• Өнөөдөр 2024-05-08

Р.ЦЭРЭН: МАЛЧИН ХҮН МОНГОЛОО ГЭСЭН БҮХНЭЭ ХӨСӨГ ТЭРГЭН ДЭЭРЭЭ АЧААЛЖ, НҮҮДЭЛЛЭДЭГ

2022-11-25,   1221

      Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улсын аварга малчин Р.Цэрэн намрын их нүүдэлд хөсөг тэрэг хөлөглөж, нутаг сэлгэж байгаа ховор дүр зураг цахим сүлжээнд тавигдаад байгаа билээ. Тэрбээр өнөө цагт нүүдэлчин Монгол ахуйн өв соёлыг өөрийн биеэр үлгэрлэн таниулж, алс замд хөсөг тэргээр нүүдэллэж буй цөөн малчдын нэг юм. Р.Цэрэнгийнх жилийн дөрвөн улиралд малаа маллаж, нутаг сэлгэхдээ огтхон ч автомашин, техник хэрэгсэл ашиглалгүйгээр зөвхөн тэмээн тэргээрээ дураар нүүдэлдэг гэнэ. “Мал дагавал ам тосдоно” гэдэг үг үнэний учиртай юм шүү” гэх жирийн нэгэн  малчин хониныхоо бэлчээр дээрээс бидэнтэй ярилцсан нь энэ. 

-Сайхан өвөлжиж байна уу. Танай нутгаар энэ жил цаг сайхан байгаа бололтой. Өвөлжөөндөө буугаад удаагүй байна уу? 

      -Сайхан өвөлжиж байна. Энэ жил манай нутаг зуншлага сайхан байсан тулдаа намрын сар өвс ногоо элбэг байлаа. Бид саяхан өвөлжөөндөө нүүж байгаад удаагүй байна. Ойрын хэдэн жил зэргэлдээх нутгаар отор нүүдэл хийж яваад ирсэн ч, энэ жил нутагтаа өвөлжиж байна. 

-Хөсөг тэргээр нүүдэлж байхыг нь цахим сүлжээнд харлаа. Монгол ахуйгаа одоог хүртэл өвлөн авч яваад нь олон хүн баяртай байна. Хэдэн жил мал маллаж байна вэ? 

       -Би 30 жил мал маллаж байна даа. 1980 онд цэргээс халагдаж ирээд Цэнхэр нэгдлийн нярваар 12 жил ажиллаж байсан юм. 1992 онд нэгдэл тарж, малчин болсон. Миний өвөө, аав гээд өвөг дээдэс маань бүгд малчин. Би гурван үе дамжсан малчин хүн л дээ. Өвөө минь Улсын анхдугаар зөвлөгөөнд оролцож, түүний дараа Улсын сайн малчин цол хүртсэн байдаг. Энэ их өв буяныг аав, ээжээсээ үргэлжлүүлэн авч яваадаа баяртай байдаг. Жил бүр хөсөг тэргээр нүүдэллэж байна.

 -БИ НҮҮДЛИЙН СОЁЛОО ӨӨРИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД ТЭЭЖ ЯВАА ХҮН-

-Мал маллаж эхэлсэн цагаасаа л хөсөг тэргээр нүүдэллэв үү. Хэзээнээс нүүдэллэж эхэлсэн юм бэ?

        -Тиймээ, би нүүдлийн эртний соёлоо өөрийн хэмжээнд тээж яваа хүн. Хөсөг тэргээр нүүдэллэх чинь хамгийн сайхан шүү дээ. Хол замд аюулгүй, найдвартай. Тиймдээ ч миний үр хүүхэд одоог хүртэл хөсөг тэргээр нүүдэллэдэг. Одоо цагт хөсөг тэрэг гаднаа хөллөсөн айл ховор. Хоёр хүү минь 20 гаруй хөсөг тэрэг,  би өөрөө 10 гурай хөсөг тэрэг хөллөөд байна. Мөн өөрийн 60 гаруй тэмээгээ сургаж, тэргэнд хөллөдөг. Монгол малчин, монголоо гэсэн бүхнээ хөсөг тэргэндээ ачаалж нүүдэлдэг юм шүү дээ. 

-Мал маллах арга ухааныг хэнээс сурч, өвлөсөн бол?

       -Малчин болсон тухайгаа ярьвал их түүх бий. Би ардын цэргийн 099 дүгээр ангид жагсаалын дарга байсан. Харин 1992 онд нэгдэл тарснаас хойш аав ээжээсээ малчин ухааныг өвлөж малчин болсон юм. Энэ хугацаанд Улсын бэлтгэлд мах бэлтгэгч хийсэн цөөнгүй он жил бий. Тухайлбал, жилд 120-200 тонн мах бэлтгэж Улсдаа тушаадаг байлаа. Харин удалгүй малынхаа аясыг дагаж явсаар 2000 онд мянгат малчин, 2006 онд аймгийн сайн малчин, 2009 онд Улсын сайн малчин хэмээн хүндтэй цолыг хүртсэн. Ингээд үзвэл нийтдээ 10 мянган мал өсгөж бойжуулж, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн. Хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэдэг хамгийн сайхан. Ялангуяа малчин хүн олон түмэндээ нэр хүндтэй явах бүр ч сайхан. Ингэж олон жил мал маллаж, чамгүй олон өрхийг малжуулсныхаа үр дүнд 2018 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хүртсэн. Мал дагавал ам тосдоно гэдэг дээ.  

