• Өнөөдөр 2024-05-03

Э.БАТ-ҮҮЛ: НАД РУУ ДАЙРСАН 30 ГАРУЙ ЖИЛИЙГ ААВЫНХАА ХЭЛСЭН ҮГ, ӨГСӨН ЗОРИГООР Л ДАВЖ ЯВНА ДАА

2023-06-15,   2703

-БИ МӨРИЙТЭЙ ТОГЛОЖ, ААВЫНХАА УРМЫГ МУУХАЙ ХУГАЛЖ БАЙСАНДАА ГЭМШДЭГ-

            Хөгжил муутай ч эрх чөлөөт хотод бид амьдарч байна. Адал явдал, үйл хэргээр тасардаггүй энэ хот бол улсын нийслэл Улаанбаатар. Энэ хотыг тэртээ Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж асан үед уран бүтээлээ туурвиж, хүн ардаа соён гэгээрэлд хөтөлж, утга зохиолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бичгийн их мастер С.Эрдэнийн хүү Монгол Улсын Баатар Бат-Үүлтэй ярилцахаар гэрээсээ гарлаа. Бидний уулзахаар товлосон цаг болоогүй тул чихэвчээ зүүн хотын гудмаар дуу сонсон, ойр орчноо анзааран алхлаа. Том оврын автобус дуут дохиогоо хангинуулж, тээвэр хийгээд, саяхан үүдээ нээж буй цэцгийн дэлгүүрээс анхилам үнэр хамар цоргино. Өдрөөс өдөрт өндөр барилга, өргөн замаар хүрээгээ тэлж буй хотыг алтан наран цацраг бүрээрээ ээнэ. Их дэлгүүрийн урд талын “Битлз”-ийн хөшөөний дэргэд очоод Э.Бат-Үүл баатар руу утас цохилоо. Ярилцагч маань “Түр хүлээж байгаарай” гээд утсаа салгав. Чихэвчээ зүүтэл “Битлз”-ийн дуу эгшиглэх нь дэргэд буй хөшөө нь дуулж буй мэт... Энэ л хамтлагийн дууг Э.Бат-Үүл баатар дуулах, сонсох дуртай. Хэсэг хугацааны дараа саравчтай малгай тавьж, хар шил зүүсэн ярилцагч маань нааш алхаж харагдлаа. Бид мэнд мэдээд ойролцоох Кофе шопод сууж хөөрөлдөхөөр болов. Замдаа Э.Бат-Үүл баатар “Миний аав Ардын уран зохиолч, Төрийн шагналт С.Эрдэнэ.  Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн хүн. Эхээс дөрвүүлээ боловч хоёрыг нь айлд өргүүлсэн юм билээ. Тэгээд аав дүү, ээжийн хамт амьдарч байгаад Офицерийн сургуульд суралцахаар хотод ирж суурьшсан байдаг юм” хэмээн ярьсаар бид дотогш орлоо.

            Ардын уран зохиолч, Төрийн шагналт С.Эрдэнийн уран бүтээл монголчуудын оюун санаанд өнөөдрийг хүртэл амь халуунаараа байдаг бол түүний хүү Бат-Үүл өмсөх хувцас, идэх хоолоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөг бидэнд олгосон. Аав, хүү хоёрын энэ гавьяаг, эх оронч үзлийг хүндэлдэггүй хүн үгүй биз ээ. Миний өөдөөс харан суугаа энэ хүн бол Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл. Цус гаргалгүй хувьсгал хийсэн баатар. Энэ эрхэм хүнтэй аавынх нь тухай хөөрөлдөхөөр болсон өөртөө итгэж ядан эхний асуултаа тавилаа. 

-Аавыг тань Монголын ард түмэн андахгүй. Уншигчдынхаа оюун санаанд одоо ч амьдарсаар буй энэ хүний бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Энэ талаарх түүхээр хоёулаа хөөрөлдөөнөө эхлэх үү?

            -Аав минь Хэнтийн аймгийн Биндэр, Дадал сумын заагт Сэрүүн галтай гэдэг газар 1929 онд төрсөн. Аавыг жаахан хүүхэд байхад БНМАУ-д хэлмэгдүүлэлт болж, буриад зон олноороо  хэлмэгдүүлэлтэд өртсөн. Хүнд жилүүд өнгөрсөн байдаг. Ер нь амьдрал тэр аяараа их бэрх болсон юм билээ. Нэг намар Сэрүүн галтайн ууланд түймэр гарч, аавын минь аав Сэнгэ гэж хүн түймэр унтраах дайчилгаанд явж, эргээд гэртээ ирэхэд нь ногоон малгайтнууд бариад явсан гэдэг. Тэр цагаас хойш аав минь аавтайгаа дахиж уулзаагүй. Сүүлд сонсоход, Хэнтий аймгийн Өндөрхааны арын жалганд буудсан байна лээ, өвөөг минь. Уг нь зүгээр энгийн малчин шүү дээ.

            Өвөөг хэлмэгдүүлэлтэд өртсөний дараа өнчин өрөөсөн хүүхдүүд амьдрахад бэрх болж, нутгийн айл хоёрыг нь өргөж авсан гэдэг. Эр хүнгүй болсон айлд ямар л олигтой амьдрал байв гэж, тэгээд л хоёрыг нь өргүүлсэн хэрэг.

 

хэцүү үед эмээ маань хүүхдүүддээ боловсрол олгох гээд зүтгэчихсэн юм билээ

-Хэлмэгдүүлэлт, дайн гээд араасаа залгасан хүнд үед аав тань боловсрол эзэмшиж чадсан нь үнэхээр гайхалтай санагдаж байна. Аавыг тань хэн эрдмийн зам мөр рүү хөтөлсөн байдаг бол?

            -Эмээ минь Янжмаа гэж маш ухаалаг, сэтгэлийн хаттай хүн байлаа. Нөхрөө хэлмэгдүүлэлтээр алдчихсан, дөрвөн нялх хүүхэдтэй өрх толгойлоод үлдсэн. Тэр хэцүү үед эмээ маань хүүхдүүддээ боловсрол олгох гээд зүтгэчихсэн юм билээ. Хүнд, хэцүү үеийг боловсролын хүчээр давна гэдгийг хар ухаанаараа мэдсэн байгаа юм. Тиймээс өөр дээрээ үлдсэн хоёр хүүхдээ боловсролтой болгох гээд Биндэрийн сургуульд элсүүлж, өөрөө Сэрүүн галтайдаа ганцаараа үлдсэн байдаг. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдтэйгээ уулзахын тулд мориор нааш, цаашаа их явдаг байж. Нэг удаа хүүхдүүдтэйгээ уулзаж, сэтгэл нь өег сартай шөнө шогшуулж явтал араас нь чоно хөөж, тэр үед эмээ маань их айсан гэдэг. Чоно чинь дорой, хүч муутай амьтныг мэддэг. Түүнээс тэнхээтэй хүний араас дагаж, дайрдаггүй л дээ. Эмээ минь арай чүү амьд мэнд үлдсэн байдаг. Цас шуурга, элдэв бэрхшээлийг үл тоон хүүхдүүдээ л боловсролтой болгох гэж  тэгж зүтгэсэн мундаг ухаантай эмэгтэй байжээ, эмээ минь. Аавыг Биндэрийн сургуулиа төгссөний дараа Улаанбаатар руу Офицерийн сургуульд явуулсан. Дайн болох гээд офицер бэлтгэх зорилгоор байгуулагдсан сургууль. Харин дайн дууссаны дараа татан буугдсан түүхтэй. Тэгээд аав Анагаах ухааны сургуульд элсэн орж, сэтгэл мэдрэлийн эмч болсон юм билээ.

-Дайны өмнө Офицерийн сургуульд сурч байсан гэхээр дайнд оролцож байсан гэсэн үг үү. Дайны тэр хар, бараан жилүүдийн тухай аав тань юу дурсдаг байв?

            -Аав 16 настай Офицерийн сургуульд орсон. Насанд хүрээгүй болохоор дайнд яваагүй юм билээ. Харин ах нь дайнд яваад ирсэн. Ахаасаа сонсож, мэдсэн зүйлээ өөрийн уран бүтээлдээ илэрхийлэн бичдэг байсан. Үүнийг нь хүмүүс аавыг дайнд явсан мэтээр ойлгоод байдаг талтай.

            Түүхийн нэг адармаатай зүйл манай аавын амьдрал дээр харагддаг. Жишээ нь, аавыг нь эсэргүү гээд хэлмэгдүүлчихсэн. Гэхдээ Монголд бол Зөвлөлт Холбоот Улс  шиг ураг, төрлөөр нь хэлмэгдүүлдэг улайрсан хэлбэр байгаагүй. Түүний жишээ аав байхгүй юу. Хэдийгээр аавыг нь хэлмэгдүүлсэн ч хүүг нь сургаж, боловсруулах нь төрийн бодлого байсан. Тэгэхээр эндээс юу харагддаг вэ гэхээр, хэлмэгдүүлэлт бол гаднынхны шахаагаар хийгдсэн ажил. Тийм учраас тухайн үеийн удирдагчид хэлмэгдэгсдийн хүүхдүүд рүү халдаагүй. Үүний гэрч бол аавын минь намтар юм. Жирийн малчин өвөөг минь хэлмэгдүүлэхдээ аавыг хамт хэлмэгдүүлсэн бол С.Эрдэнэ гэдэг зохиолч байхгүй байх байлаа шүү дээ.

-С.Эрдэнэ гуайг утга зохиол шимтэн сонирхогчид болон мэргэжлийн шүүмжлэгчид сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер гэдэг. Үүнийг ч та олон сонссон байх. Хүний сэтгэлийг хөдөлгөж, оюун ухааныг нь алмайруулсан бүтээл туурвидаг байсан нь юутай холбоотой вэ. Та дэргэд нь төрж, өссөн хүний хувьд сайн мэдэж байгаа шүү дээ?

             -Аав өөрөө сэтгэл зүйн эмч байсан учраас хүний дотоод ертөнцийг танин мэдсэнд байдаг болов уу. Хүн харилцааны тэр нарийн мэдрэмж, ойлголцлыг бичгээр илэрхийлж чадсан нь гайхалтай л даа. Аав хүний тухай, дотоод ертөнцийн тухай ихэвчлэн бичсэн байдаг.  Аав маань их сургуулиа төгсөөд Шар хадны эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хүний сэтгэл зүйн үйл явцыг их сайн ажиглаж, таньж мэдсэн байгаа юм. Хүний сэтгэл зүйн онцлогийг мэдсэн хүн угаасаа л уран зохиолч болдог. Хүний дотоод ертөнцийг сонирхсон хүмүүс зохиолч болсон жишээ олон бий. Үүний нэг жишээ бол аав байхгүй юу.

Аав маань хэнтэй ч илэн далангүй ярьж хөөрдөг, бусдыг ад үздэггүй хүн байлаа

-Хүн механизмын хувьд өдөр бүр өөр өөр маск зүүж явдаг гэх философийн онол байдаг. Тэгэхээр хүн ажил, гэр, олон нийтийн газарт явахдаа өөр өөр зан араншин, үйлдэл гаргадаг гэсэн үг. Сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер С.Эрдэнэ гуай ямар зан араншинтай хүн байсан бэ?

            - Миний аав их гэр бүлсэг хүн. Хүүхдүүд, эхнэртээ амь хүн байлаа. Энэ нь бидэнд ч гэсэн уламжлагдчихсан. Ер нь манайхан гэр амьтай хүмүүс.

            Би нэртэй зохиолчийн хүү нь болон мэндэлсэн их хувь заяатай хүн гэж өөрийгөө боддог. Намайг ухаан орж байхад л аав бусдад хүлээн зөвшөөрөгдсөн том зохиолч болчихсон байсан. Тиймээс  багаасаа л аавыг хүмүүс хайрладаг, хүндэлдэг байсныг мэдэрч өссөн. Хотын гудмаар аав намайг хөтлөөд явахаар хүн бүхэн аавтай гар барьж, сонин сайхан яриад явж өгдөггүй байлаа. Тийм учраас ааваараа бахархах сэтгэл их байсан. Аав маань хэнтэй ч илэн далангүй ярьж хөөрдөг, бусдыг ад үздэггүй хүн байлаа. Орчин, хэнтэй уулзаж, ямар ажил, сонин сайхан хуучлах гэж байгаагаас шалтгаалан хүний зан харилцаа, гаргах үйлдэл нь солигддог байж болно. Гэхдээ аав бол за бол за, үгүй бол үгүй гэдэг их шударга, зарчимтай хүн байсан.

 

Аав Л.Түдэв гуайтай уулзаж ,“Эвлэлийн илгээлт” гэдэг бичиг авч өгсөн. Тухайн үед Ренчинлхүмбэ суманд цөлөгдсөн хүмүүс очдог байсан газар. Би бол цөлөгдөөгүй, өөрөө энэ шийдвэрийг гаргасан. Аав болон гэрийнхэн маань амьдрал үзэг гээд дэмжсэн дээ.

-Аав, ээжээсээ үг сонсож, зэмлүүлж байгаагүй хүн энэ орчлонд үгүй болов уу. С.Эрдэнэ гуай танд юу захиж, ямар үед зэмлэдэг байв?

            -Хүүхдүүд багадаа яагаад ч юм зураач болчихдог. Тэр зарчмаар би нэг удаа зураг зураад л цаасаа урж шидээд байлаа. Гэтэл аав “Энэ цаасыг чинь манай улс гаднаас өндөр үнээр худалдаж авдаг. Гэтэл чи дураараа хаяад байх юм” гээд айхтар загнаж билээ. Өөрөө зохиолч учраас цаасаа хайрлаж байна. Цаас хэрэгтэй хүндээ ямар хэрэгтэй багаж болохыг мэддэг хүний дэргэд цаас ураад загнуулж байлаа. Үүнээс гадна аав, ээжийн минь үеийн хүмүүс ямар сайн хүмүүс байсан юм бэ гэж бодогддог. Уурлахаараа ямар ч тохиолдолд муухай үг хэлэхгүй. Зарчимтай боловсон үгээр загнадаг байж. Одоо зарим эцэг, эхийг харахаар арай л байх юм. П... энэ тэрийг зах замбараагүй л хэлж байна. Ээж, аав хоёр маань ам мурийх үедээ хүүхдүүдээсээ хол, хаалгаа хаадаг байсан. Ерөөсөө муу, муухай үйлдлийг хүүхдийнхээ нүдэн дээр гаргадаггүй байв. Тийм учраас би хувьдаа харилцааны соёлтой гэр бүлд хүүхэд хүмүүжих ёстой гэж боддог. Мэдээж хүн л юм чинь бухимдана, муудалцана, гэр бүлд маргаан  гарахыг алийг тэр гэх билээ. Үүнээс гадна би гэдэг хүн мөрийтэй тоглож аавынхаа урмыг их муухай хугалсан. Бүр Таван шараас гэртээ хөл нүцгэн ирж байсан. Гутлаа мөрийнд алдаад тэр л дээ. Аав минь надад их гомдсон. Тэгээд би Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд ажиллах шийдвэр гаргаж аавд хэллээ. Аав Л.Түдэв гуайтай уулзаж ,“Эвлэлийн илгээлт” гэдэг бичиг авч өгсөн. Тухайн үед Ренчинлхүмбэ суманд цөлөгдсөн хүмүүс очдог байсан газар. Би бол цөлөгдөөгүй, өөрөө энэ шийдвэрийг гаргасан. Аав болон гэрийнхэн маань амьдрал үзэг гээд дэмжсэн дээ.

-Ренчинлхүмбэ суманд ажиллаж, амьдарч байхдаа аав, ээжтэйгээ хэрхэн холбоо барьдаг байв. Одоогийнх шиг дуртай цагтаа утас цохих боломжгүй байсан үе шүү дээ?

            -Ер нь аав байнга эргэж тойрч ирдэг байсан. Амьдрал ахуйтай минь танилцаад, сэтгэл өег хот руу буцдаг байлаа. Хаа нэг захиа бичнэ. Би Ренчинлхүмбэд эхнэртэйгээ гурван жил ажилласан. Нийслэл хотдоо ирээд хөдөө ажиллаад цуглуулсан цалингийнхаа талаар “Битлз”-ийн цомог худалдаж авч байлаа.  

-Ардын уран зохиолч, Төрийн шагналт С.Эрдэнийн эхнэр, Монголын Улсын Баатар Бат-Үүлийн ээж ямар мэргэжилтэй, хэн гэдэг хүн байв. Та манай уншигчдад ээжийгээ танилцуулж болох уу?

            -Бололгүй яах вэ. Миний ээж Цэрэндэжид гэж хүний дээд хүн байлаа. Олон хүнд эрдэм ном заасан ачтай, буянтай багш хүн. Багшийн их сургуулийг орос хэлний багшаар төгсөөд, мэргэжлээрээ олон жил тууштай ажиллаж, хөдөлмөрлөсөн дөө ээж минь. Аав Офицерийн сургуульд сурч байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Энэ тухай аав “Халхын заяат харгуй” бүтээл дээрээ бичсэн байдаг. Ээж минь XI сургууль, Толгойтын сургууль гээд олон газар багшилсан. Намайг хүүхэд байхад ээж минь Толгойт руу хичээл заахаар үүрээр гараад л явна.

Ер нь миний аавын бидэнд суулгаж өгсөн гайхалтай чанарын нэг өргөмжлөлд дургүй, эгэл даруу байхад сургасан

Тухайн үед унаа, хөсөг муутай байсан цаг шүү дээ. Тийм болохоор үүрээр гараад хар шөнө гэртээ ирэх тохиолдол олон байсан. Би дотроо “Аав мундаг хүн байж ээжийг ийм хол газар явуулахгүй байж болдоггүй юм байх даа” гэж боддог байсан. Ер нь манай аав, ээж хоёр арын хаалга энэ тэр гэж мэдэхгүй хүмүүс л дээ. Миний бодол ч тийм буруу биш. Аав маань 36 настайдаа Mөрийн шагнал авсан. Тухайн үеийн зохиолчдын нэлээн том од нь байсан. Тэр үеийн дарга нар уран зохиол сонирхоно гэж жигтэйхэн. Уншигчид нь олон байсан үе. Нэгэнд нь л хэлэхэд ээжийг гэрийн ойролцоох сургуульд ядах юмгүй  шилжүүлж чадна шүү дээ. Гэтэл аав тийм зүйл мэдэхгүй хүн байсан. Ер нь миний аавын бидэнд суулгаж өгсөн гайхалтай чанарын нэг өргөмжлөлд дургүй, эгэл даруу байхад сургасан. Би одоо өргөмжлөлөөр гайхуулж байгаа хүнийг ойлгодоггүй. Өөрөө тийм зүйл мэдрэх дургүй. Яагаад гэхээр эгэл, даруу байх их амар байдаг байхгүй юу. 

-Одоо эргээд аавынхаа уран бүтээлүүдийг уншихаар ямар санагдаж байна вэ. Хүмүүс “С.Эрдэнэ зохиолчийн тэр бүтээл нь оргил, үгүй ээ тэр нь оргил” гээд маргалдах тохиолдол цөөнгүй байдаг. Харин та ямар зохиолыг нь оргил бүтээл нь гэж боддог вэ?

            -Манай аавын бүтээлийг хүн бүхэн өөр өөрийн нүдээр хардаг. Миний таньдаг нэг хүн “Амьдралын тойрог”-ийг ер бусын гайхалтай зохиол гэнэ. Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуай “Хойт насандаа учирна”   бол С.Эрдэнийн үнэхээр оргил бүтээл” гэх мэтчилэн ярьдаг. Харин нийтээр бол аавыг богино өгүүллэгийн мастер байсан хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэр дундаа “Хулан бид хоёр”-ыг оргил нь гэж үздэг юм билээ. Надад бол “Холбоо гурван тууж” нь оргил бүтээл санагддаг. Энэ зохиолд буриад зон Монголд нутаглаж ирээд, орчин цагийн монгол болон хувьсаж байгаа тухай өгүүлдэг. Үүн дотроо түүхийн эрээн, бараантай байдлыг харуулсан. Тухайн цаг үед ийм зохиол бичих амаргүй байсан шүү дээ. Учир нь, социализмын үед хэлмэгдүүлэлт бичээд байх амаргүй үе байсан. Зөөлөн ч гэсэн ийм гунигтай зүйлийг бичээд тэр хатуу ширүүнийг давж, буриад зон орчин цагийн Монголыг бий болголцож байгаа тухай бичсэн тууж.

