• Өнөөдөр 2024-04-29

ТӨРИЙН ШАГНАЛТ Л.ВАНГАНЫ ГЭРГИЙ Т.ПЯЛЗАЙ: ХАНЬ МИНЬ ЗУУНЫ СУУТ СЭХЭЭТЭН, НАНДИН МЭДРЭМЖТЭЙ НАЙРУУЛАГЧ БАЙЛАА

2023-07-04,   3333

                Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжгийн зохиолч, найруулагч Ламзавын Ванган гэж шавилхан биедээ баймгүй их ухаантай, далай мэт өргөн сэтгэлтэй уран бүтээлч Монголын тайз, дэлгэцийн урлагийн ханыг босгож, унийг нь өлгөж, туурга, дээврийг нь тавьж, хаалга үүдийг нь дулаалчихаад түүндээ түүхэн болон хүний мөс чанар, хүнлэг сэтгэл ханхалсан олон сайхан жүжиг, кино, үргэлжилсэн үгийн зохиол бичиж, үзэгчдийн хүртээл, өв болгон үлдээгээд одсон байдаг. Мөн олон ч авьяастныг урлагийн замд хөтөлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх суурийг нь тавьж, амьдрал, уран бүтээлийг нь жигдэлж өгсөн байдаг.

             Ердөө 30 гаруйхан жилийн хугацаанд  л тэр энэ бүхнийг амжуулж, циркчин, зураач, найруулагч, зохиолч, багш, уран сайхны удирдаач, дарга, сайдын алба хашсан юм билээ. Үргэлж зохиол, бүтээл, хийсэн ажил, хэлсэн үг, тусалсан хүмүүсээрээ дурсагддаг тэр харин ямархан хань, аав, хүү байсныг өдгөөгийн бид төдийлөн мэдэхгүй. Иймээс “Эргэлт” сэтгүүлийнхээ хоёр дахь дугаартаа түүний хань Т.Пялзайг зорин очиж, ярилцлаа. Цагтаа театрын тайзнаа бүжиглэж явсан уян зөөлөн, сайхан сэтгэлээр дэлгэр тэр эмэгтэй өдгөө ч эр нөхрөөрөө бахархан, зохиол, бүтээлээр нь ном гаргахаар эмхэтгэж сууна лээ.

-Л.Ванган гуайг орчин цагийн залуус, зарим уншигч Монголын тайз, дэлгэц киноны нэрт зүтгэлтэн, жүжгийн зохиолч, найруулагч гэдгээр нь мэдэх ч хувь хүн талаас нь төдийлөн сайн мэдэхгүй байх. Мэдээж баримтат кино, хөрөг нэвтрүүлгээр нь түүний тухай дурсамж яриа дэлгэх нь бий ч танаас илүү ярих хүн байхгүй болов уу. Таны хань ямар зан чанартай хүн байсан бэ?      

                  -Хань минь өр зөөлөн сэтгэлтэй, уужуу тайван хүн байсан. Угаас оюунлаг завханчуудын удам гэдгээрээ их бахархдаг, үнэхээр ч оюунлаг, ухаалаг хүн байсныг би төдийгүй Монголын урлагийн нэрт зүтгэлтнүүд андахгүй хэлнэ. Аав нь нутаг усандаа нэртэй ном, бичгийн хүн байсан болохоор аавыгаа дагаад эрдэм номтой, ухаан төгөлдөр болон өссөн. Намайг анх бэр болоход аав дээр хүн их ирдэг байлаа. Дараа нь сонсоход аав өргөдөл их сайн бичдэг байсан юм билээ. Тэгээд хүмүүс өргөдөл бичүүлэхээр  очдог байсан нь тэр. Аав нь ийм үлгэр жишээ мундаг хүн болохоор миний хань гэрийн хүмүүжил их сайтай. Ханийгаа би авьяас, чадвартай, оюуны өндөр чадамжаа Монголын урлагт бүрэн дүүрэн харуулж, зориулж чадсан гэж боддог. Л.Ванган 1920 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бор эрэг гэх газарт төрсөн. Аав, ээжийнхээ гар дээр гэрийн хүмүүжлээр хүмүүжиж, монгол, төвөд бичиг тайлагдсан. Аав нь хотод өндөр алба хаших болсон учир Ванган хотод зургаан настай ирээд, найман настай бага сургуульд орж, гуравдугаар сургууль гэх үлгэр жишээ сургуульд долдугаар анги хүртлээ суралцсан байдаг. Элчин сайдаар ажиллаж байсан П.Шагдарсүрэн, зураач Л.Гаваа, эрдэмтэн С.Лувсанданзан нар Вангантай нэг анги. Ванган бага залуугаасаа хэнтэй ч найрсаг, нөхөрсөг, юунаас ч хойш ухардаггүй, хоцордоггүй, шаргуу дайчин хүү байсан болохоор ангийнхаа хүүхдүүдтэй сайхан нөхөрлөж, тэдэнтэйгээ өрсөлдөж, манлайлж явсан. 

