайчин, аливаа зүйлд сэтгэлийн хаттай болгодог юм билээ. Мэдээж хүний амьдралд баяр гуниг олон тохиолдоно. Тэр болгонд эр хүн шиг л хамтдаа зүтгээд гардаг даа. Миний хамгийн том итгэл, найдвар түшиг тулгуур минь шүү дээ. Их халамжтай. Бид анх өрх тусгаарлаж байхад би их ажилтай байлаа. Хоол унд бэлдэж гүйгээд л. Арга нь эхнэрээ л найрах гэж байгаа юм болов уу, одоо бодоход. Одоо бол эхнэр минь их ажилсаг болсон. Спортынхоо хажуугаар ар гэрээ сайхан авч явдаг даа. Би цагдаагийн байгууллагад ажилладаг болохоор гэрийн бараа харах нь ховор. Гэхдээ бид зохицоод, өөрсдийнхөө хэмжээнд сайхан амьдарч байна. 

-Эхнэртээ хүч өгөх урмын үгээр ярилцлагаа өндөрлөе?

            -"Миний сайхан хань, чи минь наддаа олимпын аварга юм шүү. Чамдаа маш их хайртай" гэж чангаас чанга хэлээд хурдхан шиг тэврээд авмаар байна.

 

 


М.Мягмаржаргалын нөхөр: Миний хань чинь наддаа олимпын аварга юм шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-28 22:14:16
    Бямбаа: Халамжтай сайн нөхөр байна!Хөөрхөн хосууддаа аз жаргал,амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-01 07:39:06
    Цээгий: Сайхан сэтгэлтэй эмэгтэй хүн ийг оылгож хайрлаж чаддаг ухаалаг залуу байна танай гэр бүлд аз жаргал хүсье дараагийн олимп Монголын боксчин Мягмаржаргалынх,Тэр цаг удахгүй ээ,Бэлтгэлээ сайн хийгээрэй, тэр цагийг хамтдаа хүлээе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-31 14:09:21
    Davaa hero : 2 nzdaa azjargal xusie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-30 08:44:32
    Эрдэнэ: Сайн хань б.а
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 23:52:14
    Зочин: Ямар сайхан сэтгэлтэй, ачлал хүндлэлтэй хань нөхөртэй азтай бүсгүй вэ? Ханийн тэнгэртэй бүсгүй юм даа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188