-С.Эрдэнэ гуай үе тэнгийн ямар уран бүтээлчидтэйгээ ойр дотно нөхөрлөдөг байсан бэ?

            -Манайхаар зохиолчид их ирнэ. Тухайлбал, Ч.Чимид, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Л.Түдэв, Ц.Гайтав гээд алдартай зохиолч манайхаар байнга ирнэ. Монголын өмнөө барих энэ сайхан хүмүүсийг би “Ах аа” гэж дуудаж өссөн том хувь заяатай хүн. Ц.Гайтав гуай намайг их эрхлүүлдэг байсан. Мөн Л.Түдэв гуай, Н.Цагаач эгч хоёр намайг гэртээ аваачаад л эрхлүүлнэ. Тэр хоёр шинэ бүл болж, хамтын амьдралаа эхлүүлж байсан үе л дээ. Тийм учраас намайг аавынхаа буянаар зохиолчдын дунд өссөн хүн гэж хэлж болно. Зохиолчдын дунд өссөн хүнд нэг гайхалтай зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр тархи их зөв угаагддаг. Өөрөөр хэлбэл, зохиолчдын дунд өссөн хүн мөрөөдөмтгий болдог, хийсвэр сэтгэлгээ хөгждөг, их онгодтой болдог. Нэн ялангуяа чөлөөт сэтгэлгээтэй болж хүмүүждэг. Зохиолчид чинь чөлөөт сэтгэлгээний биелэл. Хэчнээн тухайн нийгэмд коммунизм дарангуйлж байсан тэр хүмүүс нийлээд суухаараа эрх чөлөөний тухай л ярилцана. Ойр ойрхон уулзаж  байгаагийн  шалтгаан нь дарангуйллын нийгэмд өөрсдийн эрх чөлөөний бичил ертөнцийг бий болгож байгаа байхгүй юу. Тэр орчинд би өссөн. Тийм учраас эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрсэн. Эрх мэдэл, албан тушаалтай хүнийг зохиолчид аягүй их шоглоно. Нэг үгээр бол дорд үзэж ярьдаг байсан.

-Тухайн үед зохиолчдын бүтээл туурвилд хатуу чанга ханддаг байсан гэдэг. Энэ тухайд танд онцолж анзаарсан зүйл бий юү?

            -Эрх чөлөөг хүсдэггүй албан тушаалтнууд нь бүтээлд их дургүй ханддаг байсан. Тийм учраас зохиолчид эрх мэдэлтэй хүмүүсийг “Тэнэгдүү” гэж нэрлэнэ. Мэдээж үүнийгээ нийтийн өмнө хэлэхээс айж байсан үе л дээ. Үүнээс гадна зохиолчид тухайн нийгмийнхээ нэг хэсэг болж, зохиол, бүтээлээрээ дамжуулан оюун санаанд нь үзэл суртал хийж байсан болохоор эрх мэдэлтнүүд зохиолч, уран бүтээлчдэд үнэхээр дургүй байсан нь үнэн.

-Таны нэг хэвлэлд өгсөн ярилцлага санаанд орж байна. Та “Би зохиолчдын дунд өссөн хүн. Энэ нь миний ардчиллын төлөө тэмцэх хоёр шалтгааны нэг байлаа” гэж хариулсан байдаг. Тэгэхээр таныг гэнэт л үеийн нөхөдтэйгөө нийлээд ардчиллын төлөө тэмцээгүй, багаасаа л хүсэж байсан юм байна гэж ойлгосон л доо. Та эрх чөлөөтэй байх, эрх чөлөөний мэдрэмжтэй байхын талаар яриа дэлгээч?

            -Зохиолчдын дунд өсөхөөр нэгт эрх мэдэлд их дургүй болдог. Хоёрдугаарт, эрх чөлөөний мэдрэмжтэй болдог. Эрх чөлөө бол эрх мэдлийн эсрэг мэдрэмж шүү дээ. Энэ хүмүүс надад аль алийг нь өгчихсөн. Тийм учраас энэ нь миний амьдралд том удирдамж болсон. Эрх чөлөөний төлөө тэмцсэн минь үнэн гэхдээ улс төрд ажиллаж байхдаа эрх мэдлийн төлөө тэмүүлээгүй. Унаган хотын хүүхэд учраас аргагүйн эрхэнд хотоо өөд нь татна гээд хотын дарга болсон. Тэр нь хотын даргын эрх мэдэлд дурласандаа биш, хотын дарга болоод нийслэлийнхээ хөгжлийн төлөө ажил хийнэ гэсэн зорилготой байсан. Надад эрх мэдлээ гайхуулж ярьж байгаа хүн тэнэг санагддаг. Уг нь эрх мэдэл зөв хүндээ очих юм бол зүгээр л ажлын хэрэгсэл байхгүй юу. Яг дархны багаж шиг л. Тийм учраас жинхэнэ ажил хэрэгч хүн бол хотын даргаар гоёдоггүй. Харин хотын даргын эрх мэдэл нь тэр хүнээр гоёдог байхгүй юу. Тиймээс би аргаа бараад дараагийн хотын дарга нарт “Та нар битгий хотын даргын эрх мэдлээр гоёод бай л даа” гэж хэлсэн. Би хотын дарга байхдаа хотын дарга маш чухал албан тушаал гэдгийг иргэддээ ойлгуулсан. Түүнээс өмнө хотын даргыг ямар хүн хийдэг байсныг бараг л мэддэггүй байсан шүү дээ.