           Ингээд дунд сургуулиа төгсөөд, ЗХУ-ын Монгол Рабфак сургуульд суралцаж байхад нь аав Ламзав нь хувьсгалын хэргээр баригдаж, цаазын ял авсан. Гэсэн ч ханиа алдаад удаагүй, хоёр өнчин хүүхэдтэй гэх шалтгаанаар цаазын ялаас мултарч, 10 жил шоронд суухаар болсон. Түүнээс болоод Ванган эсэргүүний хүүхэд гэдгээр сургуулиасаа хөөгдөн, Монголдоо ирсэн юм байна лээ. Нэг жил айлаар гэр хийж явсан. Энэ үед харин Ванганы аав Ламзавын төрсөн дүү Чүлтэм ихэд түшиж байсныг хань минь өөрөө ихэд талархан ярьдаг. Тухайн үед Ванган 17 настай байсан болохоор төдийлөн яах ийх учраа ч олохгүй байж. Тэгсэн нэг өдөр гудамжинд үл таних нэг хүн зөрөхдөө “Чи Ванган мөн үү. Хүү минь, их тоогүй юм болсон байна лээ дээ. Би болсон явдлыг  бүгдийг нь дуулсан. Чи одоо хаана байна вэ” гэсэн гэдэг. Тэгэхээр нь Ванган бүх учраа хэлтэл “За, хүү минь чи биеэ сайн хичээгээрэй. Хүн амьтантай хэрэлдэж, зөрчилдөв өө, тун эгзэгтэй мөчид зогсож байгаа шүү. Хичээж үзээрэй. Маргааш чи Холбооны техникум дээр очоорой. Ах нь чамд тусална” гээд духан дээр нь үнсээд явсан гэдэг. Хань минь нэг удаа “Тэр хүн миний аавын дотнын найз нь байсан юм билээ. Даанч би тэр үед нэрийг нь асууж чадаагүй үлдсэндээ одоо ч харамсдаг” гээд уйлаад ярьж байсан. Ханийн минь зохиолоор бүтсэн “Хүний мөр” киноны Магсар гуайг Вангантай дайралдсан тэр хүн байх гэж би боддог.

-Л. Ванган гуай Холбооны техникум дээр нь очсон уу?

               -Тийм ээ, Холбооны техникумд багшаар ажилд орсон. Олон талын мэдлэгтэй, өөрөө ч номтой хүн болохоор торох юмгүй ажилласан. Ванган аавынхаа дүүг Ээнээ гэж авгайлдаг байсан. Ажилд ороод, цалингаа аваад Ээнээгийндээ очсон байгаа юм. Ингээд 1936 онд Москвагийн циркийн сургуульд явсан. Төгсөж ирээд Бөмбөгөр ногоон театрт байсан циркийнхэн өөрсдийн гэсэн байртай болж, цирк байгуулагдахад, Ванган уран сайхны удирдаачаар томилогдон очсон. Циркэд тэр хар ажлаас нь эхлэн зураач, орчуулагч найруулагч, жүжигчин гээд бүх шатанд нь ажилласан.

-Аавыгаа шоронгоос гарч ирэхэд Л.Ванган зохиолч хэрхэн хүлээж авсан бол. Тэр үед хэдийнэ ажил төрөлтэй болчихсон байсан шүү дээ. Энэ тухай танд юм ярьж байв уу?

      -1946 оны Ардын хувьсгалын 26 жилийн ой болоход Ванганыг Зөвлөлт Холбоот Улсад найруулагчийн мэргэжлээр суралцуулах шийдвэрийг дээд удирдлагаас нь гаргасан юм билээ. Тэр үед аав нь шоронгоос суллагдсан. Иймээс Ванган явахынхаа өмнө аавыгаа амьдрах сууцтай болгохоор, тухайн үеийн дүрслэх урлагийн байгууллагатай гэрээ хийгээд, хоёр уулын зураг зурахаар болж, шуудангийн машинд суугаад Завхан аймгийг зорьсон байдаг. тэр эхлээд Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхны зургийг зурж, дараа нь Зэргийн нурууны зургийг зураад хотод ирсэн байгаа юм. Ингээд зургийн гэрээ хийсэн газар нь Ванганд 10 мянган төгрөг өгснөөр хашаа, байшин авч, аавыгаа оруулаад, хашаандаа Ээнээгийнхийгээ буюу аавынхаа дүүгийнхийг буулгаж хань болгоод, найруулагчийн мэргэжлээр сурахаар алтан Москваг зорьсон байдаг. Тэр хашаа одоогийн Спортын төв ордны сууринд байсан. Түүний аливаа асуудлыг шийддэг, ямар ч зүйлд тун чадвартай, санасан бүхнээ гүйцээдэг зан чанарынх нь ганцхан жишээ л энэ. Ердөө 26 насандаа л гэхэд ийм дайчин, бодлоготой хүн байсан байгаа юм.

-“МИНИЙ МААМ” ГЭЭД НАМАЙГ ИХ ХАЙРЛАДАГ БАЙЛАА-

-Алтан Москвад хэрхэн суралцсан байдаг вэ?

               -Зөвлөлт Холбоот Улсад Гэндэн хамт суралцаж байсан. Ангийн багш нь Алексей Дмитрович гэж хүн байсан юм билээ. Ванганыг Орост таван жил суралцаад, улаан дипломтой төгсөөд, “Хурим” гэх жүжгээр дипломоо хамгаалж, ангийнхаа хүүхдүүдийг гол дүрд нь тоглуулахад багш нь ихэд баярлаж, “Азиас ирсэн их ухаан” гэж түүнийг тодорхойлсон байдаг. Тэр мөн айхтар багш шүү. Үнэхээр л миний хань юм бүхэнд их ухаан гаргадаг байсан даа. Ингээд Ванганыг Монголд ирэхэд ах, дүү нарынх нь амьдрал овоо цэгцэрсэн байсан бөгөөд анх театрт найруулагчаар томилогдон очиход Ардын жүжигчин, алдарт найруулагч Ю.Оюун, Ардын жүжигчин Н.Цэгмид дарга хоёр хүлээж авсан гэдэг.

-Та хоёр анх хэрхэн танилцаж байв?

             -Ванганыг Зөвлөлт Холбоот Улсаас Хөгжимт драмын театрын найруулагчаар томилогдон ирэхэд нь  би театрын бүжигчин байлаа. Тухайн үед шинэ найруулагч ирсэн гэх сураг сонссоноос барааг нь  хараагүй байлаа. Харин Ванган миний бүжиглэж байгааг харсан байгаа юм. Ингэж бид анх танилцсан. Түүнээс хойш уулзаж явсаар 1951-1952 он шилжих мөчид циркийн тоглолтын үеэр Ванган “Би театрын жүжигчин бүсгүйтэй гэрлэлээ” гэж албан ёсоор зарлаад, оргилуун дарс буудуулснаар бид нэг гэрт орж, айл болж байсан даа. Тэгээд л би Ванганыхаа ааваас галынх нь хайч, шанага, тогоог хүлээж аваад, бэр нь болж байлаа.

-Анх Л.Ванган найруулагчийг харахад  танд ямар санагдаж байсан бэ?

            -Театрын найруулагчаар ирсэн, ирээдүй ханийгаа анх хараад “Ямар сайхан хүн бэ” гэж бодсон. Тухайн үед театрын найруулагч, дарга нар жүжигчдийг суулгаад, яриа хийдэг байсан. Би ёстой анх харсан шигээ л их сайхан хүнтэй ханилсан. Сайхан ч амьдрал, уран бүтээлчийн зам руу орсон. Тухайн үедээ би сайн мэдээгүй ч амьдралынхаа турш “Ямар сайхан хүнтэй суусан юм бэ” гэдгээ мэдэрч, баярлаж амьдарч байна даа. Үнэхээр цагийг эзэгнэсэн мундаг хүний хань болоод хорвоог туулсандаа бахархаж, хувь заяандаа талархдаг. Дүр төрх, гадаад байдлынх  нь хувьд мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж, хамтран ажиллаж байсан хүмүүс нь бас их сайхнаар ярьдаг. Д.Пүрэвдорж гуай ханийн минь тухай “Уран сайхны удирдаач Л.Ванган гуайг анх сууж байхыг нь харахад, халимагаа жаахан хажуу тийш нь самнасан их гоё хүн байсан. “Их гоё залуу юм даа” гэж би харж байсан. Харин босоод явсан чинь их өргөн бадриун цээжтэй хэрнээ намхан хүн байсан” гэж ярьсан байдаг. Үнэхээр дүр төрхийн хувьд тийм. Гэхдээ ааш зан үнэхээр сайтай, цаанаа нэг сэтгэл татам, хүний зүрх сэтгэлд хүрдэг хүн байлаа.

-Танд хайраа хэрхэн илэрхийлдэг байсан бэ. Нээлттэй хүн үү, үг дуу цөөтэй, даруу хүн байв уу?

            -“Миний маам” гээд намайг их хайрладаг байсан. Хайр нь бүр мэдрэгддэг байсан. Харин би түүнийгээ аав гэнэ. Ажилдаа явахдаа “Аав нь явчихаад ирье” гээд явдаг. Айхтар шал пал зан багатай, төлөв түвшин, даруу дөлгөөн хүн байсан. Уг нь Орос оронд сурснаараа, уншсан судалснаараа бол яаж ч жүжиглэж, ямар ч сайхан үг хэлж чадах шүү дээ. Гэтэл тэгж худлаа зан гаргаж байгаагүй. Чин үнэн сэтгэлээсээ ихэд хүндэтгэж, хайрладаг нь эелдэг зөөлөн харилцаанаас нь мэдрэгддэг байсан. Ванган намайг энэ амьдралд ёстой  алхаагаараа дагуулж явсаар байгаад л нэг л мэдэхэд бид дөрөв, таван хүүхдийн аав, ээж болсон доо.

-Та бүжигчнээрээ удаан ажилласан уу. Хэзээнээс больсон бэ?

           -Би 1951 онд алдарт “Үелзүүр”-ийг бүжиглэдэг бүжигчин Ц.Дашдулам багшийн шавь болон театрт хоёрдугаар зэргийн бүжигчин болсон. Дараа нь  Хөгжимт драмын театрт бүжигчнээр ажиллаж байгаад 1962 оны гуравдугаар сарын 16-нд халагдсан. Учир нь, тухайн үед одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын байшинд драм, хүүхэд, дуурь гээд гурван театр нэг дор байлаа. Энэ гурван театраа тусад нь гаргах санааг Ванган гаргасан. Ванганыг Хүүхэлдэйн театрын найруулагчаар ажиллаж байхад уран сайхны удирдаач хийж байсан Ю.Оюун багш саарал ордон руу дэвшсэн юм. Тэгэхэд Ванганыг түүний оронд уран сайхны удирдаачаар томиллоо. Ванганы гурван театрыг тусад нь гаргах саналыг тухайн үеийн Соёлын сайд Ж.Болд их дэмжсэн. Гэхдээ Ж.Болд сайд Ванганд “Чи уран сайхны удирдаачаасаа боль. Соёлын дэд сайдаар ажилла. Энэ гурван театрынхаа асуудлыг чи өөрөө Саарал ордон руу орж, ярьж, ойлгуул” гэсэн байгаа юм. Ингээд л Ванган 1955 онд Соёлын  дэд сайд болж байлаа. Тухайн үед манай гэрт хамгийн их яригдаж байсан зүйл нь гурван театрын боловсон хүчинг бэлдэх асуудал. Ванганы хамгийн сайн найз нь зураач Л.Гаваа. Театрынхаа тухайд тэд гэртээ ирэхээрээ ярьдаг байв. Хүмүүс Ванганыг Соёлын дэд сайд болоход “Ёстой өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унана гэдэг энэ дээ” гэж “явуулж” байлаа. Ванган санасан, бодсон зүйлдээ заавал хүрдэг болохоор Соёлын сайд болоод л гурван театрын боловсон хүчний асуудлыг шийдэж эхэлсэн. Эхлээд 18 хүнийг найруулагчаар сонгон сургах ажлыг зохион байгуулсан. Энэ баг бүрэлдэхүүнд Л.Цогзолмаа, Ө.Рэнцэнноров, С.Сугар гээд одоо театрын алтан үеийн мундагууд багтаж байсан. Багшаар нь Ванган өөртэйгээ хамт Орос найруулагчийн анги төгссөн Никитэн гэх хүнийг ажиллуулсан юм. Мөн хэсэг залуусыг хойш нь найруулагчийн мэргэжлээр сургахаар сургуульд явуулж, 12 хүнийг Уралын Пермь хот руу бүжигчнээр сургахаар явуулсан. Ингэж тэр театрын боловсон хүчнийг хангах ажлыг зохион байгуулсан. 1962 онд 18 настай 12 бүжигчин сургуулиа төгсөөд ирэхэд театраас 12 бүжигчнийг чөлөөлсөн. Ингээд л би театраас гарсан юм. Намайг үлдээвэл хэл ам гарна шүү дээ. Ванган “Чи маргааш Соёлын яаманд очоорой. Чамд ажил бий” гэсэн. Маргааш нь яваад очтол, Хөгжим бүжгийн сургуулийн орос багшийн туслахын ажил байсан. Тухайн үед мөн Улсын багшийн дээд сургуулийн дэргэд драмын жүжигчдийн анги байгуулсан. Шинэ залуу ардын авьяастан төрсөн ёстой л бужигнасан он жилүүд байлаа. Гадаад руу сургуульд явуулсан боловсон хүчнүүдээ ирэхээс өмнө гурван театрыг тусад нь гаргах нүүлгэлт гэж жигтэйхэн сүртэй ажил өрнөсөн. Энэ бүхнийг зохион байгуулахад Ванганыг дэмжиж, ажиллах бүх бололцоогоор нь хангаж байсан хүн бол Ж.Болд сайд. Их хүнлэг, уран зохион байгуулалттай хүн байлаа. Ингээд гурван театрыг тусад нь гаргаж, боловсон хүчнийг бэлтгэчихээд Ванган дэд сайдын ажлаа Ч.Лодойдамбад шилжүүлээд, өөрөө театрын найруулагчаараа эргэж ажилласан. Ээ дээ, мөн нөхцөлгүй бужигнаан болсон доо.

-Үүний дараа Монгол кино үйлдвэрт найруулагчаар очсоноор уран бүтээлээ хийх эрчимтэй цаг хугацаа нь эхэлсэн үү?

           -Тийм ээ, 1964 онд Монгол кино үйлдвэрт очсон. Ханийн минь олон сайхан кино уран бүтээл бий л дээ. Соёлын дэд сайдаар ажиллаж байхдаа түүхэн сэдэвтэй кино хийсэн нь “Өглөө”, “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Салхины амт.” Кинонд гарч байгаа дүр бүхэн нь Ванганы дотоод сэтгэлийн дуулал, уулзаж, учирсан хүмүүс нь байдаг. Мөн “Жирийн хүмүүс”, “Тожоо жолооч”, “Арвай хээрийн талд”, “Тамирын бэр”, “Эзэд”, “Худалдагчийн зүүд”, “Хувиа бодогчид” зэрэг жүжгийн зохиол бий.  

-Өдөр нь албаны ажилтай хүний хувьд зохиол, бүтээлээ хэдийд нь бичдэг байсан бол. Шөнө их суудаг байсан уу?

            -Үгүй ээ, айхтар шөнөжин суухгүй. Шөнийн 00:00 цагаас хойш зохиолоо хоёр, гурван цаг бичээд л унтсан байдаг. Харин тасралтгүй бичих дадлыг өөртөө суулгасан хүн. Түүнээс нэг их зовж, зүдэрч юм хийдэггүй. Их бодож, шууд буулгадаг байсан. Сэдвийг харин хаанаас ч олдог, хардаг. Нэг удаа гудамжинд явж байсан чинь Ванган шинэ хадаас олчихоод, “Энэ хар аа, манайхан өөрсдөө хадаас хийж чадахгүй. Хэдэн малаа тоолж өгч авчихаад гудамжаар нэг хаядаг байна шүү дээ” гэж хэлж байсан. Үүнээсээ ургуулаад л санаа авч, зохиолоо бичнэ.

-Ганган хээнцэр хүн байсан уу. Даруухан хувцасладаг байв уу?

