• Өнөөдөр 2024-04-19

ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ Д.НОРОВЫН ГЭРГИЙ Д.ГҮНДЭГМАА: ХАНЬ МИНЬ “ЭЦСИЙН ТУШААЛ” ЖҮЖГИЙН ДУУНЫ ҮГ ШИГЭЭ Л ХҮНИЙ ДЭЭД НЬ ЯВСАН ЮМ ДАА

2022-12-24,   7656

     Тэр өдийд Өнийн цэнхэр уулсынхаа хязгаарт хүрч, уулсынхаа түүхээр туужис хүүрнэж, цэцгийн гурван сардаа сүүдэрт нь сэрүүцэж, хөх сайрын чулуундаа оршиж, Алтан богдынхоо шилд суугаа болов уу гэж санана.  

           Харин бид энд хайртай зохиолчоороо жаахан дутаж, зурвасхан үгүйлж, утга уянга хөвсөн зохиол бүтээлийг нь дэлгэн уншиж сууна. Ийм нэг санах, төсөөлөхийн үзүүрийг нийлүүлж, энэ удаагийн ярилцлагын зочноо урьсан юм. Тэр бол Монгол Улсын Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Далхаагийн Норов гуайн гэргий Д.Гүндэгмаа юм. Тэрбээр “Хань минь надад аав, ах шиг минь л байсан. Уурлаж, яарна гэж барагтаа үгүй. Ганцхан цагаан сарын битүүний орой идээгээ засах гэж л яардаг хүн байсан. Түүнээс өөрөөр бол ихэнхдээ инээмсэглэж суудаг сан. Манайх бол бичгийн л айл. Сайхан ханьтай хорвоог туулсан хүмүүн дээ” гээд хоолой зангируулан өгүүлнэ. Тэгснээ “Үнэндээ эгч нь ханийгаа их үгүйлдэг юм” гэж ч байв. Үнэхээр ч түүний хань Монголын  уран зохиол болоод хүмүүний ертөнцийг уянгатай, хөгтэй, хүний зүрх сэтгэлийн утсыг өөрийнхөөрөө хөглөн татсан хүмүүн байв. Үүнийг бид зохиол, бүтээлээс нь бэлхнээ мэдэрч уншдаг билээ. Өдгөө ч бид түүний “Тэжээвэр”, “Хөх тавилан” тэргүүтэй туужсыг уншиж, “Мөнхийн дуудлага” зохиолоос нь сэдэвлэсэн “Зүрхэнд шивнэсэн үг”, “Босго тотго”, “Нар сарны зааг” киног нь үзсээр байна. Хамгийн сүүлд л гэхэд тэр хоёр жилийн өмнө Монголын Зохиолчдын эвлэлийн 91 жилийн ойн баярын хүрээнд болсон "Утгын чимэг" өгүүллэгийн наадамд "Хэрээний нулимс" өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлж, бурхны орныг зорин, зорих хүртлээ л бүтээл, туурвилаа бичсээр байсан юм.

      Хэдийгээр бид түүнийг зохиол, бүтээлээр нь андахгүй ч ийм нэг уянга хөглөгдсөн зохиолч хаанаас эхлэлтэйг тэр бүр мэдэхгүй. Тиймээс энд цухас оруулан, эргэн сануулаад гэргийнх нь яриаг хүргэх нь зүйтэй болов уу. Тэрээр Говь-Алтай аймгийн Бугат сумынх. Аавын талынхан олон үеийн уран дархчууд байсан гэдэг. Энэ тухай "Аав маань Далхаа цэрэгт мордоод, дөчин таван оны Чөлөөлөх дайнд явж Жэхэ хот ороод ирж байсан хүн. Ирэхдээ хоёр бөөр нь буудуулчихсан юм шиг цоорхой, ус гоожсон юм л ирж байсан гэдэг. Малын санитарын зургаан сарын курст суугаад цэргийн хорооны мал эмнэлгийн цэргээр явсан юм билээ. Идэш, унааны малын эрүүл ахуйг хариуцдаг байж. Японы хордуулсан худгууд замд нь их тааралдах. Ямар ч даргынхаа тушаалаар юм бүү мэд, хортой ус ууж морь нь газар дээрээ үхээд, аав хордсон ч амьд гарч, хоёр бөөргүй болоод ирж байсан байгаа юм. Ямар азаар тэр аюултай хор нь гадагшаагаа цохиж амь аврагдсан юм бэ дээ. Сумаар нэвт буудуулчихсан юм шиг сорвитой байдаг байсан. Аав харин хожим “Бөөр өвдөөд” гэж дуугарч байгаагүй. Бид эцэг, эхээс олуулаа. Аав минь арван хоёр хүүхдээ хулгай хийхээс бусдыг хийж л хүн болгосон доо. Би чинь зулай дээрээ гишгэж төрсөн нэг эгчтэй, дороо арван дүүтэй хүн" гэж ярьсан байдаг. Ингээд гэргийтэй нь хөөрөлдсөн яриаг уншигч танд хүргэж байна.

 -Д.Норов зохиолчийг ихэд нинжин зөөлөн сэтгэлтэй, уяруу хүн байсан болов уу гэж  бүтээл, туурвилаас нь таамагладаг юм. Ямар зан чанартай хүн байсан бэ?

           -Ер нэг тийм зөөлөн, дөлгөөн бор хүн байлаа. Уурлана гэж бараг үгүй. Ханьтайгаа 46 жил ханилахдаа айхтар уурлаж, бухимдаж байгааг нь харж байгаагүй юм байна. “Эцсийн тушаал” жүжгийн дууны үгэнд нь “Хүний дээд нь явсан юм сан” гэх мөрт бий шүү дээ. Яг л энэ дууныхаа үг шиг хүний дээд явсан даа, миний хань. Зохиолч, бүтээлээ л бичиж байвал жаргалтай. Хүүхдүүдээ хэзээ ч зодож, зандарч байгаагүй. Хоёр хүүхдээ хайрладаг шигээ бусдын хүүхдийг ч их хайрлана. Хүүхдэд их хайртай хүн байсан даа. Тэгээд л "Өнөөдөр, маргааш яах вэ урсан өнгөрч л байг. Хожим нь монгол хүн гэж хэн бэ гэдгийг харуулах бүтээлийг цаасан дээр үлдээгээд нөгөө ертөнц рүү явна" гэж их ярьдаг байсан. Нэг тийм эмзэг, уяхан сэтгэлтэй, үгийн утгыг их боддог. Ёстой л өөрийнхөө хэлснээр монгол хүний ахуй соёл, сэтгэлгээг бүтээл туурвилаараа үлдээгээд буцсан даа. Нэг тийм зорьсон, хүрнэ гэсэндээ хүрч чаддаг хүн байлаа.

   -Таны хань Анагаахын дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан гэдэг. Ер зохиол, бүтээлтэй хэзээнээс холбогдож эхэлсэн байдаг юм бэ?

         -Тийм ээ, анх өвгөн маань олон дүү нартай болохоор аав, ээждээ туслахаар арав гаруй настай байхдаа л сургуулиасаа гарсан юм билээ. Гэхдээ их сонин. Нутгийн ардын дуу хуур, яриа үгс уран зохиолд ороход нь нөлөөлсөн гэдэг. Өөрөөр их сониуч хүүхэд байсан болохоор сонирхож, өөртөө тусгаж авсан байгаа юм л даа. Тэгээд харин Анагаахын сургуульд элсэж, төгсөөд аймгийнхаа Шарга суманд бага эмчээр ажиллаж эхэлсэн юм билээ. Ийн ажиллаж байхдаа зохиол, бүтээлийнхээ эхлэлийг тавьж, сонинд ч өгүүллэг, зохиолоосоо өгдөг байсан байгаа юм. Ингээд л үндсэндээ овоо ч юм бичиж, туурвидаг болоод хот руу шилжиж ирсэн юм билээ.  Би ч тухайн үед Говь-Алтай аймгийн анагаах ухаанй дунд сургуульд ажиллаж байсан. Тэгэхэд л ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон доо.  Дараа нь бид хот руу шилжиж, МУИС-д хоёр жил багшилсан. Мөн нэг хэсэг Зохиолчдын хороонд ч ажиллаж байлаа. Тухайн үед зохиолч нар мөн бишгүй ууна. Хань маань ч нэг их архи,  дарс уудаггүй. Уусан ч хэтрүүлдэггүй хүн байв. Их л төлөв төвшин зантай. Ямар нэгэн зүйлийн учрыг нь олж, хужрыг нь тунгаана гэдэг байв. Хэдэн сайхан роман, уянгын тууж бичсэн дээ. Түүнээс нь би "Мөнхийн дуудлага" гэх туужид нь их хайртай. Энэ туужаас нь сэдэвлэж, "Зүрхэнд шивнэсэн үг" гэх киног хийсэн. Одоо ч хүмүүс үзээд, уйлдаг хэвээрээ бүтээл шүү дээ. Мөн цагдаагийн хурандаагийн амьдрал, уран бүтээлийн тухай "Нар сарны зааг" гэх сайхан бүтээл ч бий. "Уулын хөх сүүдэр" романаас нь сэдэвлэн Б.Бадрууган найруулагч кино бүтээсэн. Тийм л сайхан хүний сэтгэл зүрхэнд мөнх амьдрах бүтээл, туурвилыг үлдээсэн хүн дээ, миний хань. Байнга бусдыгш зохиол, бүтээлийг уншина. Тэр дундаа дайны үеийн ном, зохиол их уншдаг, судалдаг. Мөнхүү зохиолынхоо баатруудын сэтгэлийн чинад дахь бүхнийг уудлан гаргаж, сайхан үгээр илэрхийлэхийг бодож, үгсийн эрэлд ч гардаг байсан юм билээ. Үгээр л өөрийгөө хөглөж амьдарсан хүн дээ. Нээрээ мөн, Оросын зохиолч Чингиз Айтмотав шиг хүн байхыг хүсдэг байсан гэж ярьдаг байсан. Тэгээд бүр Анагаах Ухааны дунд сургуульд багшилж байхдаа Чингиз Айтмотав "Эхийн тал" гэж бүтээлийг өөрөө найруулж, хүүхдүүдээрээ жүжигчилсэн тоглолт хийлгэж, аймгийн үзэгчдэдээ тавиад, уйлуулж байсан байгаа юм. Дайны үеийн эх хүний сэтгэлийг харуулсан их сайхан зохиол шүү дээ. Би мөн ханийнхаа зохиол, бүтээлийн талаарх хүмүүсийн бичсэн шүүмжийн зүйлсийг цуглуулж, хадгалдаг юм.

Би ханийнхаа "Мөнхийн дуудлага" зохиолд нь их хайртай

          -Д.Норов зохиолч, эмч, багш гээд зохиол, бүтээлийнхээ хажуугаар олон ч салбарт ажиллаж байж. МҮОНРТ-д мөн ажиллаж байсан байх шүү. Телевизэд ажиллаж байхдаа их сайхан цуврал нэвтрүүлгүүд ч хийж байсан юм билээ?

          -Тиймээ, хүү минь. Телевизэд ажиллаж байхдаа хэдэн гоё цуврал нэвтрүүлэг хийсэн. "Жарантай жарны түүх" гээд Монголын олон салбарын түүхийг оруулсан нэвтрүүлэгч ч бий. За тэгээд нэг хэсэг наймаа хийх гэж ч үзээд юм бүхэн рүү л орж, сонирхсон доо. Түүндээ сэтгэл зүрхээ гарган ажилладаг хүн байсан. Би мөн бичиг, соёлын хүн болохоор ханийн болон уншигчийн хувьд өвгөнийгөө их үгийн уртай жин даацтай утга агуулгатай бүтээлүүдийг үлдээж гэж боддог юм. Сүүлдээ харин хөөрхий минь "Үхэл хүлээх газар" гэх зэрэг  жаахан хардуу юм бичдэг болсон л доо. 

    -Аав, ээж нь малчин хүмүүс байсан юм билээ. Бичиж, туурвих авьяас хэнээс нь эхлэлтэй бол?

         -Ханийн минь аав, ээж 12 хүүхэдтэй өнөр, өтгөн  малчин айл. Хань маань нэг эгчтэй, 10 дүүтэй. Дүү нараа харж, аав, ээждээ тусалж, мөнхүү дүү нараа тэжээлцэх үүрэгтэй л өссөн юм билээ. Говь-Алтай аймгийн Бугат сумаас аймагтаа мал хариулж ирсэн гэдэг. Дөрөвдүгээр анги төгсөөд л аймагтаа уурын зуухны галчаас ажлын гараагаа эхэлсэн байдаг. Аав, ээж нь бүх хүүхдээ эрдэм боловсролтой, хүнлэг болгож хүмүүжүүлсэн жинхэнэ монгол хүмүүс. Үнэхээр ч хань минь болон дүү нар нь их ноён нуруутай, жинхэнэ монгол төрх, зан чанартай хүмүүс. Хань минь хөнгөн, хөөрүү зан чанартай хүнд их тааламжгүй. Орчин үеийн залуусын соёлыг их шүүмжилнэ. Өөрөө их даруухан. Төрийн шагналт, зохиолч хүн мөртлөө жирийн малчин хүн шиг л хүмүүстэй харилцдаг. Заримдаа би хамт явахаараа жаахан тааруухан харилцсан хүнд "Наад хүн чинь Төрийн шагналт, зохиолч хүн" гээд хэлчихмээр санагддаг юм. Хүнийг дээрэлхэж байгаа хүн мөн их дургүй байв. Харин уран зохиол, энэ юм бичих авьяас нь Анагаах ухааны дунд сургуульд сурч байхад нь  Д.Сүръяа гэж монгол хэл, уранзохиолын багшаас эхлэлтэй. Тухайн үе тэр багш ханийн минь бичсэн зүйлсийг уншиж, зөвлөгөө өгч, их хөглөж байсан юм билээ. Өөрөө мөн зохиолч хүн. Ханьд минь монгол болон гадаадын сонгодгийг уншуулж, ярьж өгдөг хүн байсан гэдэг юм. Дараагаар нь харин уран зохиолын багш гэгддэг өөр нэг хүн бол Говь-Алтай аймгийн зохиолч "Буурал аав" дууны шүлгийг бичсэн Г.Юмсүрэн гэж хүн бий. Тэр хүнийг манай багш гэж ярьдаг байсан. Мөн дээрээс нь "Үер" туужийн Д.Мягмар гуайг мөн манай багш гэдэг байсан. Эдгээр багш нараасаа зөвлөгөө авч, үг сонсохоос гадна өөрөө асар их уншина. Монгол, гадаадгүй уншаад л сууна шүү дээ. Тэр дундаа С.Эрдэнэ зохиолчийн бүтээл, туурвилыг  их уншиж, зохиол бүтээлээс нь санаа авч, шүтдэг байсан. Шүтдэг гэдэг нь зохиол, бүтээл нь гайхам, өөрт таалагдсан хүнээ үнэхээр шүтэж, дагана шүү дээ. Шүлэг, найргаас бол Б.Лхагвасүрэн найрагчийг их уншина. 

  -Зохиол, бүтээлийнхээ санааг нь хаанаас ихэвчлэн олдог байсан бол. Тэр тухай сонин, содон зүйлээ танд ярьж байв уу?

             -Нэг хүн зөрөөд өнгөрөхөд ямар нэгэн зүйлийг олоод харсан л байдаг байв. Тэгээд л "Яасан сонин явдаг, хардаг хүн бэ гэдэг. Ийм зан чанартай юм гээч" гээд л их ажиглаж, сонирхдог байсан. Хүний нүдний харцыг мөн их уншина. Нүд бүгдийг илэрхийлдэг шүү дээ. Харин найз нөхөд их байгаагүй. Цөөн хэдэн найзтай. Тэдэндээ их үнэнч, маш туйлбартай хүн байсан.

 

-Та ханийнхаа юунд нь анх татагдаж байв?

            -Надтай 40 гаруй жил ханилахдаа миний ах ч юм шиг, аав ч юм шиг л байдаг байлаа. Дандаа л зааж сургана. Одоо л тэр зүйлс нь үгүйлэгдэж, ханийгаа ихээр санаж байна даа. Заримдаа  би "Надаас ганцхан ах юм байж битгий ахархаад бай" гэдэг байсан. Олон дүүтэй болохоор дүү нараа сургаад, зааж, зөвлөөд сурсан юм байгаа юм. Ханийн минь их сайхан эгэл боргил, илүү дутуу зангүй сайхан зөв шулуун зан нь таалагддаг. Насаараа тэр л зангаараа хорвоог туулсан даа.

-Дуу аяладаг байх. Ямар дуунд их дуртай хүн байсан бэ. Ийм сайхан уянгын зохиол, бүтээл дуугүйгээр төрөхгүй болов уу?

     -Тийм ээ. Уртын дуунд хачин дуртай хүн байсан. Тэр дундаа "Эр бор харцага" дууг их аялана. С.Ганзориг гавьяатын дуунуудыг их сонсоно. Дуучин талаас нь их үнэлж, сонсдог байсан даа.  Ер нь их эмзэг сэтгэлтэй. Амархан баярлана, амархан гомдоно. Мөнхүү мөн мартамхай хүн байсан. Дэлгүүр рүү юм захихаар мартана. Тэгээд бичээд явуулья гэхээр "Би мартахгүй ээ" л гэнэ. Тэгж гараад л цөмийг нь мартаад ирдэг байсан. Сонин зүйлд  баярлана. Манай бага хүү их хөдөлгөөнтэй байхгүй юу. Дөнгөж л түнтэр, тантар гээд алхаж эхэлж байсан үедээ аяга хагалсан юм. Тэгэхэд хачин их баярлаж байсан. Дээр өгүүлсэн шиг "Эцсийн тушаал" жүжгийн дуу шигээ л хүмүүн байв. Тэр дууг жүжигчин Б.Нармандах ч их сайхан дуулсан. Өөрөө ч тэр дуундаа их хайртай. Тухайн үед хүмүүс "Дорнын цагаан саран" дууг их дуулна. Тэгэхэд хүмүүс "Дорнын цагаан саран" л гээд байх юм. Үүний хажууд "Эцсийн тушаал" жүжгийн дуу бол дуу шиг дуу байхгүй юу" гэж хэлдэг байсан. Дууны үг их цөөн бичсэн дээ. Сүүлд "Босго тотго" киноны дууны үгийг бичсэн.

  -Зохиол, бүтээлээсээ "Үүнийг л би яг биччихлээ шүү" гэж баярлаж байсан нь аль нь бол?

    -Бүх л зохиол бүтээлээ боловсруулж, бодож бичсэн болохоор яг онцолж байгаагүй санагдана. Магад "Тэжээвэр" туужаараа Төрийн шагнал хүртсэн болохоор илүүтэй хайртай байдаг байсан байж мэдэх юм. Өвгөн маань архи бага ууна. Харин тамхийг бол татна шүү дээ. Магад түүнээс ч үүдсэн үү, уушиг их муутай. Тэгээд л  уушигны хорт хавдраар бурхан болсон доо. Ер биеэ өвдөхийг тоодоггүй хүн байсан. Алтаны дэргэд гууль шарлана гэгчээр би мөн тамхичин болсон хүн байхгүй юу /инээв/

-Одоо та ингээд бодоод суух нь ээ. Хань нь их үгүйлэгдэнэ биз. Тэр дундаа залуу сайхан насаа их дурсдаг болов уу?

   -Тэгэлгүй яах вэ. Хань минь олон дүү нартай болоод ч тэр үү ах шиг, аав шиг л ханддаг хүн байлаа. Эгч нь муу ханийгаа их л үгүйлж байна. Хүний дээд, их зөөлөн төлөв даруу, юм бүхнийг болох, бүтэх талаас нь ярьдаг хүн байсан шүү дээ. Их сайхан ханьтай хорвоог тууллаа гэж баярладаг юм.

      Тэрээр мөн бие жаахан чилээрхүү байгаа учир ингээд бид яриагаа өндөрлөсөн юм. 


ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ Д.НОРОВЫН ГЭРГИЙ Д.ГҮНДЭГМАА: ХАНЬ МИНЬ “ЭЦСИЙН ТУШААЛ” ЖҮЖГИЙН ДУУНЫ ҮГ ШИГЭЭ Л ХҮНИЙ ДЭЭД НЬ ЯВСАН ЮМ ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-17 13:18:31
    Би төрийн шагналт Далхаагиййн Норов агсантай нэг нутгийнх Норовыг бага байхад манайран: Манайхан Бугатын төвд айл аймаг амьдарч байлаа Би Норовоос нилээд хэдэн нас ах нутгийн ах дүүс шиг байсан тул сурагч оюутан бага эмч болсны дараа ч холбоотой байж намайг Цогт суманд ажиллаж байхад томилолтоор явж байхдаа тус сумын номын худалдааны складнаас өдөржин түүх эртний ном судар ухуулж үзэж билээ Хожим нь төрийн шагналд нэр дэвшихэд нь би сонин хэвлэлд юм бичдэг бүтээл туурвилыг нь мэддэг хүний хувьд ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ сонинд томоохон нийтлээл бичсэнд шагналаа аючихаад ИХ БАЯРЛАЖ билээ Хожим нь намайг номын нээлтийн баяраа хийхэд сэтгүүлч Амгаланг зураглаачийн хамт явуулж нэвтрүүлэг хийж байсны дээр тэнгэрт дэвшихээсээ сар гаруйхны омнө миний зохиолч болсн ТАЙЛАН БҮТЭЭЛД минь өмнөтгөл үг бичиж билээ ххөөрхий минь БАЛХҮҮГИЙН РАГЧАА МЗЭ ийн УТГА ЗОХИОЛЫН ТӨЛӨӨ шагналт зохиолч сэтгүүлч 2023 05 17
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-16 09:23:11
    Мягмарсүрэн: Миний нагац талын агуу билигт зохиолч бхйлаа. Тэр минь бичсэн зохиолууддаа мөнх амьдарнаа❤
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-10 22:13:09
    Mөнхөө: Эцсийн тушаал жүжгийн дуу үнэхээр агуу шүү!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-10 11:25:59
    Сахьяабазар: Алтайн анагаахад Сүрьяа багшийг гэрт гь хамт очиж шүлэг уншиж зөвлөгөө авдаг байлаа. Анхны өгүүллэг Наранбулаг аа бичээд надад уншуулж байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-10 10:22:52
    да оюун: sain uu hairtai bagshdaa eruul enh sain saihaniig husie .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-09 09:41:55
    Мэндбаяр: Үгийн мастер монгол хэл яриаг сонсголонтой яруу гэдэгийг үзүүлсэн сайхан хүмүүн байлаа УМ МАНИ БАДМЭ ХУН
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-09 09:41:48
    Зочин : Алтан нутгийн минь агуу зохиолч ёстой аав шиг минь ах шиг минь хүн байсан .Олон сайхан зохиолыг нь уншсан .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-08 16:40:29
    Оюун : Ёстой л сайхан хүн байсандаа Гүндэгмаа маань ханиа л их санаж байна даа гэсэн байна Үнэхээр ч их ганцаардаж яваа эмэгтэйдээ хоёр хүү нь ээжийгээ асарч тоырдогч тус тусын амьдралтай хүмүүс ханийг нь яаж гүйцэх ч билээ Тандаа эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-08 07:50:51
    Оюунтуяа (Өвөрхангай НТБ): Сайн байна уу хайртай багшаа.Таны ханийнаа тухай бичсэн сэтгэгдлийг уншаад сууж байнаа.Та ч өөрөө оюунлаг номын хүндээ.Тандаа аз жаргал,эрүүл энх ,сайн сайхан бүхнийг хүсьеээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-08 00:40:09
    Zochin: Goy tuuh unshih goy shuu . Baharhaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-07 20:49:01
    Зочин: Уншигч миний хувьд монголынхоо бүх зохиолчдын зохиол бүтээлийг бараг бүгдийг нь уншсан гэвэл үнэмшихгүй хүн гарах л байх. Монгол ахуй, ёс уламжлал, зан заншлыг байдаг л нэг орчин нөхцлийг нүдэнд харагдтал, сэтгэлд хоногштол, би л ингэж бичмээр байсан юм гэж атаархтал дүрсэлж туурвиж чаддагцөөн зохиолчийн нэнгэн билээ. Би хэзээ ч очоогүй Дарвийн цэнхэр нуруу, захуй зармангийн говь, Аж богдын нуруу яг л миний өсөж төрсөн нутаг Баянцагаан, Гичгэний нуруу, Унтаа, Боом, Дөхөмийн тал, говь Баян-Аараг, Тариатын уул толгод шиг л танил санагддаг. Бүр багаасаа амьдарч одоо ч тэндээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг, зохиолын баатрууд нь ч миний л нутгийн танил хөх буурлууд шиг, уярч уншиж, уйлж тайвширдаг даа. Бурхан зохиолч, буман үедээ дуурсагдна даа та.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-07 18:48:01
    Зочин: Мөнч түшигтэй даруу ёжтой мундаг ах найз минь байлаадаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-07 15:57:26
    зочин: ээ хөөрхий энэ мундаг зохиолч бурханы зүг явсан юм байна. харамсалтай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-07 15:24:17
    Бат: Алтан богдын шил роман нь олдох болов уу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188