• Өнөөдөр 2024-04-26

ЯРУУ НАЙРАГЧ А.ЭРДЭНЭ-ОЧИРЫН ХҮҮ ЦАГААН-УУЛ: Аав минь хорвоо, ертөнцийг хайраараа дүүргэсэн гэрэл байлаа

2022-12-27,   4288

         Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, МУСГЗ А.Эрдэнэ-Очир агсны хүү Цагаан-Уултай хөөрөлдлөө. Бид утга зохиол, шүлэг яруу найргийн тухай биш. Харин яруу найрагч А.Эрдэнэ-Очир гэх хувь хүний тухай дурсамж, дурдатгалын талаар ярилцсан юм. 

         -1990-ээд оны уран бүтээлчдийн тод, томруун өнгө төрх бол А.Эрдэнэ-Очир яруу найрагч гэдгийг утга зохиолын салбарынхан төдийгүй Монголын ард түмэн мэднэ. Энэ эрхэм хүний том хүү болох Э.Цагаан-Уул тантай ярилцах болсон доо ихэд бэлгэшээж буйг нуух юун. Шуудхан хэлэхэд би таны аавын талаар ганц ч удаа муу үг сонсож байсангүй. Үеийн уран бүтээлч нөхөд нь бүү хэл ах, дүү нар нь сайхан сайхнаар дурсаж байдаг. Энэ хүний гэрэлт ертөнцөд туулсан замналынх нь талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

             -Тэгэлгүй яах вэ. Миний аав хувь хүнийхээ тал дээр ямар орон зай, ертөнцтэй байсан гэдгийг удахгүй гарах хоёр номоос мэдэж болно. Аавын тухай удахгүй хэвлэгдэн гарах дурсамжийн ном дээрээс хуваалцъя гэж бодож байна.

-Бололгүй яах вэ. Энэ л нандин дурсамжуудын үүцийг задлахаар хоёулаа нүүр, нүүрээ харан сууж байна шүү дээ.

             -Хоёр хундагатай хор байхад “Энэ хорыг уугаад үхчихсэн ч найз минь илүү ихийг бүтээж чадах болохоор би энэ хорыг ууя гэсэн сэтгэлгээтэй хүн бол А.Эрдэнэ-Очир мөн” гэх дурсамж номд бий. Тэгэхээр аавын хувь хүний бодол нь би энэ хорвоод амьд явах чухал биш. Харин уран бүтээл хийх, хүнтэй сайхан нөхөрлөх, өөрөөсөө илүүг хүлээн зөвшөөрөх чухал байсан гэдэг нь ажиглагдаж байгаа юм. Ер нь аав минь их нямбай хүн байсан. 1987 онд “Пионерын үнэн” сонинд “Миний нутаг” шүлэг нь хэвлэгдэн гарч байсан юм билээ. Түүнээс хойших өөрийнх нь тухай гарч байсан сонин, сэтгүүл, номыг хадгалдаг болсон юм билээ. Тухайлбал, “Болор цом” яруу найргийн наадмын үеэр хэн нэгэн аавтай холбоотой зүйл ярьсан нь нийтлэгдсэн байх юм бол хайчилж аваад хадгалдаг байсан. Мөн сэтгүүлчид “Г.Аюурзана зохиолч танаас түрүүлээд гавьяат цол авлаа. Та үүнд баярлаж байна уу” гэхэд аав “Миний үеийн нөхөрлөл, үүнээс гадна өрнийн уран зохиолыг эх хэлэндээ буулгаж, таниулж байгаа хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна. Би яасан гэж үүнд атаархах билээ” гэж хариулсан байдаг. Тэгэхээр аливаа юмыг хүлээн зөвшөөрөх тал дээр зөв бодол, мөн чанартай хүн байжээ. Ер нь эцэг хүн гэдэг алсын хараатай байдаг гэдгийг би анзаарсан. Аав минь өдийд амьд байсан бол 50 настай байх байлаа. Аавынхаа 50 насны ойгоор би 30 нас хүрч байна.

Аав минь өдийд амьд байсан бол 50 настай байх байлаа

"Аав нь тагтан дээрх юмнуудаа ухаж байгаад онц хилчний тэмдэг оллоо. Аав нь цэрэгт явж чадаагүй. Тиймээс энэ тэмдгийг уран бүтээлд минь олгосон байх"

-Яг энэ үед танд юу бодогдож байна. Та аавынхаа 20 насанд мэндэлсэн хүү нь юм байна шүү дээ?

             -Аав үглэж биш, үйлдлээрээ хүнд юу хийх ёстойг нь заагаад өгчихдөг. Хэзээ ч “Чи ингэ, тэг, тэдэн төгрөгийн цалинтай тэр ажлыг хий” гэж хэлэхгүйгээр заагаад өгдөг байлаа. Тухайлбал, би 10 жилийн дунд сургууль төгсөхдөө эдийн засагч болно гэж боддог байлаа. Гэтэл яагаад ч юм сургуулиа төгсөөд МУБИС-ийн Утга зохиолын ажилтан мэргэжлээр суралцах болсон. Тухайн үед аав “Аав минь 1990 онд оюутан болсон.1992 онд миний хүү эхээсээ мэндэлсэн. Тэр үед аав нь сургуулиасаа завсарласан даа. Нэг үгээр бол аав нь сургуулиа төгсөж чадаагүй” гэсэн. Би харин аавынхаа сурч боловсорч байсан сургуулийг нь гүйцээж төгссөн дөө. Их сургуулиа төгссөний дараа намар аав намайг гэртээ дуудаад “Аав нь тагтан дээрх юмнуудаа ухаж байгаад онц хилчний тэмдэг оллоо. Аав нь цэрэгт явж чадаагүй. Тиймээс энэ тэмдгийг уран бүтээлд минь олгосон байх. Тиймээс аав нь дөрвөн хүүгээ эх орныхоо хил дээр цэргийн алба хаагаасай гэж боддог юм.  Яруу найрагч хүн их хэл, хил хоёр манаж байх ёстой. Яагаад миний хүү цэргийн алба хааж болохгүй гэж” хэмээн хэлсэн. Ингэж л намайг хөглөөд цэрэгт явуулж байлаа. Тэгээд намайг  Дорнод аймгийн Халх гол сумын Нөмрөгийн застав дээр алба хаалгаж байсан. Цэргээс халагдаж ирээд хаана яаж ажиллах талаар аавтай ярилцсан. Гэтэл “Аав нь 22 настай байхдаа анх хотод ирж байсан. Залуу насандаа нутаг, усандаа ажиллаж, хөдөлмөрлөнө гэж боддог байв. Даан ч аав нь чадаагүй. Миний хүү, юу гэж бодож байна” гэсэн.  Би тэр үед аавд юу ч хэлэлгүй Дорноговь аймагт төрийн алба хаагчаар ажиллахаар явж байлаа. Намайг нутагтаа төрийн албан хаагч хийж байхад аав “Энэ ажил чинь зөв шүү” гэж зөвлөж байлаа. Гэтэл 2018 онд энэ бүх зүйл өөрчлөгдөж, орвонгоороо эргэсэн. Тухайн үед надад юу гэж бодгосон гээч.

-Юу гэж?

             -Хэрэв аавын хэлснээр Утга зохиолын ангид сураагүй байсан бол би хэн байх байсан бэ. Цэрэгт явж хатуужил амсаагүй байсан бол хэн болох байв. Төрийн албан хаагчийн бичиг цаасны ажил хийж сураагүй бол яах вэ. Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хүүхэд гээд яваад байдаг. Тэгсэн хэр нь бичиг үсгийн алдаатай албан бичиг явуулаад байвал онигоо биз дээ. Харин энэ бүхэнд аав минь залж, чиглүүлж чадсан. Үүнээс гадна уран бүтээлч хүний ар гэр орхигддог гэж хүмүүс хэлдэг. Би энэ тал дээр үгүй гэж хэлнэ. Яагаад гэхээр уран бүтээлд амьдралаа зориулсан хүний хүч хөдөлмөр үр шимийг хүүхдүүд нь хүртэж эхэлдэг. Би Дорноговь аймгаас 2020 онд Улаанбаатар хот руу орж ирээд “Таван толгой түлш” компанид ажилд орох танилцуулгаа явуулсан. Гэтэл ажлын ярилцлагад оруулахгүйгээр намайг ажилд авсан. Би гайхаад ажил олгогч даргатайгаа уулзаад “Яагаад намайг ярилцлагад оруулалгүй авсан юм бэ” гээд лавлаж асуулаа. Гэтэл “Захирлуудын зөвлөл хурал хийсэн. Тэгээд шинээр ажилд орох ажилчдын танилцуулгын эхэнд чи байсан. Үүнийг Удаанжаргал гүйцэтгэх захирал хараадХүүеэ энд чинь манай А.Эрдэнэ-Очирын хүүхэд байна шүү дээ. Сайн хүний хүүхэд хэзээ ч муу байхгүй. Тиймээс энэ хүүхдийг ажилд ав" гээд аавын чинь шүлгээс хоёрыг цээжээр уншаад гарсанТиймээс чамайг ажилд шууд авлаа” хэмээн хэлж байв. Тэгэхээр уран бүтээлч хүний ар гэр орхигдоогүй байгаа биз дээ. Харин ч үр хүүхдүүд нь буян заяаг эдлээд явдаг юм байна.

Уран бүтээлч хүний ар гэр орхигддог гэж хүмүүс хэлдэг. Би энэ тал дээр үгүй гэж хэлнэ

-Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын бага нас хэрхэн өрнөж байсан нь сонирхолтой санагдаж байна. Таныг энэ талаар сонирхолтой яриа дэлгэнэ гэж найдаж байна?

            -Энэ талаар аав өөрөө ярихдаа багасаа л өвөөгөө дагаж явдаг байсан гэдэг. Манай Арлаан өвөө унадаг дугуй авч өгөөд аавыг тэмээнд их явуулдаг байсан гэнэ лээ. Мөн аав багадаа гал түлэх модны үртэс захаас авч ахуй амьдралдаа тус болж байсан гэдэг. Ер нь аавын бага нас хөдөө мал дээр өнгөрсөн. Тэр дундаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нэгдэл дээр өнгөрсөн хэмээдэг. Тухайн үед сургуулийн хүүхдүүдэд эмнэг сургах даалгавар өгдөг байж л дээ. Нутагт нь үеийн хүүхэд байхгүй учраас эмнэг сургах айл болгоны адууг сургаж, номхруулаад даалгавраа хэдэн дахин биелүүлдэг байсан гэдэг. Тиймээс хөгшчүүл аавд их сайн. Ер нь аавыг залуу байхад Ц.Бавуудорж, Д.Нямдорж гуайгаас эхлээд нас тогтсон хүн шиг шүлэг бичдэг гэж ярьдаг байсан. Аргаг ч үгүй л дээ аавын бага нас ахмад хүмүүстэй өнгөрсөн болохоор тэр биз. Энэ ч утгаараа амьдралыг илүү эрт таньж, амьдралд эрт хөл тавьсан байх гэж боддог.

-А.Эрдэнэ-Очир хэмээх яруу найргийн уул, ноён оргил болсон хүний талаар үеийн нөхөд нь ярихдаа их наргиач, нөхөрсөг, элгэмсэг хэмээн хуучилдаг. Энэ хүн үнэхээр наргианч, шооч хүн байв уу?

             -Ер нь бол их наргианч хүн. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаар Одончимэг ажиллаж байсан  үед Төв талбайд аав, Л.Эрдэнэбат, Ш.Энхбаяр ах нарыг сууж байвал урдуур нь хүн гардаггүй байж. Яагаад гэхээр шоолуулахаас эмээгээд тэр шүү дээ. Миний сонсож байснаар тухайн үеийн АН-ын даргаар ажиллаж байсан И.Төмөр-Очир ахыг урдуур нь гарахаар аав “И.Төмөр-Очир явж байна” гээд л наргианаа эхлүүлэхэд бусад нэр хийтэл инээнэ. Гэхдээ энэ нь  ямар нэг доромжлол биш. Хүнийг доош хийсэн үйлдэл биш. Харин хаана наргиан, цэнгээн байна түүнд аав байсан гэдэг.

-Бусдыг шоолохоос гадна хүүхдүүдээ хэр их шоолдог байв?

             -Харин ч нэг шоолно шүү дээ. Манай ах, дүү, хамаатан, садан, ураг төрлийн хүн бүхэн хочтой. Аавын төрсөн дүү Эрдэнэ-Од гэж бий. Эрдэнэ-Од эгчийн хүүхдэд аав Б,Б,Б гэж хоч өгсөн. “Энэ юу гэж байгаа юм бэ Ээгий ахаа” гэхэд “ Балиар Бахираа Баганаа” гэнэ. Нөгөө хэд нь “Та өөрийнхөө хүүхдүүдэд хоч өгөөч” гэхэд “Ц,Ц,Ц гэж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр Цаглашгүй Царайлаг Цагаан-Уул” гээд л ярьдаг байсан даа аав минь. Үүнээс гадна би цэрэгт явж ирээд аавтайгаа золгосон. Тэр үед зурагтаар С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын тоглолт гарч байхыг хараад аав  "Аав энэ дуунд халзан цагаан хуурга гэнэ үү” гэтэл Аав “Харин тийм. Чи яасан сайн анзаардаг юм. Хоолны хуурга юм шиг сонсогдож байгаа биз” гээд л наргина шүү дээ. Мөн дуучин Т.Баясгалангийн дууг зурагтаар харж байгаад аавд "Энэ баясгалан сонин дуучин шүү. Тийм ээ, ааваа” гэсэн. Гэтэл яг тэр үед дууны дүрс бичлэг дээр Т.Баясгалангийн өөдөөс ботго сэвсээ хаячихсан. Аав түүнийг нь хараад “Аргагүй шүү дээ. Наад ботго чинь хүртэл сэвсээ хаяж байгаа биз дээ” гээд л инээд болж байсан даа. Үүнээс гадна цэргээс халагдсаны дараа аавтай Дорноговь аймагт болсон үйл ажиллагаа дээр таарч байлаа. Тухайн үед “Сайн уу, аав аа” гэж болдоггүй. Хүмүүс харахдаа бол биднийг нэг газраас хамт ирсэн л гэж бодож байдаг. Гэтэл тийм биш. Бид тусдаа амьдарч байсан юм л даа. Тэгээд би юу гэж мэндлэх вэ гэж бодож байтал аав “Наашаа суу” гэсэн. Тэгээд “Миний хүү цэрэгт яваад ирлээ. Юмны учир сайн ойлгодог болсон. Би чамайг роман бичиж ир гэсэн хаана байна. Аавынхаа үгэнд ерөөсөө орохгүй юм. Гэхдээ утга зохиолын салбарт аавтайгаа амь нэг хайртай явж байгаад чинь баярлалаа. Тиймээс аавтайгаа ойр дотно яриа, өрнүүлж бай” гэсэн дээ. Үүнээс хойш аавтай нээлтэй сайхан ярилцаж, ойлголцдог болсон.

             Би яг долоо хоногийн өмнө  Б.Догмид ахтай уулзлаа. Ер нь аавын тухайн алиа, шооч үйлдлийг нь эмхтэгдвэл нэг ном гарна гэдгийг ойлгосон. Аавын тухай дурсамжуудыг уудлаад байвал дуусахгүй. Тухайлбал, овооны тахилга дээр очоод наадам дууссаны дараа овоонд өргөсөн архинаас уугаад “Сэтгэлийг минь тайлж өгсөнд баярлалаа. Үүний тань хариуд бид шүлэг, яруу найргаараа өргөл өргөлөө” гэсэн гэдэг. Энэ мэт дурсаад байвал дундаршгүй дээ. 

Манай ах, дүү, хамаатан, садан, ураг төрлийн хүн бүхэн хочтой

-Аав тань хэр нутаг амьтай байсан бэ. Яагаад энэ асуултыг асууж байна гэхээр “Сайн яруу найрагчийг танья гэвэл нутагт нь очиж үз” гэсэн үг байдаг шүү дээ. Багаасаа өвгөдийн өвөр дээр өссөн хүн болохоор нутагтаа хайртай байсан болов уу гэж бодож байна?

