• Өнөөдөр 2024-04-19

ЯРУУ НАЙРАГЧ Ч.МЯГМАРСҮРЭНГИЙН ГЭРГИЙ Д.АЛТАНЦЭЦЭГ: Хань минь “Сумын заан” шүлгийн дүр шигээ гүндүүгүй эр байсан даа

2023-01-11,   1827

 

“Сумын заан” шүлэг наадам бүрийн дэвжээн дээр уншигдаж, асар майхан бүрээс цуурайтаж явсан цаг саяхан. Халх Монголд цуурайтсан энэхүү шүлгийг бичсэн яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн гэргий Д.Алтанцэцэгтэй хөөрөлдсөнөө хүргэж байна. Ч.Мягмарсүрэн агсныг Алтайн өвөр говиос төрсөн яруу найрагч Т.Очирхүүгийн шавь гэдгээр нь утга зохиол сонирхогчид андахгүй билээ.

-Сайн байна уу. Танд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа таны хань, яруу найргийн ертөнцөд өөрийн орон зайгаа тод үлдээсэн Ч.Мягмарсүрэн гуайн бага насны талаар хөөрөлдөөнөө эхлэх үү?

               -Сайн сайн байна уу. Ярилцлага хийх болсонд баярлалаа. Миний хань бол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, таван сайхан хүүхэдтэй малчин гэр бүлийн отгон хүү билээ. Бага насных нь талаар би сайн мэдэхгүй ч ах, эгч нар нь “Ээжийнхээ 42 настайд нь төрсөн. Багадаа их боргил, чимээгүйхэн ээжийгээ дагаад л явж байдаг, сургуульд ортлоо л ээжийнхээ мөөмийг хөхдөг байсан гэдэг. Мөн ах, эгч нарынхаа сурах бичгийг ажиглаж байгаад сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихсан байсан” гэж ярьдаг.

-Ч.Мягмарсүрэн гуай ямар зан араншинтай хүн байсан бэ?

-Ханийн хувьд, аавын хувьд, найрагчийн хувьд ямар хүн байсныг олон сайхан нөхөд маань олон удаа дурссан байдаг. Тийм болохоор би олон үг хэлээд яах вэ. Ямартай ч хань ижил рүүгээ ширүүн дуугарах нь байтугай муухай харж ч үзээгүй, үр хүүхдүүдээ нэг удаа ч зандарч үзээгүй дээ. Ёстой уяхан гэж жигтэйхэн, зөөлөн сэтгэлтэй, хэн нэгнийг хэзээ ч муулдаггүй, хүний хайлан байсан даа.

Сайн хүний сайн бүтээлийг ард түмэн мартдаггүй юм байна

-Та хоёр хэдэн хүүхэдтэй вэ. Одоо хүүхдүүд нь ямар ажил хийж байна вэ?

                -Бид хоёр 1976 оны намар хуучнаар Хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан байхдаа танилцсан. Тэгээд сургуулиа төгсөх жилээ гэр бүл болж, 1978 онд оюутан байхдаа анхны хүүгээ төрүүлсэн. Сургуулиа төгсөөд Архангай аймагт хуваарилагдан аймгийн захиргаанд мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1982 оноос Улаанбаатарт шилжиж ирсэн дээ. Бид таван сайхан хүүхдийн ээж, аав болсон. Одоо хүүхдүүд минь бүгдээрээ сургууль соёлоо төгсөж, мэргэжил боловсрол эзэмшээд ажил хөдөлмөр эрхлээд явж байна. Ихэнх нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. Мөн зургаан хөөрхөн ач, зээтэй болсон. Тэд маань өсөж, том болон тусад ороод сайхан байна.

-Хүүхдүүдээс нь шүлэг, найраг бичиж, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа хүн бий юү?

               -Одоогоор хүүхдүүд болон ач, зээ нараас минь шүлэг, найраг бичиж байгаа хүн алга. Харин аавынхаа уран  бүтээлийг ард түмэнд сурталчлах, сануулах, дурсуулах төрөл бүрийн ажил, арга хэмжээг байнга санаачлан хийж байдаг даа. Тухайлбал, 1997 онд МҮЭСТО-д уран бүтээлийн дурсамж тоглолт, 2003 онд Бөхийн өргөөнд дурсамж тоглолт, 2007 оноос оюутан залуусын дунд Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит, "Яруу эгшиглэн” яруу найргийн наадам зохион байгуулж ирлээ.

