• Өнөөдөр 2024-04-25

Домогт Вандан аваргын охин В.ЦЭРЭНДОРЖ : Аав минь түрүүлсэн бөхийн бай торго, дурдан, амттан, хунз цайг нутгийнхандаа тарааж өгчихөөд ирдэг байсан гэнэ лээ

2021-01-18,   7937

- Аавынхаа монгол бөхийн түүхэнд үлдээсэн түүхэн амжилтыг төр засаг минь үнэн зөвөөр нь үнэлээсэй гэж хүсэж явдаг юм-

      Монгол бөхийн түүхэнд домог болсон бөх  бол яахын аргагүй Лу гүний Г.Вандан аварга.Түүнийг Сайн ноён хан аймгийн Лу гүний хошуу, одоогийн Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Г.Вандан аварга 17 насандаа анх нутаг хошуундаа барилдаж эхэлсэн гэдэг. Тэрбээр  42 нас хүртлээ 25 жил тасралтгүй барилдсан байна. Түүнийг 1916-1925 он хүртэл нэг ч унаагүй, босоо байсан ганц бөх хэмээн монгол бөхийн оноо дансанд  тодоор мөнхөлсөн байдаг. Вандан аварга  1912-1929 оны хооронд болсон улсын чанартай баяр наадамд 14 удаа барилдахдаа завсаргүй арван удаа түрүүлж байжээ.Түүнчлэн 1915-1924 оны Арван засгийн наадамд тасралтгүй арван удаа, Ардын хувьсгалын анхны ой, цэргийн 1922 оны наадамд арав даван түрүүлж, бөхөд дуртай түмнийг баярлуулж байжээ.

        Я.Цэвэлийн 1953 онд бичсэн "Монгол бөхийн тухай" номонд  Г.Вандан аваргын талаар багагүй баримт бий. Дээрх номонд Г.Вандан аваргыг “Улсын чанартай их наадамд 16 удаа, орон нутгийн наадамд 50 гаруй удаа түрүүлсэн, Монголын домогт их аварга”  хэмээн бичжээ. Монгол бөхийн домогт аваргын дунд охин В.Цэрэндоржтой одоогоос таван жилийн өмнө манай сайтын эрхлэгч Э.Хүрэлбаатар ярилцаж байсан юм. В.Цэрэндорж хэмээх буурайтай аавынх нь талаар ийн ярилцжээ.

-Сайхан өвөлжиж байна уу. Батцэнгэл суманд өнтэй сайхан өвөл болж байгаа гэсэн. Мал сүрэг мэнд байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Энэ өвөл их дулаахан, өнтэй сайхан өвөлж болж байна. Цас багатай ч хүйтэн үзэлгүй өдий хүргэчихлээ. Өдийд хэнз ишиг, хурга, тугалаа тэжээдэг юм. Энэ жил тэжээлгүй хаврын тэргүүн сартай золгох гэж байна. Радиогоор нэгдүгээр сард цаг агаар дулаахан, тогтуун байна гэж ярьж байна лээ. Мал тарга хүчээ алдаагүй болохоор хавар төл торниун гарах байх. Эмээ нь насаараа л мал дагаж амьдарлаа. Батцэнгэл сумандаа  хөгшин бид хоёр хэдэн малтай аж төрж байна.

-Та домогт Лу гүний Г.Вандан аваргын дунд охин. Таниас аавын тань талаар ярилцлага авах гэж байгаа юм аа. Аавынхаа тухай ярьж өгөөч?

-Тийм ээ. Эмээ нь монгол бөхийн домог хэмээн хүмүүсийн ярьдаг Вандан аваргын дунд охин. Манай аав гурван охин, нэг хүүтэй. Дуламжав эгч, би, миний охин дүү Нямжав, бага дүү, ганц эрэгтэй нь болох Ишванжил. Одоо Нямжав бид хоёр л байна даа. Аав минь намайг их багад бурхан болсон. Аавынхаа дүр төрх, өвөр дээр нь тоглодог байснаа бүүр түүрхэн л санадаг юм. Их том биетэй, өндөөр хүн байсан санагддаг. Ээж минь бидэнд аавын талаар их олон зүйл ярьдаг байсан.

