• Өнөөдөр 2026-04-17

ЧӨЛӨӨТИЙН “ЖААТАЙ ЭР” ЖААМАА СҮХЭЭ

2026-04-17,   30

     Жаахан биеэндээ баймгүй шаггүй шөрмөстэй, нэлээн хөдөлгөөнтэй, сахилгагүй, дэггүй   Толгойтын  нэгэн хүү  чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд орж хүрэл медаль хүртжээ. Олон жил чөлөөт бөхөөр хичээллэсэн секцний хүүхдүүдтэй өрсөлдөж, хүрэл медаль  хүртсэн хүү, багш, дасгалжуулагчдын анхаарлыг өөрийн эрхгүй татсан байна.  Нүдээ онийлгон, зальжин аргагүй инээх, тэр дэлчгэр сэргэлэн хүү 13 настай байлаа.  Тэрбээр Ардын багш, Олон улсын “Шилэгдмэл шүүгч” Адуучийн Басхүү  багшийн чөлөөт бөхийн  секцэнд 1974 онд оржээ.

    А.Басхүү багшийн секцэнд явсан цагаас хойш хүүгийн барилдааны ур чадвар нь ахиж, өдрөөс өдөрт амжилт нь  дээшилж байлаа. “Эр өсөж, эсгий сунадаг”  хэдий ч түүнийг бие нь бусад хүүхдүүдийн адилаар “Задарч” өсөж, том болсонгүй.  Биеийн өндрийг нь дагаад жин нь ч олигтой дээшлээгүй байна. Харин барилдааны ур чадвар нь аль хэдийнэ тив, дэлхийд  барилдах хэмжээнд хүрсэн байв. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай барилдаж Улсын шигшээ багт орж амжсан байна. Жаахан биеэндээ баймгүй “Жаатай сэргэлэн” түүнийг  шигшээ багийн бөхчүүд, найз нар  “Жаамаа Сүхээ” хэмээн дууддаг юм  билээ. Уг нь бол Жамух Сүхээ байх ёстой юм л даа.

    Тэрбээр  Монголын чөлөөт бөхийн 48 кг-ын жингийн нэгэн  цаг үеийн өнгийг  олон улс, тив, дэлхийн аваргад тодорхойлж явлаа. Тэр бөх бол дэлхийн цомын аваргын хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар  юм.  Сүхээ багш тамирчин байхдаа олимпын наадамд нэг удаа, ДАШТ-д хоёрхон удаа барилдаж үзсэн юм билээ. Түүнийг 28 нас хүрч, Шигшээ багийн ахмад тамирчин болох үед  Н.Ганбаатар багш нь, дасгалжуулагч болгохоор бэлтгэлтийн хажуугаар  давхар бэлдэж эхэлсэн гэдэг.

     Т.Сүхбаатар багш зодог тайлаад дасгалжуулагчийн албанд шилжиж,  харин түүний төрсөн дүү Түмэндэмбэрэлийн Зүүнбаян ахынхаа үргэлжлэл болон хөнгөн жинд амжилттай барилдаж эхэлсэн юм. Дасгалжуулагчийн ажилд Сүхээ багш шилжээд жирийн нэг секцний багш байхыг хүсээгүй гэнэ лээ. Бусад багш, дасгалжуулагчдаас өөр арга барилаар ажиллахыг хүсэж байжээ. 

    Ер нь Сүхээ багшийн мөн чанар   өвөрмөц , сонин содон, этгээд юм шиг санагддаг.  Тэр өөрийн гэсэн ерөнцийг үзэх үзэл бодолтой хүн л дээ. Тийм ч учраас Сүхээ багш Монгол Улсад эмэгтэй чөлөөт бөхийг хөгжүүлэх зорилго тавьж зүтгэсэн юм.  Тухайн үед Монгол Улсад эмэгтэй чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх гэж зүтгэхэд нь МУГТ Ц.Нацагдорж,  МУГТ Л.Ням нараас өөр түүнийг дэмжих багш, дасгалжуулагч олдоогүй гэдэг. Харин түүнийг бусад багш нар элэглэн шоолж, тохуурхаж байлаа.  Эмэгтэй тамирчдад бэлтгэл хийх, заал танхим, дэвжээ ч олдохгүй хэцүү байв.  Багш нар “Сүхээ минь эмэгтэй хүнийг бөхийн ариун дэвжээнд гаргаж болохгүй. Эрчүүдийн хийморь лундаа доройтож, бузартана. Чи наад эмэгтэй хүн барилдуулах гэсэн  бүтэхгүй бодлоо толгойноосоо авч хая” гээд  хөөж, туудаг байжээ.

    Сүхээ багш “Та нар эх хүнээс гараагүй, цэцэгнээс төрсөн юм уу. Бүгд л ээжтэй, эгчтэй, эхнэртэй байж, юунаас нь бузартана гэж байгаа юм бэ” гээд л маргалдаж, толхилцдог байж. Хэн ч түүнийг үгийг сонсож, дэмжихийг хүссэнгүй. 1998 онд Т.Сүхбаатар багш Японы Улсыг зорив. Тэнд ажиллаж, амьдрахын хажуугаар Японы эмэгтэй багийн бэлтгэл дээр очин сонирхогдог байжээ.  2000 онд Монголдоо буцаж ирээд хуучин шавь нараа авч ажиллах гэтэл хэн ч түүнийг тоосонгүй. Шавь нарынх нь ааш араншин эрс өөрчлөгдөн хувирсан байв.

   Ингээд шинээр “Долоон бурхан” клубээ  Төмөр замын “Замчин” спорт хорооны хажууд  байгуулжээ.  Тэгээд анхны бэлтгэлээ  арав гаруй бөхтэйгээр  хичээллүүлэн эхэлсэн байдаг.  Шавь нараа өдөрт 2-3 удаа бэлтгэл хийлгэн, тэмцээнд тогтмол оролцуулах нь юу, юунаас чухал байв. Урсгалаар нь явуулбал хэзээ ч амжилтад хүрэхгүй нь ойлгомжтой. Тэр үед эмэгтэй бөхийг ойлгодог багш, дасгалжуулагч, бэлтгэл хийлгэх клуб ховор хэвээр л байлаа. Ихэвчлэн эрэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэлийн танхимыг царайчилсан хэвээр байв. Эмэгтэй тамирчдаа гэртээ хүртэл байрлуулан, хооллож, ундаалж, бэлтгэл хийх боломжийг нь хангахыг хичээж зүтгэсэн байдаг.

     Шавь нараа ДАШТ-д оролцуулах замын зардлыг гаргахын  тулд  өөрийн байраа 19 саяар зарав. Гэтэл тэр жил байрны үнэ огцом өсөөд 30-40 саяд хүрээд ахин байр авч чадахгүй болов. Ингээд л байр оронгүй гудамжинд гарах дээрээ хүрч явах үед , эгч нь байрандаа суулгав. Түүнээс хойш 20 гаруй жил эгчийнхээ байранд амьдарч байлаа.  Харин 2025 онд МЧБХ-ны 60 жилийн ойг тохиолдуулан МУГД. ТСүхбаатар багшийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн хоёр өрөө байраар шагнаж, урамшуулсан билээ.

    Сүхээ багшийн  ингэж, олон жил хичээнгүйгээр  зүтгэснийх нь үр дүн 2001 онд гарсан. 2001 онд болсон Ази тивийн  аварга шалгаруулах  тэмцээнд анх удаа оролцсон түүний шавь, Ц.Энхжаргал мөнгө,  Н.Отгонжаргал, О. Мягмарсүрэн нар хүрэл медаль хүртэв.. Улмаар 2003 онд Азийн  аваргаас түүний гурван шавь медаль хүртэн, Н.Отгонжаргал Ази тивийн  аварга болж,  Монгол Улсын анхны Азийн аварга эмэгтэй тамирчин болсон юм. Тэр жил тэд багийн дүнгээр гуравдугаар байрт орж,  хүрэл цом авсан.

     “Жаамаа Сүхээ” багшийн шавь нар өнөөдөр олимп,  ДАШТ-ээс арав гаруй медаль хүртээд байна.  Гадаадын тамирчид, багш, дасгалжуулагчид, бөхийн мэргэжилтэн нар түүнийг дэлхийн аваргын дэвжээнд “Бүжиглэдэг багш” гэдэг. Тэрбээр ДАШТ-ээс шавь нар нь медаль хүртэх агшинд өвөрмөц нэгэн бүжгээр шавь нартаа баярласан сэтгэлээ илэрхийлдэг уламжлалтай билээ.

Түүний шавь нар ДАШТ-ээс:

1.Ц.Энхжаргал : “Будапешт-2005” ДАШТ-ээс хүрэл,

2. О.Насанбурмаа : “Токио-2008” ДАШТ-ээс хүрэл,  “Будапешт-2013” ДАШТ-ээс хүрэл, “Станбул-2011” ДАШТ-ээс хүрэл, “Будапешт- 2018” ДАШТ-ээс мөнгө,

3. О.Бурмаа “Хернинг-2009”  ДАШТ-ээс мөнгө, “Будапешт-2013” ДАШТ-ээс хүрэл, “Ташкент-2014” ДАШТ-ээс хүрэл.

4. Б.Оюунсүрэн “Станбул-2011” ДАШТ-ээс мөнгө.

5. Б.Болортуяа: “Нур-Султан-2019” ДАШТ-ээс хүрэл, “Токио-2020” олимпоос хүрэл.

6. Д.Отгонжаргал: “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл, “Белаград-2022” ДАШТ-ээс мөнгө, “Белаград-2023” ДАШТ-ээс мөнгөн медаль тус тус хүртсэн билээ.

   Ийнхүү Т.Сүхбаатар багшийн  шавь МУГТ Ц.Энхжаргал, МУГТ О.Бурмаа, МУГТ.Б Оюунсүрэн, МУГТ О.Насанбурмаа, МУГТ Б.Болортуяа, Д.Отгонжаргал  нар нь ДАШТ-ээс медаль хүртсэн.  МУГТ Бат-Очирын Болортуяа “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон.  Шавь нар дэлхийн аваргаас арав гаруй медаль хүртсэн, МУГД Т.Сүхбаатар багш аль хэдийнэ Ардын багш, хөдөлмөрийн баатар болох болзлыг бүрэн хангачихаад байгаа билээ.


 

 


ЧӨЛӨӨТИЙН “ЖААТАЙ ЭР” ЖААМАА СҮХЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188