• Өнөөдөр 2025-12-25

С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ

2025-12-25,   69

-ААВЫН МИНЬ БИЧСЭН “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” МОНГОЛЫН АНХНЫ ХҮҮХДИЙН ДУУРИЙГ ФРАНЦАД УДАХГҮЙ ТОГЛОНО-

          Түүний аав “Жигмэд Тогмид хоёр”, “Норовын намтар” зохиол “Олуулаа” тэргүүтэй дууны шүлгээрээ хүүхэд, бгачуудын хамгийн сайн “найз” нь. Үүгээр ч зогсохгүй МУГЖ Ц.Өлзий-Оршихын дуулсан “Учран золгохын ерөөл”, дуучин Л.Оюунчимэгийн ард түмний сонорт хүргэсэн “Цэцэгт нугын эрвээхэй” дууны шүлгийг, Монголын анхны хүүхдийн дуурь болох “Аз жаргалыг эрэлчин” болон “Улаан дарцаг” киноны зохиолыг бичсэн эрхэм. Уншигч та хэний тухай яриад байгааг хэдийнэ мэдсэн байх. Тийм ээ, тэр бол хүүхдийн зохиолч Д.Содномдорж. Бид түүний том охин С.Цэцэгмаатай уулзаж, аавынх нь тухай дурсамж яриа дэлгэлээ. Тэрбээр Монголын хүүхдийн ордны монгол хэл, бичгийн дугуйлангийн багш, дэд профессор цолтой юм.

ДҮРСГҮЙ БАГА НАС

           Бидний яриа түүний аавын бага насны тухай дурсамжаас эхэлсэн юм. Тэрбээр “Монголын хүүхдийн утга зохиолын ноён оргил, орчин цагийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, тулгын чулууг нь тавилцсан зохиолчдын нэг бол миний аав. Аав минь өргөмөл охин дүүтэй, айлын ганц хүү л дээ. Ээж нь малчин, аав нь 1932 оны хэлмэгдүүлэлтээр Улаанбаатар руу ачигдаж яваад сураггүй болсон гэдэг. Аав мод, чулуу, төмөр гээд тухайн үед тоглож болох юу л байна халаасаа түнтийтэл хийчихээд л хүүхдүүдтэй тоглож гүйдэг дүрсгүй хүү байсан гэж ярьдаг байлаа. Нэг удаа бүр хоёр халаас нь түнтийгээд байхаар нь багш нь дуудаж байгаад уудалсан чинь шилний хагархай, бөглөө, чулуу, төмөр, хадаас гарч ирсэн гэнэ л дээ. Багш нь “Хөөх, энүүгээр чинь үзэсгэлэн байгуулахаар болчихож” гээд, ангийнхаа нэг буланд “Д.Содномдоржийн халааснаас гарсан зүйл” гээд дэлгэчихсэн, орой ээжийг нь ирэхэд үзүүлсэн гэдэг юм. Аав минь тийм л хөдөлгөөнтэй атлаа олныг манлайлдаг, сонин содон юм цуглуулдаг, түүнийгээ ажиглаж, анзаардаг, сонирхол татсан бүхнээрээ тоглодог хүүхэд байсан юм билээ. Хамгийн сонирхолтой нь, 16 нас хүртлээ хүүхэд, багачуудтай дээрх мэт элдэв зүйлсээр тоглосон гэж байгаа юм. Нутгийн улс сүүлдээ “Дамдинцоогийн монхор хүү хургаар тоглодог хонь шиг дэнхийчихээд жаахан хүүхэд уруу татаж, тоглоод байх юм” гэж ундууцдаг байсан гэдэг” юм.

