-Р.ЧОЙНОМ ГУАЙГ ШОРОНГООС ГАРАХАД НЬ ААВТАЙГАА ОЧИЖ АВЧ БАЙЛАА-
-Ш.Сүрэнжав гуайн шүлэг, найраглалыг мэдэхгүй хүн ховор. Зуун дамнасан гайхалтай уран бүтээл туурвисан аавын тань бага насны талаар хөөрөлдөөнөө эхлэх үү?
-Юуны түрүүнд маш их баярлалаа. Хоёр хоногийн өмнө утсаар ярьж, цаг товлосноос хойш маш их догдоллоо. Яг л аав, ээжтэйгээ эргэн уулзах гэж байгаа мэт санагдсан. Аавынхаа талаар сайхан яриа дэлгэх болсондоо тэр байх. Миний аав Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гэж хүний дээд хүн байлаа. Аав минь Төв аймгийн Авдарбуян сум буюу одоогийн Сэргэлэн сумын нутагт байх Ногоон толгой гэдэг газар 1938 онд төрсөн. Аав бага насаа эмээтэйгээ өнгөрүүлсэн гэж ярьдаг байсан. Эмээгээ Мээм хэмээн дууддаг байсан. Багаасаа л эмээтэйгээ хамт мал маллаж, Төв аймгийн Сэргэлэн сумын ойролцоох нутгуудаар отор нүүдэл хийж явсан гэнэ лээ. Харин есөн настайдаа аймгийн бага сургуульд суралцаж эхэлсэн юм билээ. Түүнээс Налайхын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд МУИС-ийг амжилттай дүүргэсэн байдаг.
Аав, ээж хоёроороо үнэхээр их бахархаж байна
Аав, ээж хоёр минь 1959 онд гэр бүл болж, 1960 том эгч С.Хишигсүрэн маань төрсөн. С.Хишигсүрэн эгч “Харанга” хамтлагийн дуучин Чукагийн “Зуун зуун жил чамайгаа хайрламаар байна” дууны шүлгийг бичсэн. Энэ дуу бол ард түмний дунд нэлээд алдаршсан дуу л даа. Бидний дундаас аавын мэргэжлийг өвлөж, сэтгүүлч, монгол хэлний багш мэргэжил эзэмшсэн нь. Одоо гэр бүлийн хамт Япон Улсад ажиллаж, хөдөлмөрлөж байгаа. Мөн С.Даваасүрэн ах Сэлэнгэ аймгийн Дулаанхааны модны үйлдвэрийн анхны даргаар нь ажиллаж байгаад тухайн үеийн Үндсэн хуулийг аавтай хамт батлалцсан түүхтэй. Харин С.Өлзийсайхан эгч Нэгдүгээр эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Би 1966 онд аав, ээжийн отгон охин болж мэндэлсэн. Одоо Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байна. Хүн ер нь аав, ээжийгээ мөнхийн юм шиг л санадаг юм байна. Үг хэлэхээр нь “Мэдэж байна, мэдэж байна” гэдэг байж. Аав минь хэлсэн үг, сургаал ямар үнэн байсныг одоо л ойлгож байна. Тиймээс аавынхаа бичиж үлдээсэн дурсамж, өгүүлэл, найраглалыг уншиж сэтгэлээ дэвтээж явна даа.
-Өтгөсөө үдэж, нялхсаа угтаж авдаг нь хорвоогийн жам. Хүн төрөлхтний оюун санаанд өөрийн мөрийг тод томруун гаргасан аав тань тэнгэртээ мордоход монголчууд харууслын нулимстай үдэж байлаа. Гэвч Ш.Сүрэнжав гэдэг хүн бидний оюун санаанд одоо ч амьдарч, уншигчдаа соён гэгээрэлд хөтөлж байгаа нь үнэхээр сайхан юм даа?
-Аав минь “1959 оноос 2018 он хүртэл нэг байшинд, нэг намд, нэг эхнэртэй насыг барлаа” гэж ярьдаг байсан. Бид "Аав, ээж хоёр минь бидэнд ямар их өв үлдээсэн юм бэ" гэж бахардаг. 1990-оос эхэлсэн зах зээлийн үед хүн бүхэн л арилжаа наймаа хийж, амьдралаа өөд татахаар эрвийх, дэрвийхээрээ хөдөлмөрлөж байсан. Тухайд үед бид дөрөв аавынхаа хэлснээр цалин багатай ч төрийн албандаа л ажиллаж байлаа. “Хүний хамгийн хулгайд алдахгүй, авч явахад авсаархан, байнгын өмч болох зүйл бол оюун ухаан, мэдлэг шүү” гэж аав, ээж минь захидаг байсан. Тухайн үед хүмүүс элбэг, дэлбэг сайхан амьдарч байна. Өнөөдрийн ороо, бусгаа цагт эргээд харахад аав, ээж хоёр минь бидэнд амьдрах ухаан гэх юугаар ч үнэлшгүй зүйлийг үлдээжээ гэж эрхгүй баярлан боддог доо.
-Аавыг тань их нийтэч, сайхан сэтгэлтэй хүн байсан гэж ярих юм билээ. Аавыг тань дагаад найз нөхөд нь их ирж, гэр дүүрэн уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг байсан нь мэдээж. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Намайг хүүхэд байхад манайхаар хүн их орж, гардаг байсан. Аав, ээжээс хойш ч “Танайхаар зүгээр ороод гаръя. Тэр хоёрыг дурсъя” гэсэн хүн олон байна. Бид нас залуу болохоор ч тэр үү эхэндээ сайн ойлгохгүй “Ямар сонин юм бэ” хэмээн боддог байлаа. Харин одоо л сайн ойлгож, мэдэрч байна. Аав, ээж минь бурхан болоод нэлээд хэдэн жил боллоо. Гэтэл хүмүүс мартахгүй сайн сайхнаар дурсаж байна. Яагаад дурсаад байна вэ гэхээр тэд маань хүний зовлонг хуваалцаж чаддаг, сайхан сэтгэлтэй байжээ. Одоо бол хүмүүс хүний жаргалыг л хуваалцах дуртай болсон байна. Бага байхад манайд хүн их ирж хононо. Үүнээс гадна аав Төрийн шагнал авсан тухайн үед одоогийнх шиг хүлээн авалтын ресторан байгаагүй. Тиймээс гэртээ баяраа тэмдэглэсэн дээ. Намайг өглөө бостол шүүгээнд нэг хүн унтаж байв. Гайхаад хартал “Хүрэн морь” найраглалыг бичсэн Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэн гуай байсан. Тэр эрхэм хүн өдөржингөө шүлэг, найраг уншиж өгснөөс гадна “Маамуу нааш ир” дууг биднээр дуулуулаад л өнжсөн дөө. Мөн яруу найрагч Р.Чойном гуай манай гал тогооны өрөөнд олон хонож байсан. Би аавтайгаа Р.Чойном гуайг шоронгоос гарахад очиж авч байлаа. Багадаа гэрээр олон хүн орж, гараад бужигнаад байхаар төвөгшөөдөг байв. Одоо бодоход аав, ээж минь нинжин сэтгэлтэй, хүнд тусархуу байжээ.
-Ш.Сүрэнжав гуай танд юу гэж хэлж зөвлөдөг байсан бэ?
-Би 2005 онд Хятадад доктор хамгаалаад ирсэн. Тухайн үед ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байж дээ. Долоон жил сураад гэртээ ирэхэд аав, ээж минь маш их баярлаж байсан. Тэднийгээ дагуулаад БНХАУ-ын Ханжоу орсон. Далайн эрэг дээр сууж байхдаа аав минь “Хятадын соёлд суралцаж, эрдэм номын хэлтэрхийг нь ч болов сураад гарсан охиноороо бахархаж байна” гэж хэлсэн. Монголд ирснийхээ дараа би хуучин ажилдаа орохгүй гэж бодож байлаа. Учир нь, надад өөр газраас 500 ам.долларын цалинтай ажил санал болгоод байсан юм. Гэтэл аав минь намайг гунигтай гэгч харж байснаа “Яагаад ажлаа сольж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би өндөр цалинтай ажилд орохоор болсон гэдгээ хэллээ. Аав “Чи одоо хэнийг тэжээх гэсэн юм бэ. Хань бид хоёр бол чамаар тэжээлгэхгүй. Танай нөхөр чамаар хүүхдүүдээ тэжээлгэхгүй. Манай удамд баян тарган хүн бол байгаагүй ээ. Гэхдээ эрдэм номтой хүн бол байсан. Сайхан эрдэм ном эзэмшиж ирчихээд байгууллагынхаа ач буяныг бодохгүй дээ. Хамт олон чинь дэмжээд гоё сайхан угтаад авч байхад өндөр цалинтай ажил хийнэ гээд орхих нь зөв үү. Ер нь бол онцгүй л байна. Байрнаасаа нэг хөдөлсөн чулуу гурван жил зовдог юм даа” гэсэн. Тухайн үед би дурамжхан байсан ч аавынхаа үгийг дагасан. Хадаг бариад угтсан хамт олонтойгоо эргэн нэгдэж, 60 мянган төгрөгийн цалинтай ажилдаа орсон доо. Өнөөдрийн өнцгөөс тухайн байгууллагаа харахад 27 жил ажиллажээ. Одоо байгууллагаа удирдаад явж байгаа хүний хувьд ямар ч хүнийг сайхан угтаж авах ёстой, хүн байгаа газраа төлөвшиж, хүмүүжих ёстой, өөрөө бол зүгээр нэг хэлтэрхий нь гэдгийг аав энгийн үгээр ойлгуулж өгчээ. Үүнээс гадна Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед аавд Хөдөлмөрийн баатар цол өгнө Засгийн газраас “Бичиг баримтыг нь бүрдүүлж өг” гэсэн. Гэтэл аав “Үгүй, үгүй. Хөдөлмөрийн баатар гэдэг чинь жолооч, барилгачин, гэх мэт хөдөлмөр хийдэг хүмүүст өгдөг шагнал. Би зохиолчийнхоо хамгийн дээд шагнал болох Ардын уран зохиолч болсондоо хязгааргүй баярладаг. Харин Хөдөлмөрийн баатар гэдэг шагнал Л.Түдэв шиг бүтээлч, хөдөлмөрч хүмүүс хүрэх ёстой шагнал. Би бол тэгж хөдөлмөрлөж чадаагүй. Зөвхөн авьяас, онгодоороо л шүлэг найраг бичсэн. Байгалиас заяасан авьяасаа тордож, боловсорч ирсэн хүн” гэж байлаа. Ер нь аав ч гэлтгүй манай гэр бүлийнхэн байгаа зүйлдээ сэтгэл ханамж 100 хувь байж чаддаг.
-ААВ ЭЭЖИЙГ ӨӨД БОЛСНЫ ДАРАА СЭТГЭЛ САНААГААР УНАЖ, УДАЛГҮЙ АРААС НЬ ЯВСАН ДАА-
-Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн гэргий, өөрийнхөө ээжийн талаар манай уншигчдад танилцуулж болох уу?
-Ээж минь Л.Цэнд гэж ёстой хүний хайлан, үгээр хэлшгүй сайхан эмэгтэй байлаа. Ясли цэцэрлэгийн захирлаар насаараа шахам ажилласан хүн. Амьдралын олон даваа нугачаанд өчүүхэн ч хиртэж, буртаглагдаагүй гэгээн сэтгэлтэй хүн байсан даа. Ээжийг 2017 онд бурхан болоход аав таван настай хүүхэд шиг л богино долгионы зуухаа асааж, зурагтынхаа сувгийг сольж чадахгүй шахам хүн үлдсэн. Ээж минь тэгж аавын эрхлүүлдэг байлаа. Аав ямар нэг суурь өвчин байгаагүй. Өдөр болгон цаг харж, “Хэд болж байна” гэж асууж байгаад л сэтгэл санаагаар унаж, ээжийн араас тэнгэрт явсан даа.
Аав ээжийг "Цэнд комиссар" гэж дуудаг байсан. Аав “Би хэнээс ч айдаггүй. Ганцхан Цэнд комиссараас л айдаг” гэдэг байв. Энэ нь айдаг гэсэн үг биш л дээ. Харин эхнэрээ хүндэлж, хайрладаг тухайгаа л хэлж байгаа хэрэг. Намайг бага байхад аав минь архи уудаг байсан. Тэгээд л “Яруу найрагч хүн архи ууж байж л онгод нь орох учиртай” гэж ярьдаг байж билээ. Өөрөө ч энэ тухайгаа дурсамж дээрээ бичсэн байдаг.
Аав минь шившлэгтэй хүн байсан. “Хүнд тэмтрүүл мэт явдаг хоёр антен байдаг. Түүнийгээ мэдэрч чадвал заавал чамд дохио өгдөг. Хол, ойроос хамаарахгүй итгэж л чадвал бүх зүйлд хүрнэ” гэдэг байв
-Ер нь Сүрэнжав гуай эхээс хэдүүлээ байсан юм бэ?
-Аав минь эцэг тусдаа гурван дүүтэй хүн. Аавын аав Шарав гэдэг хүн цэрэгт яваад эргэж ирээгүй юм билээ. Тиймээс манай эмээ нутгийнхаа Батцэнд гэдэг хүнтэй гэр бүл болж гурван дүүг нь төрүүлсэн юм билээ. Аавын төрсөн дүү Б.Пүрэвсүх “Мандухай цэцэн” киноны ерөнхий зураачаар ажиллаж, “Чингис хаан” киноны зураачаар ажиллаж байгаад бурхан болсон. Аав дүүгээрээ маш их бахардаг байлаа. Б.Пүрэвсүх ахын охин П.Байгаль одоо Занабазар музейн захирлаар ажиллаж байна. Мөн хүү П.Батжав нь Арт галерейн захирлын алба хашиж байгаа. Аавынхаа урлагийн замыг үргэлжлүүлээд явж байгаад нь баярладаг. Б.Пүрэвсүх ахын хүүхдүүд бүгдээрээ урлагийн замаар явж байгаа даа. Ер нь гэр бүлийн хүмүүжил, ахуй орчноо эргээд бодохоор ааваас минь улбаатай, аавын эд хөрөнгө, баялгийг биш, хамгийн тэргүүнд авьяас чадвар, эрдэм мэдлэг эрхэмлэх ёстой гэдэг үзэл баримтлал уламжлагдаж иржээ. Энэ бүхэн аав, ээж хоёрын минь итгэл, сэтгэлээр л бүтсэн гэж боддог доо.
Өнгөрсөн жил бид Ш.Сүрэнжав сан байгуулсан. Мөн Цэцэрлэгт хүрээлэнд аавын нэрэмжит талбай гаргаж өгсөн. Тиймээс бид тэрхүү талбайгаа тохижуулж байгаа. Яруу найргийн баяр болдог, залуус цугладаг, яруу номоо гарсан уран бүтээлчид очдог тайзтай талбай бүтээхээр ажиллаж байна. Үүнээс гадна аавынхаа 54 жил амьдарсан байрыг нэрийг нь бичсэн самбар өлгөж мөнхжүүлсэн. Энэ мэт аавынхаа амьдрал, уран бүтээлийг ард иргэдэд таниулах, залуу үедээ уламжлуулан үлдээх ажилд өөрсдийн чадах зүйлээ хийж байгаа.
-Яруу найрагч хүмүүсийн үг шидтэй гэж ярьдаг. Тэгэхээр та бол монгол түмний хайртай яруу найрагчийн бага охин. Тиймээс энэ тал дээр сонирхолтой түүх ярьж өгөөч?
-Аав минь шившлэгтэй хүн байсан. “Хүнд тэмтрүүл мэт явдаг хоёр антен байдаг. Түүнийгээ мэдэрч чадвал заавал чамд дохио өгдөг. Хол, ойроос хамаарахгүй итгэж л чадвал бүх зүйлд хүрнэ” гэдэг байв. Урд сурч байхдаа би хүүхдүүдтэйгээ хамт байсан. Заримдаа тэдний минь толгой өвдөнө. Тэгэхээр л аав руу утас цохино шүү дээ. Аав “Утсаа барьж байгаарай” гээд ном уншдаг байсан. Аав маань багадаа хийдэд шавилан сууж байсан хүн. Тиймээс бурхны ном, тарина мэддэг байсан. Мөн дараа нь түвд хэлийг Ш.Гаадамба багшаар заалгаж сурсан юм билээ. Мөн аав захиа бичих дуртай хүн байсан. Аавын бичсэн захианууд одоо ч хадгалаатай байгаа. Заримдаа бид уншаад инээж, хөхөрнө. М.Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуульд сурч байх үед аавын болон бидний бичиж байсан захиануудыг уншихаар сайхан байдаг. Яг л тэр үедээ эргэн очсон мэт. Нэг удаа аавын бие муудаад эмнэлэгт хэвтсэн. Эмч нар “Бараг найдваргүй боллоо. Одоо та нар аваад гар даа” гэж байсан. Тухайн үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, зууны манлай Л.Цогзолмаа гуай аавын өрөөнд орж ирээд “Сүрэнжав аа, чиний хийморьтой бардам, омогтой байдал чинь хааччихсан юм” гэж хэлээд гараад явсан. Үүнээсээ хоёр, гурав хоногийн дараа хөл дээрээ босоод эмнэлгээс гарсан даа.
-Таны аавтайгаа өнгөрүүлсэн он жил бүхэн л дурсамж болон үлдсэн байх. Гэхдээ таны сэтгэлээс гардаггүй сайхан дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Нэг удаа аавын эзгүйд ээж маань эмнэлэгт хэвтчихсэн ах, эгчтэйгээ би гэртээ байлаа. Аав, ээж байхгүй болохоор гэр нэг л дүнсийгээд, гунигтай байсан. Гэтэл аав гэнэт гаднаас хайрцагтай юм барьсаар уур савсуулан “Ханийгаа эмнэлэгт хэвтсэн гэдгийг дуулаад давхисаар байгаад хот руу орж ирлээ” гэсээр ирсэн. Бид бүгдээрээ орноос үсэрч босоод бөөн баяр болж байлаа. Өглөө нь бүгдээрээ ээжийг хамт эргэж байсан. Тэр үеийн ээжийн баярлаад инээсэн дүр төрх одоо ч нүдэнд харагддаг.
Аав, ээж хоёр минь хүний ачлалыг ерөөсөө мартдаггүй байсан. Аль болох л хүнд туслахыг бодож, хичээж явдаг байв. Муу хүн байсан ч хайрлаж, тусална. Ер нь аав минь ямар ч хүнээс сайхныг олж харах нүдтэй байсан даа. Ижий аавтайгаа хамт байсан өдрүүд минь хамгийн сайхан үе. Аль болох л ээж, аав шигээ байхыг бодсон ч чаддаггүй юм билээ.
Аав минь “Хаана чи сайхан байна. Тэр чиний эх орон” гэдэг үгэнд их эмзэглэж байсан
-Ш.Сүрэнжав гуай ер нь юунд их уурлаж, бухимддаг байсан бол?
-Аав зэвхий гэдэг үгийг их хэлдэг хүн байсан. Нэг өдөр би гэрт нь яваад очтол их ууртай сууж байна. Тиймээс “Яагаа вэ ааваа” гэтэл “Хаана чи сайхан байна. Тэр чиний эх орон” гэнэ ээ. Эд нарын төлөө тэр олон хүн амь насаа хэрэггүй алдаа юу. Тусгаар тогтол гэдэг чинь хамгийн үнэ цэнтэй, хайрлаж явах зүйл” гээд улстөрчдийн тухай ярьж байсан. Тэгээд өөрийнхөө зохиолыг нь бичсэн “Тусгаар тогтнол бол аминаас үнэтэй” киногоо надад үзүүлж байв. Тэрхүү киногоороо ээжийн хамт дүрсээр мөнхжин үлдсэн дээ. Аав минь “Хаана чи сайхан байна. Тэр чиний эх орон” гэдэг үгэнд их эмзэглэж байсан. Өөрөө эх орон, нутаг усныхаа талаар шүлэг, найрагч олныг бичиж байсныг нь надаас илүү уншигчид мэдэж байгаа байх.
-Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай ямар хоолонд дуртай, ямар хоол сайн хийдэг байсан бэ?
-Аав минь гурилтай хоолонд дуртай байсан. Аавын хийсэн гурилтай хоол тасархай амттай байлаа. Мөн адууны махыг нимгэн хэрчээд янзын шардаг байсан. Өөрөө хэлэхдээ “Энэ бол урлаг” гэдэг байв. Биднийг хоол хийхээр “Махыг ширхгийнх дагуу нимгэн хэрч” гэнэ. Гурилтай хоол хийхдээ "Махыг судлынх нь дагуу зор" гэнэ. Тэгээд "Чимх, чимхээр борц хийж амтлаад сэтгэлээ гаргаж хий. Тэгвэл сайхан амттай болно" гэж зөвлөдөг байсан даа. Сүүлийн хэдэн жил аав хоол хийгээгүй. Гэхдээ ээжийг хоол хийхэд нь дэм, хань болно гээд дэргэд суудаг байсан даа. Аав, ээж хоёрынхоо гал тогооны өрөөнд хамтдаа инээмсэглэж суугааг нь дахин харахгүй гэж бодох л хэцүү дээ, хэцүү.
-Аавынхаа тухай сайхан дурсамж яриа дэлгэсэн танд баярлалаа.
-Та бүхэнд харин зөндөө их баярлалаа. Аав, ээжийнхээ тухай бодох, дурсамжуудаа уудлах боломж олгосонд нь баярлаж байна.
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Ш.СҮРЭНЖАВЫН ОХИН ӨНӨРСАЙХАН: Аав минь муу хүнээс ч сайн талыг нь олж хардаг байсан даа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |