• Өнөөдөр 2024-04-24

АРДЫН ЖҮЖИГЧИН С.БАТСҮХ: Миний гурван бадаг дуунд аз жаргал, амжилт минь байжээ

2021-03-14,   2831

-Би хутагт хувилгаадаас илүү уул, усаа сэтгэлээсээ шүтдэг-

       “Завхан гол”, “Дорнын намуун Отгонтэнгэр”, “Орчлонг хайрлаарай”, “Хаан заяат орчлон”, “Гоёлоо өмссөн ээж” зэрэг сайхан уран бүтээлийг олны сэтгэлд хоногшуулж чадсан Завхан нутгийн уугуул Ардын жүжигчин, дуучин С.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр Завхан нутгаараа овоглох дуртай бөгөөд Сар шинийн босгон дээр төрдөө үнсүүлж, Ардын жүжигчин цол тэмдэг хүртсэн билээ. Ерөнхийлөгчөөс шагнал гардуулахад “Завхан аймгийн Хөгжимт драмын театр”-ын дуучин хэмээн зарласан нь гавьяа шагналаас илүүтэй сэтгэлийг огшоосон хэмээн онцолсон юм.

-Сайхан хаваржиж байна уу та. Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргэе?

-Сайхан хаваржиж байна. Энэ жилийн хувьд гэртээ хөл хорионд л өвлийг үдэж, хавартай золгож байна. Сар шинийн босгон дээр төрдөө үнэлүүлж, Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Миний гурван бадаг дуунд аз жаргал, амжилт минь байжээ. 1993 онд МУГЖ цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаас авч байсан бол Ардын жүжигчин хэмээх эрхэм цолыг тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа. 

-Та аав, ээж, төрж өссөн Завхан нутгийнхаа тухай сайхан яриа дэлгээч?

-Би Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Завханы Донойн хөндий гэдэг газар өссөн. Манай аав, ээж хоёр урлагт ойр байгаагүй. Аав минь бол Орос Улсад сургууль төгссөн учраас орос хэлтэй, орос хэрэглээтэй хүн байсан. Орчуулагч хийдэг, тухайн үедээ “Прада” сонин захиалж уншдаг  байсан гэхээр яалт ч үгүй сэхээтэн хүн байв. Би ч мөн хүүхэд байхдаа дуу дуулах юмсан гэж боддоггүй, уран бүтээлч хүмүүс гэж өөр л хүмүүс төрдөг гэж боддог байлаа. Тэгсэн гурав, дөрөвхөн настай хүүхэд байхад н.Дэндэр гэж төрөлхийн хараагүй хэрнээ сэтгэлдээ хараатай, орчлонгийн эрээн барааныг бүгдийг нь мэддэг, үлгэрийг өнгөтөөр кино шиг ярьдаг хүн манайхыг “Хөх морьт”-оос дагаж ирсэн юм билээ. Тэр хүнээс үлгэрийг сонсож өслөө. Түүний дараа нэрт дуучин Б.Зангад гуай манай Завхан аймагт ирж дуулсан юм. Б.Зангад гуайн дуулахыг сонсоод л ингэж сайхан дуулах юмсан гэх бодол төрсөн дөө. Би бага насандаа байхдаа хачин хүүхэд байлаа.  Хаа таарсан газраа товчилж, БНМАУ-ын С.Батсүх гэж бичээд л хардаг хүүхэд байв. Ер нь  мөрөөдөмтгий, хүүхдүүдтэй тэр бүр тоглоод байдаггүй зожиг гэмээр байсан. Хүүхдүүдтэй тогловол тэр гоё мөрөөдөл байхгүй болчихно гэж бодоод ганцаараа ярьж, ганцаараа л явдаг байсан даа.

-Та Завхан аймгийн Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Анх театрт хэрхэн сонгогдон орж байсан бэ. Цэргээс халагдаж ирээд л шууд орж байсан гэж дуулсан?

-Би 1983-1995 он хүртэл Завхан аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсан. Түүнээс хойш чөлөөт уран бүтээлч болоод, бүтээлээ туурвиж байна. Завхан аймгийн Соёлын ордон өөрчлөгдөж Хөгжимт драмын театр болох үед шалгуулж, театрын уран бүтээлч болж байлаа. Үүнээс өмнө нь Бүх ард түмний урлагийн үзлэгт түрүүлж байв. Тухайн үедээ би одоо үеийн залуус шиг гаднын уран бүтээлчдийн дууг их сонсох дуртай, дуурайж дуулдаг байв. Дуулж эхлэхэд хүмүүс их сайхнаар хүлээж авч байсан. Театрт орохоос өмнө гэсэн үг шүү дээ. Дөнгөж шинэхэн уран бүтээлчийг хоёр, гурав дахиулдаг байсан нь надад эвгүй санагдаж, “Миний хийх ажил биш юм байна” гэж уран бүтээлээ орхиж байсан удаатай. Ингээд барилгын гагнуур дээр жил гаруй ажиллаж байсан. Ингээд төөрч будлиж явахдаа Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу гэж мундаг малчин хүний “Москва, Ленинград чинь миний хотон дотор л байсан байна шүү дээ” гэсэн гарчигтай ярилцлага уншсан юм. Тэр хүн яг надтай адилхан мөрөөдөлтэй ганцаараа ярьдаг, хоньтойгоо ярьдаг, уул, устайгаа ярьдаг, дэлхийн хэзээ ч бүтэхээргүй зүйлүүдийг мөрөөдөж хээр ганцаараа явж байдаг байсан юм билээ. Тэгээд малаа сайн маллаад Москвад очсон хойноо сэтгүүлчид “Танай Москва, Ленинград хот чинь миний хотон дотор л байсан юм байна шүү дээ” гэж хэлсэн тэр өгүүлбэр миний амьдралыг өөрчилж, Завханы Хөгжимт драмын театрт орсон.

-Та СТА цол тэмдгийг алгасаад, Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байсан. Энэ тухай дурсамжаасаа хуваалцвал?

-Завхан аймгийн 70 жилийн ой болоод заавал “Гавьяат жүжигчин, Хөдөлмөрийн баатар хоёртой болно” гээд Гавьяат жүжигчнээр С.Батсүхийг тодорхойлох гэж байна гэхэд нь манай хамт олон чив чимээгүй болж байсан. Тэгээд театрын хамт олны маань нэг нь босоод “Манай С.Батсүх их хөдөлмөрч, гэхдээ жоохон биеэ тоосон” гэсэн утгатай юм яриад л эхлэхээр нь би өөрөө босоод л “ Би СТА цол ч аваагүй. Зүгээр цомог гаргаад, уран бүтээлээ хиймээр байна” гэхэд тэр н.Баярлхагва, н.Мөнхтөр гэсэн хүмүүс “Танд  өгч буй шагнал биш, Завхан аймагт өгч буй шагнал. Та чимээгүй суу” гээд зэмлэж байлаа. Тэгж анх төрөөр үнсүүлж Гавьяат жүжигчин цол тэмдгийг авч байсан.

-Та залуу насаа урлагт зориулж, их хожуу ханьтайгаа нийлсэн гэж дуулсан. Энэ талаар асууж болох уу?

-Би дөнгөж цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн нэг бүсгүйтэй найзалж байгаад нэг хүүхэдтэй болоод хоёр тусдаа болсон юм. Бид хоёр хурим, найр хийгээгүй, зүгээр л найзалж байлаа. Түүнээс хойш бүсгүй хүнтэй гэр бүл болохыг хойш тавиад бараг 37 нас хүртлээ Завхан аймгийн Бааз гэдэг газар нэг цагаан байшинд ганцаараа олон жил болсон. Ер нь ганцаараа байх, мөрөөдөх, өөрөө өөртэйгээ ярилцах гээд олон сайхан дурсамж тэр байшинд өнгөрсөн. Тийм учраас өнөөдрийн миний амжилттай явж буй нь залуу насаа урлагт зориулж, өөрөө өөрийгөө олж авах гэж зүтгэсний үр дүн болов уу гэж боддог.

-Өнөөдрийн ардын жүжигчин С.Батсүхийг анх хэн нээж, уран бүтээлийн замд оруулж байсан бэ. Та багшийнхаа тухай дурсаач?

-Миний уран бүтээлийн анхны багш бол уртын дуучин Д.Гэрэлтогтох гэж хүн бий. Одоо Завхан аймагт амьдардаг. Тэр хүн анх ерөнхий нотны хөдөлгөөн зэргийг зааж өгч байсан. Үүний дараа Г.Жамъян багштайгаа хамтарч ажиллаж байсан. Би ерөнхийдөө өөрөө, өөртэйгөө их ажиллаж байсан. Ятгаа тоглоод дуулдаг, магнитфон дээр дуугаа бичдэг байлаа. 1990-ээд оны үед намайг олны танил болгосон уран бүтээл бол тал нутгийн залуу уран бүтээлч  Н.Лутбаярын шүлэг “Завхан гол” дуу юм. Тэр залуу их айхтар шүлэг бичдэг. Энэ хорвоогийн зүйлсийг өөр өнцгөөр хардаг тийм уран бүтээлч байсан. Тэгээд миний анхны цомог жил гаруйхан хугацаанд бүтсэн. Орой болгон дуу зохиодог өвчтэй байлаа. Тэр Н.Лутбаяр гэж залуу манай Завханчуудыг амандаа хүлхэх дуутай болгосон. Энэ дөрөв, таван хүнийг төрийн одон медалиар шагнуулахад хүргэсэн. Яг үнэндээ. Тэгээд тэр “Дуут нуур, Завхан гол” гээд сайхан уран бүтээлүүдийн үгийг бичсэн.

“Ээ Завхан гол

Элсний нүүдэл шиг чимээгүй

Ай Завхан гол

 Анир үргээж, адуу тургилна” энэ дууг анх бичээд аваад ирэхээр нь би оркестортой дуулаад хяналтанд орсон юм. Баярын концерт болох гээд дуулахад “Сайхан уран бүтээл болсон байна” гээд тэнцэж байлаа. Энэ дуу анх гараад л хит болсон. Миний амьдралыг бүтэн эргүүлсэн дуу ч гэж хэлж болно. Миний амьдардаг байсан Завхан аймгийн Бааз гэдэг газар дахин төлөвлөлтөд ороод би жижигхэн конторт амьдардаг байсан юм. Тэгээд энэ дуу дөнгөж гараад би Говь-Алтай аймагт очиж дуулахад зритил нижгэнэтэл алга ташаад босож байсан санагддаг юм. Манай Завхан гол Говь-Алтай аймгийн дундуур урсдаг болохоор хүндэтгэж хүлээж авч байгаа нь энэ. Тэгээд Говь-Алтай аймгаас ирсэн чинь надад хоёр өрөө байр бэлэглэж байсан. Тухайн үед чинь байрны дараалал хэдэн жилээр хүлээгдэж байсан үе шүү дээ. Тэгэхэд тэр олон ахмад, төрийн албан хаагчдын урдуур  дайруулж байр бэлэглэж байлаа. Их сонин тухайн үед Ерөнхийлөгч П.Очирбат, аймгийн Засаг дарга Г.Очирбат, театрын дарга н.Очирбат, намын төв хорооны дарга Г.Очирбат гэж хүн байсан. Надад Очирбат гэдэг нэр их ээлтэй юм шиг байгаа юм. Тэгээд би хүүхдүүддээ Б.Очир-Эрдэнэ, Б.Очирхуяг гэдэг нэр өгч байсан.

-Хүмүүс таныг Завханы С.Батсүх гэж их авгайлж дууддаг. Тиймдээ ч та сая Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаахдаа Завхан аймгийн “Хөгжимт драмын театр”-ын дуучин гэж зарлуулсан болов уу?

-Манай Завхан аймгийн театр жүжигчин, уран бүтээлч сайтай. Манай театрын хажууд Хөгжим бүжгийн коллеж  гэж баруун аймгууд дундаа СУИС-ийн харьяа том лаборатори байдаг. “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа хүртэл Завханы хөгжим бүжгийн коллежийг төгсөж байсан. Тийм болохоор манай аймгийн аль ч үеийн Засаг дарга нар урлагаар нэрийн хуудас хийж, зүрхэн талын халаасандаа хадгалж ирсэн. 1990-ээд онд юун урлаг манатай байхад манай театр л ажиллаж байсан. Улаанбаатарт 10 хоног хийгээд л, зохиолоо өөрсдөө бичиж “Цагаан дуган” киног сайхан бүтээж байсан. Сая 2000 гээд киног бүтээсэн байна. Энэ мэтчилэн урлагаар бол ер нь гээдэггүй. Харин манай Завхан аймгийн театрын тогтолцоо маш муу. Сарын 600 мянган төгрөгийн цалинтай ажилд хэн үлдэж ажиллах вэ дээ. Тэр тусмаа залуучууд. Түүнээс үүдээд л чадвартай залуус нь хот хүрээ бараадаж байна шүү дээ. Энэ асуудал ганц Завхан аймгийн театрт биш орон нутгийн бүх театрт тулгарч буй асуудал.

-Завхан нутаг бол хутагт хувилгааны өлгий нутаг. Тиймдээ ч нутгийн хүмүүс их шүтлэгтэй байдаг. Таны хувьд бурханд хэр шүтлэгтэй вэ?

-Миний хувьд хутагт хувилгаануудтай ойр байдаг ч шүтдэггүй юм. Харин уул, усаа бол сэтгэлээсээ шүтдэг. Тиймдээ ч хувилгаан хүмүүс “С.Батсүхийг битгий авч ирээрээ. Тэр чинь шүтлэггүй юм билээ” гэж хэлдэг гэсэн. Манай эхнэр харин ёстой чин сэтгэлээсээ бурхан шүтдэг. Ёстой харахад баярламаар сайхан шүтлэгтэй. Гэхдээ би аль ч шашны урсгалыг үгүйсгэдэггүй.

-Таны цаашид амилуулах уран бүтээлийн талаар яриад энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе?

-Ер нь монгол хүн болж төрснөөрөө үргэлж бахархах хэрэгтэй. Би Монголын ирээдүйг цаашид их гэрэл гэгээтэйгээр хардаг. Дандаа сайхан зүйл ярихыг хичээдэг. Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү гуайн дуунууд дандаа гэгээлэг байдаг. Тиймээс би залуу уран бүтээлчдэд хандаж гэгээлэг, уран бүтээл хүмүүст хүргэж, сайхан зүйл бодож явбал урдах зам чинь үргэлж гэрэлтэй байдаг юм гэж үргэлж хэлдэг. Би сүүлд “Санаашрал, Ухаарал, Сэтгэл минь чиний анд” гээд сайхан уран бүтээлүүд дууллаа. Энэ дуунууд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх гэж олонд толилуулсан юм шүү.

 

Г.ЖАВХЛАНТГАРЬД


АРДЫН ЖҮЖИГЧИН С.БАТСҮХ: Миний гурван бадаг дуунд аз жаргал, амжилт минь байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188