НОМОНД ДУРЛАСАН НЬ

     Нэгэнтээ бид түүний бага насны тухай яриагаа эхэлснийх багадаа хэрхэн номд шимтэж байсан талаар нь ч дурдах нь зүйтэй болов уу. Д.Содномдорж зохиолч багадаа энд тэндээс олдсон номын хуудасны тасархай, хуучин номуудыг нандигнан хадгалдаг, тухайн үед гэрт нь байдаг байсан Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ээж”, “Солийг сольсон нь”, Ч.Лодойдамбын “Алтайд”, Ч.Лхамсүрэнгын “Хамгийг залгигч хар мангасыг дарсан үлгэр”, Д.Цэвэгмидийн “Булшин дээр” найраглалуудыг бүгдийг нь цээжилчихсэн явдаг байсан гэнэ. Номын тухай харин тэрбээр “Гол дээрээс аз жаргалын эрэлд мордсон минь” дурсамж бодролын номдоо “Ном болгон миний сонирхлыг татаж, сэтгэлийг минь хөдөлгөн оюун тархинд минь амтагдаж байсан болохоор надад үлэмжийн их тус болж, үргэлжийн суралцах сургууль минь болсон. Эндээс миний ертөнцийг үзэх үзлийн нүд, ухаан хоёр минь нээгдэж, уран авьяас байсан гэж үзвээс түүний бяцхан цогийг хөөрөгдөж, дөл улалзуулж байж дээ гэж санадаг юм” хэмээн бичсэн байдаг байна.

УРАН БҮТЭЭЛИЙН ГАРАА НЬ ХАЙРЫН ЗАХИДАЛ БИЧИХЭЭС ЭХЭЛСЭН

     Цааш бидний яриа тэр сахилгагүй хүү хэзээнээс томоожиж, төлөвшин, зохиол бүтээлийн гараагаа эхэлсэн тухай үргэлжлэхэд “Аав 17 нас хүрээд хотод ирж, Аж үйлдвэрийн техникумын төмөр замын сумчны ангийг төгсөж, төмөр замд хэсэг ажилласан байдаг. Тэр үеэсээ л төлөвшсөн болов уу даа. Тэнд байхдаа шүлэг оролдож, “Цэцэг”, “Аянчин”, “Дурлал” нэртэй шүлгүүдээ бичсэн байдаг. Аавын шүлэг, зохиол бичих авьяасыг дэлгэрүүлсэн нэг зүйл бол хайрын захидал. Төмөр замд байхдаа тэнд ажилладаг байсан цэргүүд ааваар найз бүсгүйдээ захиа бичүүлдэг байсан гэсэн. Тэгж байгаад аав нутаг буцаж, аймгийн клубт найруулагчаар ажилласан байдаг. Тэгэхдээ хэд хэдэн жүжигт тоглож, Улаан буланд болдог үдэшлэгүүдэд баян хуураа тоглон хүмүүсийг ёстой л нэг шавайг нь ханатал бүжиглүүлдэг, хөгжөөдөг, бас өөрөө сайхан дуулж хүмүүсийн алга ташилтад урамшин, дахиулахад баясдаг байсан гэдэг. Аав ингэж бага багаар бичсээр байгаад Улаанбаатар хотод ирэхдээ овоо хэдэн шүлэгтэй болж амжжээ. Тухайн үед Зохиолчдын хороонд Ц.Дамдинсүрэн, Д.Сэнгээ гуай нар байсан байна. Аав шүлгээ хэвлүүлнэ гээд тэдэн дээр шуудхан л яваад орж л дээ. Ц.Дамдинсүрэн гуай шүлгийг нь уншиж үзээд “Авьяастай хүү байна, чамайг Д.Сэнгээ зохиолчид даатгана” гэснээр утга зохиолын салбарт эргэлт буцалтгүй орсон байдаг юм” гэж байв.

