-Таны ханийг монголын ард түмэн яруу найрагч гэдгээр нь андахгүй. Сонсогч, уншигчдын оюуны их сонорыг мялаасан энэ хүн ямар зан араншинтай байв. Энэ талаар сайхан хууч дэлгэнэ гэж найдаж байна?
-Миний муу хань гэр бүлдээ анхаарал маш их хандуулдаг халамжтай хүн байлаа. Тайван, амгалан зантай, үр хүүхдүүддээ үнэхээр хайртай байсан. Түүнчлэн илүү, дутуу үг хэрэглээд байдаггүй, ер нь дуу цөөнтэй даруухан хүн байлаа. Хань минь хүнтэй маргах, хэрүүл тэмцэл хийхээс хол явдаг байсан. Муу, муухай хараалын үг амнаас нь гарна гэж үгүй.
Би ханьтайгаа 1993 онд нэг гэрт орж, элэг бүтэн айл болох эхэллээ тавьж байв. Тэр цагаас хойш хоёр сайхан хүүгийн аав, ээж болж, аз жаргалаар бялхан амьдарсан. Гэвч хүний амьдрал бодсон, санасан шиг минь байдаггүй юм билээ. Нөмөрлөж байсан уул, тулж, түшиж байсан багана нэг л өдөр үгүй болно гэдэг аймшигтай. Хамтдаа бүтээсэн 27 жилийн амьдрал хэчнээн сайхан байсан юм дээ. Одоо ч тэр хүний орон зай маш их үгүйлэгдэж байна. Гэвч ханийн минь орон зайг хэн нөхөж чадах билээ дээ. Учир нь, хүний сайн хань, үрсийнхээ сайхан аав, жинхэнэ хайр түгээгч байсан. Тэр орон зай, тэр их хайр юу юунаас үнэтэй санагддаг.
-Та ханьтайгаа 1993 онд танилцаж, нэг бүл болсон гэлээ. Тухайн үе бол нийгмийн шилжилтийн хүндхэн цаг байсан болов уу. Энэ нь гэр бүл болж буй залуу хосуудын хувьд амьдрал хэр хүндрэлтэй байв?
-Тухайн үед хань минь Хөвсгөл аймгийн төвд сонинд ажилладаг байв. Би харин Рэнчинлхүмбэ сумандаа ажиллаж, хөдөлмөрлөдөг байлаа. Хамгийн сонин нь бид хоёр нэг сумынх атлаа нэг нэгнээ мэдэхгүй 10 жилийн сургуулиа төгссөн байсан.
-Яагаад тэр вэ. Сумынх нь чинь нэг нэгнээ андахгүй, бараг л төрөл садан хүмүүс байдаг шүү дээ?
-Би долоон настайдаа анх сургуульд орж байсан. Тиймээс Мягмаржаваас хоёр дээш ангид суралцаж байсан юм билээ. Тэгээд наймдугаар ангиа төгсөөд оюутан болохоор нийслэлийг зорьсон. Тэгж явсаар 1990-ээд оны эхэн үед Мийгаа манайд ирж, ааваас ярилцлага авахад л танилцсан. Аавтай хийсэн ярилцлага нь “Эрх чөлөө” сонинд нийтлэгдэж байв.
Тухайн цаг үе үнэхээр хэцүү байсан. Зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад гурил, будаа, саван, давс гээд хэрэглээний зүйлс олдохгүй. Олдлоо гэхэд ганц нэг ширхгээр л олдоно. Нийгмийн нөхцөл байдлаас болоод ч тэр үү, амьдрал бүтээх гэж буй залуу хосууд болоод ч тэр үү эхний хоёр жилд амар байгаагүй. Ер нь юм юмаар л дутаж, гачигдаж байв. Гэвч болгохын төлөө, бүтээхийн тулд ажиллаж байлаа. Зун нь хөдөө мал дээр гарч үнээгээ сааж, сааль сүүгээ бэлдэнэ. Тухайн үед хүмүүс яаж амьдардаг байсан тэр зам, мөрөөр амьдарч байв. Харин 1995 онд Хөвсгөл аймгийн төвд суурин амьдрахаар болсон. Түүнээс хойш 1997 оны намар Улаанбаатар хотын айл болохоор нүүж ирсэн дээ.
-Яруу найрагч Б.Мягмаржав гэдэг хүн таныг насан залуудаа яаж найрч байв. Тухайн үед одоогийнх шиг техник технологи хөгжөөгүй гар утсаар харилцана гэж байгаагүй байх. Тэгэхээр тухайн үеийн үеэрхэл, нөхөрлөл сонирхолтой санагддаг?
- Мийгаа надтай танилцаж эхэлснээсээ хойш л намайг дагаад л явдаг байв. Хаа ч явсан дагана даа харин ч нэг. “Уулзаж, ярьж хөөрч сууя” гэхээр нь би зугтаад л тоодоггүй байлаа. Тухайн үед би эмнэлэгт ажилладаг байсан. Мийгаа намайг хүлээгээд л хүлээн авахын өрөөний модон сандал дээр бүтэн шөнөжин сууна. Би ганц гарч очдоггүй байсан. Гэвч хүнд заяасан хувь тавилан, бултах аргагүй заяа төөрөг гэж байдаг байх. Тиймээс бид гэр бүл болж, хоёр сайхан хүүгийн аав, ээж боллоо. Үүнээс гадна тухайн үед манай аав Мийгааг их сайн хүн, мундаг хүүхэд гэж их ярьдаг байсан. Аав минь хүн сайн таньдгаас гадна зөн бэлэгтэй хүн байлаа. Тэгээд их сонин Мийгаагаас асуухаар “Хөлд чинь их дурласан. Тиймээс хөлийг чинь хараад дагаад явдаг байсан” гэж ярьдаг байлаа. Үүнийгээ ажлынхандаа хүртэл ярьчихсан байв. Нэг өдөр яруу найрагч Ц.Бавуудорж утас цохиж байна. Аваад ярьтал өөдөөс “Рэнчинлхүмбэд байсан аймар гоё хөлтэй Сүрэнхорлоо мөн үү, чи” гэж билээ.
Ер бид хоёр хэн хэнийхээ ажил руу хошуу дүрээд байдаггүй байсан. Амьдрал нэг ч ажил тусдаа гэдгийг сайн ойлгодог байсан гэх үү дээ
-Орон нутгаас Улаанбаатар хотын айл болохоор орохоор ирсэн нь ямар нэг шалтгаантай байх. Энэ яриа дэлгэвэл?
-1997 оны хавар хань минь хотод ирж, оюутан ангийнхантайгаа уулзсан. Тухайн үед яруу найрагч Ц.Бавуудорж “Мийгаа минь чи хот ирж, радиод ажиллавал ямар вэ” гэжээ. Ц.Бавуудорж ханьтай минь оюутан ангийн найзууд. Тиймээс Мийгаа хүсэлтийг нь хүлээн авч манайх намар нь хотод нүүж ирж байлаа. Тэгээд хань радиогийн хурд агентлагт Зууны манлай кино найруулагч Д.Жигжид гуайн том охин Навчаа эгчийн удирдлага дор ажилд орсон. Үүнээс гадна Д.Жигжид гуай аавтай минь их сайн найзууд байсан. Энэ тухай Навчаа эгч надад “Манай танай аав хоёр мөн ч дотно нөхөрлөж байсан. Тиймээс би Ёндон дарга муу хүнээр хүргэнээ хийх хүн биш гэж бодоод танай нөхрийг шууд ажилд авсан” хэмээн хуучилж байлаа.
-Ханийг нь өөд болохоосоо өмнө 20 жил ажилласан Радиогоосоо гарч Солонгос руу ажиллахаар явсан гэж сураг сонсож байлаа. Энэ хэр үнэний ортой вэ?
-Янз бүрийн л асуудал тулгарна шүү дээ. Хань минь цалингаараа л гэр бүлээ тэжээдэг байсан. Уг нь төлбөртэй нэвтрүүлэг хийдэг байлаа. Түүнийгээ ч сүүлдээ больсон. Үүнээс гадна сонгуульд нэр дэвшигчид хань дээр минь ирээд “Мийгаа минь сурталчилгаа нь яваад” өг гээд дагуулаад явна. Ихэвчлэн Ардын намын гишүүдийн сурталчилгаанд явдаг байлаа. Харин хамгийн сүүлд Ардчилсан намаас нэр дэвшсэн П.Цагаан гуайн сурталчилгаанд явсан. Үүнээс улбаалаад үзэл бодлын зөрчил гарч, асуудал болж байсан.
-Нууц биш бол ямар асуудал гарсан бэ?
-Юуг нь нуух билээ. Эхлээд МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн сурталчилгаанд явдаг байсан байхгүй. Сүүлд нь Ардчилсан намаас нэр дэвшигчийн сонгуулийн ажилд явахад нь нутгийн хүмүүс “Энэ өмнө нь МАН-ын сурталчилгаанд явж байсан одоо АН-ын хүнтэй явж байна. Энэ нөхөр ер нь ямар ч үзэл бодолгүй. Урваж, шарвасан хүн байна” гэж ханийг минь ярьцгаасан гэнэ лээ. Иймэрхүү үзэл бодлын зөрчил, олны хэл амнаас болоод Солонгос явах шийдвэр гаргасан. Надад хэлэхдээ “Хань нь гурван сар болоод ирнэ. Тэнд хамт ажиллаж байсан хүн маань байгаа. Хүрээд ир гээд байна” гэсэн. Солонгост очоод “Эндээ жаахан байж байгаад очно” гэж ярьж байв. Солонгост ойр зуурын ажил хийдэг байсан. Тэгж яваад л бие нь муудаад буцаад ирсэн дээ. Эмнэлэгт хэвтэж хань минь “Хэрвээ бие өвдөөгүй бол тэндээ 2020 он хүртэл байх сонирхолтой байсан” гэж билээ. Ер бид хоёр хэн хэнийхээ ажил руу хошуу дүрээд байдаггүй байв. Амьдрал нэг ч, ажил тусдаа гэдгийг сайн ойлгодог байсан гэх үү дээ.
-Таны хань монголчуудын хайрлаж, хүндэлж явдаг яруу найрагчдын нэг. Энэ хүн ямар үед хэрхэн шүлэг, найргаа бичдэг байсан бэ?
-Залуудаа шөнө босож, лаа асаан ширээндээ тухлаад шүлгээ бичдэг байсан. Сүүлийн жилүүддээ өглөө 05:00 цагт босоод ажил руугаа явна. Ажил дээр эрт очдогийн шалтгаан нь шүлгээ бичих гэж тэр. Би заримдаа бичиж байгаад дутуу орхисон шүлгүүдийг уншдаг. Хань минь нэг шүлгээ доод тал нь гурван засдаг байсан. Мөн “Би ийм нэг шүлэг биччихлээ. Уншаад санаа бодлоо хуваалцаач” гээд байдаггүй. Одоо гар бичмэлүүдийг нь уншихаар өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд байдаг.
Мийгаа “Би бол тайгын хүүхэд. А.Эрдэнэ-Очир бол говийн гүрвэл” гэнэ. Мэдээж нөгөөх нь мөчөөгөө өгөхгүй “Мийгаа бол уулын сарлаг” гээд ярьж өгнө
“Болор цом” яруу найргийн наадмын удирдамж харчихаад л би “Хань минь наадамд оролцох шүлгээ бичсэн болов уу. Хэзээ шүлгээ бичиж өгөх юм бол” гээд санаа их зовно. Тэгээд заримдаа асууна. Гэтэл хань минь хэдийдээ ч юм яруу найргийн наадам зохион байгуулах комисст шүлгээ бичээд өгчихсөн байдаг даа.
-Зарим хүн яруу найрагчийн гэргий байх хэцүү гэж ярьдаг шүү дээ. Энэ үг хэр үнэний ортой бол?
-Залуу байхад заримдаа хэцүү ч юм шиг санагддаг байлаа. Тухайн үед Радиод олон зохиолч, яруу найрагч ажилладаг байсан. Тухайлбал, Д.Норов, С.Пүрэв, П.Баярсайхан. А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж гэх мэт олон хүн бий. Энэ хүмүүс манайхаар их орж, гарна. Заримдаа шүлэг найргаа ярилцаад, ганц нэг шил архи уугаад хонож, өнждөг байлаа. Тухайн үед хүүхдүүд жаахан байсан болохоор ч тэр үү төвөгтэй ч юм шиг санагддаг байсан. Тухайлбал, найрагчид нь архи уухаар жаахан омоглон болчихдог. Тэгээд л нэгнийгээ явуулж өгнө. Жишээлбэл, Мийгаа “Би бол тайгын хүүхэд. А.Эрдэнэ-Очир бол говийн гүрвэл” гэнэ. Мэдээж нөгөөх нь мөчөөгөө өгөхгүй “Мийгаа бол уулын сарлаг” гээд ярьж өгнө. Гэхдээ хэн хэндээ гар хүрч муудалцахгүй. Надад энэ байдал нь эхэндээ төвөгтэй санагддаг байсан байх. Сүүлдээ бол дасаад, ингэж байгаа нь сайхан санагддаг болсон доо. Зохиолч, яруу найрагч хүмүүсийн бодол, оюун санаа, дотоод ертөнц нь жирийн хүнээс огт гэдгийг мэдсэн. Энэ хүмүүс ханиас минь хойш надад байнга л санаа тавьж, ойр ойрхон утсаар ярина. Ханийн минь найз Б.Баярсайхан ханийг минь одоо байгаа мэт бодож явдаг, их ойр дотно найз нь.
-Та сайхан яруу найрагч хүний гэргий. Тиймээс хайрын тухай олон шүлэг бичиж, танд зориулан уншиж байсан байх?
-Надад зориулж шүлэг бичсэн нь ховор. Би ч надад зориулаад шүлэг бич гэдэггүй. Тэр хүний оюун санаанд юу буусан түүнийгээ л бичих ёстой. Тиймээс би ханийгаа ийм шүлэг бичиж гэж санааг нь хүлэхийг хүсдэггүй. Харин эрх чөлөөтэй байлгахыг боддог байлаа. Хань минь МҮОНТ-ын “Өглөө хөтөлбөрт” оролцож байхад сэтгүүлч “Та ханьдаа зориулж хэр олон шүлэг бичсэн бэ” гэж асуусан. Гэтэл хань минь “Надад ханьдаа зориулсан олон шүлэг байдаггүй. Хүн хэтэрхий хайртай хүндээ зориулж, шүлэг бичих гэхээр үг олддоггүй юм билээ” гэж хариулж байсан. Энэ хариулт нь зориулаад хэд хэдэн шүлэг биччихсэн юм шиг сайхан санагдаж байлаа.
-Одоо хоёр хүү нь аавыгаа хэр бодож өгүүлж байх шиг байна?
-Ер нь хоёр хүү минь их аавыгаа өгүүлж, санаж байх шиг байна. Ялангуяа бага хүү минь аавдаа эрх өссөн. Мийгаа маань өөрөө хойд эцэгтэй өссөн дөө ч тэр үү, хүүхдүүдээ хайраар дутаахгүй гэж ярьдаг байсан. Тиймээс хүссэн болгоныг нь гүйцэлдүүлнэ. Хүүхдүүдтэйгээ тоглоно, инээж хөхөрнө. Том маань ч мөн адил “Би аавыг зүүдэллээ. Аавын төрсөн өдөр нь тэдэнд болно. Өөд болсон өдөр тэдэнд болох юм байна. Хэдүүллээ яах уу” гээд л асууна.
Одоо гар бичмэлүүдийг нь уншихаар өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд байдаг.
-Б.Мягмаржав гуай өөрийнхөө бага насны тухай танд дурсаж байсан нь мэдээж. Тэгэхээр ханийнх нь бага нас хэрхэн, яаж өнгөрч байсан бол. Энэ тухай сонирхолтой яриа дэлгэнэ дэлгэвэл?
-Хань минь жирийн л нэг малчин айлын хүүхэд. Бага байхад нь аав нь өнгөрчихсөн. Тиймээс ээж, ах, эгч нартайгаа хамт амьдарч байсан юм билээ. Сүүлд ээж нь өөр хүнтэй хань ижил болоод Мийгаагийн гурван дүүг төрүүлсэн. Мийгаа маань гурван ах, хоёр эгч, гурван дүүтэй хүн. Хойд аавтай жаахан хэцүү өссөн гэж ярьдаг байсан. Багадаа зунжингаа нэгдлийн хонь хариулаад намар нь Орос руу явуулдаг байсан гэдэг. Хойд эцэгтэй болохоор амьдралын янз бүрийн асуудалтай их тулгарч байсан юм билээ.
-Таны хань монголчуудын сонсох дуртай “Ээжийн цэнхэр нутаг” дууны шүлгийг бичиж байсан шүү дээ. Энэ дуу хэрхэн бүтсэн талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Энэ дуу бид хоёрыг Хөвсгөл аймагт амьдарч байхад бүтсэн дуу л даа. Ж.Жаргалсайхан гээд манай нутгийн мундаг хөгжмийн зохиолч байлаа. Энэ хүн ардын ч юм шиг их гоё дууны аялгуу хийдэг байсан. Тухайн үед Ж.Жаргалсайхан гуай аймгийн театрт ажиллаж байхдаа аяыг нь хийсэн. Тэгээд манай нутгийн дуучин Төмөрбаатар хүн анх дуулж байлаа. Анх сонсоод гоё дуу болжээ л гэж боддог байв. Ханийнхаа ээжийн нутаглаж байсан газар очихоор энэ цээж түрэн эгшиглэдэг дээ. Гэсгэн нуурын дэргэд 13 овоотой Онгон гээд сайхан хайрхан байдаг. Энэ уулын бэлд ханийн минь ээж нутагладаг байсан. Хань минь ээжийгээ, Гэсгэн нуураа бодоод л “Мэлмэрээ нуурын дэргэд нь хө. Миний л ээжий суугаа даа” гэж бичсэн байх. Санагалзаж, сэтгэлээ чилээж бичсэн энэ дууны шүлгийг уншихаар өөрийн эрхгүй нулимс цийлэгнэдэг дээ.
Ер нь юм юмаар л дутаж, гачигдаж байв. Гэвч болгохын төлөө, бүтээхийн тулд ажиллаж байлаа
ЯРУУ НАЙРАГЧ Б.МЯГМАРЖАВЫН ГЭРГИЙ Ё.СҮРЭНХОРЛОО: Ханийнхаа бодож, санагалзаж бичсэн “Мэлмэрээ нуурын дэргэд нь хө. Миний л ээжий суугаа даа” шүлгийн мөрийг бодохоор л нулимс цийлэгнэдэг дээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |