-Олимпын медаль хүртэх агшинд охиноороо бахархаж суусан байх. Олон жилийн хүлээлт, хүсэл мөрөөдөл биеллээ олох агшинд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Охиноо төрүүлж байхдаа баярлаж байсан тэр мэдрэмжээ дахин мэдрэх шиг л болсон. Өнөөдөр ээж, охин хоёрын хүсэл мөрөөдөл биеллээ. Амьдралынхаа олон жилийг охиныхоо түүхэн амжилтын төлөө зориулсан эх хүний хувьд энэ мөчийг олон жил хүлээсэн. Би ганцаараа биш монголчууд бүгдээрээ миний охиныг олимпын медаль хүртэхийг амьсгал даран хүлээж байсан байх. Гэр бүлээрээ хамт үзээд сууж байсан болохоор бүгд л баярын нулимстай нэг нэгнийгээ тэвэрч, баяр хөөр болцгоосон. Охиныхоо барилдаан бүрийг, алхаа гишгээ бүрийг харж, уйлахдаа уйлж, инээхдээ инээж хамт барилдах шиг л боллоо. Хөх тэнгэр, нутаг усныхаа уул толгодод сүү өргөж, арц, хүжээ уугиулаад л тэвдэж суусан. Охиноо унах вий гэж хайрлахдаа телевизээ хүртэл арцаар ариулсан шүү (инээв).
-Бэртэл, гэмтэл гэдэг тамирчин хүний хамгийн том дайсан байдаг. Охин нь бэртэл авсан үед танд хүнд байх даа?
-Охиныхоо бэлтгэл сургуулилтад онцгой анхаардаг шүү. Бэртэл авсан үед сэтгэл санаа үнэхээр хүнд байдаг. Тэр бүү хэл, жингээ хасах үед нь хамт хоолноос гарчихна. Миний охин жин хасаж байгаа даа гэж бодохоор хоол ч орохоо больчихдог. Нүд, царайг нь хараад сэтгэл санаа нь ямар байгааг бүгдийг нь мэднэ. Тухайлбал, жин хасаж байх үед тухайн хүний сэтгэл санаа бага зэрэг хямралтай, жаахан уцаартай байдаг. Хоол хийж өгөхдөө хамгийн чанартай, амттай махыг сонгоно. Ер нь тэмцээний бэлтгэл эхлэхээс дуусах хүртэл бүх зүйлд нь эхийн хайрыг шингээж өгөхийг хичээдэг. Үг бүрдээ ялалтын тухай хэлэхэд охин минь маш их баярладаг. Нэг үгээр хэлбэл би охиныхоо гэрийн дасгалжуулагч шиг л байдаг.
-Олимпын медаль хүртсэн охиноо эх оронд ирэхэд хэрхэн угтаж авах вэ. Угтаж авах талаараа бодож амжсан уу?
-Яг одоогоор бол хэт их баярласандаа тэр тухай бодож ч амжаагүй байна. Өөрийнхөө чадах хэмжээнд охиноо угтана даа.
-Элэг нэгт монголчууд нь яг л таны энтэй баярлаж байгаа байх. Та тэдэнд зориулж үг хэлэхгүй юү?
-Тэгэлгүй яах вэ. Монгол түмний охин шүү дээ миний охин чинь. Охины минь даваа бүрийг уухайлан дэмжиж, унаж ялагдахад нь урмын үг хайрладаг монголчууддаа маш их баярлалаа гэж хэлье. Мөн эх орноо төлөөлөн олимпод оролцож байгаа бүх тамирчдадаа медаль хүртэх ерөөл өргөе.
М.УРАНЦЭЦЭГИЙН ЭЭЖ Г.ЦЭРМАА: Охиноо унах вий гэж эмээхдээ телевизээ хүртэл арцаар ариулсан |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |