• Өнөөдөр 2024-04-18

“БИ БОЛОР БИШ, МОНГОЛ УЛС”

2024-03-18,   5511

НҮБ-ын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор монгол эмэгтэй томилогдлоо

                   Тэр эхлээд ээжийнхээ, дараа нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн. Харин одоо Монголын зэвсэгт хүчний мөрөөдлийг биелүүлж, чадварлаг залуусын тэр зүгт тэмүүлсэн анхны шанг татахаар НҮБ-ыг өнөө маргаашгүй зорих гэж байна. Тэрбээр НҮБ-ын Энхийг сахиулах газарт ажиллах хүсэлтэй цэргийн эрдэмд мэргэшсэн, мэдлэг чадвартай олон орны залуустай өрсөлдөж, тэнцээд Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицер гэсэн албан тушаалд томилогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ганболдын Болор гэх дайчин, хөдөлмөрч энэ эмэгтэй Монголын Зэвсэгт хүчний салбарын алба хаагчдын дундаас НҮБ-д үндсэн ажилтнаар очиж буй анхны хүн юм.

               17 настайдаа цэргийн хүн болсон, Цэргийн шинжлэх ухааны бакалавр, Техникийн шинжлэх ухааны магистр, дэд хурандаа цолтой, АНУ-ын Алабама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй цэргийн алба хаагч, Энхийг сахиулах ажиллагаанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн зэрэг баргийн хүн сүрдмээр алдар, цолноос нь болсондоо ч тэр үү гирэвшингүй орсон намайг үргэлжийн инээмсэглэл тодруулсан намуухан төрх, хэнтэй ч амархан ойлголцож, үнэн сэтгэлээсээ яриа дэлгэдэг энгийн байдал нь тайвшруулсан юм.

               Бидний яриа “Эмэгтэй хүн цэргийн хүн болж, алба хаана гэдэг таныг Цэргийн их сургуульд элсэж байх үед нүдний гэм байсан байх. Үеийн охидоосоо тэс өөр шийдвэр гаргаж, эрчүүдтэй мөр зэрэгцэх болсон шалтгаан тань юу байсан бэ” гэснээр эхэлсэн юм. Тэрбээр “Энэ бол ээжийн минь сонголт. Би эмч болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө элсэлтийн шалгалтад өдөр шөнөгүй бэлддэг, өөрийгөө чагнуур зүүж, хүмүүсийг эмчилж байгаагаар зүүдэлж сэрдэг охин байлаа. Сургуулиа төгсөж, шалгалтдаа орох гэж байтал миний эргэн тойронд “Эгчдээ захисан, ахаараа яриулсан” гэсэн олон хүүхэд байсан. Тухайн үед “Бүтэн хоёр жил бэлдчихээд Болор Анагаахад тэнцээгүй” гэх байх гэж бодоод шалгалтынхаа дундаас гараад ирсэн. Ийм юм ярьсаар гэртээ ортол ээж намайг “Цэргийн их сургуульд шалгалт өгчих. Тэнд анхны эмэгтэй элсэгч авах гэж байгаа гэж байна” гээд аргадаж, уурлаж янз янзаар гуйгаад эхэлсэн. Тэгээд л шалгалт өгсөн. Гэхдээ дотроо бол унаад, ирэх жил Анагаахад элсэх юм бодчихсон явж байгаа. Цэргийн их сургуулийн эмэгтэй элсэгчтэй анхны ангид зургаан эмэгтэй тэнцсэний нэг нь би. Ээж минь их баярлаж байх шиг харагдсан. Одоо “Би чамд зөв юм хэлдэг биз” гэж ам асуудаг юм. Ээжийн минь заасан зам бүр зөв байдгийг өдөр ирэх бүр мэдэрч байгаа” гэсэн юм.

-Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн эмэгтэй хүүхдэд цэрэгжилтийн байдалд, байнгын бэлтгэл, сургуулилалт хийх гээд хүнд хэцүү өдөр цөөнгүй байсан нь ойлгомжтой. Оюутан цагийн хамгийн дурсгалтай үеэсээ хуваалцаач?

-Эхний жил “Би энд юу хийж яваа юм бол” гэж өөрөөсөө хэчнээн ч удаа асуусан юм бүү мэд. Оройн тоонд жагсаад зогсож байхад орон сууцны гэрэл нь асаалттай цонхнуудыг хараад “Миний үеийнхэн, тэр тусмаа охид кино үзээд, хөгжим сонсоод, ээж аавдаа эрхэлсэн шиг дулаан гэртээ, дураараа байгаа даа” гэж бодож, өөртөө уур хүрдэг байв. Гэхдээ бас ангийнхнаасаа дутахгүй, багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэхийг хичээнэ. Анхны эмэгтэй элсэлт учраас бидний сургалтад эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгасан зүйл байгаагүй. Эрчүүд хэдэн километрт гүйж, ямар дасгал бэлтгэл хийнэ түүнтэй яг адил.

Нэг удаа би багшдаа “Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг ялгаж сургалт явуулдаггүй юм уу. Хэтэрхий хүнд байна ш дээ” гэтэл  “Чи битгий дэмий юм яриад бай. Дайсан чамайг онилж хэвтэж байснаа "За за, эмэгтэй хүн удаан гүйнэ. Удаан буудья гэх үү” гэж загнуулж байлаа.

               Нэг удаа оройн тоонд гарахдаа бид хэд хувцсаа солихоос залхуураад биеийн тамирын хувцасныхаа гадуур шинелиэ өмсөөд талбайд гарчихлаа. Тэгсэн нэгнийх нь цамцны захыг багш харчихаж. Тухайн үед жагсаалын даргаар одоогийн бригадын генерал Л.Онцгойбаяр, курсийн орлогчоор одоогийн Өвөрхангай аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа н.Батдорж нар цэргийн анхан шатны бэлтгэл орж байлаа. Багш “Нэгдүгээр курсийн охид” гэхэд “Бид” гэлээ. “Шинелиэ тайлаад” гэсэн тушаал авч, хувцсаа солилгүй залхуурсан учраас үүр цайтал гүйж, гар дээр сунайх шийтгэл хүртсэн. Арваннэгдүгээр сарын сүүлч, бас дээрээс нь 1995 оны өвөл гэдэг өнөөгийнхтэй харьцуулашгүй тачигнасан, хүйтэн. Шөнөжин гүйсэн бидний ихэнх нь ханиад хүрч, хатгаа авсан. Гэсэн ч хичээл тасалж болохгүй учраас эм уух нь уугаад яваад байсан. Нэг мэдсэн миний уушги устаж эхэлсэн гэсэн. Тэгээд сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж, удаан хугацаанд хичээлдээ суугаагүй учраас сургуулиас хасагдахад хүрч, багш нарын хурлаар орсон. Тэр үед би өөртөө “Одоо л сургуульдаа үлдэж чадвал би илүү сайн шамдах болно” гэж хэлж байлаа. Багш нар миний сурлагын дүнг харгалзаж үзээд бас хоцорсон хичээлүүдээ хэр хурдан нөхөж, эзэмшихийг нь харъя гээд үлдээсэн.

              Цэргийн холбооны инженерийн мэргэ­жил эзэмшихээр 34 хүүхэд нэгдүгээр курсэд элсэж байсан ч гурав нь л төгссөн. Түүний нэг нь би.

-Тийм олон сонсогчоос яагаад гуравхан нь төгссөн юм бэ?

             -Тухайн үед сургалтын систем маш чанга, дүрэм жур­маа шударга мөрддөг байсан. Хүүхдүүдийг хичээ­лийн явц, сурлага, тасалсан цагийг нь хянаж байгаад  өчиггүй хөөдөг. Ингээд 1999 онд сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний тооцоолох төвд элект­­роникийн инженерээр хуваари­лагдсан. 2001 онд төгссөн сургуулийнхаа Холбоо­ны тэнхимд Станц ашиглалтын холбооны багшаар ирж, долоон жил ажилласан. Энэ жилүүд миний хувьд өөрийгөө олж нээсэн, их хичээл зүтгэл гаргасан өдрүүд байлаа. Өөрөөр хэлбэл, би багшлахын хажуугаар хэлний, программистын дамжаанд сурч, англи хэлтэй болохын тулд өөрийгөө дайчилсан.

               2007 онд АНУ-д англи хэлний багшийн курст сурахаар явсан. Тэнд би алхам тутамдаа “Чиний бодлоор юу гэсэн үг вэ” гэсэн асуултад хариулахад хүрсэн.

Өөрөөр хэлбэл, барууны сургалт болоод аливаа юмны ухагдахууныг ойлгуулах, хуваалцах, олон талаас нь бодуулах арга барил өрнийхнөөс юугаараа ялгаатай, давуу болохыг мэдэрсэн.

-Та энхийг сахиулах ажиллагаанд хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн. Хүнд хэцүү үед зоригжуулж, бас урам өгч байсан зүйл юу вэ?

            -Цэргийн хүн бүр бараг сургуульд элссэн жилээсээ өөрийгөө Монгол Улсын төлөө амь биеэ зориулагч гээд бодчихдог. Энэ үзэл бат суучихдаг юм. Би бол Монгол Улс гэсэн үг. Тийм болохоор ажиллагаанд Болор бус Монгол Улс үүрэг гүйцэтгэж байгаа учраас үйлдэл, үг бүр минь зөв, бусдын төлөө байх ёстой. Чад болон Суданд үүрэг гүйцэтгэхэд надад хамгийн их итгэл, хань болж байсан зүйл бол Монголын баг хамт олон. Бас хамт ажиллаж, ижил дасал болсон найзууд. Өөр нэг зүйл нь үүрэг аваад явах бүрт намайг соронздон соронздон үлддэг аав ээж, гурван дүү, гэр орон минь. Аавыг минь Г.Ганболд, ээжийг Р.Дэлгэрмаа гэдэг.

Өдөр бүр хүн үхэж, замын хажуугаар шархдсан хүмүүс цувж, яг л кинон дээр гардаг шиг дүр зураг үргэлжилнэ. Тэнд сэтгэл тайван суух, унтаж амрах гэсэн ойлголт байхгүй. Хүүхдүүд өнчирч, хүмүүс үхэж байна шүү дээ. Хүмүүс хэрхэн ядуу амьдарч, эмэгтэйчүүд хүүхдүүд олноор яаж зовж буйг нүдээрээ харж, ертөнцийн нөгөө буланд ийм амьдрал байдгийг үзсэн. Эндээс би бусдыгаа хайрлах, байгаадаа сэтгэл хангалуун байх  хэрэгтэй гэдгийг ухамсарласан.

-Энхийг сахиулж байгаа монгол цэргүүд баатарлаг, эрэмгий гэдэг ч тэдэнд тохиолдсон үйл явдлуудын талаар бид тэр бүр мэддэггүй. Таныг үүрэг гүйцэтгэж байхад монголчууд хэрхэн ажиллаж, өөрсдийгөө бусдад харуулж байв?

             -Энхийг сахиулж, цэрэг, армиа илгээж байгаа орон бүхэн монгол цэргийн эр зориг, авхаалж самбаа, цэргийн эрдмийг нь гайхан магтдаг. Ингэж ярихаар хүмүүст хий хоосон сонсогддог байж магад. Миний цэргийн хүн болсноороо хамгийн их бахархаж, омогшсон үе бол ажиллагаанд оролцож байх үеүд. Нэг жишээ дурдъя. Суданд UNMISS ажиллагааны Хүчний командлалд J6 буюу Холбооны хэлтсийн даргаар  үүрэг гүйцэтгэж байх үед Оросын газрын тосны нэгэн үйлдвэрийг дайснууд бүсэлсэн байсан. “Дотор нь нэг Оросын иргэн байна. Аварч өгөөч” гэж монголчуудаас хүссэн. Холбооны хэлтсийн ахлагчаар Эрдэнэбат, батальон орлогчоор Амгаланбаатар маань ажиллаж байсан юм. Би мэдээ дамжуулж, иргэнийг аврах боломж байна уу, тэндэхийн байдал маш хүнд, дайснууд үйлдвэрийг бүсэлсэн байдалтай байна гэхэд “Юу ч гэсэн үзээд алдъя” гэсэн. Ингэж хэлснийхээ дараа нэг их удалгүй дайснуудын бүслэлтийг сэтэлж, дотор үлдээд байсан иргэнийг аварсан тухайгаа бидэнд мэдээлсэн. Үүний дараа бас нэг дайралт болж, Хятадын алба хаагч бүслэгдсэн байсан. Штаб дээр байрлаж байсан хоёр хятад эмч бидэнтэй дотно байдаг болохоор “Хүнийг минь аварч өгөөч” гэж гуйсан.  Байдал маш хүнд байсан учраас батальоны захирагч маань боломжгүй гэсэн. Бусад улсын улсын алба хаагчдаас ч гуйж байсан. Ингээд өөр улсын алба хаагчид холбоогоор “Бид аврах гэж байна. Одоо дөхөж байна” хэмээн мэдээлж байтал манайхан хэдийнэ авраад, байрлаж байгаа газартаа авчирсан. Шархыг нь боогоод онгоцоор явуулъя гэсэн мэдээлэл ирүүлсэн. Энэ бол манай цэргүүдийн авхаалж самбаа, хурдыг харуулсан хоёрхон жишээ.

-Таныг бас алба хааж байх үедээ нэлээд шийдэмгий зоримог шийдвэрүүд гаргаж, амжилт гаргаж байсан тухай сонссон. Бас энхийг сахиулагч Эмэгтэйчүүдийн холбоо санаачилж, байгуулсан гэсэн. Энэ тухайгаа дурдаач?

           -Суданд алба хааж байх үед бидний байрлаж байгаа газрын ойролцоо иргэний дайн эхэлсэн. Гэнэт л 27 мянган иргэн бидний байрлаж байгаа газар руу дүрвээд ороод ирсэн. Үүнтэй холбоотойгоор ажиллагааны хүч нэмэгдэж, 5000 албан хаагч дээр дахин 5000 хүн ирсэн. Энэ үед эмэгтэй алба хаагчдын тоо нэмэгдсэн. Би секунд ч алдах эрхгүй холбооны ажил хийж байсан ч ажиглаад байхад эмэгтэй алба хаагчдын аж байдал нэлээд хүнд. Тухайлбал, Кен Улсын харуулаар ажиллаж байсан эмэгтэйчүүд 24 цаг бие засдаггүй, энэ тухайгаа эрэгтэй дарга нартаа илэрхийлж хэлж чаддаггүй гээд уйлж байсан. Энэ мэтээр зохицуулж, шийдвэрлэж болох зүйл нэлээд байсан учраас Энэтхэг, Япон, Норвегийн эмэгтэй ахлагчидтай хамтарч “Эмэгтэйчүүдийн холбоо” байгуулсан. Энхийг сахиулагчдын штабуудад очиж, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг удирдлагатай нь ярилцаж шийдвэрлүүлэхийн зэрэгцээ сэтгэл санааг нь дэмжих, зөвлөгөө өгөх зэрэг ажиллагаа зохион байгуулсан. Үүний дүнд алба хаагч эмэгтэйчүүдэд зориулсан явуулын ариун цэврийн өрөө, шаардлагатай зүйлс богино хугацаанд шийдвэрлэгдсэн. Монгол хүн бүрийн хийх байсан, хийж чадах зүйл байсан учраас би санаачилсан юм.

-Таныг цэргүүддээ хүнс хүргэхийн тулд усан тээв­рийн анхны холбоог гаргаж, амжилттай хүргэсэн гэж байсан?

                -Биднээс хол байрлаж байгаа цэргүүдийнхээ хоол хүнсийг өгөх хэрэгтэй байдаг. Гэтэл дүрвэгсдээс гадна бүлгүүдийн хоорондын тулаан маш хурц байдалд хүрсэн байсан. Энэ нь хоол хүнс хүргэх замд өрнөж байсан дайн, тулаан. Тиймээс Нил мөрнөөр хүргэе гэсэн. Гэтэл бусад нь боломжгүй, туршлага байхгүй, эрсдэлтэй гээд ерөөсөө хөдөлдөггүй. Нөгөө талд хүмүүс байлдаж бус өлсөж үхэхэд хүрээд байдаг. Тийм болохоор "Усан тээврийн холбоо хийе, газрын зургаа аваад ир" гэлээ. Тухайн үед хамт алба хааж байсан бусад орны ахлахууд гайхаж, итгэхгүй байсан л даа. Тэгээд усан тээврийн холбоогоо зураад гаргаад ирсэн. Ингээд хүнсээ явуулах болтол тэд “Монгол цэрэг явуулахгүй бол бид явахгүй” гэсэн. Тэгэхээр нь “Далайд гарцгүй, усан тээвэр хийж үзээгүй хүмүүсээр хамгаалалт хийлгүүлнэ гэж байхгүй. Энэтхэгийн цэргүүд яв” гэтэл “Монголчууд л тэнд хүрнэ. Монголоос ядаж зургаан хүн авч явна” гэсэн. Ингээд Эрдэнэбатдаа хэлтэл “Бид Монголын Зэвсэгт хүчний команд биш НҮБ-ын командад ажиллаж байгаа учраас явахаас өөр аргагүй” гэсэн. Тэгээд ёстой тэнгэртээ залбираад хүмүүсээ явуулсан. Манайхан хоол хүнсээ хүргэж өгөөд буцах замдаа дайралтад өртөж, нэг монгол цэрэг маань нүдэндээ хүнд шарх авсан. Гэсэн ч хүний тоо бүрэн ирсэн. Ирснийхээ дараа гаднын цэргүүд “Монголчууд яваагүй бол бид очих замдаа л урсчих байсан. Монголчууд явсан тулдаа бид айдас багатай явж ирлээ. Танай баг бүрэлдэхүүнд баярлалаа, биднийг амьд мэнд авчирсанд” гэж байсан. Ийм үед үнэхээр нулимс гарч, эх орноороо, эр цэргүүдээрээ бахархсан. 

-Үнэхээр бахархмаар юм. Энхийг сахиулах ажил­лагаанд оролцсон цэргүүдийг ажиллагаа дуус­саны дараа аль нэг оронд амрааж, сэтгэлийг нь засаж, тайвш­руулсны дараа эх оронд нь явуулдаг гэсэн яриа байдаг. Манай цэргүүд амарч чаддаг уу?

            -Энэ миний нэг мөрөөдөл. Бусад орны энхийг сахиулагч ажиллагаа дууссаны дараа аль нэг улсад тодорхой хугацаагаар үр хүүхэд, гэр бүлийнхээ хамт амарч, авсан гавьяа шагналыг гэр бүлийнх нь өмнө гардуулдаг. Ингэхдээ бүр гэр бүлийнх нь хүний ажлын газарт албан бичиг илгээж, “Танай ажилтан тэрний гэр бүлийн хүн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ийм амжилт гаргасан тул тэд хоногийн чөлөө өгнө үү. Шагнал гардуулах ёслол дээр төлөөллөө явуулна уу” гэдэг юм. Энэ бол тухайн албан хаагчийн хувьд гэр бүл болоод нийгмийн хүрээллийн өмнө өөрөөрөө бахархах, ямар хүндтэй үүрэг гүйцэтгээд ирснээ мэдрэх хамгийн том шагнал. Одоогоор манайд ийм боломж хараахан алга байна. Гэхдээ удахгүй бий болох байх. Үүний тулд байж болох, хийж болох гарц боломжийг судалж, холбогдох хүмүүст уламжлахаар ажиллаж байна.

-Та НҮБ-ын үндсэн ажилтан болсон. Энэ бол манай Зэвсэгт хүчний салбарын хувьд анхны хүнээ илгээж байгаа түүхэн үйл явдал мөн. НҮБ-ын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицер гэх албан тушаал танд хэр үнэ цэнэтэй ирсэн бэ?

            -Нэг талаар Монголын Зэвсэгт хүчний салбарын мөрөөдөл байсан. Нөгөө талаар Болор гэж хувь хүний өөрийгөө сорьж, юу чаддаг, хэн болсноо үзэх гэсэн ээлжит шалгалтын нэг. Энэ бол нээлттэй зарлагддаг ажлын байрны санал учраас дэлхийн хаанаас ч, хэн ч оролцох эрхтэй. Гол нь тодорхой шалгууруудыг хангасан байх ёстой. Эхний шалгуур бол миний эзэмшсэн мэргэжил, өөрийгөө дайчлан суралцсан сургалтууд, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байдлаар хангагдсан. Гэхдээ анкет бөглөж явуулснаас хойш бараг арван сарын дараа “Та эхний шалгаруулалтад тэнцлээ” гэсэн хариу ирсэн. Монгол хүний хувьд энэ бол “Би тэнцээгүй нь ойлгомжтой” гэж итгэх хугацаа шүү дээ. Үүний дараа ярианы шалгалтад орсон. Интернэтээр шууд ярилцахаар суутал нэг биш таван ажилтан холбогдсон. Ингээд таван хүнтэй яриа өрнүүлж, асуусан асуултад нь хариулсан. Удалгүй тэнцсэн гэсэн хариу ирсэн. Энэ бол манай Зэвсэгт хүчний чармайлтын дүнд бий болж байгаа боломж бөгөөд итгэлийг дааж, олон улсын статустай байгууллагад монгол офицерийн нэр төрийг өндөрт өргөж ажиллана.

                  Сонирхолтой нь, тэд надаас “Энхийг сахиулах ажил­лагаанд алба хаах үедээ яагаад эмэгтэйчүүдийн асуу­далд анхаарал тавьж, тусалсан юм бэ. Энэ чиний карьертай холбоотой юу” гэж асуусан. Энэ бол тэд миний тухай мэдээл­лүүдийг хүмүүсээс авсны илрэл. Бусдаас хариу нэхэлгүй, сайхан сэтгэлээр тусалж, зовлонг нь өөрийнх юм шиг хуваалцахыг хүсдэг ээж, ааваас минь ирсэн өгөгдөл эргээд надад ийм том боломж, үүд хаалга болж ирж байна гэж би баярлаж байгаа.

 -Та айж байна уу?

          -Юунаас?

-Шинэ ажлын байр тань ямар байх бол. Ямар орчин, хүмүүс угтах бол гээд л ?

-Ажлаа хийж чадахгүй байх вий, ойлголцож чадахгүй байх вий гэсэн айдас бол байхгүй. Учир нь надад багагүй туршлага бий. Харин өөрийгөө хөгжүүлэхгүй, өнөөдөр очсон Болор хэсэг хугацааны дараа энэ хэвээрээ байж байх вий, Зэвсэгт хүчиндээ хэрэгтэй юу санаачилж болох вэ гэж бодож байна.

-Ингэхэд өөрийгөө эх орны цэрэг, би л биш бол хэн гэж хэмээн онгирдог Болор гэх эмэгтэй гэр бүлтэй болж амжсан уу?

-Гэр бүлтэй болж байгаа. Бид хамт явна. Тодорхой хугацааны дараа хүүхдүүдтэй болно. Одоогоор хүүхэдтэй болохыг эх орон зөвшөөрөөгүй байна. /инээв/

               Тэрбээр ирэх долоо хоногт НҮБ хэмээх дэлхийн хэмжээний их айлыг зорино. Бусдын төлөөх сайхан сэтгэлд хил хязгаар гэж үгүй. Үүнд ойлголцох хэл ч шаардлагагүй. Ингэж онцолсны учир нь тэрбээр дэлхийд энхийг сахиулахаар НҮБ-ыг зорих гэж байна. Монголчууд, энхийг хүсэгч дэлхийн хүн бүхэн таны шинэ ажилд амжилт хүсэж, сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэн, аяны тань дөрөөнд сүү өргөлөө. Танд амжилт хүсье.

2015 он.

 


“БИ БОЛОР БИШ, МОНГОЛ УЛС”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-16 16:24:43
    зочин: би би би...би, өөрийгөө л магтсан хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-17 13:43:13
    Зочин: Хоосон албан яриагаа боль. Монголоороо ярь. Тангараг тонгорог хоёр ялгаа байхгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-17 10:42:53
    иргэн: ЭЛБЭГДОРЖ ШИГ ЮМ ЯРИА ЮУ? ДЭНДҮҮ СҮРТЭЙ Ч ЮМ ШИГ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-17 09:47:28
    Энх-Улирал: Амжилт хүсье, мундаг дайчин бүсгүйгээр бахархаж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-02 10:15:14
    Чимгээ: Амжилт хүсье. бахархмаар бүсгүй юмаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-01 16:40:05
    Зочин : Амжилт хүсье. Аргагүй Чингисийн үр сад гэдгээ НҮБ- д таниулж ажтллана гэдэгт итгэж байна. Эх орны охин үүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-31 17:36:25
    zochin: Tanaar baharhaj bna Iim saihan gegeeleg medee unshih estoi goyo bna Tanai ger buld saihan ohin turuulj uhaalag bolovsroltoi irgen bolgon hunuujuulsen aav eejid ni talarhal ilerhiilie Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-31 15:46:44
    mmm: amjilt hvsey. estoi mundag baharhmaar emegtei bnaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-29 18:30:17
    Зочин: Гeнeрал цолтой очвол дэндүү гоё. Сүртэй дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188