              -Даруу хүн байсан. Ажил их болохоор гэрийн асуудалд тэр бүр оролцож амжихгүй. Би өөрөө мэдээд костюм, пальтог нь авна. Нэг тийм хэт тод өнгөтэй биш, бүр хар бараан биш, завсрын өнгөтэй хувцас сонгоод авчихдаг байсан. Тэгээд л ажил, томилолтоор яваад ирэхээрээ “Манай маам надад ямар гоё хувцас аваа вэ” гээд инээдэг сэн. Гэртээ бараг байдаггүй болохоор хоол, хийж, хувцас угаах ажлыг хаа нэг хийнэ. Хааяа нэг амрахаараа угаалгын машин дүнгэнүүлээд, хүүхдүүдтэйгээ бужигнаж, хачин сайхан амттай хоол хийнэ. Зав даанч ховор болохоос сэтгэл нь бол бүх зүйлд хүрдэг байсан.

-Аав хүнийхээ хувьд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдаг байсан бэ?

      -Хүүтэйгээ их ярина. Хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хуралд сууна. Нэг өдөр хүүгийнхээ эцэг, эхийн хуралд очтол  багш нь манай хүүг “Хичээлдээ сайн боловч тогтвортой суудаггүй” гэж хэлж л дээ. Тэгээд Ванган түүнийг нь шүүмжилж, сууж сургах гэж хичээдэг байсан нь санаанд тод үлджээ.

-Олон ч хүн Л.Ванган гуайн ачаар ажил, амьдралтайгаа золгосон байдаг юм билээ. Ажлаасаа гадна хүний төлөө их явдаг байсан байх?

             -Тэр талаар бол ярилтгүй. Ванган зураач, Ванган дарга гээд түүнгүй юм байхгүй. Манайх чинь дугуйлан шиг л олон хүн орж, гарсан айл байлаа. “Арван Ванганы ажлыг хийж байна” гэж өөрөө хэлж байсан. Ванган гэдэг чинь тэр л байхгүй юу. Тэгж олон хүнтэй уулзаж, ажил төрлөө амжуулж явахдаа архи дарсыг харин тун тохируулан хэрэглэнэ. Гадаад, дотоод гээд яваагүй газар байхгүй хүн чинь хэрхэн уухаа мэддэг. Хүнд туслахын тухайд нь ганцхан жишээ ярья. Ж.Самбуу дарга тухайн үед шоронгоос хоёр хүн суллах шийдвэр гаргасан юм. Ванган нэг орой хоолоо идэж байснаа “Би шоронгоос суллагдаж байгаа хоёр хүний нэг болох Сэрээтэрийг дааж авна. Гэртээ авчирна” гэдэг юм байна. Би ч жаахан жийрхэж “Чи одоо зохиол гээд энэ гэрийг дугуйлангийн байр шиг болгочихоод, дээрээс нь хоригдол авчрах чинь дутаа юу” гэлээ. Хэсэг дуугүй сууж байснаа “Би Сэрээтэрийг авчрах болно” гээд гараад явсан. Тэгээд л хоёр гурав хоногийн дараа алаг хувцастай хүн дагуулаад ороод ирсэн. Санасныг бодоход нүдэнд дулаахан хүн байсан. Тухайн үед Сэрээтэрийн эхнэр Чанцал хоёр хүүхэдтэйгээ хотод байсан юм билээ. Тэгээд манайд гэр бүлээрээ хэсэг байсан. Нэг өдөр Ванган Саарал ордон орж, Сэрээтэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгаа Зоргол хайрханы уурхайд ажилчнаар оруулахаар болсон. Сүүлд нь сонсоход, Сэрээтэр чинь орос, монголоор ярьдаг, шоронд  цөөнгүй орсон хүн байсан юм билээ. Гэхдээ хөгжим тоглож, бүжиг бүжиглэх авьяастайг Ванган мэдээд, түүн дээр нь дөрөөлж, засаж авъя гэж бодсон гэж байгаа юм. Үнэхээр ч Ванган тэднийг зөв замд нь оруулж, Сэрээтэр уурхайд ажиллаж байхдаа албан тушаал дэвшиж, дараа нь Архангай аймагт Соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. Эхнэр нь алдарт эх болж, амьдрал нь ёстой дэвжиж дээшилсэн. Ханийн минь хүнд тусалж, хүнийг зөв замд нь оруулсны ганцхан жишээ гэхэд энэ.

-Найруулагчийн ажлаа сүүлд яагаад больсон юм бэ?

              -Цаг үе, өөрийгөө хачин их мэдэрдэг хүн байсан. Нэг удаа гэртээ  “Одоо ч найруулагч олширлоо. Дараагийн хүнд халаагаа өгөх хэрэгтэй” гэж ярьж байсан юм. Ингэж юмыг мэдэрдэг, түрүүлээд ойлгодог сайн удирдагч байлаа. Зураач, найруулагч, орчуулагч, уран сайхны удирдаач, зохиолч гээд урлагт ёстой гараа дүрээгүй, оюун бодлоо уудлаагүй, тархиа нэрээгүй төрөл байхгүй. Энэ бүх ажлыг амжуулж, гүйдэг байсан болохоор нь би ханьдаа нэг ч удаа гэрийн ажилд оролцсонгүй, би л ганцаараа үр хүүхдээ өсгөж, гэр орноо авч явж байна” гэж хэлж байгаагүй. Хэлэх ч аргагүй.

-Таны хань 40 гаруйхан насандаа өөд болж, Монголын урлагт том гарз тохиосон. Тэр үеийг дурсан ярьж болох уу?

              -Ханийн минь шар өвчин нь хүндрээд өөд болсон. Миний хувьд ч 40 хүрээгүй, залуухан байхдаа хүүхдүүдтэйгээ ханиасаа өнчирч үлдэхэд хүнд байсан. Гэхдээ хань минь миний хажууд байхгүй ч үлдээсэн үйл хэрэг, алдар гавьяа, бүтээл, туурвил нь мөнхөд оршиж, үүрд бид бахархан хайрласаар байх билээ.

         Ингэж өгүүлээд, Т.Пялзай гуай цааш яриа дэлгэсэнгүй. Үг бүрдээ “Ванган бол их чадвартай хүн” хэмээн давтаж, тэгснээ хэсэг чимээгүй болж, ханийнхаа тухай ярихдаа нэг тийм хүүрнэл зохиол уншиж байгаа юм шиг ярих нь сайхан байлаа. Магад тэр энэ л ярианы дараа Дуурь бүжгийн эрдмийн театраас гэр хүртлээ ханьтайгаа хамт алхаж явсан залуу сайхан насаа дурссан байх аа. Залуу цагийнхаа тухай “Ванган бид анх танилцахдаа хоёр жоодгор хүүхэд л байлаа. Ванган албан тушаал ахих тусмаа оюун санаа, үзэл бодлоороо улам зузаарч, би ч дагаад амьдралыг ойлгох ухаантай болох аядаж байлаа. “Хань минь миний насан туршийн бахархал зүг чиг минь байлаа” гэсэн билээ.


ТӨРИЙН ШАГНАЛТ Л.ВАНГАНЫ ГЭРГИЙ Т.ПЯЛЗАЙ: ХАНЬ МИНЬ ЗУУНЫ СУУТ СЭХЭЭТЭН, НАНДИН МЭДРЭМЖТЭЙ НАЙРУУЛАГЧ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-04 18:53:50
    Зоёин: Гоё зураг тавихгүй тээ. Хүүхдүүд нь хаана яаж амьдардаг юм болоо. Өшөө гоё дэлгэрэнгүй бичэхгүй яаваа кк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-03 07:27:59
    зочин: үнэхээр агуу суут ухаант хүний тухай уншихад таатай байлаа, танд урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-30 16:48:10
    Зочин: Одоогийн ардын жүжигчин, гавьяат жүжигчин ахмад уран бүтээлчид нэвтрүүлэг, ярилцлага, бүх юмандаа Ванган багш гээд бахархан ярьдаг. Энэ хүнийг бүгд ярьдаг /нэгэн үеийн урлагийнхан нь/ Алдарт Түмэндэмбэрэл гуайг ч анх дуучнаар төв театрт оруулж өгсөн хүн юм байна лээ. Үнэхээр л сод хүн байсан гэдэг нь мэдрэгддэг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-30 11:19:10
    zochin: Mongoliin aguu kino nairuulagch VANGAN guain gergiin xani ijlee dursaj bui enexuu saixan yariltslagiig unshaad ene mundag xunii tuxai olon saixan zuiluudiig medej avlaa Tanid eruul enx az jargaliig xusie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188