-Таныг 1988 оноос ухуулах хуудас тарааж, ардчиллыг уриалж, хэл аманд орооцолдож байхад аав тань юу гэдэг байсан бэ?

            -Аав бол ерөөсөө шууд дэмжсэн. Би анх ухуулах хуудас наасан, нууц бүлгэм байгуулсан зэргээ ааваасаа нуугаад яваад байгаа шүү дээ. Яагаад нуусан гэхээр, санаа нь зовох вий гэж бодоод, санааг нь зовоохгүйн тулд нуусан. Гэтэл Ц.Элбэгдорж, С.Зориг биднийг Ардчилсан холбоо байгуулахад хамгийн түрүүнд ирж, “Та нарын зөв шүү” гэж дэмжсэн сэхээтэн бол манай аав. Намайг аав минь их зоригжуулдаг байсан.

 

Би түрүүн хэлсэндээ, мөрийтэй тоглож л аавыгаа сэтгэл санаагаар унагасан

-Та ардчиллын төлөө тэмцэж эхэлснээсээ хойш олон хэл аманд орооцолдсон. Тэр үедээ аав, ээжийнхээ нэрийг сэвтүүлчихлээ гэж эмээж байв уу?

            -Эмээлгүй яах вэ. Би 1990 оноос хойш толгой дараалсан дайралтад өртсөн. Намайг  дээрэмчин, орон байрны хулгайч, алуурчин, атаман гээд аманд орсноороо гүтгэдэг байсан. Тэр бүү хэл улаан нүүрэн дээр “Бат-Үүл ээ үхээч ээ” гэж л байлаа. Тэр үед аав минь надад ямар их эр зориг өгснийг би ойлгодог. Аав “Миний хүү зүгээр л зоригж, битгий тийм юм тоо. Өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйлдээ ад үзэгдэх зоригтой бай” гэдэг байсан. Тийм болохоор ямар ч дайралтыг би үл тоодог байлаа. Над руу дайрсан 30 гаруй жилийг аавынхаа өгсөн урмын үг зоригоор л давж байна. Над шиг дайруулсан хүн  Монголд лав байхгүй. Тэр бүү хэл намайг 1988 онд “Цаазаар авна” гэж ярьж байсан шүү дээ. Саяхан намайг хүүтэйгээ нийлж, улсын мөнгө идсэн гээд шоронд хийлээ. Аавын минь “Хүний сайн сайхны төлөө явж байгаа хүн цовдлуулах хүртлээ явдаг. Битгий сайн нэртэй болно гэж горьдоорой” гэж  хэлж байсан нь юутай үнэн бэ.  Намайг С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт гүжирдэгдэж байхад аавын минь бие муу, сэтгэл нь их шаналсан. Энэ хэрэгтэй холбоотой нийтлэл хүртэл бичиж байсан. Намайг тэр муухай хэрэгт гүжирдэгдээд их хүнд  байхад аав минь “Ерөөсөө сайн сайхны төлөө явж байгаа хүн хэзээний л ийм юм үздэг юм шүү. Битгий няцаарай хүү минь” гэж хэлж байлаа. Аав минь энэ мэтчилэн надад сэтгэлийн зориг, тэнхээ өгөөд байсан. Тэр бүү хэл намайг ардчиллын төлөө ар гэрээ хаяад явж байхад аав, эхнэр, хүүхдүүд минь л тусалж байлаа. Би түрүүн хэлсэндээ, мөрийтэй тоглож л аавыгаа сэтгэл санаагаар унагасан гэж. Хүний эцэг гэдэг хүүхэд нь хатуу ширүүн тэмцэлд зөв үйл хэргийн төлөө зовж шаналаад ч болтугай зөв явж байвал сэтгэл амгалан байдаг юм байна. Харин өөртөө бол жаргаад мөрийтэй тоглоод байхаар сэтгэл санааны цохилтод орчихдог юм байна. Аав минь намайг тоглож байх үед үнэхээр цохилтод орсон. Сэтгэл санаагаар унасан. Тэгээд эхнэр хүүхдийн хамт Ренчинлхүмбэ явах гэж байгааг сонсоод үнэхээр баярласан. Тэр хязгаар нутагт очиж би мөрийтэй тоглоомоос гарч, хувьсгалч болж ирсэн хэрэг шүү дээ.

-Би таныг жинхэнэ баатар гэж боддог. Яагаад гэхээр хувьсгал хийнэ гэдэг тийм амар үйл хэрэг биш. Энэ үйл хэргийг хүссэн хүн бүхэн хийж чадахгүй. Та чадсан, чадах чадахдаа цус гаргахгүй хувьсгал хийж, олон түмэндээ эрх чөлөө бэлэглэсэн. Тийм болохоор та яах аргагүй ард түмний дундаас төрсөн баатар. Тэгэхээр таны анх хүсэж, зорьж байгуулсан ардчилал өнөөдөр хүссэн шиг тань байж чадаж байна уу?

            -Өнөөдөр хүмүүст эрх чөлөө байна. Гэхдээ төрд хулгай нүүрлэсэн байна. Тэгэхээр төрийнхний хулгай эрх чөлөөг үнэ цэнгүй болгоод байгаа юм. Тиймээс зарим хүн хулгайч төртэй байснаас шударга дарангуйлалтай байсан нь дээр гэж бодох нь холгүй байна. Дарангуйлал хэзээ ч сайн сайхан байгаагүй ээ. Үүнийг монголчуудын түүх хэлээд өгнө. Дарангуйлал сайн зүйл биш гэдгийг ард түмэнд ойлгуулъя гэхээр урдуур хулгайч улстөрчид орчихдог.

төр хулгайчтай болсонд уурлаад байна. Энэ нь хорсол болж хувираад нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох гэдэг болчих гээд байна 

Тэгэхээр мухардчихаар хүчгүйдээд байна. Яагаад гэхээр, хүмүүс хулгайч төрийг харж, залхаад “Шударга дарангуйлал нь дээр  юм байна” гэсэн ойлголттой болчих гээд байна шүү дээ. Ардчиллыг аврах ганц зүйл хулгайч улстөрчдийг халах л юм. Тэгэхгүй бол юу ч тайлбарлаад нэмэргүй. Түүнээс биш, иргэд эрх чөлөөгөө голоод байгаа юм биш. Харин төр хулгайчтай болсонд уурлаад байна. Энэ нь хорсол болж хувираад нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох гэдэг болчих гээд байна л даа.

 

Зохиолч гэдэг чинь  уран бүтээлч шүү дээ. Тиймээс ач охиндоо л найдлага тавьж байгаа

-Та ёстой л үхэхээс бусдыг үзсэн хүн. Энэ хугацаанд та амьдралыг юу гэж харж, ойлгосон бэ. Ер нь амьдралын мөн чанар юунд оршдог юм бэ?

            -Би өөрийнхөө амьдралыг ойлгосон үзэл санааны тухай залуучуудын амьдралд хэрэгтэй зөвлөгөө бүхий ном бичье гэж бодож байгаа. Ер нь хоёр, гурван ном бичье гэж бодож байгаагийн нэг нь энэ. Амьдралыг, хүмүүсийг байгаагаар нь ойлгож хараарай. Хүмүүсийн тухай бодитой ойлголттой болж авах нь чиний өөрийн ухаан санаа эрүүл байхад хэрэгтэй шүү. Яагаад хүн хүний тухай дандаа л өөртөө тохируулсан идеал ойлголттой болчихдог юм бэ. Нэг бол их муухай атгаг, хүнээс их зүйл шаардсан хүмүүс болчих юм. Энэ ойлголтоос залуучууд салах хэрэгтэй. Хүн бол угаасаа адгийн амьтан гэдэг атгаг ойлголттой болж болохгүй. Ямар ч хүнд муу, сайн хоёр чанар байдаг. Тэр хүний ухамсар дотор бурхан ч бий, чөтгөр ч бий. Тиймээс аль болох чөтгөрөөс нь зугтаж, бурхантай нь харилцахыг бодох хэрэгтэй юм  байна. Энэ талаар ном бичиж, удахгүй залуучуудад хүргэнэ.

-“Аавын минь халгисан суу билэг, авьяасыг өвлөж, энэ маань зохиолч болно доо” гэж харж явдаг хүн танд бий юү? 

            -Харамсалтай нь одоохондоо тийм хүн алга даа. Миний ач охин зохиолч биш юм аа гэхэд, тэр чиглэлтэй ойролцоох кино найруулагчаар суралцах гэж байна. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч болно. Зохиолч гэдэг чинь  уран бүтээлч шүү дээ. Тиймээс ач охиндоо л найдлага тавьж байгаа.

-Хоёулаа энэ хүрээд яриагаа өндөрлөх үү. Ярилцлагын төгсгөлд “Та аавынхаа уран бүтээлийг дэлгэцэд мөнхлөх бодол бий юү” гэдэг асуулт тавимаар байна?

            -Аавынхаа уран бүтээлийг дэлгэцэд мөнхлөх талаар бодолгүй яах вэ. Нэн ялангуяа “Холбоо гурван тууж”, “Хойд насандаа учирна” зэрэг уран бүтээлийг нь кино болгох юм сан гэж мөрөөддөг. Яагаад гэхээр, “Хойд насандаа учирна” бүтээл дан ганц хэлмэгдүүлэлт биш, хүний ертөнц дотор байдаг тамын мөн чанар руу нэвтэрсэн зохиол байхгүй юу. 

