Одоогоос 62 жилийн өмнө Монгол Улс НҮБ-д элсэж, тусгаар тогносон бүрэн эрхт улс болсноо зарлан тунхаглаж, төрийн далбаагаа НҮБ-ын индэрт мандуулж байлаа. НҮБ-д элсэх өргөдлийг тухайн үеийн Гадаад харилцааны яамны I орлогч сайд Д.Цэвэгмидээр ахлуулсан баг бүрэлдэхүүн өргөн барьж, Монгол Улс дэлхий нийтэд тусгаар тогтносон бүрэн улс болсныг хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй. 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан гэдэг. Энэ үед Монгол Улс тусгаар тогтносон улс болохоор олон удаа өргөдөл өгсөн ч бүтэлгүйтсний эцэст дахин хүсэлт гаргасан нь энэ байжээ.
Энэ талаар Монгол Улсын анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор, профессор Д.Цэвэгмид гуай аян замын тэмдэглэлдээ “Аюулгүй Зөвлөлийн 11 гишүүний ес нь саналаа өгч, АНУ түдгэлзэн, Дундад Улсын төлөөлөгч хуралд оролцоогүй. Байнгын гишүүдээс татгалзаж хориг тавьсан улс гарсангүй. Аюулгүйн Зөвлөлийг амжилттай давснаар манайхны ажил шуудрах замдаа орсон. Аюулгүйн зөвлөлөөс дэмжсэн шийдвэрийг Ерөнхий Ассамблейн чуулганаар батламжлах үлдсэн. Ингээд 1961 оны аравдугаар сарын 27-нд Ерөнхий Ассамблейн хуралдаанаар бүх төлөөлөгчид нэгэн зэрэг дуугаар алга ташин хүлээн авсан. Хуралдаан даргалагч “БНМАУ НҮБ-ын гишүүнд нэгэн дуугаар батлав” хэмээн модон алх тасхийтэл буулгахад монголын төлөөлөгчид нулимсаа арчиж байгаа нь тухайн үеийн чанар муутайхан дүрс бичлэгт мөнхрөн үлджээ” хэмээн дурсан үлдээсэн ажээ.
Тэгвэл бид Улс тунхагласны 100 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа энэ түүхэн цаг үед Монгол Улсыг НҮБ-д элсэхэд түүхэн үүрэг гүйцтгэсэн Шинжлэх ухааны акедамич, Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, Монгол Улсын анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор, профессор Д.Цэвэгмидийн хүү Төрийн шагналт, уран барималч Амгалантай ярилцлаа.
Тэрбээр “Эгэл жирийн малчны хотноос НҮБ-д Монгол Улсыг тунхаглах төр нийгмийн зүтгэлтэн төрсөн нь миний аав Дондогийн Цэвэгмид юм. Аав НҮБ-ын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, дэлхийн газрын зурагт Монгол Улсыг тэмдэглүүлэх түүхэн үйл явдалд гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг мөнөөс мөн. Аав НҮБ-д БНМАУ-ын тусгаар тогтнолыг тамгалаад зогсохгүй хар багаасаа эрдмийн мөр хөөж, 15 настайдаа алс хязгаар нутагт суугаа монголчуудыг соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэсэн хэрсүү нэгэн байлаа. Цэл залуухан насандаа монголын утга зохиолын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож, ард түмний сэтгэлд хоногших яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлүүдийг тууривсан түүхтэй.
Ингээд зогсохгүй монголын биологийн салбарт том нээлт хийж, оршин буй амьд ертөнцийн мөн чанарыг нээхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан хүн. Хүний амьдралын богинохон хугацаанд ганцхан хүн ийм их үйл хэрэг бүтээсэн гэхээр аавыгаа би хожим хойно “Ямар агуу хүн байсан юм бэ” хэмээн дурсан санаж явдаг юм. Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсыг бүтээхэд аавын хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлэл түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Аав ийм сайхан улсыг бүтээхэд залуу нас, амьдралынхаа он жилүүдийг зориулсан” хэмээн дурсаж бидний яриа эхэлсэн юм.
-Улс тунхагласны баяраа тэмдэглэж байгаа түүхэн өдөр тантай уулзаж ярилцаж байгаадаа баяртай байна. Таны аав Дондогийн Цэвэгмид НҮБ-д Монгол Улсыг элсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн хүн. Аавын тань бага нас хэрхэн өнгөрсөн талаар яриагаа эхлүүлэе?
-Миний аав Дондогийн Цэвэгмид 1915 онд Дорнод аймгийн Баяндун сумын Мойлт гэдэг газар төрсөн. Аав эгэл жирийн малчны хүүхэд байсан. Нутаг руугаа явж байхдаа бидэнд бага насныхаа тухай ярьдаг байсан. Баяндун суманд нутгийн буриад хөгшид бага сургууль байгуулахад анхны шавь нарынх нь нэг болж суралцаж байсан гэдэг. Энэ үеийн бага сургуульд Ардын багш Г.Базар гуай, нэрт биологич эрдэмтэн А.Дашдорж гуай Төрийн хошоо шагналт, Ардын зураач О.Цэвэгжав гуай нар суралцаж, төгссөн юм билээ. Энэ бага сургууль одоо арван жилийн сургууль болж, бид аавынхаа хөшөөг сургуулийнх нь урд сүндэрлүүлсэн юм. Аав сургуулиа төгссөний дараа нэг жил орчим Улз хошуунд бичээчээр ажилласан.
\НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд дээр Монгол Улсын гадаад явдлын яамны I орлогч сайд Д.Цэвэгмид үг хэлж байгаа нь\
-Багшийн сургуулийг дүүргээд Увс аймагт очиж багшилсан анхны багш нарын нэг гэдэг шүү дээ. Та энэ тухай сонсож байв уу?
-Аав 13 настайдаа Улаанбаатар хотод ирж Багшийн сургуульд суралцаж, “Хар бологсдын бэлтгэл сургууль”-д лам нарыг элсүүлэх ажилд гар бие оролцож, багшаар ажилласан байдаг. Аав ингэж л багаасаа ном эрдмийн мөр хөөсөн түүхтэй. Багшийн сургуулийг 15 насандаа төгсөж, Увс аймаг руу багшаар томилогдсон ажилласан юм билээ. Тухайн үед дөнгөж 15 настай хүүхэд алс хязгаар нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэх даалгавар аваад явж байсан нь тэр. Тэр үед зам харгуй хэцүүхэн, унаа тэрэг муутай байсан цаг. Аав их хол газар даарч очсон юм шиг байгаа юм. Сүүлд биднийг хөдөө явахдаа дулаан хувцсаа өмсөхийг зөвлөдөг байсан. Увсад багшилж байх үедээ зохиол бүтээлээ эд туурвиж гаргасан юм билээ.
ҮХЭР ОГДОЙГ ТУУЛАЙНЫ ТӨРЛИЙН АМЬТАН БОЛОХЫГ ТОГТООСОН АНХНЫ МОНГОЛ ЭРДЭМТЭН
-Д.Цэвэгмид гуай тухайн үеийн зохиолч, яруу найрагч, одоогийн нэрт соён гэгээрүүлэгч нартай ойр харилцаатай байсан гэдэг. Төрийн дууллын үгийг мөн бичилцсэн гэдэг яриа ч байдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Аавын олон зохиол бүтээл ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Аав С.Буяннэмэх гуайн дугуйланд явж, их зохиолч Д.Нацагдоржид зохиол бүтээлээ харуулдаг байсан гэдэг. Мөн аав Москвад сурч байхдаа Ленинградад байсан Цэндийн Дамдинсүрэн гуайтай захидлаар харилцдаг байсан юм билээ. Одоо ч тэр захидлуудаас надад хадгалагдан үлдсэн.
-Цэвэгмид гуайг анхны багш нарын нэг, зохиол бүтээл туурвихаас гадна анхны биологич, анхны эрдэмтэн гэгддэг шүү дээ. Энэ тухай сонирхуулбал?
1942 онд МУИС-ийн байр ашиглалтад орж, аав Зоологийн тэнхимд лаборантаар ажиллаж байхад багш нар нь лекцэнд суухыг зөвшөөрсөн юм билээ. Тухайн үед МУИС-д биологич эрдэмтэн Н.Г.Банников, А.А.Юнатов, Э.М.Мурзаев зэрэг орос багш нар хичээл ордог байж. МУИС-д лаборант байхдаа Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Э.М.Мурзаев, А.Г.Банников, А.А.Юнатов нарын экспедицийн багт багтаж, судалгааны ажлаар Монгол нутгаараа аялж амьтан, ургамлын талаар ихийг мэдэж, судалгаа шинжилгээний арга барилтай танилцсан гэдэг. Аав энэ экспедицэд явсан тэмдэглэлээ үндэслэн"Алтайн цаадах говь" номоо 1962 онд бичсэн.
Багш нар нь аавыг “Идэвхтэй сайн сурагч” хэмээн Москвагийн их сургуульд суралцуулах тухай өргөдөл гаргасан байдаг. Тухайн үед орос хэлдээ сайн болчихсон байсан юм шиг байгаа юм. Москвагийн Их сургуульд биологийн ангийг 1946 онд суралцаж төгссөн. Үүнийхээ дараа Москвагийн Их сургуулийн аспирантуртаар суралцахаар, сургуульдаа үлдэж эрдмийн зэрэг хамгаалсан юм. Ингэхдээ “Үхэр огдойг хулганы төрөл биш, туулай төрлийн амьтан юм” гэж судалсан талаараа надад ойлгуулж, хэлж байсан юм. Аспирантурт суралцаж байхдаа Монголд ирж, хээрийн нөхцөлд судалгаагаа хийдэг байсан гэсэн. Энэ судалгаагаараа дэлхийд шинэ нээлт хийж, байгалийн хувьсалын онолыг дахин батлахад хувь нэмэр оруулсан хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг юм. Ингэж эрдмийн зэргээ хамгаалснаар Монгол Улсын биологийн салбарт анхны эрдмийн зэрэг хамгаалсан монгол эрдэмтэн болсон түүхтэй. Сургуулиа төгсөж ирснийхээ дараа МУИС-д тэнхмийн эрхлэгч, ректор зэрэг чухал албыг хашсан байдаг юм. Аав хоёр удаа МУИС-ийн ректороор томилогдож байсан юм шүү дээ.
НҮБ-Д МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛСАН НЬ
-1961 онд Гадаад явдлын яамны I орлогч дарга байхдаа Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх чухал даалгавар аваад явсан байдаг. Даалгавраа амжилттай сайн биелүүлсний хүчинд бид өдийд эрх чөлөөт улс болчихсон сууж байна. Энэ тухайгаа дурсан ярьдаг байв уу?
-Аавыг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралд явахад би есөн настай жаахан хүү байлаа. Чухам юунд, хаашаа явж байгааг нь ч сайн ойлгож, мэдээгүй юм. Онгоцны буудал дээр ээж эгч, дүү бид хэд гаргаж өгснөө санадаг юм. Аав Монгол Улсыг НҮБ-д элсэх өргөдөл хүргэж, туурга тусгаар болсныг зарлаж байсан түүхэн гавьяатай хүн мөн. Тэр үедээ л аав нэр, төртэй, хэл устай, эрдэмтэн хүн байсан учраас сонгогдож, тухайн бүрэлдэхүүнийг ахалж явсан биз.
НҮБ-д Монгол Улсыг элсүүлэхэд аав чуулганы индэр дээрээс төрөлх монгол хэлээрээ мэндчилсэн талаар тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг юм. Уг нь НҮБ-ын албан ёсны хэл нь орос, англи, франц, испани, хятад боловч чуулганы дарга зөвшөөрсөн учир аав монголоор ярьсан юм билээ. Тэр ярьсан хэсгийн бичлэг түүх болж үлдсэн юм.
\Монгол Улсын төрийн далбаа НҮБ-ын тэнгэрт мандаж буй агшин\
-Аав нь бараг жил гаруй хугацааны дараа нутагтаа ирсэн байх аа?
-Хүүхэд байсан болохоор их л удаж байж ирсэн юм шиг санагддаг юм. Тэр том үйл хэргийг бүтээгээд ирсэн гэдгийг нь би хожим хойно том болсон хойно л ухаарч байгаа юм. Түүнээс өмнө гаднынхан Монгол Улсыг Хятадын нэг муж юм шигээр хардаг байлаа шүү дээ. Аав хуучин монгол бичгээр өдрийн тэмдэглэл болсон үйл явдлаараа бичдэг байсан юм. Энэ тэмдэглэлүүдийг эмхтгэж, 100 жилийн ойд нь зориулан уйгаржин монгол бичгийг крилл бичиг рүү хөрвүүлэн ном хэвлүүлсэн. Мөн НҮБ-д томилолтоор ажиллаад “Алс Өрнөд тивд” тэмдэглэлээ уншигчдад хүргэсэн нь тухайн үеийн үйл явдлыг гэрчлэх түүхийн эх сурвалж болж үлдээд байна. АНУ руу болон гадагшаа аян замд явахдаа жижиг дүрс бичлэгийн аппараттаасаа салахгүй авч явдаг байсан. Аавын бичсэн дүрс бичлэгийн хальс одоо ч надад байдаг. Бас л нэг түүхэн цаг үеийг бичиж үлдээсэн дээ.
-Үүний дараа Хятад руу Элчин сайдаар томилогдсон. Гэр бүлээрээ явж байсан уу?
-Тэгсэн. 1962 оны зургадугаар сарын 2-нд БНХАУ, Бирм, Кампучи, Пакистан, Индонез улсуудад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон юм. Биднийг Хятадад очоод удаагүй байхад Карибын зөрчилдөөн болж, Кубыг дэмжсэн жагсаал Элчин сайдын хашааны гадуур их явдаг байсан юм. Герман, Болгар, Чех, Польш, Монгол Улсын Элчин сайдын яамд хоорондоо их ойр байдаг байсан юм. Элчингийн хүүхдүүд бүгд нэг сургуульд явна. Би ч тэнд явдаг байлаа. Би ангийнхантайгаа дугуй унаж, тоглодог байсан.
-Цэвэгмид гуайг элчин сайдаар ажиллаж байхад Монгол Улсыг төрийн далбааг шатааж байсан гэдэг юм билээ. Энэ тухай та мэддэг үү?
-Би бол шатааж байсныг нь хараагүй, санахгүй байна. Харин өвсөөр хүн бүтээгээд түүнийгээ манайхны нэг даргын нэрийг бичээд шатааж байсан юм. 1966 оны үед байдал хурцдаж, Элчин сайдын яамны байрыг бүсэлчихсэн, бид сургуульдаа ч явж чадахаа больж байлаа. “Хрушевын гар хөл болсон Цэдэнбалын толгойг тас “чавчъя”” гэх агуулгатай үгнүүд хана нь дээр биччиж дарамталдаг байсан. Ингээд 1967 онд бид эх орондоо буцаж ирсэн юм.
-Аав тань ямар зан араншинтай хүн байсан бэ. Хүүхдүүддээ юу гэж захидаг байсан бэ?
-Миний аав их зөөлөн, дөлгөөхөн хүн байсан. Биднийг эрдэм номоо сайн сур л гэж захидаг байсан. Би багасаа зурах дуртай. Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангид суралцаж, байхдаа аавыг хээр хөдөө явж, судалгаа шинжилгээний ажил хийхээр явахад нь их дагаж явдаг байлаа. Аавтайгаа хамт хөдөө явж байхдаа зурсан судалбар зургуудаа 2020 онд эмхтгэх 105 жилийн ойд нь зориулан гаргасан Дондогийн Цэвэгмидийн зохиолын түүвэр номонд нь оруулсан юм. Аавынхаа хийж бүтээсэн үйл хэргийг эргээд санахад жинхэнэ төр, нийгмийн зүтгэлтэн, судлаач, эрдэмтэн, багш, соён гэгээрүүлэгч анхдагчийн нэг байжээ гэж боддог юм. Үнэхээр л аав тэнүүн сэтгэлтэй, холч ухаантай, хүсэл тэмүүлэлтэй гэгээн хүмүүн байсныг дурсан санаж, бахархаж явна аа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Монгол хэмээх тусгаар улс мөн гэдгийг дэлхий дахинд тунхаглаж, түүхэн үйлс бүтээсэн гавьяатан нь миний аав Дондогийн Цэвэгмид |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |