-Аавыг тань зохиолч, яруу найрагч гэдгийг монголчууд мэднэ. Тиймээс хоёулаа энэ эрхэм хүмүүний бага насны талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Миний аав 1929 оны хоёрдугаар сарын 5-нд Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт байх Суварга хайрхан гэдэг газарт мэндэлсэн. Багадаа ерөнхийдөө мал дээр өссөн. Хөдөөний хүүхэд юу хийж, яаж тоглодог байсан тэр замаар өссөн, аав минь. Бага сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод үргэлжлүүлэн сурахаар ирсэн юм билээ. Тэгээд Санхүү, эдийн засгийн сургууль болон Улсын багшийн их сургуулийг амжилттай сурч төгссөн байдаг. Аав гурван эгч, нэг дүүтэй. Олонх нь Өвөрхангай аймагтаа аж, төрж байгаа.
-Ц.Гайтав гуай ямар зан аршинтай хүн байсан бэ?
-Би ээж, аавдаа үнэхээр их эрхэлдэг байлаа. Тэр хоёр маань ч намайг эрхлүүлнэ гэж жигтэйхэн. Аав маань шударга нь дэндсэн хүн л дээ. Аавынхаа худлаа ярьж байсныг үзээгүй, сонсоогүй. Хэнд ч, хэзээ ч, ямар ч хүнд худлаа хэлэхгүй. “Би тэдэн өдрийн дотор тэгнэ” гээд амлачих л юм бол заавал биелүүлдэг байсан даа.
Шуудхан хэлэхэд, аавын талаар сайн мэдэх хүн надаас өөр байхгүй болжээ. Аавтай найзалж, нөхөрлөдөг сайхан, сайхан зохиолч, найрагчдын олонх нь тэнгэрт дэвшсэн байна. Би аавынхаа зохиол бүтээлүүдийг хэвлэж гаргах, амьдарч байсан гэрийнх нь ойролцоо дурсгалын үг бичүүлэх гэх мэт ажлууд төлөвлөөд явж байгаа.
Аав минь намайг сэтгүүлч болгоно гэдэг байсан
Хүмүүс аавыг нэлээд ааштай гэж хардаг байсан байх. Аав хэнийг ч загнадаггүй хүн байлаа. Зарим хүн үг хэлэхээр нь загнаад байна гэж ойлгодог байсан. Жишээлбэл, манай ангийн хүүхдүүд манайхаар орно гэж үгүй. Би “Манайд очоод даалгавраа хийцгээе” гэхэд манай ангийнхан “Ааваас чинь айгаад байна” гэнэ. Заримдаа ангийнхан маань гэрийн гадаа яваад ирнэ. Ээж “Айлын хүүхдүүд гадаа байлгаад байх юм оруул” гэнэ. Тэгэхээр нь би “Би битгий ор гэж хэлээгүй ээ” гэдэг байлаа.
Нэг өдөр намайг хичээлээ тараад гэртээ иртэл ээж байдаггүй. Тэгээд би “Ээж хаагуур юугаа хийгээд яваад байдаг байна аа” гэж бодож байтал гаднаас баярын бичиг барьчихсан ороод ирсэн
-Монголын утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Гайтав гуай ямар үед шүлэг, уран бүтээлээ туурвидаг байсан бол. Энэ талаар та яриа дэлгээч?
-Уран бүтээлчид “Онгод орох цаг” гэж ярьдаг. Аавын онгод орох цаг нь шөнө дунд тохионо. Тиймээс орой хоолоо идчихээд шөнөжин суугаад бичиж, бичиж нэг шүлэг бүтээнэ. Зарим шөнө бол олныг биччихсэн л байдаг. Ер нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад шүлгийг янз бүр бичдэг байсан болов уу. Аав шүлгээ бараг засдаггүй байсан шүү.
-Ц.Гайтав гуай ер нь үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй ойр дотно нөхөрлөж байсан бэ?
- Аав олон хүнтэй их ойр дотно нөхөрлөдөг байсан. Нэгнийхээрээ орж, инээж хөхрөөд л явдаг байсан даа. Аавын найзууд гэвэл Ч.Чимэд, Ч.Лхамсүрэн, Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Дашдооров, Л.Түдэв гээд Монголын алтан үеийн зохиолчид яах аргагүй мөн. Тэд уулзахаар ирээдүйд бичих зохиолынхоо талаар ярилцдаг байсан. Би хүүхэд байсан болохоор ярианд нь оролцдоггүй байлаа. Мөн нэг нэгэндээ хоч өгөөд инээлдэн сууцгаана. Юуг нь нуух билээ заримдаа ганц, хоёр шил архи ууж, шүлэг найргаа уншаад халгиж, цалгина шүү дээ.
-Аав нь хоёр охиноо ямар мэргэжилтэй хүн болгоно гэж ярьдаг байсан бэ. Ер нь таны ирээдүйн талаар хэр нээлттэй ярилцдаг байв?