Энд хүрээд бидний хөөрөлдөөн өндөрлөж, кофе шопоос гарлаа. Алтан наран цацраг бүрээ гялалзуулж, сэвэлзүүр салхин үлээнэ. Баатар маань баатар хотынхоо гудмаар салхи зүсэн явлаа. Эгэлгүй эрхэм хүний хүү, энэ цагийн баатар Э.Бат-Үүл. Эрх чөлөөний дуут шувуу. “Битлз”-ийн хөшөөний дэргэд залуус хөгжим хангинуулан “Хонхны дуу” сонсож байна. Ай, бидний эрх чөлөөт хот.

 


Э.БАТ-ҮҮЛ: НАД РУУ ДАЙРСАН 30 ГАРУЙ ЖИЛИЙГ ААВЫНХАА ХЭЛСЭН ҮГ, ӨГСӨН ЗОРИГООР Л ДАВЖ ЯВНА ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-17 00:47:23
    Зочин: Үс нь яагаад цагаан болсон нь чамайг гэмт этгээд гэдгийг чинь нотлох нэг баримт. Чиний хэрэг удахгүй ил тод болно. Чи яаж ч гүрийгээд нэмэргүй, үлдсэн насаа шоронд өнгөрүүлэх болно.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-16 23:44:35
    Bi: Batuul yagaad ulsiin baatar boson gej elbegdorjhoyul idej uuh saihan bolomjiig ni hassan zorigiig nuhaj baatar bolson ene shuumiig evreehguin tuld baabar tsenddoo so nart turiin soyrhol ugsun
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-16 10:25:02
    ИРГЭН: ТА ӨӨРӨӨ АРИУН ХҮН БИШ ЭЭ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-16 04:42:07
    Эрдэнэ: МАХНыг тараах байтал хамгаалж гүйсэн энэ балайн балагаар одоо улс ийм дампуу байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 20:36:34
    Zochin 3: Bi 40 emegtei hotiin unagan irgen. Teer jiliin Ardchilaliin talbain jagsaald huuhed bhdaa ochson. Baatar maani tsagaan hooloigoor yum yariad l bj l baisan baih daa. Huuhed l nolson hoino achaanii mashin deer rep bujiglej baigaa 3-4 ahiig(8-10r angi ) sanadag. Bat Uul Baatriigaa urgelj hundeldeg. Odoogiin ene hugjimd durlaj hobbytoi, muruudultei , zorilgotoi amidarch baigaa zaluuchuudiin pioner n shuu dee. Ta domog shuu dee. Pyanz ii tsugluulgiig n aaviin ueiinhen shagshirch yaritsgaadag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 20:15:54
    Teg: Mongold orj irsen shigee ergeed oros oron luugaa zailaarai muusain gadnii tsagaachid dabarch ba baabar elbeg enhsaihan da ganbold bayr nar ch mongold gai bololgui zailcjih ed tsagaachid odoo bugd gadni tagniul turshuuluud
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 17:18:20
    eee: ulsin baatar gechihjee cham shig ******** shaard baatar tsoö olgodpg n ene zuwhun mongold mani l bdag bhaa ugch bga n yahaw de awch bgaa mal n ichdeggui yum bhdaa… yach ch ichhew de amidral ter chigere tsus nulims luiwar hudal huögai der togtson yum chin ichih bulchirhai ner tur gej bhgui shde oilgoh ch ugui lalarin erin sug min uilin ur gej bdag yum shu hun durstei mal min
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 17:13:52
    eee: tursun n unen uheh daödrah n bas unen busad zuil n bugd hudla … lalrin bandi shan shaaj bnaa erguu setgulch min surwaöjöah zuile sain sudal ardchöalig nad hudalch luiwarchin uwgun chin awchraggui yum tuhain ved ashig haij huni aras getsen bdag l neg dagaldan baysagch bsan gedgig Malish Enkhtuwshin guai yaru todpr ugulsen bdag yum… nugel n nudere garnaa gej har zalugasa aidsa dawj chadalgui shunujin bodsor tolgiin us n tsaw taagan bolson n hangalttai barimt shde malaaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 16:46:34
    Хишигжаргал.: Хойд насандаа уулзна зохиолыг уншиж байсан С.Эрлэнэ зохиолчийг хүндэлж явдаг.удахгүй кино болоосой гэж ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 15:02:41
    Гантөмөр...: БУРИАД НАРЫН МИНЬ ИХ ХЭЛМЭГДЭЛ.....Аавын хаа зохиолоор л кино хийгээрэй.....Сайхан ярилцлага болжээ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 12:14:09
    Zochin: ZORIGIIN ALUURCHIND UDAHGUI GISHGEH GAZAR OLDOHGUIEE. LUIVARCHIN,ZALILAGCH, ALUURCHIN Terend Ene HORVOOGIIN BUH MUU, MUUHAI SHINGJEE. UHVEL TAARNA.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 08:28:43
    Отгоо: Сайхан ярилцлага болжээ Та бүхэнд амжилт хүсье Бат-Үүл эрх чөлөөний шувуухай. Алдсан ч оносон ч түүхэнд бичигдсэн хүн.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188