             -Аав гавьяат цол аваад хамгийн түрүүнд нутагтаа очиж байсан. Ер нь Улаанбадрах суманд юу л болж байна. Аав байнга очдог байсан. Нутаг амьтай хүн л дээ. Аавын ийм нэг яриа байдаг л даа. “Би Улаанбадрах сумын Аргалт гэдгийг газрыг настай хүнийг үдэж өгдөг газар гэж ойлгодог байсан. Хүүхэд байхдаа хүн өндөр настай болохоор л энд ирдэг юм байна. Эндээс л тэнгэрт явдаг. Энэ бол тэнгэрт хүрэх зам гэж боддог” гэсэн байдаг. Тэгэхээр багасаа л амьдралтай танилцсан хүн байгаа биз дээ.

 

Бичсэн шүлгээ аавд үзүүлээд загнуулна. “Миний хүү шүлэг бичээд хэрэггүй ээ” гэдэг байсан

-Аав, ээж хоёр нь хэрхэн танилцаж байсан бол. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж найдаж байна?

             -Манай аав, ээж хоёр Дорноговь аймгийн Улаанбадрах сумынх. Аав ээжээс хоёр дээшээ ангид суралцдаг байсан гэдэг. Тухайн үед ээж гар бөмбөг сайн тоглодог байсан юм билээ. Тиймээс аав, ээжийг гар бөмбөг тоглож байхад нь анх харж байсан гэдэг. Тэгээд ангийнхаа хоёр хүүхдээр ээжийг дуудуулж, анги цэвэрлэнэ гэж худлаа яриад аавтай ангид цоожлоод яваад өгсөн гэдэг. Энэ цагаас л аав, ээж хоёр танилцаж өнгөт орчлонд гэрэл нэмсэн юм билээ. Аав, ээж хоёрын нэг нэгэндээ хэчнээн хайртай байсан нь захиагаар нь илэрдэг.  Аав Б.Гантигмаа эгчид зориулаад нэрээр нь шүлэг бичсэн байдаг шиг Ч.Энхжаргал гээд ээжийн нэрээр бүтсэн шүлэг бичсэн байдаг л даа. Ээжийн тухайд одоо ч аавд хайртай хэвээрээ. Бид заримдаа ээжид “Хүүхдүүд нь хань ижилтэй болоод яваад өгнө. Та цай хувааж хүнтэй болбол яасан юм бэ” гэж хааяа хэлдэг. Тэгэхээр ээж “Үгүй анхны зүрх сэтгэл тэр чигтээ байгаа болохоор А.Эрдэнэ-Очирын эхнэр өөр хүнтэй суусан байна лээ гэж хэлүүлэхгүй. Ер нь надад ааваас чинь өөр хэн ч сонин биш. Аав чинь өөр хүнтэй суусан байна уу хамаагүй. Би тэр хүнд хайртай. Үүгээр л бүх зүйл дуусна” гэж хариулдаг даа. Манай ээж одоо Нийслэлийн түргэн тусламжийн төвд эмч зүйчийн ажил хийдэг. Ер нь манай ээж, аав хоёр их гэнэн хүмүүс. Хоёулаа хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Үүнээсээ болоод цаг хугацаа, эдийн засгийн хүндрэлтэй бишгүй л тулгарч байсан. Тиймээс бид аав, ээжид хандан “Зарим үед үгүй гэж хэл” гэхээр  “Хүнийг байгаар нь л хайрла” гэдэг.

-Таны хувьд шүлэг бичиж байна уу. Аав танд шүлэг бичихэд зааж, зөвлөдөг байсан байх?

             -Багадаа шүлэг бичих гэж оролддог байлаа. Бичсэн шүлгээ аавд үзүүлээд загнуулна. “Миний хүү шүлэг бичээд хэрэггүй ээ” гэдэг байсан. Тэгэхээр нь би “Аав, хүү нь уран бүтээлд хайртай хүн больё л доо” гэж хариулж байлаа. Мөн дунд сургуульд суралцдаг байхдаа аймгийн “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцсон. Яруу найргийн наадмын дараа найзуудтайгаа тоглож байгаад гэрт иртэл Х.Цэрэндорж багш ирчихсэн аавтай ярилцаж суусан. Тэдний яриаг би хаалганы дэргэд сонссон. Аав Х.Цэрэндорж багшид хандан “Та нар яруу найрагч хүний хүүхэд шүлэг бичлээ гээд хүүг минь битгий хөөргөөд бай” гэсэн. Гэтэл хариуд нь багш “Бид Цагаан-Уулын ерөөсөө хөөргөөгүй. Бичсэн шүлэгт нь үнэлгээ өгсөн. Үүнээс гадна А.Эрдэнэ-Очир оо, чи яагаад тэрслээд байгаа юм бэ. Уран зохиолд дуртай байх чинь зөв хүн болж хүмүүждэг. Хүү чинь шүлэг бичнэ үү, бичихгүй байна уу хамаагүй. Уран зохиолд хайртай байгаа нь энэ хүүхдийг зөв төлөвшилтэй болгоно. Тийм учраас би битгий хүүгээ шүлэг бичихийг хориглож бай” гэсэн. Үүнээс гадна би аавынхаа өмнө тайзан дээр ганц л удаа шүлэг дуудаж байсан даа. Түүнээс биш би А.Эрдэнэ-Очирын хүүхэд гээд энд, тэнд шүлэг уншаад байдаггүй.

-Мэдээж та одоо ч аавынхаа шүлэг, найргийг байнга уншдаг байх. Аавынхаа бүтээлүүдийг эргэн уншихаар ямар мэдрэмж төрдөг вэ?

             -Техник технологи хөгжсөн сайхан үед бид амьдарч байна. Тиймээс аавынхаа шүлэг найргийг уншихаас гадна телевизэд өгсөн ярилцлага, шүлэг уншиж буй хоолой нь бичигдэн үлдсэн байгааг хүссэн үедээ сонсдог. Тиймээс ч аав минь мөнхийн дэргэд байгаа юм шиг санагддаг. Би аав шигээ сайн аав болохыг алхам тутамдаа боддог доо.

         Аавыг өөд болсны дараа хүн бүхэн л найз нь юм шиг худлаа ярьж эхэлсэн

           Ганцаардсан хүч хэрэгтэй байгаа үед аав л бодогддог. Ер нь хүмүүс нүдэн дээр л өөрчлөгддөг юм билээ. 2018 онд аавын өнгөрөхөд ээж түрээсийн байранд амьдарч байсан. Би Дорноговь аймагт 600 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байв. Аав ч бас байранд орж амжаагүй байсан үе. Ар гэр маань санхүүгийн асуудалтай тиймхэн амьдарч байсан л даа. Тэр үед ихэнх хүмүүс “Миний дүү яаж байна. Түрээсийн байранд байна уу. Ядарч, зүдэрч, өлсөж байна уу” гэдэг байсан. Одоо бол ээж байранд орчихсон. Хоёр дүү минь их сургуулиа төгсөөд мэргэжлийн ажлаа хийж байна. Би өөрөө ч гэсэн орон сууцанд орлоо. Нэг үгээр бол хүнээс таван төгрөг гуйгаад байхааргүй болсон. Энэ үед хүмүүс мэндлэхээс эхлээд өөр хандаж эхэлж байна. Өмнө нь бол ядарч, өлсөж байна уу л гэдэг байсан. Одоо бол эсрэгээрээ. Мөн аавыг өөд болсны дараа хүн бүхэн л найз нь юм шиг худлаа ярьж эхэлсэн. Жишээлбэл, надтай инээж сууж байгаад нойл орохын хооронд өөр зүйл ярьдаг. Үүнийг би өөрийнхөө хоёр чихээр сонсож байлаа. Би тэгээд аав минь байсан бол хүнд итгэх итгэлийг алдахгүй байсан даа л гэж бодсон.

Ер нь аав хар бараан, өчүүхэн жижиг зүйлээс ч гэрэл гэгээ хайдаг байсан

             Аав “Болор цом” авсныхаа дараа жил Өвгөнтийн хүмүүстэй  архи уугаад сууж байж л дээ. Гэтэл хүмүүс хажуугаар нь танихгүй юм шиг өнгөрөөд аавын утас  руу нь залгаж “Ээгий ахаа наад хүмүүстэйгээ архи уухаа болиоч” гэж л дээ. Гэтэл аав “Намайг энэ хүмүүстэй байхад ирээд мэндэлж чадахгүй бол цаашид ярих ямар шаардлага байна. Танихгүй өнгөрч болно. Энэ хүмүүс ижийгээ алдсан. Хайртай дотно хүмүүсээ алдаж, сэтгэлийн зовлонтой амьдрах гэж тэмүүлж байна” гэсэн гэнэ лээ. Ер нь аав хар бараан, өчүүхэн жижиг зүйлээс ч гэрэл гэгээ хайдаг байсан.Тийм ч болохоор аавыг муу хэлдэг ганц хүн байдаггүй байх.  

-Аавын тань тухай олон сайхан гэгээлэг дурсамж байдаг. Тэр дундаа моринд эрэмгий, морь сайн мэддэг байсан гэж ярих юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ?

             -Аав морь харин ч нэг сайн мэддэг байсан. Хүүхэд байхдаа эмнэг сургахаас гадна шагай харвана. “Болор цом” яруу найргийн наадамд түрүүлснийхээ дараа жил сумынд наадамд очиж, айргийн таван даагыг үзүүр, түрүүтэй нэрлэж байлаа. Яг хэлснээр ч болсон. Уяачид мэл гайхаж байсан даа. Үүнээс гадна аав азарга, гүүгээ гишгэж байхыг хараад “Энэ гүүнээс охин унага гарна” гэж хэлж байсан юм билээ. Аавыг хэлэхэд хажууд нь байсан хүмүүс дараа жил очоод адууны эзнээс асуутал нээрээ л охин унага гарсан байжээ. Энэ мэт аавын тухай яриад байвал дуусахгүй дээ.

-Танд баярлалаа. Удахгүй гарах аавынх нь дурсамжийн номоор уулзах болтугай. 

-Баярлалаа. 

 


ЯРУУ НАЙРАГЧ А.ЭРДЭНЭ-ОЧИРЫН ХҮҮ ЦАГААН-УУЛ: Аав минь хорвоо, ертөнцийг хайраараа дүүргэсэн гэрэл байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-02 18:48:16
    Норжмоогийн төмөртогоо: Надаас олон дүү ч нутгархаж,говирхож дотно явсан ЗӨӨЛӨН БОРОО шиг шүлэгтэй хүн чанараараа хэн бүхэнд хүртээлтэй сэтгэл сайхантай найрагч байлаа даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-31 10:34:37
    Ю. Пүрэвдорж: Миний нутгийн нуур дөлгөөхөн....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-31 10:34:01
    Ю. Пүрэвдорж: Миний нутгийн нуур дөлгөөхөн....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-31 06:25:29
    зочин: Энэ сайхан ярилцлага гаргасан Доржпалам сэтгүүлчид хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Сүүлийн үед ийм сайхан сэтгүүлч шиг ярилцаж, тэр ярилцлагаа хүнд хүрэхээр бичдэг сэтгүүлч ховор болсон цаг үе. Хүү сайн хүний үр гэсэндээ ухаантай юмаа. Би А.Эрдэнэ-Очир гэдэг хүний шүлэгт дуртай нэгэн, нэг удаа холоос харж байсан. Үнэхээр 3 хүнтэй их инээгээд яю ярьж байсан, сайхан харагдаж байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-28 06:32:14
    Tsedo: Erhem huu min ' sain hunii ner' iig urgelj hadgalj dursaj baigaarai gej zahidaa...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 19:01:19
    irgen: Hutagtiin nutgiin Aguu shan nairagch huu blaa.Uein ued dursagdaj yvah boltigai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 17:55:20
    Жавхаа: Дүүд амжилт хүсэе мундаг залуу байсан даа аав нь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 11:00:37
    Зочин: Эргэлтийн хамт олондоо баяр хүргэе. Даандаа сайн сайхан гэгээлэг зүйд нийтэлдэгт нь баярлалаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188