-Аав минь намайг сэтгүүлч болгоно гэдэг байсан. Би ч сэтгүүлч болох дур сонирхолтой байлаа. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлаасаа болоод дуртай мэргэжлээ эзэмшиж чадаагүй. "Алтны дэргэд гууль шарлана" гэгчээр олон жил нарийн бичиг хийсэн. Одоо тэтгэврээ аваад гэртээ сууж болох ч ажил хийхгүй өдөр хоногийг өнгөрөөнө гэдэг хэцүү. Энэ бол багаас минь ажилд сургаж, хөдөлмөрийн үр шим ямар байдгийг ойлгуулсан аав, ээжийн минь буян. Тиймээс би одоо UBS телевизэд ажиллаж байна. Үүнээс гадна ямар нэг байдлаар хичээл таслах, ажил таслах зэрэгт аав үнэхээр дургүй. Тиймээс ч би огт хичээлээ тасалж байгаагүй дээ. Энэ нь миний амьдралын зуршил болчихсон байна даа.
-Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ц.Гайтав гуайн гэргий, таны ээж болох хүний талаар манай уншигчдад танилцуулбал?
-Ээжийг минь Т.Лхамсүрэн байдаг байлаа. Сүү шиг сэтгэлтэй, юугаар ч төсөөлшгүй сайхан эмэгтэй байсан даа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул хүн. Нэгэн насаараа эрүүл энхийн манаанд зогссон. Цав цагаан халадтай, тув тунгалаг сэтгэлтэй, хөвөн шиг зөөлөн гартай эмч хүн байлаа. Ажил хийж сурсан хүн зүгээр сууж чаддаггүйн хамгийн тод жишээ байсан. Тухайлбал, ээж тэтгэвэртээ гараад нэлээд удаж байсан.
Р.Чойном гуай шоронгоос гараад нас барахынхаа өмнөхөн манайхаар ирж байлаа
Нэг өдөр намайг хичээлээ тараад гэртээ иртэл ээж байдаггүй. Тэгээд би “Ээж хаагуур, юугаа хийгээд яваад байдаг байна аа” гэж бодож байтал гаднаас баярын бичиг барьчихсан ороод ирсэн. Баярын бичгийг энэ унштал оны аварга ажилтан болчихсон байв. Тэтгэвэрт гарсан хойноо орц цэвэрлээд оны аварга болж байсан ийм түүхтэй. Бид “Аавын нэр сүрийг бодооч, ажил хийхээ боль” гэхээр “Үгүй ээ, би үнэхээр зүгээр сууж чадахгүй юм байна. Гэрт дэмий байхаар цаг ч явж өгөхгүй хэцүү байна” гээд эсэргүүцдэг байлаа.
-Ц.Гайтав гуай танд болон ээжид нь зориулж, олон шүлэг бичиж байсан байх. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Б.Явуухулан гуайг хүмүүс “Дандаа янагийн шүлэг бичдэг” гэж ярьдаг шүү дээ. Харин манай аав улс төр, иргэн, ард түмэндээ зориулсан шүлэг бичдэг байсан. Түүнээс биш Б.Лхагвасүрэн яруу найрагч шиг ханьдаа гэсэн шүлэг байхгүй. Гэхдээ дууны үг, богино шүлгүүддээ хань, хүүхэд гэсэн утга санааг агуулсан байдаг. Мөн эгчийн маань хүүхдэд зориулаад шүлэг бичиж байсныг сайн санаж байна.
-Ц.Гайтав гуайг намын зохиолч гэж нэг хэсэг ярьсан шүү дээ. Би энэ талаар яг сайн мэдэхгүй байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Аав энэ тал дээр их эмзэглэдэг байснаас гадна аль нэг нам, эвслийн хүн байгаагүй. Үүнээс болоод аавыг хэлмэгдүүлсэн дээ. Тэгээд аав минь “Ээждээ золгох эрхгүй болж байсан” хэмээн ярьж байсан дүр төрх нь байнга бодогддог. Хэлмэгдсэнийхнээ дараа аав Б.Явуухулан гуайд “Чи янагийн шүлгээ бич, би намын шүлгээ бичье” гээд инээлдэж байсан.
Манайхаар зохиолч С.Эрдэнэ, яруу найраг Р.Чойном нар их ирдэг байсан. Миний тод санаж байгаагаар Р.Чойном гуай шоронгоос гараад нас барахынхаа өмнөхөн манайхаар ирж байлаа. Энэ хүмүүс аавтай уран бүтээл ярихаас гадна өөр ямар сэдвээр ярилцдаг байсныг нь би сайн мэдэхгүй. Учир нь, тэр үед “Том хүний ярианд хүүхэд оролцож болохгүй” гээд томчууд ярилцаж байхад дэргэд нь хүүхэд байдаггүй тийм хатуу мөртлөө сайхан үе байлаа. Тийм болохоор би зочинтой үед аавын өрөөнд ордоггүй байсан. Гэхдээ тэд удтал сайхан яриа дэлгэж, хөхрөлдөж байгаа нь сонсогдоод, үнэхээр үлгэр домгийн юм шиг л цаг хугацаа байж дээ.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
ТӨРИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ Ц.ГАЙТАВЫН ОХИН АЛТАНЦЭЦЭГ: Аавыг минь хэлмэгдүүлж, ээжтэй нь олон жил уулзуулаагүй юм билээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |