• Өнөөдөр 2025-02-05

Бригадын генерал С.ДАШЗЭВЭГ: Энэ цолыг би хувь заяаны цол гэж боддог

2021-03-18,   2113

-Цэрэг хүний үнэ цэн эх орон юм даа-

Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын өдөр. 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөн түүхтэй. Энэ түүхэн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэгтэй ярилцлаа.
-Юун түрүүнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан ойн болон Монгол цэргийн өдрийн баярын мэнд дэвшүүлье?
 
-Баярлалаа. Зэвсэгт хүчний жанжин штабын хамт олон болон цэргийн нийт албан хаагчдаа баярын мэндээ.Орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэн хөгжсөний 100 жил буюу тэгш ой тохиож байна. Тиймээс энэ ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний 100 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, одоо хааж буй офицер ахлагч алба хаагчид,  гадаад цэргийн алба хааж байгаа бие бүрэлдэхүүндээ баярын мэнд дэвшүүлье.
 
 
-Та одоогоос 33 жилийн өмнө цэргийн албатай холбогдсон түүхтэй гэдэг. Энэ түүхийг сөхвөл?
 
-Би 1987 онд Баянхонгор аймгаас Цэргийн нэгдсэн дээд суралцахаар ирж байлаа. Үүнээс хойш 33 жил цэргийн албанд ажилласан байна. Энэ хугацаанд сонсогчоос бригадын генерал болтлоо дэвшиж, 100 жилийн ойтойгоо золгож байна. 1991 онд Цэргийн дээд сургууль төгсөөд, Зүүнбаянгийн цэргийн ангиас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Одоо Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргын алба хашиж байна.
-Та удам дамжсан цэргийн хүн үү. Яагаад цэргийн хүн болохоор шийдсэн юм бэ?
 
-Манай удамд цэргийн хүн байгаагаагүй ээ. Аав минв малын зз техникч хүн байлаа. 1980-аад онд ерөнхий боловсролын сургуульд цэрэгжилтийн хичээл гэж ордог байлаа. Тухайн үед цэрэгжилтийн багш нар байдаг байлаа шүү дээ. Хүүхэд байхдаа энэ хүмүүсийг харахаар жигтэйхэн гоё хувцасладаг, цэх шулуун зантай, аливаа ажил хандаж байгаа хандлага зэрэг нь надад сайхан санагддаг байлаа. Үүнийг хараад л цэргийн сургуульд шалгалт өгч тэнцсэн учраас цэргийн хүн болсон. 1980-аад он буюу намайг сонсогч бах үед цаг тийм ч амаргүй байлаа. Гэхдээ өмнөө тавьсан зорилготой учраас энэ бүх хатуу хүтүүг туулаад гарсан. Одоо Монгол Улсын Зэвсэгт хүчинд зохих хэмжээний үүргээ гүйцэтгэж, удирдлагын түвшинд хүрсэн байна. Энэ хугацаанд цэргийн албаны сахилга зохион байгуулалт, сургалт, бэлтгэлийг хийлгэж, мөн гадаад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, үүрэг гүйцэтгэлдээ хяналт тавин ажиллаж байгаа.
 
-Зүүнбаянгийн цэргийн ангиас ажлын гараагаа эхлүүлсэн гэлээ. 33 жилийн хугацаанд та Монгол Улсын Зэвсэгт хүчинг хэрхэн өсөж, дэвшиж байна гэж харж байна вэ?

-Зүүнбаянгийн цэргийн анги тухайн үедээ маш олон цэрэгтэй дивиз буюу томоохон цэргийн анги байлаа. Тэр үед 2-3 жилийн цэрэг байдаг байсан. Одоогийнхоос өөр байлаа шүү дээ. Сайхан он жилүүд байсан. Одоо бол цэргийн анги өөрчлөгдөж, богино хугацаанд алба хаадаг болсон байна. Мөн цэргийн орчин нөхцөл өөр болсон болж, илүү сайжирсан.

-Та оны өмнө түүхэн ойн жилийнхээ босгон дээр бригадын генерал гэх хүнтэй цол тэмдгээр шагнуулсан байх аа?
 
-Тийм ээ. Бригадын генерал цол бол Ерөнхийлөгч зарлиг гаргаж олгодог хүндтэй цол тэмдэг. Тэр болгон аваад байдаггүй хувь заяаны цол. Оны өмнө буюу түүхэн ой босгон дээр, Монгол Улсад генерал цол үүссэний 76 ойн өдөр энэ цолоо хүлээж авсан. Ерөнхийлөгч Төрийн ордонд энэ цолыг гардуулдаг уламжлалтай ч энэ жилийнх илүү онцлогтой. Учир нь, бүх генерал цолтнуудаа Ерөнхийлөгч урьж тэдний өмнө цол тэмдгээр шагнасан түүхэн үйл явдал өрнөсөн. Би бригадын генерал болох гэж байгаагаа шагнал гардуулахын өмнөх өдөр мэдсэн. Цол тэмдгээ гардаж байхад Ерөнхийлөгч “Баярынхаа ойн өдөр цол нэмж байна. Амжилт хүсье” гэж билээ.
 
-Тухайн үед ЗХЖШ-аас хос бригадын генерал төрсөн гэдэг?
 
