Энх цагт л төрсөн болохоос дайн самуунтай үед бол тэр улсынхаа төлөө шаардлагатай бол амиа өгөх хүмүүсийн тэргүүн эгнээнд зогсож байх нэгэн. Эсвэл аль нэг улсын дарлалд орсон үндэстнээ авран хамгаалах байсан ч байж мэдэх юм. Яг л дэлхийн хоёрдугаар дайны үед Германы дарлалаас еврейчүүдийг аварсан Оскар Шиндлер шиг. Үндсэндээ түүнийг өнөө цагийн Шиндлер гэхэд хэтийдэхгүй болов уу.
Хүүхэд хамгааллын төв байгуулж, харанхуй ертөнцөд амьдарч байгаа олон ч хүүхдэд гэрэл гэгээ бэлэглэж, тэдэнд итгэл өгч байгаагаараа тэр эрхгүй энх цагийн баатар. Тэр бол “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн, “Ид шидийн орон” хүүхдийн төвийн санаачлагч Ч.Ганжавхлан.
“Лантуун дохио” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан цагаасаа тэр эрх нь зөрчигдсөн хүүхэд, өрх толгойлсон ээж, амьжиргаа тааруу айл өрхөд сайхан сэтгэлийн гараа сунгаж, дэм болсоор ирсэн. Хэн ч түүнийг хүүхдүүдэд тусла гээгүй. Тэр өөрөө л гэр хорооллын эгэл борог гудамжаар алхаж, амьдралыг бодитоор харж, өнчирч үлдсэн хүүхдүүдэд “аав” нь болсон. Ч.Ганжавхлан бол хүүхдүүдийн номер нэг туслагч. Түүнийг аль нэг дүүрэг, хорооны гудамжинд очоод буцахад, “Энэ ах шиг л болох юм сан”, Бидэнд тусалдаг ийм хүн байдаг юм байна” гэсэн итгэл, мөрөөдлийг олон ч хүүхэд тээж үлддэг.
Жавар тачигнасан дүн өвлөөр нимгэн өмд, зуны углааштай, гар нь бээрч, царай нь халтардсан хүүхдүүд түүнийг угтаж, бэлэг авч, хүүхдийн цагаахан сэтгэлээр инээж байгаагаа дүрх төрх түүний дуранд бууна. Тэр ингэж буулгаж байгаа юм биш. Ерөөс захын гэр хороололд амьдрал ийм л байгаа юм. Тэнд ах нь дүүгээ харж, дүү нь ахдаа тэврүүлсэн, ээжтэйгээ эсвэл аавтайгаа амьдарч, балчир биендээ баймгүй хариуцлагыг үүрсэн хүүхдүүд л бий. Тэр хүүхдүүдэд туслахаас гадна төр болон хүүхэд хамгааллын байгууллагуудад ч дуу хоолойгоо хүргэдэг. Энэ дагуу “Лантуун дохио” төрийн бус байгууллагаараа дамжуулж, “Нүдээ нээ”, “Хүн бай” аяныг өрнүүлж, олон ч эцэг, эх, багш нарт сэрэмж өгч, гарч болох гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсан.
Гэнэт хаанаас ч юм шидтэн гарч ирээд үнсгэлжинд даашинз, шаахай бэлэглэж, ёслолын үйл ажиллагаанд явуулдаг даа. Үүнтэй адил Ч.Ганжавхлан бол олон хүүхдийн хувьд шидтэн мэт. Тэдэнд айх айдасгүй, аз жаргалтай, инээд хөөр дүүрэн орчныг тэр бэлэглэдэг. Хүүхэд угтаа чихэр жимс, амттан төдийхөн хүсдэггүй. Тэдэнд айх, айдасгүй, ганцаардалгүй орчин л чухал гэдгийг хамгийн сайн мэддэг нэгэн. Тэгээд л “Ид шидийн орон”-оо байгуулсан. Ганц нийслэлд ч биш, хөдөө орон нутгаар мөн “Ид шидийн орон”-ы төвөө байгуулж, олон хүүхдийг ганцаардал, харанхуй орчин, даарч, өлсөж зовохын зовлонгоос хамгаалж байгаа хүн бол тэр.
Хэрэв Ч.Ганжавхлан байхгүй байсан бол түүний тусласан хүүхдүүд, өөр олон мянган хүүхэд ганцаардалдаа, айдас нөмөрсөн харанхуй орчиндоо итгэл найдвар гээчийг мэдэхгүй үлдэх байсан байж мэднэ. Зарим нь гэрэлгүй ертөнц байна гээд “буцах” байсан ч байж мэдэх юм. Харин түүний ачаар олон хүүхэд инээж, гэрэл гэгээг мэдэрч байна. Мэдээж манай улсын эрх нь зөрчигдөж байгаа бүх хүүхдэд очиж, туслах, Ид шидийн орон барьж өгөх хүсэл түүнд мянга түмээрээ асаж байгаа ч цөмд нь хүрч арай чадахгүй байгаа. Тиймээс л эхлүүлсэн бүхнээ орхихгүйн тулд “Ид шидийн орон”-ыг орон нутагт байгуулж эхэлсэн биз ээ. Цаашдаа ч бусдыг гэрэлтүүлэх гэсэн гал мэт гэгээн мөрөөдлөө биелүүлчихээд, “Дэмий гэж үү” гээд даруухан инээмсэглэж зогсоно байх. Түүний дотор эмо жаахан хүү оршдог мөртлөө үйл хөдлөл, нийгэмд нөлөөлж байгаа байдлаараа тэр гарцаагүй том орон зайтай.
ӨНӨӨ ЦАГИЙН ОСКАР ШИНДЛЕР |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |