• Өнөөдөр 2024-04-16

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.НАНЖАА: Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 жил зүтгэсэн хөдөлмөрийг минь төр үнэллээ

2022-12-03,   513

          Хүний нутагт хэл нэвтрэлцэхгүй идэрхэн залуу явахдаа тэр улсынхаа гэрэл, гэгээг түүчээлэх гавьяатан болно чинээ төсөөлөөгүй явсан биз ээ. Хөдөөгийн буйдхан сум, сууринуудыг  гэрэлтүүлэхдээ ч тэр “Ийм гавьяа байгуулчихлаа” хэмээн бардамнасангүй. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийчихээд дараагийн ажилд томилогдоно. Ажлаас ажлын хооронд цаг наргүй зүтгэж, амьдралынхаа хагас зуун жилийг тэр монголчуудыг гэрэл, цахилгаантай болгох их үйлсэд зориулжээ. Гавьяаныхаа амралтад хэдийн гарчихсан хэр нь залуу хойч үедээ зөвлөн тусалж, эзэмшсэн мэргэжилдээ эргэж буцалтгүй дурлаж, хийсэн ажлаасаа урам авч өнөөдрийг хүртэл эрчим хүчний салбараас холдож чадаагүй л байна. Энэ бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нанжаа юм

 

         Тэрбээр 1936 онд Завхан аймгийн Нөмрөг суманд Дашзэвэгийн ууган хүү болон мэндэлжээ. Онын эвэр шиг эхээс хоёулхнаа заяасан үрээ хол газар сургуульд явуулна гэхээс эх нь зүрхшээж, сэтгэлд нь багтаж ядсандаа 10 нас хүртэл нь дэргэдээ байлгасан гэдэг. Ингээд сурах хүсэл, тэмүүлэлдээ хөтлөгдсөн хөдөөгийн бор хүү ардын сургуулийг алхан орсон цагаасаа л эрдмийн мөр хөөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ.

       Сумын дунд сургуульд долдугаар анги хүртлээ суралцаж, 1953 онд Завхан аймгийн Улиастай хотын дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотыг зорьжээ. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн даруйдаа тухайн үеийн ЗХУ-ын Эрчим хүчний дээд сургуульд цахилгааны инженер хэмээх мэргэжлээр суралцахаар алс холыг зорих болов. Чухам цахилгааны инженер гэж ямар мэргэжил байдгийг ч тааж үл мэдэх малчин хүү харь нутагт амаргүй цаг үеийг туулсан нь тодорхой. Орос хэлний зах зухаас ч мэдэхгүй тэр сургуульдаа очсоныхоо дараа Элчин сайдын яамандаа хэлний бэрхшээлээсээ болоод буцах хүсэлт гаргаж байжээ. Гэвч тухайн үед сахилга, хариуцлага хатуу, нэгэнт шийдсэн л бол буцахаас өөр аргагүй амаргүй цаг үе байв. Иймдээ ч тэр шантарч бууж өгсөнгүй, хоёрдугаар дамжаанд орох жилээ нутгийн хүмүүстэй төвөггүй хэл нэвтрэлцэж, багш нартайгаа ойлголцдог болсноор дахин сурч боловсрох үйлсэд өөрийгөө дайчилж эхэлсэн байна.  Ийн хөдөөгийн буйдхан ахуйгаас эрдмийн мөр хөөхөөр ижийдээ үнсүүлээд, ааваараа хөтлүүлээд сумын сургуульд мордсон эгэл жирийн малчны хүү  өнөөдөр Хөдөлмөрийн баатар гэх хүндтэй цолыг энгэртэй гялалзуулсан ч, эгэл, даруухан хэвээрээ байна.

        Эрчим хүчний салбарын андагчдын нэг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Нанжаа гуайтай ярилцсанаа уншигч танд дэлгэж байна.


        -Юун түрүүнд танд төрийн дээд одон медалиар шагнуулсанд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юү?

       -60 гаруй жил эрчим хүчний салбарт зүтгэсэн хөдөлмөрийг минь төр, засгаас үнэлсэнд туйлын баяртай байна.

        -Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнуулах тухай мэдээгээ чухам хэзээ дуулав. Та хэрхэн хүлээж авсан бэ?

      -Би энэ мэдээг хэдхэн хоногийн өмнө дууллаа. Төр засгаас хийсэн, бүтээснийг минь үнэлж байгаад баярлаж, энгэртээ энэ тэмдгийг зүүх хүртлээ итгэж, ядан байлаа. Эрчим хүчний бүтээн байгуулалт бол баг хамт олны ажил. Иймдээ ч Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнуулсан нь баг хамт олны минь гавьяа юм.

      -Та бол эрчим хүчний салбарт мэргэжилтэн болж ирсэн анхдагчийн нэг гэгддэг. Магадгүй шинэ үеийн залуус хот, хөдөөг яг одоогийнх шиг ийм сайхан гэрэл гэгээтэй байсан мэтээр төсөөлдөг байх. Таныг анх мэргэжилтэн болж ирэхэд чухам ямар байсан талаар сонирхуулахгүй юү?

     -Намайг анх сургуулиа төгсөж, ирж байхад аймгийн төвүүдэд 30кВт, 60кВт дизель түлшний жижиг станцууд байдаг байлаа. Тэр нь зөвхөн аймгийн төвүүдээ эрчим хүчээр хангана. Тэр үед би Төв цахилгаан комбинатад цахилгааны инженерээр томилогдсон юм.

      Хэдий Төв цахилгаан  комбинатад томилогдсон ч байнга л хөдөө орон нутгуудаар  явна. Намайг төгсөж ирсний дараа аймгийн төвүүд арай том цахилгаан станцтай болох ажил өрнөв. Ингээд алслагдсан аймгуудад олон сар ажиллаж, аймгийн төвүүдийг өндөр хүчдэлд холбох ажилд гар бие оролцсон. Тухайлбал, би Говь-Алтай аймгийн Алтай-Бигэр, Хөвсгөл аймгийн Мөрөн-Алаг-Эрдэнэ-Хатгал, Сүхбаатар аймгийн Халзан-Онгон-Дарьганга, Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Ногооннуур, Дундговь аймгийн Мандалговь, Улаанбаатар хотын Гачууртын зэрэг 30 гаруй дэд станц, трансформаторын өртөө байгуулахад идэвх санаачилгатай оролцож, Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, III, IV Дулааны цахилгаан станцын өргөтгөл барих ажилд оролцсон. Мөн Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажиллаж, алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлж байв.

      Аймгийн төвүүдийг өндөр хүчдэлд холбосны дараа сумдыг тог, цахилгаантай болгох ажилд ч мөн гар бие оролцсон. Одоогийн байдлаар манай 330 сум цахилгаан, эрчим хүчинд холбогдсон байна.

      -Сум сууринг гэрэл цахилгаанаар холбоно гэдэг бахархам ажил байх аа. Гэрэл, гэгээтэй болох нь гээд л иргэд таатай хүлээж авна биз?

      -Тэгэлгүй яах вэ. Нутгийн хүмүүс чухам баяртай байна. Бид ч гэрээсээ хол гэлтгүй ажлаа цаг тухайд нь гүйцэтгэнэ. Намайг сургуулиа төгсөж ирэхэд инженер техникийн ажилтан гарын арван хуруунд багтах цөөхүүлээ байлаа. Өнөөдөр манай салбар амжилттай сайн хөгжиж, маш олуулаа болж байна. Бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоно гэдэг нэг талдаа баярламаар. Нөгөө талдаа хүнд хэцүү зүйл ч тохионо. Тухайн үед материал дутах, цаг хугацаа алдах үе ч байна.

 

       -Та эхээс хоёулхнаа юм билээ. Таныг гаднын улсад мэргэжил боловсрол эзэмшээд ирэхэд аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

       -Би нэг эмэгтэй дүүтэй. Дүү минь бага сургуульд сурч байгаад сургуулиасаа гарч, малчин болсон. Харин би ном, эрдмийн мөр хөөсөн. Тухайн үед ямар одоогийнх шиг утсаар ярих боломж байсан биш. Хааяа нэг ээж, аавдаа захидал бичнэ. Тэд ч над руу хариу захидал илгээнэ. Ингэж явсаар сургуулиа төгссөний дараа ажилд ороод би айлд амьдардаг байв. Удалгүй аав ээж хоёр минь хотод нүүж ирсэн.

         -Хөдөө, гадаа их явдаг, цаг наргүй ажилладаг хүнд хань, түшиг тулгуур болдог биз ээ. Таны хань чухам ямар хүн байв?

       -Манай гэргий хүний сайн хань, сайхан эх байлаа. Бид нэг нутгийн хүмүүс л дээ. 1963 хүнд бид гэр бүл болсон. Эдийн засагч мэргэжилтэй хүн байв. Намайг хөдөө олон сараар хөдөө явсан үед хань минь л үр хүүхдээ асарч, ахуй амьдралаа авч явдаг байлаа. Нэг жишээ дурдахад, би 1973 онд Улаангом хотод олон сар болов. Ингээд 688 кВт-ын дөрвөн дизель станц угсрах ажилд оролцож байсан юм. Олон ч сар ажилласандаа. Тэр үед одоогийнх шиг зам харгуй байсангүй. Олон сараар орон нутагт ажиллана. Холбоо барих утас ч байдаггүй  байлаа. Ийм л үед хань минь ахуй амьдралаа болгож, ар талд минь бат зогсдог байсан.

        -Таны мэргэжлийг үр хүүхэд тань өвлөсөн үү?

      -Би гурван охинтой. Манай эхнэр “Эрчим хүчний мэргэжил амаргүй. Тэр дундаа эмэгтэй хүүхдүүдэд хүнд мэргэжил” гэдэг байсан. Тийм дээ ч охид маань бүгд өөр мэргэжилтэй.

      -Та өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлынхаа амжилтаас дурдвал?

      -Тасралтгүй хөдөлмөрлөсөн 60 жилийн хугацаандаа эрчим хүчний салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Энэ хугацаандаа тоног төхөөрөмжийн явцуу шат дамжлагыг арилгасан, цахилгаан станц болон системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд нөлөөлсөн, хөдөлмөр хөнгөвчилсөн, эдийн засгийн хэмнэлт өгсөн 22 оновчтой санал, ашигтай загварын гэрчилгээтэй, хоёр шинэ бүтээлийн дипломтой.

      Эрчим хүчний салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, зөвлөлтийн мэргэжилтэн, хамт олноосоо маш их зүйлсийг сурч, арвин туршлага хуримтлуулж, хамт олноо удирдан зохион байгуулж явсан. Би Төв цахилгаан комбинат ажиллаж байх хугацаандаа цахилгаан станцаас гарсан 6кВ шугамууд, 35кВ-ын “Налайх” шугам, дотоод хэрэгцээний трансформатор, 0.5кВ, 6кВ хөдөлгүүрүүдийн реле хамгаалалт, автоматикийн тавилгын тооцоог, бий болсон шугам, тоноглолуудын жинхэнэ өгөгдлүүдийг ашиглан хийж, тооцооны дагуу тавилыг өөрчилсөн.

     Тавилын тооцоог үндэслэн зарим тоноглолуудын реле хамгаалалт, автоматикийн бүдүүвчийг өөрчлөн сайжруулсан. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тасалдлыг бууруулж чадсан. Мөн 75тн/цаг чадалтай 11 дүгээр зуух, 12 МВт чадалтай долдугаар турбогенераторыг угсарч, тэдгээрийн реле хамгаалалт, автоматикийн талын ажилд оролцож цаг хугацаанд нь ашиглалтад оруулж байлаа. Мөн ТЦК-ын дэргэдэх 6/35кВ, 2х7500кВА, 1х10000кВА трансформатортай, 35кВ-ын дөрвөн гарсан шугамтай дэд станцыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай болсон учир даалгавраар дэд станцын РХА-ийг угсарч ажиллагаанд оруулах ажлыг үндсэн ажлынхаа хажуугаар болон оройн цаг, амралтын өдрүүдээр Пүрэвжав, Балган, Дагвадорж, Мэгзэнжав нарын хамт хугацаанд нь чанартай гүйцэтгэж, шагнуулж байсан.

     Түүнчлэн ажиллах хугацаанд төрийн олон ч одон, медаль хүртсэн. 1992 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсан минь миний хувьд хамгийн баяртай үйл явдал байлаа.

    -Таны харж байгаагаар эрчим хүчний салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажил байна вэ?

-Одоо манай аймаг, сумдад буй цахилгаан эх үүсвэрүүд бага чадлын хэрэгцээнд зориулсан байгаа юм. Нэг үеэ бодвол хүн амын өсөлт нэмэгдэж, тэр чинээгээр цахилгаан, эрчим хүчний хэрэглээ ч нэмэгдэж байгаа. Тиймээс аймаг, сумдын цахилгааны эх үүсгэврийг нэмэгдүүлж, дор хаяж, 110-220 кВт-ийн шугам дэд станцуудыг барьж байгуулах шаардлагатай байна.


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.НАНЖАА: Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 жил зүтгэсэн хөдөлмөрийг минь төр үнэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-02 05:33:45
    Зочин: Үнэхээр хөдөлмөрлөж баатар болсон мундаг бууралд эрүүл энхийг хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188