-ХАНЬ МИНЬ “БОЛОР ЦОМ” НААДАМД АНХ “СУМЫН ЗААН” ШҮЛГЭЭ УНШИЖ АМАН ХҮЗҮҮДСЭН-

-Амьдрал гэдэг эрээн бараантай. Мэдээж амьдралын олон даваа, нугачаатай нүүр тулгарч байгаа байх. Ямар үед ханийгаа илүү ихээр санагалздаг вэ?

            -Ханийгаа харамсалтайгаар алдахад том нь 10 гаруйхан, бага хүү минь гурван нас хүрээгүй шахам байсан. Таван өнчин хүүхдээ би энгэртээ тэврээд үлдсэн дээ. Хүн гэдэг жаргал даадаггүй, зовлон даадаг гэдэг үнэн шүү. 1990-ээд оны тэр хүнд үеийг ах дүүс, төрөл төрөгсөд, олон сайхан нөхөд, хамт олны хүчээр л давж гарсан. Одоо хүүхдүүд минь өсөж, томроод сайхан л байна. Хүний хань сайн сайхан юм болох үед л их үгүйлэгддэг юм билээ дээ.

-Ханийн тань бичсэн “Сумын заан” шүлгийг мэдэхгүй хүн ховор. Энэ шүлгийг бараг хүн бүхэн цээжээр мэдэх болов уу. Шүлгийг нь сонсохоор танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-1987 оны “Болор цом” наадамд анх “Сумын заан” шүлгээ уншиж аман хүзүүдсэн. Түүнээс хойш энэ шүлгийг мэдэхгүй хүнгүй болж, уран бүтээлч нөхдийнхөө дунд “Сумын заан” гээд нэршчихсэн шүү дээ. Миний хувьд энэ шүлгийг нь сонсохоор хань маань яг л өөрөө юм шиг санагддаг. Ахуй дүр, зан араншин гээд л манай хүн өөрөө сумын заан бол ийм л заан байх байсан даа.

Зөвхөн хоёр биедээ зориулж хөтөлдөг тэмдэглэлийн дэвтэр дээр хайрын дөрвөн мөртүүд бичиж өгдөг байсан даа

-Ч.Мягмарсүрэн гуай ном, зохиол бичдэг ямар хүмүүстэй ойр дотно нөхөрлөж байсан бэ. Жишээ дурдаж, сайхан түүх дэлгээч?

               -Манай хүн чинь Монголын нэрт яруу найрагч Т.Очирхүү гуайн гарын шавь нь шүү дээ. Өөрөө бас гарын ганц шавьтай, тэр нь МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан.

1980-аад оны яруу найрагчид гэр бүлээрээ найзалж нөхөрлөдөг, бие биенээ сайхан дэмждэг, гайхамшигтай хүмүүс шүү дээ. Дурдвал дуусашгүй олон нэр хэлнэ. Зөвхөн Монголын радиод хамт ажиллаж байснаас нь нэрлэхэд яруу найрагч Цэндийн Чимэддорж агсан, зохиолч Пүрэвжавын Баярсайхан агсан, яруу найрагч Д.Нямаа, Маналсүрэнгийн Баттөмөр, зохиолч Лханаагийн Мөнхтөр, Д.Энхболд, Дамбын Шагдарсүрэн гээд олон бий. Өнөөг хүртэл бидний гэр бүл жаргал зовлонгоо хуваалцаж, байнга уулзаж, нөхөрлөж яваа. Сайхан түүх, дурсамж тоймгүй олон доо. Алийг нь ярихаа сайн мэдэхгүй байна, уучлаарай.

 

Миний хань ёстой л цэвэр хөдөөний хүн байсан даа

-Та ханьтайгаа хэрхэн танилцаж байсан бэ. Залуу насны сайхан үерхэл, нөхөрлөлөөсөө манай сайтын уншигчдад хуваалцаж болох уу?

               -Тэртээх 1976 оны намар цаг. Би Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн факультетын хоёрдугаар курст ордог жил ангийнхантайгаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд тариа ногоо хураахаар явж билээ. Тэр үед оюутны намар цаг дэндүү хөгжөөн шуугиантай, хөдөлмөр бүтээлтэй өнгөрдөг байжээ. Намрын ажил дээр манай ангийн духаараа харсан дуу цөөтэй бор хүү хэзээний л манай майханд ороод ирчихсэн, миний хажууд сууж байх, дуу цөөтэй юу байх вэ элдэв марзан сонин хачин зүйл, арван хар нүгэл, арван цагаан буян ч гэх шиг ярихгүй юмгүй их ярина. Тэр яриаг нь инээж хөхрөн шоолж, наадан сонсоно. Ингэж явсаар хоёул найзлан нөхөрлөж, аминчхан яриа өрнүүлж, дотноссоор, намрын ажил дуусаж, хичээлдээ ороход хэдийнэ хөтлөлцөн гүйдэг болсон байлаа. Сургууль дээр ангид лекц ороход суудал зэрэгцэн, хичээл тарахад Туулын гүүрээр хамт алхан, намайг гэрт хүргэж өгнө. Би тэр үед 19-р хороололд амьдардаг байв. Би хичээлийн завсарлагаанаар оюутны дотуур байранд нь очиж сайхан “хээр” цай, элсэн чихэртэй талхаар дайлуулна. Ингэсээр нэг л мэдэхэд надад бичиж өгсөнчлөн,

Хэт холын ододтой совингоор ирмэлцэн

Хэн хэнийхээ зүрхтэй итгэлээр ирмэлцэн

Өлмий дороо цас чахрахыг сонсон

Өчнөөн ч шөнө хөтлөлцөж явлаа хө

Зүв зүгээр найзууд байсан тийм ээ ?

Зүү орох ч зайгүй болчихдог, сонин шүү хө” гэж зүрх зүрхээ ойлголцон нэгэн гэрт орж эхнэр, нөхөр болсон доо.

-Хань нь танд зориулан хайрын шүлэг олныг бичсэн үү. Нөхрийнхөө танд зориулсан хайрын шүлгүүдээс хуваалцаж болох уу?

               -Манай хүн оюутан байхдаа сургуулийнхаа утга зохиолын дугуйланд явж байсан боловч учиргүй олон шүлэг бичээгүй байх. Зөвхөн хоёр биедээ зориулж хөтөлдөг тэмдэглэлийн дэвтэр дээр хайрын дөрвөн мөртүүд бичиж өгдөг байсан даа. Зарим нэгээс уншиж өгч болох уу.

-Бололгүй яах вэ?

Холбоо нуурын мөнх харзанд

Хос хун ижилсэнхэн өвөлжжээ

Хонгор чинийхээ харз шиг харцанд

Хайрын сэтгэл минь уяран шингэжээ

                            ***

Өөр хүнээс чамайгаа онцлон онцлон хайрлав

Өр зүрхнийхээ гүнд нууцлан нууцлан хайрлав

Сэвгүй сэтгэлийнхээ гүнд нууцлан нууцлан хайрлав

Сээтгэр охидоос сэтгэлээ харамлан харамлан хайрлав  

    гэх мэт хувийн тэмдэглэлийн дэвтэрт минь зөндөө шүлэг бий дээ.

2019 онд байх аа, та ханийнхаа нэрэмжит яруу найргийн наадмыг төрсөн нутагт зохион байгуулж байсан санагдана. Дахин ханийнхаа нэрэмжит яруу найргийн наадам зохион байгуулах уу?

               -Энэ ийм учиртай. 2019 онд Архангай аймгийн утга зохиолын Хантамир төвийн хамт олон санаачлан зохион байгуулсан. “Хангайн цом” яруу найргийн наадмыг манай хүний нэрэмжит болгон төрсөн нутаг Өндөр-Улаан суманд нь зохион байгуулсан юм. Энэ үеэр яруу найргийн наадмаас гадна “Сумын заан” шүлгийнх нь нэрэмжит бөхийн барилдаан зохион байгуулж, хүүхдүүдийн дунд "Найрагчийн шүлгийг хэн сайн унших вэ" уралдаан хүртэл хийсэн гээд бод. Сайн хүний сайн бүтээлийг ард түмэн мартдаггүй юм байна. Ханийн маань уран бүтээлийг байнга санаж дурсаж, сануулж, сэргээж, мөнхжүүлж төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг нутгийн ахан дүүс, уран бүтээлчдэд байнга баярлаж явдаг. Ханиараа байнга бахархаж явдгаа ч энэ ташрамд хэлмээр байна.

 

-Мөн Ч.Мягмарсүрэн гуайн номыг эмхэтгэн гаргаж байсан шүү дээ?

               -Бурхны оронд мордсоноос нь хойш бүтээлийг нь эмхлэн цэгцэлж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх, ард түмэндээ хүргэх үүднээс 1996 онд “Ташаа тамгаар Чулуут” шүлгийн түүврийг өөрийнх нь мөрөөдөн ярьж байсанчлан хатуу хавтастайгаар хэвлүүлсэн. Мөн өмнөх номуудад нь огт ороогүй, гар бичмэл дээрх 228 шүлгийг нэгтгэн 2004 онд “Эр Хэрлэн” нэртэйгээр хэвлүүлж байлаа. 2019 онд бүх бүтээлээс нь шигшиж нэгтгэн “Сумын зааны зуун шүлэг” ном хэвлүүлж, олны хүртээл болгосон доо.

-Саяхан Ч.Мягмарсүрэн гуайн нэрэмжит сумын заан цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд хэн гэдэг бөх түрүүлсэн бэ. Сонин сайхнаас нь хууч дэлгэвэл?

               -Оны өмнөхөн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ, бөхийн “Дэмжигч” клубээс санаачлан “Сумын заан” шүлгийн 35 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэж, ахан дүүс, үр хүүхдүүдийг урьж байгаагаа хэлэхэд нь бид маш их баярласан. Мөн л ханийнхаа уран бүтээлээр бахархаж  байлаа. Улаанбаатар хотод амьдарч байгаа болон Архангай аймгийн 19 сумаас төлөөлөл болж ирсэн 128 сумын заан “Алдар” спорт хорооны зааланд зодоглолоо. Барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын залуу бөх Гончигсүрэн түрүүлж, Батцэнгэл сумын заан Дашлхүмбэ үзүүрлэсэн. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Бөхбилэгт” дэвжээний дэд тэргүүн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, “Бөхбилэгт” дэвжээний гүйцэтгэх захирал, "Сокол" компанийн захирал Н.Алтаншагай, ерөнхий дасгалжуулагч багш, Монгол Улсын гарди Д.Рагчаа, Алдар спорт хорооны дарга, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, бөхийн “Дэмжигч” клубийн удирдлагуудад баярлалаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон бүх хүнд гэр бүл, үр хүүхдүүд, анд нөхдийнхөө өмнөөс баярлаж талархсанаа уламжилъя. 

Ёстой л нэг “Сумын заан” шүлгийнхээ дүр шиг өөрөө түрүүлгээ хараад хэвтчихсэн, “Хүүхдүүдээ эрхлүүлж хүзүүн дээрээ мордуулж”, юмаа бичээд л, номоо уншаад л байдаг сан. Бүр нүдэнд харагдчихлаа, тэр дүр төрх

-Ханийнхаа сайхан зан чанар, бахархам үйлдэлтэй холбоотой дурсамж хэлж өгөөч?

               -Миний хань ёстой л цэвэр хөдөөний хүн байсан даа. Яг хөдөөх зангаараа, хээгүй, гүндүүгүй эр. Хотын хүмүүсийн ааш араншинд жаахан дургүй. Нэг үгээр бол хотын хүн болж чадаагүй. Үгүй ядаж, хаалгаа ч түгжихийг мэдэхгүй хүн шүү дээ. Ер нь олон таван үггүй хүн байсан. Харин шүлэг яруу найраг, ном зохиолын тухай санаа нийлсэн хүнтэйгээ бол харин ч нэг яриа дэлгэнэ дээ. Бусад үед нэг их чанга дуугарч “Хүүхдүүдээ тэг ингэ” гээд сууна гэж үгүй. Дөрвөн тэрсхэн банди гэдэг чинь пижигнүүлнэ шүү дээ. Тэгэхэд хүүхдүүдээ зандарч байгааг нь би ганц удаа ч хараагүй дээ. Ёстой л нэг “Сумын заан” шүлгийнхээ дүр шиг өөрөө түрүүлгээ хараад хэвтчихсэн, “Хүүхдүүдээ эрхлүүлж хүзүүн дээрээ мордуулж”, юмаа бичээд л, номоо уншаад л байж байдаг сан. Бүр нүдэнд харагдчихлаа, тэр дүр төрх нь. Өглөө маш эрт босоод цайгаа чаначихаад шүлгээ бичээд сууна. Орой эрт амардаг тийм л хүн байв, хань минь. Ер нь маш их гэр амьтай. Ажил төрөл багатай л бол гэртээ өнөө хэдтэйгээ бужигнаад, ноолуулаад л байж байна. Өөрөө үүндээ дуртай гэж жигтэйхэн. Нэг сайхан чанар нь хүн муулах дургүй. Хэн нэгэн хүн муулах гэвэл “Яах нь вэ дээ, хөөрхийг” гээд л дуугүй болгочихдог байсан даа.

-Ард түмнийхээ дунд шүлэг, найргаараа мөнхөрсөн найрагчийн тухай сайхан яриа дэлгэсэн танд баярлалаа. 

-Баярлалаа, надад ч сайхан байлаа. 


ЯРУУ НАЙРАГЧ Ч.МЯГМАРСҮРЭНГИЙН ГЭРГИЙ Д.АЛТАНЦЭЦЭГ: Хань минь “Сумын заан” шүлгийн дүр шигээ гүндүүгүй эр байсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188