• Өнөөдөр 2024-05-06

Хөдөлмөрийн баатар Д.РЕНЧИНХАНД: 82 настай намайг улсын наадамд нум татаж, сум харвахыг харсан залуу хүүхдүүд омогшиж байсан шүү

2023-07-23,   4019

1914 оны зун цагаантны цэргүүд Буриадын нутагт очиж, буриад залуусыг цэрэгт татаж эхэлжээ. Хүчээр элсүүлэхийг нь элсүүлж, тас зөрсөн буриадуудыг өчиггүй буудаж байж. Харин тэр үед Д.Ренчинханд гуайн өвөө цагаантны цэргүүдийн шахалтаас зугтаж, морьтойгоо ой руу ороод сураггүй болжээ. Араас нь хөөгөөд гүйцээгүй цагаантны цэргүүд эргэн гэрт нь очиж, хаалгыг нь гаднаас нь түгжиж, тойрч зогсож байгаад гэрийг нь нэвт буудсан гэнэ. Гэрт байсан 10 настай хүү амь үрэгдсэн ч золоор давхар биетэй эх амьд мултарчээ. Цагаантны цэргүүд явсны дараа тулгар биетэй эмэгтэй амь тэмцэн ой дундуур гүйсээр үүр хаяарч байх үед Монголын хил давж орж иржээ. Нөхөр, хүүгээ алдсан ч цагаантны цэргээс зугтаж, амь гарсан тэр зоригт эмэгтэй бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хүндэт мэргэн Д.Ренчинханд гуайн эмэг эх. Улмаар Дорнод аймгийн Баян-Уул суманд суурьшиж, Д.Ренчинханд гуайн ээжийг төрүүлжээ. Өдгөө тэдний үр хүүхдүүд өнөр өтгөн болж, Дорнод аймгийн Баян-Уул сумандаа нутаглаж байна.

                      Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн баяр наадмын сурын харвааны төрөлд 500 гаруй харваач оролцсоноос хамгийн ахмад нь миний дээр дурдсан зоригт эмэгтэй зээ, өдгөө 82 нас гарч яваа ахмад мэргэн Д.Ренчинханд гуай. Бид хоёр Төв цэнгэлдэхийн сур харвааны талбайд уулзан ийн ярилцлаа...

-АГСАЖ ГАРСАН ДӨРВӨН СУМАА БҮГДИЙГ НЬ ХАРВАХ ДҮРМИЙГ БИ ГАРГАЖ БАЙЛАА-

-Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойн баяр наадмын сур харвааны төрөлд оролцож, сумаа тавиад баяр дүүрэн суугаа болов уу. Та манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                  -Дэлгэр сайхан наадлаа. Тэр дундаа эрийн гурван наадамд залуу үе хүч түрэн орж ирж байгаад машид баяртай байна.

-Таныг энэ жилийн баяр наадмын сур харвааны төрөлд оролцож байгаа хамгийн ахмад мэргэн гээд олон ч газар онцолж байгаа харагдлаа. Наадамчин олон таныг их сураглаж ирж байна уу?

                  -Намайг 82 нас гарчихсан болохоор хүмүүс ч “Хамгийн хөгшин нь” гээд их анхаарч, санаа тавьж байна. Өдий насан дээр нум татаж, сум харвахыг минь харсан залуу хүүхдүүд омогшиж байсан шүү. 80 гарчихсан ч түмэн олныхоо өмнө нумаа татахтайгаа байгаадаа, сум тавихыг минь үнэлсэн түмэн олондоо талархлаа.

-Ер нь танай удамд мэргэн, сайн харвадаг хүн байв уу. Эсвэл та өөрийн сонирхлоор л харваж эхлэв үү?

                  -Би чинь читийн буриад шүү дээ. Эмэг эх маань Буриадаас орж ирэхээс өмнө нэг ах нь Монголд ирээд суурьшчихсан байсан юм билээ. Тэр өвөө их мэргэн хүн байсан тухай эмээ ярьдаг байв. Өвөөгийн үр хойч нар бүгд л сайн харвадаг, өдгөө хэд хэд нь мэргэн цол хүртэцгээжээ. Харин би сур харвааг нэлээн сүүлд сонирхсон. Бага байхдаа цанын спортоор их хичээллэдэг, сайн ч гулгадаг байлаа. Сурагч байхдаа цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд томчуудтай уралдаад, айргийн тавд хурдалж байв.

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрч байв. Цана, сур гэхээр багаасаа л их спортлог байжээ?

                  -Би хүүхэд нас Баян-Уул сумынхаа хөдөө нутагт, ээж, эмэг эхтэйгээ хамт өнгөрөөсөн. Багадаа хичээл, номондоо их шамддаг хүү байсан ч ээж, эмэг эхдээ туслахыг л бодож, хичээдэг байлаа. Гуравдугаар ангиа төгсөөд зуны амралт болгоноор тариа, ногооны талбайд шар хөтөлж, хэдэн төгрөг олоод ээж, эмэг эхдээ тус болно. Тэгсгэсээр зуны амралт дуусвал эргээд л хичээлдээ шамдана даа. Ер нь манай Баян-Уул чинь сур харваагаараа аймагтаа битгий хэл, улсад тэргүүлдэг сум. Манай сум 10 гаруй мэргэнтэй. Магад тэр ч намайг сур харваанд хөтөлсөн байх гэж боддог юм.

-Сур харвахын зэрэгцээ та Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайдаар томилогдож, “Эрдэнэт үйлдвэр”, Бор-Өндөрийн уурхайг байгуулах ажлыг удирдан явуулж байсан нэгэн. Хүүхэд байхын л спортлог, спортод сонирхолтой хүүхэд уул уурхайн чиглэлээр сурч, ажиллах болсон өөр шалтгаан байв уу?

                  -Анх би чинь уул уурхайн талаар ямар ч ойлголтгүй, геологичийн хуваарь авах сонирхолтой хүүхэд байлаа. Гэтэл Баян-Уул сумынхаа дунд сургуулийг төгсөөд байтал геологичийн хуваарь ирдэггүй ээ. Арга ядаад Аж үйлдвэрийн яам дээр яваад очтол “Чи Эрхүүд очиж сур” байна. Тэгж л 1961 онд Эрхүү хотын Политехникийн коллежийн оюутан болж, 1966 онд уулын инженер мэргэжилтэй болж ирсэн дээ.

-Ид уул уурхайн инженерээр ажиллаж байсан үеийнхээ дурсамжаас манай уншигчидтай хуваалцахгүй юу. Дээр дурдсан хоёр бүтээн байгуулалтаас гадна олон нүүрс, жоншны хүдрийн уурхайд ажиллаж байсан байх аа?

                  -Эрхүүд сурч ирчихээд ажлын гараагаа Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайгаас эхэлсэн. Бүрэнцогтын уурхайд уулын цехэд инженерээс эхлэн ажиллаж, цехийн дарга, үйлдвэрийн ерөнхий инженер болсон. Дараа нь Налайх, Адуунчулууны нүүрсний уурхай, Их хайрхан, Хар-Айраг, Бэрхийн хайлуур жоншны уурхайд ажиллаж байлаа. Тэгтэл 1972 он дундуур Аж үйлдвэрийн яамнаас намайг дуудуулж байна. Ажлаа орхиод очтол хэлтсийн даргаар томилж, би гэдэг хүн ажилласаар Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайдаар томилогдож байв. Цагтаа “Эрдэнэт үйлдвэр”, Бор-Өндөрийн уурхайг байгуулах ажлыг удирдан явуулж байсан ч одоо бол байдаг нэг ахмад уурхайчин болжээ (инээв).

 

-Тэр их бүтээн байгуулалтын зэрэгцээ сур харвааны спортоо ч орхилгүй, үнэхээр ажлыг амжуулж байжээ. Бас таныг Үндэсний сурын харвааны холбооны дэд тэргүүн байхдаа хэд хэдэн дүрэмд өөрчлөлт оруулсан нь өдгөө ч хэрэгжиж яваа гэж дуулсан. Та энэ тухайгаа сайхан яриа дэлгэхгүй юү?

                  -Би Аж үйлдвэрийн яаманд ажиллах байхдаа буюу 1976 онд Үндэсний сурын харвааны холбооны уралдаан, тэмцээн хариуцсан дэд тэргүүн болсон. Тэр үед сур харвааны тэмцээнийг одоогийн Төв цэнгэлдэхийн шагайн харвааны байранд зохион байгуулдаг байлаа. Эх орныхоо өнцөг, булан бүрээс цугласан мэргэчүүл багтдаг ч үгүй байсан. Харин би Үндэсний сур харвааны холбооны дэд тэргүүн байхдаа тэмцээнийг гадаа, задгай том талбайд зохион байгуулдаг болгосон. Мөн мэргэчүүл дөрвөн сум агсаж гарчихаад, яваа сайтай нэг сумаа хүүхдээр зөөлгөөд харвадаг байв. Тиймээс дүрэмд өөрчлөлт оруулж, агсаж гарсан дөрвөн сумаараа бүгдээр нь харвах дүрэмтэй болгож байлаа. Миний сурын харвааны төлөө хийсэн ажил гэвэл энэ л байна. Харин өөрөө ид сум тавьж байхдаа Бүх ард түмний анхдугаар спартакиадаас хүрэл медаль хүртсэн. Олон жил сур харваандаа үнэнч, холбоонд ч үр бүтээлтэй ажилласныг минь үнэлж, Хүндэт мэргэн цолоор шагнасан биз ээ. Мөн уул уурхайн салбартаа хийсэн ажлаа үнэлүүлж, өнгөрсөн хавар Хөдөлмөрийн баатар хэмээх цол хүртэж, төрдөө ажлаа үнэлүүлсэндээ баяртай байна.

-Одоо танайх хаагуур нутаглаж байгаа вэ. Үр хүүхэд, ач, зээ нараас тань сур харваж байна уу?

                  -Би 1990 он гаргаад Үндэсний сурын холбооны дэд тэргүүний ажлаа хүлээлгэж өгсөн. Сүүлд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн зөвлөх профессороор ажиллаж байгаад амралтдаа гарсан. Нийслэл хотдоо ач, зээ нарынхаа хамтаар аж төрж байна. Одоо 82 нас гарсан хүн өвөөгийнхөө ажлаас өөр юу хийх билээ (инээв). Харин ач, зээ нараас минь харвах сонирхолтой хүүхдүүд байна. Бүр хоёр нь ч улсын өсвөрийн сур харвааны тэмцээнд түрүүлсэн хүүхэд бий.

-Ярилцлагынхаа төгсгөлд шинэ, залуу үеийн харваачдад хандаж зөвлөгөө хэлэх үү. Та залуу үеийн харваачдаа хэрхэн харж байна вэ?

                  -Залуу, шинэ үе үнэхээр сайн, гайхалтай харваж байна. Орчин үед оноо авалт, өрсөлдөөн их болж, залуу харваач ч олон болжээ. 80 гарсан өвгөн ах нь одоо араас хүч түрэн гарч ирж байгаа шижигнэсэн сайхан залуу харваачдад юу хэлж чадах билээ. Сумаа тавьж байх нь л сайхан юм даа.

 

 


Хөдөлмөрийн баатар Д.РЕНЧИНХАНД: 82 настай намайг улсын наадамд нум татаж, сум харвахыг харсан залуу хүүхдүүд омогшиж байсан шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 08:02:29
    Мягмарсүрэн: Хөдөлмөр зүтгэлийн төрөл засаг сайн үнэлжээ.Сур харвааны эрдэм номыг сургуульд бага зэрэг заадаг болмоор юм.Сур харвааг зөвхөн аав ээж нь сур харвадаг хүүхдүүд л өвлөж сурч байна.Д.Ренчинханд танд эрүүл энх аз жаргал хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 07:34:15
    Enhbaatar: Mundag darga shuu urt naslaarai eruuul enhiig husei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 11:00:47
    Баттөмөр: Нутгийн баавайдаа эрүүл энх урт наслаарай гэж ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 09:21:03
    МАЙНБОЛД: Ах даа эрүүл энх, аз жаргал хүсэе!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188