• Өнөөдөр 2024-03-29

Г.ГАН-ОЧИР: Хар машины хэргээс болж хоёр хүүхдийг минь дарамталж, миний аминд заналхийлж байна

2021-06-29,   1981

-Эрэн сурвалжилж байх үеэр С.Эрдэнийн хүү Одбаярын гэрт байсан-

       Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Г.Ган-Очир гэх залуу МАН-ынхан санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг хакердсан, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хэмээн мэдэгдэж, үүнтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч байгаад намжлаа.

           Г.Ган-Очир нь “Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакердах ажлыг өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар зохион байгуулсан бөгөөд тухайн хэргийг прокуророос хаасан. Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар хамаатай. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнгөрсөн оны наймдугаар сард маргалдсан. Ингээд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгвөл ямар ч хүн сонгогдоно. Д.Сумъяабазар надад “Сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэсэн” би зөвшөөрөөгүй. Дараагаар нь Улаанбаатар хот дахь "Эрдэнэт"-ийн төлөөлөгчийн газраас нэг тэрбум төгрөг гаргуулахаар МАН-ын удирдлагууд ярилцаж тохирсон. Сонгуулийн хар машиныг программчилаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлснийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан” хэмээн ярьсан байдаг.

Г.Ган-Очиртой тухайн хэргийн талаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та хар машинтай холбоотой ноцтой мэдээллийг олон нийтэд цацсан. Тэр хэрэг юу болсон бэ?

        -Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа. Би гэрчээр мэдүүлэг өгсөн. Хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгалтын явцад хэргийн талаар нууц задруулахгүй гэсэн нууцын баталгаа бичүүлж авсан. Өөрөөр хэлбэл, хар машинтай холбоотой мэдээллийг шалгаж дуустал олон нийтэд дахиж мэдээлэх боломжгүй болсон гэсэн үг. Хэрэв би энэ талаар ярих юм бол асуудалд орж, бүүр цагдан хоригдож ч болзошгүй. Намайг дахиад хар машины тухай нотлох баримтуудыг гаргаж ирэх вий гэсэн үүднээс ийм арга хэмжээ авсан байх.

-Танд өөр баримт байгаа юм уу?

        -Байлгүй яах вэ. Тухайн үеийн хэвлэлийн хурлаар мэдэгдсэн мэдээлэл бол ердөө эхлэл байсан. Би ноцтой баримтуудыг сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрүүдэд олон нийтэд үзүүлэх бодолтой байсан. Энэ тухайгаа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд хэлчихсэн байлаа. Гэтэл гэнэт ийм арга хэмжээ авчихсан. Бодоход миний эсрэг талын хүмүүс баримт дэлгэнэ гэдгийг хэн нэгнээс олоод мэдчихсэн юм шиг байна лээ. Яаралтай арга хэмжээ авч, намайг улс даяар эрэн сурвалжилсан шүү дээ. Би хар машинтай холбоотой бүх ноцтой баримтыг Тагнуулын байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа.

-Та хар машины хэрэгтэй анх яаж холбогдсоноо дэлгэрүүлж ярьж болох уу?

      -Уг нь ард түмэнд энэ луйврын талаар дэлгэрэнгүй яримаар байна. Даанч ярьж болохгүй гэсэн гарын үсэг зурчихсан. Мөрдөн байцаалтын нууц задруулсан хэрэгт орно. Намайг энэ талаар олон нийтэд хэлэх гэхээр ямар нэг шалтгаанаар хорьж, саатуулдаг тогтолцоо үүссэн. Би Хорих 461 дүгээр ангид 14:00 цагийн хугацаатай хүртэл хоригдсон шүү дээ. Уг нь гэрчийг хорих үндэслэл байхгүй юм билээ.

-Та энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байгаа юу. Сэжигтнээр шалгагдаж байгаа юу?

        -Би уг нь гэрч. Энэ бохир луйврын тухай анх мэдээлсэн, нотлох баримт өгсөн гэрч нь. Нүдээрээ харж, чихээрээ сонсож, ямар хүмүүс байгааг мэдсэн шүү дээ. Өнгөрсөн аравдугаар сард хуулийн байгууллагад хандахад гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэгээд хохирогчгүй хэрэг гээд хаачихсан юм. Харин одоо сэжигтнээр татсан байна лээ. Яагаад ингэж байгааг нь би сайн мэдэхгүй байна.

-Таныг яагаад эрэн сурвалжилсан юм бэ. Та оршин суух хаягтаа байгаагүй юм уу?

      -Надад байгаа баримтыг дахиж олон нийтэд үзүүлэхгүй, намайг ам нээлгэхгүйн тулд л зохион байгуулалтайгаар эрэн сурвалжилсан. Цагдаагийн байгууллага вэб сайтдаа байршуулаагүй хэрнэ пэйж хуудастаа тавьсан байсан. Би эрэн сурвалжилж эхэлсэн өдөр нь цагдаагийн байгууллагатай өөрөө холбогдсон. “Би маргааш 12:00 цагт яваад очъё. Ямар учраас намайг эрэн сурвалжилж байгаа талаар зарлаж байгаа юм бэ” гээд ярьсан. Маргааш нь тэгээд л очсон. Оршин суух хаягтаа байгаагүй юм.

-Тэр хугацаанд та хаачсан юм бол. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн гэрт байсан гэж үнэн үү?

         -Мэдээлэл хийснээс хойш байнгын дарамтад байсан. Миний амь эрсдэж магадгүй нөхцөл байдалтай хэд хоносон. Тэгээд би С.Эрдэнийн хүү Одбаяраас тусламж хүссэн юм. “Би хэзээ мөдгүй хүний гарт амь үрэгдэж магадгүй байна. Чамд туслах боломж байна уу” гэж асуусан. Э.Одбаяр ч дуртай хүлээж авч, “Тэгэлгүй яах вэ. Би чамд тусалъя” гээд тэдний Хандгайт дахь гэрт нь очсон. Тэгээд тэнд очоод удаагүй байхад л намайг эрэн сурвалжилж эхэлсэн байсан.

-Цагдаагийн алба хаагчид таныг Э.Одбаярын гэрээс дайчлан баривчилсан юм уу?

       -Үгүй. Би “Маргааш 12:00 цагаас очно” гэж хэлсэн байсан. Э.Одбаярынхаас 12:00 цагийн үед гарч, цагдаагийн байр руу явах гэж байтал Эрүүгийн цагдаагийн алба хаагчид үүдэн дээр отоод зогсож байсан. Тэгээд л намайг аваад явсан.

-Таныг эрэн сурвалжилахаас өмнө өөрөө цагдаагийн байгууллагад очиж, тайлбар мэдүүлэг өгсөн үү?

        -Үгүй. Өмнө нь би өнгөрсөн оны аравдугаар сард энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Тухайлбал, “Тодорхой хэмжээний албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүс хар машиныг хакердах талаар яриад байна” гэж гомдол гаргасан. Эрүүгийн цагдаагийн албанд энэ хэргийн нотлох баримтыг хүргүүлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хүмүүс мэдээгүй байхад шүү. Анх хууль хяналтын байгууллагынхан тоохгүй байсан ч цахим орчинд цацагдаад эхэлсэн чинь л анхааралдаа авч, арга хэмжээний түвшинд шилжсэн. Одоо бол над руу чиглэсэн дайралт маш их ирж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга намайг удаа дараа гүтгэж, хар тамхичин, луйварчин гэх мэтээр иргэдэд ойлгуулсан. Би үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа.

-С.Эрдэнийн гэрээс баригдаж, цагдаагийн байгууллагат өгсөн мэдүүлэгтээ “Ардчилсан намаас 75 сая төгрөг авсан” гэж мэдүүлсэн юм уу?

       -Тийм мэдүүлэг өгөөгүй. Би мөнгө аваагүй. Зарим нэр бүхий мэдээллийн сайтуудаар тийм мэдээлэл цацагдсан байна лээ. Би заримд нь гомдол гаргаж, хуулийн байгууллагад хандсан. Тэд “Фэйсбүүкд цацагдсан мэдээллийг сайтдаа байршуулсан” гэж тайлбар өгсөн байна лээ.

-Таныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байхдаа бага насны хоёр хүүхдийг тань айлган сүрдүүлсэн гэж үнэн үү?

        -Үнэн. Миний дөрөв, зургаан настай хүүхдээс миний талаар асууна гэж гэр рүү дайрч орохыг завдсан байна лээ. Ээж нь “Дөрөв, зургаан настай хүүхэд эцгийнхээ талаар юу ярьж чадах юм” гээд гэрт оруулаагүй байна лээ. Эрүүгийн цагдаагийн алба хаагч С гэж байсан гэсэн.

-Хар машинтай холбоотой хэргийг олон нийтэд зарлаж, шүгэл үлээснээс хойш танд ямар дарамт шахалт ирж байна вэ?

         -Өнөөдрийг хүртэл “Энэ асуудлыг ярихаа боль. Хоёр хүүхдээ бод. Хоёр хүүхдийг чинь хаана байгааг мэдэж байгаа шүү” гэх мэт дарамт байнга ирж байна. Би хамаатан садан цөөнтэй болохоор миний хоёр хүүхдийг тэд онилж, дарамталж байгаа.

-Хэн ийм дарамт үзүүлж байгаа юм бэ?

        -Хууль хяналтын байгууллагынхан “Чамайг хүмүүс цааш харуулна гэж байна. Тийм хүн олон байгаа” гээд надад хэлдэг. Тэгэхээр нь би “Монгол Улсын иргэнийг чинь хөнөөхөөр отож байгаа хүмүүсийг та нар мэдэж байж намайг хамгаалаач” гэхээр инээгээд тоглоод байдаг. Намайг хөнөөхийг завдаж, дарамт учруулж байгаа хүмүүсийг би ч, цагдаагийн байгууллага ч нэр устай нь мэднэ.

-Та хэвлэл мэдээллийн байгууллагад, яаманд хэвлэлийн төлөөлөгч байсан гэж өөрийгөө танилцуулж байсан шүү дээ. Дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

         -Би “Eagle” телевизэд 2008-2012 он хүртэл компьютер график чиглэлээр ажилласан. “Хүрээ” дээд  сургуулийг энэ мэргэжлээр төгссөн. Хүмүүс намайг ОХУ төгссөн гэж худал бичсэн байна лээ. Дундговь аймагт төрж, өссөн. Одоо 35 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаад хар машины хэргийн дарамтаас болж тусдаа амьдарч байгаа. Дарамтаас болж, гэр бүл рүү минь дайрч байгаа учраас хол амьдарч байгаа.

-Боловсролын сайд асан Ц.Цогзолмаа манай сайтад өгсөн тодруулгадаа таныг танихгүй, миний хэвлэлийн төлөөлөгч байгаагүй гэсэн?

             -Тийм ээ, би энэ талаар олж уншсан. Би сайд Ц.Цогзолмаатай 2012 оноос хойш хамтарч ажилласан. МАН-ынхантай би түнжин тасарсан учраас одоо холбоогүй байдаг. Миний ажилд томилогдож байсан гэрээ, Засгийн газрын тушаал, албаны үнэмлэх зэрэг нь гэрчилнэ. Тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга нар солигдож, олон удаа Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч гэсэн үнэмлэх шинэчлэгдэж байлаа. Энэ бүгд нь намайг хэвлэлийн төлөөлөгч байсан гэдгийг гэрчлэх байлгүй дээ. Түүнтэй би УИХ-ын гишүүн болоогүй байхаас нь л хамтарч ажиллаж байлаа.

-Таны нэрлэсэн МАН-ынхан таныг танихгүй гэдэг юм билээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, сонгуульд нэр дэвшиж байсан Г.Гангамөрөн нар?

           -Тэгдэг юм билээ. Тэд надтай олон жил хамтарч ажилласан хэрнэ энэ жилээс гэнэт танихаа болчихсон. Уг нь тэдэнтэй хамтарч ажиллаж байсан зураг, бичлэг гээд нотлох баримт олон бий. Н.Алтаншагай бид хоёр сайн танилууд. Түүний бичиж байсан яриа, мессэж нотлох баримтаараа байгаа.


Г.ГАН-ОЧИР: Хар машины хэргээс болж хоёр хүүхдийг минь дарамталж, миний аминд заналхийлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-01 14:56:36
    zochin: luivaraar dandaa ajillaj ylalt baiguulj zasgiin erchiig avdag .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-29 19:30:50
    зочин: ДААГАНААС УНАЖ ҮХДЭГГҮЙ ДАРАВГАРААСАА УНАЖ ҮХДЭГ ГЭЖ СОНСООГҮЙ ЮУ СҮГЭЭ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-29 18:10:26
    зочин: Сенсаац дэгдээж өөрийгөө хэрэгтэй хүн гэж нийгэмд сурталчилж ашиг хонжоо олох гэсэн өөдгүй этгээд байна даа. Үнэн байсан бол ÀN-xan юу гэж дуугүй суух вэ? Тэдэнд олдохгүй олз завшаан болно биз дээ. Ийм юм нийтэлж сайтын орон зай, хүний цагийг үрээд яах вэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-29 16:27:42
    Сахьяа: МАН ч хар машины луйвараар гаршжээ. АН д үүнийг илчлэх мэдлэгтэй хүн байхгүй юмуу. Эсвэл ман-д худалдагдсан юмуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-29 16:26:59
    Сахьяа: МАН ч хар машины луйвараар гаршжээ. АН д үүнийг илчлэх мэдлэгтэй хүн байхгүй юмуу. Эсвэл ман-д худалдагдсан юмуу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188