• Өнөөдөр 2024-04-26

О.НАСАНБУРМАА: Найзыгаа медаль авахад дотор сонин болж, уйлмаар санагдсан

2021-07-26,   487

                   “Токио-2020” зуны олимп үргэлжилж байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 килограмм жинд барилдсан М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, манай улсын медалийн буухиаг эхлүүлсэн. Эргэлт.мн мэдээллийн сайт М.Уранцэцэг тамирчны найз Монгол Улсын Гавьяат тамирчин О.Насанбурмаатай ярилцлаа. “Бид нэг нутгийн бөх. Найзыгаа медаль аваад зогсож байхыг нь хараад уйлмаар санагдсан” хэмээсэн түүний ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу. М.Уранцэцэг тамирчин сайхан барилдаан үзүүлж, хүрэл медалийн болзол хангасан. Олон жил нөхөрлөсөн, адилхан тамирчин хүн болохоор их огшсон болов уу?
 
            -Сайн байна уу. Энэ жилийн олимпод монголын баг, тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тамирчдын маань медалийн буухиаг найз минь эхлүүлж байгаад сэтгэл их хөдөлж байна.
 
-М.Уранцэцэг та хоёр найзлаад хэдэн жил болж байна вэ?
 
            -Бид хоёр Баянхонгор аймгийнх. Нэг нутгийн тамирчид юм аа. Анх их спортод ороод танилцаж байлаа. Мөн бид ЦЕГ-ын  “Хүч” спорт хороонд харьяалагддаг. Манай М.Уранцэцэг амжилттай явж буй тамирчдын нэг. Сүүлчийн жилүүдэд нэр хүнд нь илүү дээшээ өссөн. Энэ спортоороо тууштай, олон жил барилдсаны үр дүн болов уу. Монгол Улсынхаа нэрийг гаргаж, анхдагч амжилтуудын эзэн болж, түүхийг бичилцэж байгаа найзаараа бахархаж байна.

- Барилдааныг нь үзээд сууж байхдаа их догдолсон уу?
 

            -Барилдааныг нь үзээд их догдолсон. Өөрөө оролцсон мэт мэдрэмж авсан. Барилдааны дөрвөн минут их хурдан өнгөрдөг. Тэгээд л ялахад нь цуг баярлаад л, ялагдахад нь дотор давчдаж суулаа. Орой медалиа авахад нь дотор сонин болоод л, уйлах гэж байлаа. Гэхдээ ганц би биш монголын ард түмэн бүгд тэгж хүлээж авсан болов уу.

 
-М.Уранцэцэг тамирчин хувь хүн нь ямар зан чанартай хүн гэж боддог вэ?
 
            -Найзыгаа их хүндэлдэг. Аливаа зүйлд их тууштай хандаж, маш их хөдөлмөрлөдөг. Ер нь их даруухан, нээлттэй, байгаагаа р байдаг хүн дээ миний найз.
 

            -Таны хувьд чөлөөт бөхийн шигшээ багт барилддаг. Энэ олимпод чөлөөт бөхийн аль тамирчинд илүү найдлага тавьж байна вэ?

 
            -Тэр энэ гэсэн зүйлгүй дээ. “Тэр өдрийн тэнгэр мэднэ” гэдэг шиг тамирчны хичээл зүтгэл, аз ёндоо мэднэ дээ. Сүүлчийн жилүүдэд манай улсын чөлөөт бөхийн тамирчид их сайн барилдаж байгаа. Бэлтгэл их сайн хангагдсан. Одоо хэн сайн байгаа нь л медаль хүртэнэ дээ. М.Уранцэцэг маань булган сүүлтэй байж тамирчид маань олимпын тэнгэрээс олон од шүүрэх болтугай.
 

О.НАСАНБУРМАА: Найзыгаа медаль авахад дотор сонин болж, уйлмаар санагдсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188