-Вандан аварга хэдэн онд төрсөн хүн юм бэ. Ээжийнхээ ярьсан дурсамжаас сонирхуулаач?

-Миний аав 1888 онд Лу гүний хошуу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл суманд Галсанхүү гэх хүний отгон хүү нь болж мэндэлсэн гэдэг. Манай аавынх эд хөрөнгөтэй, олон малтай айл байсан юм билээ. Хүний хөл ерөөсөө тасардаггүй айл байсан гэдэг. Уяа дүүрэн морьдтой. Тэр үеийн ноён, лам гээд л их л олон хүн манайхаар орж гардаг байж. Ээж маань зочилж ирсэн хүмүүсийн цай, хоолыг тэр бүрт нь бэлддэг байсан гэнэ лээ. Ээж аавыг их өрөвч, зөөлөн сэтгэлтэй, хүнд их тусархуу хүн байсан гэж ярьдаг. Өвлийн тэргүүн сар дундаа ороод хүйтний эрч чангараад ирэхээр нутгийнхаа арав гаруй хүнийг дагуулаад жин тээгээд явчихдаг байсан гэдэг юм. Хавар ногоо цухайх үеэр хунз цай, торго дурдан гээд л тухайн үед хүмүүсийн хэрэглэдэг байсан зүйлсийг ачаад ирдэг байсан гэдэг. Биднийг бага байхад ээж “Аав чинь хүнд байнга тус хүргэдэг байсан. Та нар ч гэсэн айл саахалтынхаа хүмүүст сайн тусалж байгаарай. Хүний тус илүүддэггүй юм” гэж үргэлж захина.

 Аавын талаар нутгийн хөгшчүүд их цэвэрч нямбай, ямар ч хүнийг ялгалгүй харилцдаг байсан гэж ярьдаг байв.  Аавыг хоёр метр хорь гаруй см өндөр хүн байсан гээд ном, сонин дээр бичсэн байдаг. Би хувьдаа тэгж боддоггүй. Аавын эдэлж хэрэглэж байсан хувцас болох дээл, цамц, өмд, гутлыг нь биерхүү хүн өмсөхөд таардаг байлаа. Улаан хүрэн өнгөтэй нэг дээл сүүлд үлдсэн байсан. Цээж их томтой хүн байсан байгаа юм. Цээжнийх нь энг их өргөн тавьж хийсэн байсан. Харин уртаашаа тийм ч урт биш. Тэгэхээр хоёр метр орчим өндөр хүн байсан болов уу гэж боддог юм.    

-Аваргыг их бяртай байсан талаарх түүх домог олон бий. Энэ талаар танд сонсож, дуулсан зүйл байгаа юу?

-Байлгүй яах вэ. Аав минь их бяр тэнхээтэй хүн байсныг манай нутгийнхан бидэнд их ярьж өгдөг байлаа. Манайх их олон тэмээтэй айл байсан юм. Буурын ороо ороод цагаан хөөс нь сахраад, ойр хавьд хүн амьтан ойртуулахгүй ааш орчихсон буурыг аав барьж аваад жинд явчихдаг байсан гэдэг. Манайд их ааштай том биетэй шар, хүрэн хоёр буур байсан гэнэ лээ. Ороо нь орчихсон байхад хүн, мал огт ойртуулахгүй, хүн амьтан барьчихдаг, тийм догшин амьтад байж. Аав тэр хоёр буурыг суран ногтоор оосорлоод хөтөлж гүйж байгаад хэд хэдэн удаа ёвроод л номхруулчихдаг гэж байгаа. Бүр аавын дуугаар намсхийгээд сургуультай амьтан шиг болчихсон байсныг ээж олон удаа харж байсан гэнэ лээ. Ямар ч хүнд ачааг тэмээнд тэгнэхдээ ганцаараа тэгнээд явчихдаг. Мөн үхэр тэргээр Алтанбулаг Хиагт руу жин тээдэг байсан гэдэг. Тэгж явахдаа Орхон Шаамарт ус гаталдаг байж. Аав ачаатай тэргүүдийг ганцаараа арлыг нь сугадан, сугандаа хавчуулаад, гол гаталдаг байж. Ингэхдээ одоогийнхоор сал буюу тэр үеийнхээр тавилан дээр тэнгээ буулгаж, ачихыг ганцаараа хийдэг байсан гэсэн.  Тэгсэн  нэг удаа ачаа тэргийг чирч, эрэг дээр гарч явтал тавилангийн оосор тасран, цааш хөвж, тэрэг нь голын усанд унахаа алдаж. Тэгсэн аав тэргээ угз татаад хажуу тийш дүүгүүрдэн эргүүлж, арлыг нь гол руу  харуулан бүрэн бүтэн тавьсан гэдэг.

-Бөхийн түрүүгийн байгаа нутгийнхан болон наадамчин олонд тараагаад өгчихдөг байсан гэдэг байх аа?

-Тухайн үед түрүүлсэн бөхөд торго, дурдан, амттан, хунз цай өгдөг байсан гэдэг. Тэрийгээ нутгийнхаа хүмүүст тараагаад өгчихдөг байсан гэсэн. Ээжид “Манайх тэр их цай, торгоор яах билээ, нутгийнхаа тэрэнд өгчихлөө” гэсээр ирдэг байсан гэдэг. Харин чихэр, ёотонг нь нутгийнхаа хүүхдүүдэд өгдөг байсан гэсэн. Аавыг барилдаж байхыг харсан хүмүүс ямар ч бөхөд бярдуулж байхыг нь үзээгүй. Өрсөлдөгч бөхөө байнга бярдаж унагадаг байсан гэж ярьдаг юм. Ээж аавын наадамд түрүүлээд байнд нь авсан шар торгоор дээл хийж өмсөөд түүнийгээ их олон жил өмссөн. Бага байхад даавуу даалимба ховор байлаа. Аавын дээлээр бидэнд ээж дээл хувцас хийж өгдөгсөн. Аавынхаа дээлээр хийсэн дээлийг хүүхэд байхдаа эмээ нь их өмссөн. Тэр үед аавын минь үнэр үнэртэх шиг л болдог байсан даа.  Аавыгаа би Туурга тусгаар Монгол Улсын анхны их аварга хүн гэж бодож явдаг юм.

-Тийм байх шүү?

-Монгол Улс чинь 1911 онд олон зуун жилийн тэмцлийн хүчинд Манжийн ноёрхлоос чөлөөлөгдөж, тусгаар улс болсноо зарлан тунхагласан байдаг. Манжийн дарлалаас гарсан Монгол Улс анх удаа буюу 1912 оны үед аав маань барилдаж үзүүрлэснээс хойш 1915-1924 он хүртэл тасралтгүй арав гаруй удаа  түрүүлсэн гэж түүхэнд бичсэн байдаг. Мөн Ардын засгийн анхны наадам болох Цэргийн наадамд нь бас нэг түрүүлж, дөрвөн удаа шөвгийн дөрөвт үлдсэн байдаг. Тэгэхээр миний аав Туурга тусгаар Монгол орон болж бусдын хараа хяналтгүй бие дааж хийж эхэлсэн наадмуудын анхны их аварга.Бүр түүхийн номонд бичсэн байдаг юм. Санах нь ээ,“1922 оны наадмын бөх Намын төв хороо, Ардын Засгийн газрын 1922 оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны баярыг жил бүрийн зуны сүүл сард тэмдэглэж өнгөрүүлж байхаар тогтоож, тэр жилийн эрийн гурван наадмын хүчит бөхийн онооны жагсаалтанд цэргийн гэдэг цоо шинэ нэр анх бичигдэж, 704 бөх барилдсанаас Вандан аварга мөн Архангай аймгийн Их тамир сумын Дүйнхэр тэргүүний хүү Далантай нар арвын даваанд шалгаран үлдэж, Вандан Далантайг дайрахад нь зүүн гараараа Далантайн баруун хөлийн гадна талын тахимаар нь авмагц баруун гараар цээжийг гэдрэг түлхэж, эгэм тахим мэхээрээ арвын даваанд орхиж, Ардын хувьсгалын анхны жилийн ойн цэргийн наадамд түрүүлсэн” гэсэн байдаг байх шүү. Энийг би аавынхаа тухай ярина гэж бодож цээжилсэн байсан юм.

-Гэхдээ улсад нэг удаа түрүүлсэн аварга хэмээн түүхэнд бичигдсэн байдаг бил үү?

-Харин тийм ээ. Улсад ганцхан удаа  түрүүлсэн аваргатай  адил хэмжээнд  үзэж байгаад гомдолтой явдаг. Аавынхаа монгол бөхийн түүхэнд үлдээсэн түүхэн амжилтыг төр засаг минь үнэн зөвөөр нь үнэлээсэй гэж хүсэж явдаг юм. Үр хүүхдүүд нь мал дагаж насаараа амьдарсан хүмүүс. Аавынхаа гаргасан амжилтыг үнэн зөвөөр нь үнэлүүлэх талаар огт хөөцөлдөж чадахгүй явсаар өдий хүрч байна. Нас өндөр болох тусам энэ талаар бодох юм аа. Миний аав яах аргагүй түүхэндээ улсын наадамд арав гаруй удаа түрүүлсэн бөх. Аавыгаа цаг төр, хувьсгалын завсрын үед монгол бөхийн түүхэнд тодрон гарч, ард олноо цэнгүүлсэн хүн гэж боддог шүү.

-Батцэнгэл суманд өнгөрсөн намар очсон. Танай аавын их сайхан хөшөөг сумын төвд босгосон байна лээ?

-Аавынхаа хөшөөг сумын төв дээр очоод харах сайхан байдаг. Хөгшин настай би аавтайгаа уулзсан юм шиг санагдаж эрхгүй л уйлна. Манай сумын Засаг дарга байсан Лувсаншарав гэдэг буянтай хүн  дүү Тэрбишийнхээ хамт хөөцөлдөж байгаад 1990-ээд оны эхээр хүнд хэцүү цагт аавын маань сайхан хөшөөг босгож, алдрыг нь тэмдэглэсэнд одоо хүртэл бид их баярлаж явдаг. Энэ жил сумын 90 жилийн ойгоор бас нэг хөшөө босгосон байна лээ. Их сайхан хийцтэй хөшөө болсон байна лээ.

-Аавын тань эдэлж хэрэглэж байсан зүйлс үр хүүхдүүдэд нь байдаг уу?

-Байгаа. Ээж минь амьд сэрүүн байхад аавын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг хувааж өгсөн. Одоо В.Ишванжил дүүгийн хүү И.Сосорбарам, И.Мөнхжаргал, И.Бат-Отгон нарт хаш хөөрөг, гаанс, хэт хутга, зодог шуудаг, мөсөн шагайны сум нь байгаа. Надад ээж минь аавын хэрэглэж байсан зааны ясан тоноглолтой том хэт хутга хадгалуулсан. 1970-аад оны үед аймгаас хүн ирээд "Аймгийн музейд хэт хутгыг нь үзмэр болгож тавих гэсэн юм. Өгчих” гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулсан. Одоо хүртэл аймгийн музейд байдаг юм. Аавынхаа хутгыг эргүүлээд авдаг ч юм бил үү гэж бодоод хөөцөлдөж үзсэн. Гэвч надаас авсан хүн аймгийн музейд мөнгөөр худалдсан болохоор эргүүлж авч болохгүй гэж музейн дарга нь хэлж байна лээ. Сумаас аавын хэрэглэж байсан шар нүдтэй, отго жинстэй малгай, зодог шуудгийг нь сумын музейд тавина гэж аваад тэд алдчихсан гээд өгөөгүй. Харин зодог шуудгийг нь арай гэж олж авсан. Дүүгийн хүүхдүүдэд байгаа. Ээж маань “Аавын чинь буянд хүний эдэлж хэрэглээгүйг хэрэглэж, идэж уугаагүйг ууж байсан, би азтай хүн. Аавыг чинь бурхан болсноос хойш мал нь хүний гараар орж байхгүй болоод, та нарыг  мөр бүтэн гэдэс дүүрэн өсгөхийн тулд эд хөрөнгийг нь худалдаж байж та нарыг өдий зэрэгт хүргэсэн юм  шүү” гэж ярьж байлаа. Аавыг бурхан болсноос хойш буур Жамьян аварга жил бүрийн Цагаан сараар манайд ирж, ээжтэй минь  золгодог байв. Аавыг дагаж бөх болсон гэж ярьдаг юм.

-Баруун аймгаас улсын алдар цолтой бөхчүүд цувран төрж байна. Вандан аваргын шарилыг Увс аймгаас ирсэн хүмүүс аваад явсан гэж ярьж байна лээ?

-Аавыг намар оройхон  өвөлжөөнд буухаас өмнө нас барсан гэж ярьдаг. Нутгийн хүмүүс  манай өвөлжөөнөөс холгүйхэн Тоглохын талд хөдөөлүүлсэн гэдэг. Үнэн худлыг нь мэдэхгүй. Нутгийн хүмүүс “Баруун аймгийн хоёр хүн тэмээ гүйлгэж ирээд, аавын шарилыг аваад явсан. Дараа нь том наадам хийсэн” гэж ярьдаг юм билээ. Алдарт бөхчүүдийн шарилыг авч яваад нутагтаа аваачиж найр наадам хийж, тахин залахаар нутгаас нь сайн бөх төрдөг гэж баруун аймгийнхан үздэг гэсэн. Тэгээд аваад явсан байж магадгүй гэж боддог юм. 

-Вандан аваргын удмаас барилддаг хүн бий юү. Мэргэжлийн сумо бөхөд  богино хугацаанд амжилт гаргасан А.Ичинноровыг зургаа дахь үеийн бөх гэж аав Ш.Алтанхуяг нь хэлж байсан?

-Миний дүү Ишванжилыг харсан хүн болгон л сайн барилдана гэдэг байлаа. Үнэхээр төгс бие галбиртай хүн байсан. Ахмад бөхчүүд харахаараа бөхийн олон шинж бүрдсэн, аавтайгаа их адилхан хүү юм гэдэг байлаа. Даанч 19 настай байхдаа сумын наадамд барилдаж үзүүрлэхдээ хүнд бэртэл аваад, түүнээс хойш барилдаж чадаагүй. Харин    түүний бага хүү И.Мөнхжаргал аймгийн начин цол авсан. Миний эмэгтэй дүү Нямжавын  зээ охин  Базарсүрэн самбо бөхийн спортын мастер цолтой хүүхэд бий. Ач, зээ нарын хүүхдүүдээс барилдчихаар бадриун биетэй өсгөлүүн хүүхдүүд харагдаад байгаа шүү. Мэргэжлийн сумод барилдаад байгаа А.Ичинноров яахын аргагүй аавын удмын хүүхэд. Аавын маань ойрын хамаатан Аасүрэн гэж хүний хүү юм, Ичинноровын аав нь. Төрөөд удаагүй байхад нь ээж нь бурхан болоод Ширээмашин гэж хүнд Алтанхуягийг өргүүлсэн гэдэг юм. Тэгэхээр яах аргагүй л аавын минь цусан төрлийн хүүхэд дээ, Ичинноров. Одоо сайхан барилдаж, Монголынхоо, аавынхаа, удмынхаа нэрийг дэлхийд гаргаж байна.

Аав тэр хоёр буурыг суран ногтоор оосорлоод хөтөлж гүйж байгаад хэд хэдэн удаа ёвроод л номхруулчихдаг гэж байгаа. Бүр аавын дуугаар намсхийгээд сургуультай амьтан шиг болчихсон байсныг ээж олон удаа харж байсан гэнэ лээ


Домогт Вандан аваргын охин В.ЦЭРЭНДОРЖ : Аав минь түрүүлсэн бөхийн бай торго, дурдан, амттан, хунз цайг нутгийнхандаа тарааж өгчихөөд ирдэг байсан гэнэ лээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:41:17
    I otgontuya: Domogt Bandan avargin hvv Ishvanjil tom egch Dulamjav dund egch Sterendorj Bag Nymjav egch
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-20 19:52:13
    Гантөгс: Энгүй их аваргаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-19 18:08:52
    Зочин: Сумын засаг дарга асан Д.Гантөмөр санаачилга гарган цолыг нь олгуулан хөшөөг нь босгосон түүхтэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188