     Харин “Тэр дундаа яагаад хүүхдийн зохиолын чиглэлээр бичиж, туурвих болсон юм бол” гэхэд “Тухайн үед хүүхдэд зориулсан ном ховор. Тэр орон зайг аав ч харсан байх. Сониуч, дэггүй зан нь хөтөлсөн ч байж мэдэх юм. Д.Сэнгээ багш нь мөн аавыг хүүхдийн ертөнц рүү залуурдан хүүхдийн зохиол дагнан бичихэд нөлөөлсөн гэдэг. Шүлгээс гадна аав нэгдүгээр ангийн хүүхдэд зориулсан “Голын эрэг дээр”, “Энх” гэж хоёр ном гаргаснаар хүүхдийн чиглэлээр дагнан бичих гараа нь эхэлсэн. Хүүхдийн зохиол амаргүй, хүнд бичлэгтэй, дээрээс нь насны ангилалтай. Хамгийн гол нь хүүхэд шиг сэтгэж, хүүхдэд хүргэх учир нас насанд нь судалгаа хийнэ. Гэсэн ч аавд минь тэдний гэгээн ертөнцөөр аялсан жаргалтай өдөр олон байсан. Аавын минь зохиол бүтээл түмэнд дэлгэрч, өнөөдөр ч бидний сайн нөхөр, хамгийн ойрын зохиол болсоор байна. “Норовын намтар”, “Жигмэд Тогмид хоёр” зохиол, “Олуулаа” дууны шүлгийг мэдэхгүй монгол хүн байхгүй. “Учран золгохын ерөөл” дууг ч бүгдээрээ мэднэ. Монголын анхны хүүхдийн дуурь “Аз жаргалын эрэлчин” дуурийг аав 1961 онд анх бичсэн. Одоо ч гадаад, дотооддоо тоглож буй. 2018 онд Монголын хүүхдийн ордонд энэхүү дуурийг сэргээн тавьсан. Мөн “Навсайдамба ба түүний нөхөд” зохиолоор нь “Улаан дарцаг” кино хийсэн. Аавын бүтээлүүдээс “Жигмэд, Тогмид хоёр” шүлгийн дүрүүдийг хүүхдийн утга зохиолд үндэсний баатар гэж болохоор болсон. “Жигмэд, Тогмид хоёр” гэх жимсний чанамал, хадгаламжийн дэвтэр, чихрийн цуглуулга, зайрмаг ч гарсан. Тэгэхээр аавын минь зохиол, бүтээл зуун дамжин өнөөдөр ч өндөр үнэ цэнтэй байгаад бахархал төрдөг” гэнэ.

     Д.Содномдорж зохиолч “Хүүхэд том болохын хүсэлтэй, хүүхдийн зохиолч харин бага болохын хүсэлтэй байдаг. Хоёр тэс өөр энэ хүслийн нэг нь биелж, нөгөө нь биелэгддэггүй ч хүүхдийн зохиолч бол юуны түрүүнд бичсэн зохиолоороо, санаа сэтгэлээрээ, ааш зангаараа,  их мөрөөдлөөрөө ямагт хүүхэд байдаг” гэж нэгэн гар бичмэлдээ дурдсан байдгийг түүний охин С.Цэцэгмаа аавынхаа тухай бичсэн “Гол дээр”-ээс Аз жаргалын эрэлд” номдоо бичжээ.

ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙГ  НЬ СУДАЛСАН ТУХАЙД

        Үргэлжлүүлэн түүнээс “Норовын намтар”, “Жигмэд, Тогмид хоёр” гээд шүлэг, зохиолууд нь хөгжилтэй, хошин мөртлөө цаанаа хүүхэд, багачуудад сургамжтай байдаг.  Энэ аавын тань бүтээлийн онцлог уу” гэж асуухад “Хүүхдийн зохиолыг хүүхдэд хүргэхийн тулд сонирхол татахаар бичихгүй бол хүүхдүүд уншихгүй шүү дээ. Аль болох наргиантай, хөгжилтэй, хошин хэлбэрээр бичиж байж хүнд хүрдэг. Хошин мөртлөө сургаалтай. Тухайлбал, “Норовын намтар” гэхэд ном, дэвтрээ муухай хэрэглэж болохгүй, тэгвэл эзнээсээ зугатаана шүү гэдэг сургамж байна. Хэдийгээр ном, дэвтэр гүйхгүй ч гэсэн сонирхлыг нь татах, өдөөх хүслээр зохиолоо бичдэг. Өөрөөр хэлбэл, зохиолч өөрөө хүүхдийн биед шилжиж байж хүүхдийн зохиол бичдэг юм билээ” гэсэн. Харин аавынхаа бүтээлийг судалсан судлаачдын тухай тэрбээр “Л.Түдэв, Б.Оюунбадрах, утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Өлзийбаяр, З.Баянзул доктор гээд аавын минь зохиол, бүтээлийг олон эрдэмтэн, зохиолч, судлаач судалсан. Тэр дундаа Л.Түдэв зохиолч “Жигмэд, Тогмид хоёр” зохиолыг бүхэл бүтэн үйл явдал, хөдөлгөөнт чанарыг 36 үгэнд гаргаад ирсэн сайн зохиол” гэж тодорхойлсон байдаг. Харин Б.Оюунбадрах, Д.Өлзийбаяр судлаачдын хувьд “Монголд хүүхдийн утга зохиолд жүжиг, кино, дуурь, найраглал, өгүүллэг, үлгэрийн зохиолууд гээд хамгийн олон төрлөөр бичсэн зохиолч бол Д.Содномдорж” гэж онцолсон. Мөн хүүхдийн утга зохиол судлаач Д.Хүү доктор “Үлгэр бичлэгийн анхдагч” гэж аавын минь бүтээлийг үнэлсэн байдаг.

    Аавын бичсэн “Ямаачин хүүгийн үлгэр”, “Санаа муут яван хатна”, “Хөгтэй өвгөний жигтэй явдал” гээд хөөрхөн үлгэрүүд бий. Одоо харин аавынхаа сүүлд бичсэн хөгжөөнтэй найраглалуудыг нь хэвлүүлье гэж бодож байгаа. “Үсэг, тооны үерхэл үүрд мөнхийн нөхөрлөл” гээд л адил адил тоо, үсгээр нь найзлуулдаг хошин найраглал, “Эрдэм сурсан морьд” гээд циркийн морь, айлын морь хоёрыг харьцуулсан зохиол, “Догь Алтантулга хүү ба түүний найз үст бүрзээхэй” гээд хөөрхөн зохиол олон бий. Мөн “Цагнуудын зөвлөгөөн” гэх зохиол байна. Тус зохиолд “Миний эзэн унтаад сэрүүлэг дугараад байхад босдоггүй. Би одоо яана даа” гэж нэг нь ярьдаг бол нөгөө нь  “Миний эзэн яг цагтаа босоод хичээлдээ явдаг сайн хүүхэд” гээд л цагнууд хоорондоо ярьдаг юм. Аавынхаа тэдгээр зохиолыг уншигчдад хүргэх үүднээс би “Содон ном” гэх уралдаан зарласан. Хүүхдүүд аавын зохиолуудаас нэгийг сонгон бүтээлчээр ном хийх юм. Хэн хэрхэн сэтгэж хийнэ гэдэг нь чөлөөтэй. Энэхүү уралдааныхаа хүрээнд бүтээгдэх номыг “Явуулын номын сан”-гаараа дамжуулан хүүхдүүдэд хүргэнэ. Би л гэхэд ангийнхнаа номтой нөхөрлүүлдэг, номоос юу мэдэж, ойлгосноо тэмдэглэ, ярь гэдэг. Хамгийн гол нь энэхүү үйл ажиллагаагаараа аавынхаа зохиол бүтээлийг хүүхдүүдэд хүргэж байгаа минь миний хувьд сайхан” гэж бахархал дүүрэн өгүүлсэн юм.

         Д.Содномдорж зохиолчийн зохиол, бүтээлийн судлаачдын нэг бол яах аргагүй түүний охин С.Цэцэгмаа багш юм. Тиймдээ ч 2018 онд аавынхаа намтар туурвил зүйн цогц судалгааны номыг хэвлүүлсэн байдаг. Энэхүү номд утга зохиол судлаач, шүүмжлэгч, Хэл, бичгийн ухааны доктор агсан П.Батхуяг “Сэтгэлийн гэгээн тал” хэмээх өмнөтгөл бичжээ. Тэрээр энэхүү өмнөтгөлдөө “...Д.Содномдоржийн уран бүтээлд тэр тусмаа хүүхдэд зориулсан богино хэмжээний шүлгүүдэд нэгэн чухал онцлог бий. Тэр нь үгийн хэмнэл, дотоод аялгууг “зохируулан” бичих, хэл найруулгын найрсалт чанарыг бүрдүүлсэн байдаг. Бүр тодруулбал, түүний яруу найргийн бүтээл үгсийн найрслаар өөрийн дотоод хэм хэмнэл, зохист аялгууг тээсэн байдаг..” хэмээн түүний зохиол бүтээлийн талаар онцолжээ.

АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” ДУУРЬ

     С.Цэцэгмаа багш аавынхаа зарим бүтээлийн тухай ярьсны дотроос аавынхаа бичсэн “Аз жаргалын эрэлчин” дуурийн тухай ярьсан нь сонирхол татна. Тэрбээр ““Аз жаргалын эрэлчин” дуурийг анх 1961 онд Монголын хүүхдийн ордон, Пеонерийн ордон гэж нэртэй байхад нь 70 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр тайзнаа тоглосон байдаг. Үүгээрээ Монголын хүүхдийн анхны дуурь гэж тодорхойлогдож явдаг. Анх энэхүү дуурийг тоглосноос хойш хөдөө орон нутгийн соёлын төв, улаан булангууд гээд соёлтой холбоотой бүх л газар тоглосон байдаг юм. Үүнээс үүдээд олон ч хүүхдийн авьяасыг нээсэн гэдэг. Мөн 2009 онд Эрдэнэт, Дарханы театруудад дахин тоглосон. Дараа нь 2018 онд Монголын хүүхдийн ордны С.Алтан-Уяа багш санаачлаад, аавын минь бичсэн дуурийг дахин тавьсан. Энэхүү дуурь бол эх орон, байгаль дэлхий, ээж, аав, бүхнийг хайрлаж хамгаалахыг сургамжилсан агуулгатай. Тиймдээ ч “Дэлхийн мөрөөдлийн сургууль”-аас санаачлан, “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуурийг төсөл болгоод, Францад тоглохоор бэлтгэл ажил явж байна. Энэ хүрээнд дуурьт тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа өрнөж байна. Сонгохдоо, сургууль, аймгуудын соёлын ордон, урлагийн холбогдолтой сургалтын төвүүд сонгон шалгаруулах уралдаанд энэхүү дуурийг тоглож орж ирнэ. Тэдгээрээс мэргэжлийн шүүгчид шүүгээд, эхний хоёр байр эзэлсэн баг нь хотод тоглоод, тэндээс сонгогдсон нь гадаадад тоглох хуваарьт орох юм. Харин зохиолын үг хэллэгийг үл ялиг өөрчлөх хэрэг гарсан. Ингээд би аавынхаа зохиол бүтээлийг судалж, түгээдгийн хувьд жаахан өөрчилсөн. Тухайлбал, зохиолын эхний хэсэгт үлгэрч өвгөн ирдэг. Тэгэхдээ,

Хэцийг даваад ирж яваа

Хэн болохыг таниж байна уу

Өвгөн ах маань ирж байна

Үлгэр бидэнд ярьж өгөх гэж байна” гэсэн хэсэг бий. Өвгөн аав нь “Айл айлаар явж байна, өвгөн аав нь гэр оронгүй болохоор” гэсэн үг байдаг юм. Үүнийг гадаад хэл рүү орчуулахаар буруу ойлгогдох магадлалтай. Тиймээс энэ мэт багахан орчин үетэй зохицуулан нэмэлт тайлбар оруулсан. Мөн Францад байгаа хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач С.Базаррагчаа маань хөгжмийг нь шинэчилж байгаа. Мэдээж найруулагч, тайзны зураач нь шалгаруулалтаас тодрох юм. 1961 онд тоглож байсан энэ дуурийг 64 жилийн дараа дахин тоглож байна гэхээр гарцаагүй мөнхийн бүтээл болж буй юм. Хамгийн гол нь одоо дахин тоглохдоо гадаадын үзэгчдэд “Монголын хүүхдийн дуулалт цомнол ийм байдаг” гэдгийг үзүүлэх гэж буй юм. Дээрээс нь франц хүүхдүүд тоглолтод оролцохоороо онцлог байна. Үүгээрээ олон улсын хэмжээний тоглолт болно” гэсэн билээ.

СОЛОНГО” ТЭРГҮҮТЭЙ ДУУНЫ УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭС

     Мөн хүүхдийн зохиолоос гадна “Учран золгохын ерөөл” тэргүүтэй олон сайхан дууны үг бичсэн тухай нь “Аавын минь зохиол, бүтээлийн дийлэнх хувийг хүүхдийн зохиол эзэлдэг ч түмэнд түгсэн олон дууны шүлгийг бичсэн юм шүү дээ.  Түүнчлэн уншигчид  “Усан дээгүүр 20 мянган бээр аялсан нь” зохиолыг андахгүй мэдэх байх. Дээр нь “Заяа дэлгэр”, “Амар түвшин” гээд найраглалууд бий. Сонирхолтой нэгэн бүтээлийнх нь тухай өгүүлэхэд, “Солонго” гэдэг дууг өнөөг хүртэл ардын дуу гээд уран бүтээлчид дуулж явна. Үүнд би их харамсдаг. Уг нь аялгуу, шүлгийг бичсэн эзэнтэй дуу шүү дээ. Та нар сонссон байх аа, дуучин Б.Батцэцэглэнгийн дуулж буй,

Зүүн урдаас өнгийн солонго татаад байна аа хө

Зүс бороо арилсны шинж ч юм уу даа хө

Зүрх догдолж сэтгэл сэргэн баясаад байна аа хө

Зүүднээс салдаггүй ганцхан амраг аа дурсаад байна аа хө...”  гэх дуу. Энэ дуу аавын минь бүтээл гэдгийг ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал гуай, нэрт сийлбэрч Ц.Цагаан-Өвгөн гуай гээд батлах хүн олон бий. Аавын минь шүлгээр бүтэж, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай аяыг нь хийсэн  өөр нэг бүтээл бол “Эх орон”. 1955 оноос 1980 он хүртэл энэ дуу төрийн тайзнаа эгшиглэж ирсэн. Ингээд харахаар аав минь бичлэгийн олон төрлөөр бичиж туурвисан, бүр дууныхаа шүлэгт аялгуу хүртэл хийсэн баялаг уран бүтээлтэй хүн байсан байгаа биз. Бүтээлүүдээсээ гадна дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина, жүжиглэнэ, хөгжим зохионо, техникийн сэтгэлгээтэй, найруулдаг, орос хэлтэй гээд олон талын авьяас чадвар нь цогцолсон хүн байлаа” хэмээн дурсаж байлаа.

     Харин түүний ээж Урлагийн сургуулийг циркийн жүжигчнээр төгсөөд циркэд ажиллаж байгаад, аавтай нь ханилан, дөрвөн хүүхэд төрүүлснээр циркдээ ажиллахаа больж, сүүлийн жилүүдэд холбооны салбарт ажилласан байдаг. Д.Цэцэгмаа багш “Гол дээр”-ээс Аз жаргалын эрэлд” номдоо “Аав ээжтэй минь ханилах үедээ бүжигт орж, оройжингоо хамтдаа бүжиглэчихээд хөтлөлцөөд харьдаг байсан тухай ээж маань дурсдаг. Аав минь бидний дунд орохоороо үеийн найзуудтайгаа тоглож байгаа шиг л баясдаг сан. Ээж маань таван хүүхэдтэй хүн шиг л амьдардаг байсан даа. Аав, ээж хоёр нэг жилийн Хүүхдийн баяраар биднийг зураг зуруулж, байр эзлүүлэн баавгайтай чихрээр бүгдийг нь шагнаж байсныг би санадаг юм. Гэтэл бид аавынхаа “Дөрвөн сайхан зураг” шүлгийнх нь баатрууд болсноо тэр үед төдий л ойлгоогүй ч сургуульд ороод мэдэж билээ. Эндээс харахад аав минь хүүхдүүдээсээ их зүйл мэдэрч зохиол, бүтээлдээ тусгадаг байж дээ” гэж бичсэн байна.

    С.Цэцэгмаа багш бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчдыг шагнах Д.Содномдоржийн шагналыг бий болгож, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Ш.Энхбаяр нар анхны шагналыг нь хүртжээ. Дараа нь харин  А.Богд-Очир, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, судлаач, профессор Д.Хүү нар хүртсэн байна. Тэрбээр шүлэг, найраглалыг нь унших бүрдээ аавыгаа санан үгүйлж, хүүхдүүдийн оюун санаанд юмаа ариглан гамнах чанар, бусдыг хайрлах, ажилч хичээнгүй байдлыг эрхэмлэх нь амьдралд тустай тухай өгүүлсэн зохиол, бүтээлийг нь илүү олон хүүхдэд уншуулах сан, оюун санааных нь охь шимийг хүртээх сэн гэж зорьдог гэсэн.


С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188