-Малчин хүн жилийн дөрвөн улиралд цаг агаарын цөөнгүй саад бэрхшээлтэй нүүр тулдаг байх. Ийм он жилүүдийг хэрхэн даван туулж байсан бэ? 

        -2001, 2007 онд ган гачиг ихтэй зун байсан даа. Хэдэн малаа онд оруулж, тарга тэвээрэг хураахын тулд нутаг сэлгэх шаардлагатай болсон. Малчин хүн нутаг сэлгэхдээ бэлчээрийн соргогийг таньж, цагийн сайхныг дагадаг. Тиймдээ ч малаа оторлуулна гэдэг хамгийн чухал. Мөн аав ээжээс өвлөсөн мал маллах арга ухаан, тэвчээр, хатуужил их нөлөөлнө шүү дээ. Малчин хүн бүхий л мэргэжлийг давхар эзэмшдэг гэдэг. 

 -МАЛЧИН ХҮН ХАМГИЙН ХАРИУЦЛАГАТАЙ, ЖУДАГТАЙ БАЙХ ЁСТОЙ-

 

-Мал маллах арга ухааныг аав, ээжээсээ л өвлөн авч байв уу? 

      -Тийм ээ. Хүн эхээс төрөхдөө бүхнийг сурчихгүй. Аав ээжээс сургасан малч ухааны сацуу Хэнтий аймгийн бүхий л аварга малчны амьдрал ахуйн арга ухааныг ямагт өөртөө шингээж, суралцаж байсан. Тэдний хүчинд би өдий зэрэгтэй яваа хүн. Эцсийн эцэст хүний хүмүүжил, төлөвшил малчин хүнд чухал. 

-Та үр хүүхдээ энэ арга ухаанаас хэрхэн сургаж байна вэ? 

       -Би долоон хүүхэдтэй. Тэдний маань хоёр нь малчин болсон. Би том хүүгээ бага байхаас нь малчин ухаанд сургаж, хөдөө өсгөсөн. Одоо хүү маань Аймгийн сайн малчин хэмээх цолыг хүртэж, малын буяныг эдэлж явна. Бага хүү маань бас л малчин. Би хоёр хүүгээ өрх тусгаарлахад хамгийн багадаа 500 мал өвлөж өгсөн. Тэд маань малаа өсгөөд сайхан л байна. Өвөг дээдсээс өвөлсөн ухаан, арга барилаар л үр хүүхдүүдээ сургасан. Малын буянг дааж чадвал сайхан амьдрал туулна шүү дээ. Мөн малчин хүн хамгийн хариуцлагатай, жудагтай байх ёстой. Хариуцлагатай хүн л бүхнийг хийж чадна гэж боддог. 

-Жилдээ төлөө бүрэн авч байна уу. Төл авна гэдэг малчин хүний чухал үе байдаг байх?

        -Тэгэлгүй яах вэ. Төл малаа өсгөхөд хүнээс их ур ухаан шаардана. Харин би эм малаа айлд түрээслүүлж төл авдаг. Тухайн айл маань авсан малаа онд оруулбал 100 хонь болгонд арван хонь, 100 ямаанд арван ямаа гэх мэтчилэн залуу малчин гэр бүлийг дэмжиж, малжуулдаг даа. Хамгийн багадаа жилд 100 гаруй бог малтай болдог. Харин хоёр хүү маань нийлээд гурван мянга гаруй төл хавартаа авдаг. 

-Энэ их хөдөлмөрийн үр дүнд Улсын аварга малчин цол хүртэх сайхан биз? 

       -Анх Улсын аварга малчин цол хүртэхэд бахархам сайхан байсан даа. Тухайн үед тийм ч амар Улсын цол өгчихдөггүй байсан юм. Хөдөлмөрлөсөн хүн л энэ цолыг хүртдэг байсан үе. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

   -Баярлалаа


Р.ЦЭРЭН: МАЛЧИН ХҮН МОНГОЛОО ГЭСЭН БҮХНЭЭ ХӨСӨГ ТЭРГЭН ДЭЭРЭЭ АЧААЛЖ, НҮҮДЭЛЛЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-10 12:24:35
    zochin: shn zuraguud awchee zuragchin mundag yumaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 21:38:58
    zochin: Malch udamtai malchin mongolchuudiin nuudelchin xev mayagiin amidral delxii niitiin anxaaral sonirxoliig bainga tatdag daa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188