-Тийм ээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргал бид хоёр бригадын генерал болсон юм. Би цэргийн сургуулийн нэг ротод дөрвөн жил суралцсан найзтайгаа хамт нэг өдөр шагнуулсан. Бид цэргийн нэг ангид байгаад зогсохгүй нэг анги салбарт ажиллаж байсан. Ерөнхий цэргийн Био рот гээд нэлээн алдартай рот бий. Энэ ротыг төгссөн төгсөгчид нийгэмд манлайлан ажилладаг. Бид хоёр энэ ротынх. Нэг өдөр хамт цолоо хүртсэн учраас хувь заяаныхаа замаар явж байна бэлэгшээж байлаа.
 
-Та Монгол Улсад хэд дэх бригадын генерал нь болж байгаа юм бэ. Баянхонгор аймгийн хэддэх нь болов?
-Монголд маш олон генерал цолтонтой аймгууд бий. Харин би Баянхонгор аймгийн ес дэх генерал нь болсон. Монгол Улсад 189 бригадын генерал байгаагаас би 187 дахь болсон доо.
-Генерал цолтнуудынхаа буухиаг үргэлжлүүлж яваа таныг нутгийнхан нь хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Нутагтаа очиж амжаагүй явна. Тухайн үед ихэд бэлэгшээлтэй хүлээж авч, баяр хүргэж, чөлөө завгүй утастсан.
 
-Амьдралынхаа 33 жилийн та цэргийн албанд зориулжээ. Цэргийн хүний сайхан нь юундаа байдаг гэж боддог вэ. Энэ хугацаанд өөрийнхөө бүтээсэн түүхээсээ хуваалцвал?
 
-Цэргийн алба цаг зав хомсхон. Ар гэрийн амьдралдаа анхаарч чадахгүй үе ч гарна шүү дээ. Гэхдээ эх орныхоо төлөө тангараг өргөчихсөн учраас эргэж, буцах зүйлгүй. Энэ хугацаанд өргөсөн тангарагтаа үнэн байж, Төр засгаас өгсөн үүрэг даалгаврын тухай бүрд нь биелүүлж байлаа. Манай цэргүүд гадны улсад үүрэг гүйцэтгээд 20 жил болж байна. Би Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, 800 цэргийн алба хаагчийн урьдаж явлаа. Мөн төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж удирддаг 032 дугаар ангид удирдах албан тушаал хашсан. 100 гаруй жил  Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг байв. Мөн ОХУ-д агуу их ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд анх удаа монгол цэргүүд оролцож, Улаан талбайд ёслолын парадад орсон юм. Энэ 75 цэргийн бэлтгэлийг хангаж, удирдан чиглүүлсэн. 2020 он Ялалтын 75 жилийн болж, ОХУ-ын Ерөнхийлөгчөөс урилга ирсэн. Цар тахлын үе байсан ч бид амжилттай парадад оролцоод ирлээ. Монгол Улсын далбааг мандуулаад ороод ирэхээр маш огшдог юм билээ. Таван жилийн зайтай зохион байгуулагдсан ялалтын баярын парад Монгол Улсынхаа эр цэргүүдийг ахалж, явсан минь миний хамгийн сайхан дурсамж.
 
-Та Зэвсэгт хүчинд Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байна. Гаднын улсад алба хааж байгаа олон монгол цэргийг удирдаж байгаа хүний хувьд улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа цэргүүдийнхээ талаар ярихгүй юү?
 

-Монгол цэргийг гаднынхан аливаад амархан дасдаг, маш зохион байгуулалттай, хариуцлагатай гэж үнэлдэг. Энхийг дэмжигч нар маань өнөөдрийг хүртэл гаднын түрэмгийлэлд өртсөн олон хүний амийг хамгаалж байна. Ядарсан зүдэрсэн олон хүн Монгол цэргийн хамгаалалтад ороод амар амгалан болж байгаа.

 
-ЗХЖШ ойн баяраа угтаж ямар ажлууд амжуулав?
 
-Энэ жил бид 100 жилийн ойгоо угтаж олон ажил төлөвлөсөн. Хүүхэд, залуу үе болон одоо ажиллаж байгаа алба хаагч, ахмад үеийнхэн гээд тус бүрд нь тохирсон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. 4-5 чиглэлд 100 орчим ажил хийхээр төлөвлөсний ихэнх хувь нь биеллээ. Цаашдаа ч энэ ажил үргэлжлээд явна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа. Мөн арванхоёрдугаар сард Батлан хамгаалахын салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ой тохионо. Тиймээс энэ ойг угтсан олон ажил хийх юм.
 
-Цэрэг хүний үнэ цэн гэж юу вэ гэдэг асуултаар энэ удаад яриагаа өндөрлөе?
 
-Цэрэг хүн эх орны төлөө зүтгэх үүрэгтэй. Эх орон гэж байгаа цагт үүний төлөө зүтгэх хэрэгтэй. Тиймээс цэрэг хүний үнэ цэн эх орон юм даа.
 
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
 
-Баярлалаа.
 

Бригадын генерал С.ДАШЗЭВЭГ: Энэ цолыг би хувь заяаны цол гэж боддог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188