• Өнөөдөр 2024-04-24

Д.Доржготов: Шинжлэх ухааны салбарт хагас зуун жил хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлж, төрийн дээд Чингис хаан одонгоор шагнаж байгаа гэж ойлгосон

2022-11-24,   1273

       “Байгаль эх орноо судална гэдэг ховор тохиолдох аз завшаан гэж би хувьдаа боддог. Газарзүйн судалгаа гэдэг улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгаа байдаг юм. 

     Газар зүйн шинжлэх ухаанд өөрийн амьдралыг зориулж, монгол оронд хөрс судлалын шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж,  өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан  ахмад эрдэмтэн ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов төрийн дээд “Чингис хаан” одонгоор шагнагдсан билээ. Бид түүнтэй залуу насны дурсамж, гэр бүл, шинжлэх ухааны салбарын талаар цөөн хором ярилцлаа.

      Тэрбээр Төв аймгийн Баян сумын уугуул, малчин гэр бүлээс гаралтай. Д.Доржготов хоёр настайдаа зохиолч, сэтгүүлч Дэчингунгаагийнд өргөгдөж, хотын хүүхэд болж, эрдмийн мөр хөөжээ.  Аав Дэчингунгаа нь  “Улаан-Од”, “Эх орны манаа”, “Үнэн” сонинд ажиллаж байсан. Харин ээж нь  “Монгол кино үйлдвэр”-ийн анхны эвлүүлэгч, “Цогт тайж” киноны эвлүүлгийг хийж байсан н.Шархүүхэн гэх эрхэм аж. Харин төрсөн аав нь адуучин, ээж нь саальчин байжээ. Бага насандаа хоёр аав, хоёр ээжтэйгээ дэндүү гэмээр жаргалтай өссөн гэж тэр ярьж байлаа.

-Сайн байна уу. Төрийн дээд Чингис хаан одонгоор шагнагдсанд тань баяр хүргэе. Шагнал хүртэж буй сэтгэгдлээсээ хуваалцаач?

            -Юун түрүүнд танай сайтын уншигчид болон ард түмэндээ энэ сайхан өдрийн мэндийг  хүргэе. “Чингис хаан одонгоор таныг шагнах боллоо, баяр хүргэе” гэж өчигдөр өдийд надтай холбогдсон. Шинжлэх ухааны салбарт хагас зуун жил хоёргүй сэтгэлээр ажилласныг минь үнэлж, төрийн дээд Чингис хаан одонгоор шагнаж байгаа гэж ойлгосон доо. Надтай хамт салбар минь шагнагдаж байна. Би Шинжлэх ухааны салбартаа  60 жил жаргаж, ажиллаа шүү дээ. Анх 1962 онд 22  настай залуу Москвад сургуулиа төгсөж ирээд,  ШУА-ийн  Газарзүйн хүрээлэн шинээр байгуулагдахад анхны ажилчдынх нь нэг болон орж, ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Энэ хугацаанд олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж,  олон шавь нартай болжээ. Олон жил мөр зэрэгцэн ажилласан эрдэмтэн судлаачдын маань дэм, шавь нарын  маань урмын үгс  надад эрч энерги үргэлж хайрладаг. Тэдний маань  өгөөмөр хүндэтгэлийн буянаар би  82 нас хүртлээ эрдмийн ажлаасаа салалгүй, ном бүтээлээ туурвиж байна даа. Олон ч удаа төрдөө үнсүүлж, түмэндээ хайрлагдаж явна.  Намайг шагнал авах бүрд минь гэр бүл, шавь нар, хамтран ажиллагсад минь надаас илүү баярладаг. Тэднийгээ хөгшин надаар бахархаж суухыг харах сайхан шүү. Өнөөдөр өдөржин л утас минь дуугарч, баяр хүргэх хүмүүсийн цуваа тасрахгүй байлаа даа.

-Шинжлэх ухааны салбарыг хүн бүр төдийлөн сонирхоод байдаггүй шүү дээ. Энэ салбарын юу таныг хамгийн их татсан бэ?

   -Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ. Багаасаа л байгаль дэлхийтэйгээ ойр ургамал, чулуу, уул хадыг яагаад ийм хэлбэр, бүтэцтэй  юм бол гэж сонирхон боддог, ном их уншдаг байлаа.  Ер нь хүн багшаасаа чиглэл авч, номоос их зүйл сурдаг юм шүү дээ. Жинхэнэ мэдлэг эзэмшье гэвэл сонирхсон төрлийн номоо сайн унших хэрэгтэй юм билээ. Хөдөө малын бэлчирт судалгааны номоо бариад явдаг, онц сурдаг хүү байлаа шүү дээ, би гэдэг хүн. Тэгж явсаар арван жилийн сургуулиа төгсөхөд Москвагийн их сургуульд суралцах аз завшаан тохиож, ОХУ-ыг зорьж байсан даа. Академич Б.Чадраа, Төрийн соёрхолт н. Жамъянсэнгээ бид гурав физик, хөрс, ургамал судлалаар Москвагийн их сургуульд ангийн хоёр найзтайгаа мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуус явсан юм.  Тэд минь тэнгэртээ хальсан ч надтай хамт өнөөдөр шагнагдаж байна гэж бодож найзуудыгаа дурсаж сууна даа.  Анх залуу судлаач байхдаа мэдэхгүй чадахгүй зүйл гарах бүрдээ номоос л “будаа идэж” нэг номоо элэгдтэл эргүүлдэг байлаа.

-Та ШУА-ийн  Газарзүйн хүрээлэнд залуу судлаачаас эхлэн захирлын албыг хашиж, амьдралынхаа ихэнх хугацааг энэ салбартаа зориулжээ. Анх шинжлэх ухааны салбарт ажиллаж эхэлж байсан үеэ дурсаач?

             -Намайг анх судалгаа хийж эхлэх үед судалгаа шинжилгээний ажил тун бага хийгддэг байлаа. Хамгийн анхны судалгааг манай хүрээлэнгийнхэн хийж 1974 онд Хөрс судлалын тасаг, лаборатори байгуулсан. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд анхны судалгаагаа хийж, хөрсний зургийг зохиож байлаа шүү дээ. Эргээд дурсахад үнэхээр сайхан байна. Тухайн үед машин ховор байсан болохоор хөдөө нутгийн хөрс эвдэрч, муудаагүй сайхан байсан даа. Анхныхаа судалгаанд явахынхаа өмнөх шөнө догдлоод унтаж чадаагүй юм даг.

-Монгол орноо тойроод, судалгаа шинжилгээний ажил хийгээд явахад хамгийн сэтгэлд тань тод үлдсэн сайхан газар аль нь байсан бэ?

            -Энэ он жилүүдэд эх орноо машинтай, морьтой, явганаар олон ч удаа тойрлоо шүү дээ. Монгол орныхоо өнцөг булан бүрд очиж, судлах дэврүүн их хүсэлтэй залуу ядрахаа мэдэхгүй л давхидаг байж дээ. Судалгааны ажилд явах бүрдээ эх орноо ямар сайхан өргөн уудам, ховор сайхан тогтоцтой гэдгийг мэдэрч, монгол хүн болж төрсөндөө баярладаг байлаа. Тухайн үед одоогийнхтой харьцуулахад хөрс эрүүл, эвдрэл багатай байлаа. Гэхдээ л Атрын сангийн аж ахуйн хөдөлгөөн өрнөж, газар тариалан эрчимтэй хөгжиж байсан үе. Газар үржил шимтэй. Ургац арвин байсан. Ер нь газар тариалан хөрсний үржил шимийг түшиглэдэг байсан. Хөрсний чанарын үнэлгээгээр хамгийн сайн нь хар шороон хөрс байдаг. Яг ийм сайн чанарын хөрс Сэлэнгэ, Орхонтуул, Төв аймаг, Онон, Халх гол, Хэнтийн зарим хэсэгт элбэг байдаг аж. Харин тааруухан хөрс нь голдуу цөл нутаг, Алтайн өвөр говьд бий гэх сонирхолтой судалгааг хийж байсан. Он жилүүдийг эргээд харахад хамгийн санаанд ойр бууж байгаа нь  1969 онд Хөвсгөлийн тайгад цаа унаад, анчдаар газарчлуулаад  сар гаруй тэр сүрлэг уулсын оройгоор явах үнэхээр сайхан байсан даа. Одоо ч тэр үеийн ой тайга, хөвч, царам, нуурын хөвөө, эрэг, голын татам, хөндий нүдэнд минь тодхон үзэгддэг.  Хааяа өөрийнхөө залуу судлаач явсан үеийг зүүдэлдэг шүү.

-Судлаач хүний гэргий байх амаргүй шүү дээ. Ханийнхаа тухай яриач?

            - Ханьтайгаа дөнгөж сургуулиа төгссөн залуухан судлаач байхдаа ханилсан даа. Миний хань Эрүүл мэндийн хүрээлэнд олон жил ажиллаж, олон шинэ төрлийн эм тариа бүтээсэн биохимич мэргэжилтэй сайхан эмэгтэй. Одоо яг хажууд минь 60 жилийн өмнөх шигээ инээгээд л сууж байна шүү дээ. Хань гэдэг үгийг утгаараа мэдэрч, дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болоод, ач зээ нараа тойруулаад л жаргаж өтөлж байна даа.

-Та энэ салбарт 60 жил ажилласан хүний хувьд шинэ үеийн судлаачдадаа хандаж үг хэлэх үү?

   -Байгаль эх орноо судална гэдэг ховор тохиолдох аз завшаан гэж би хувьдаа боддог. Газарзүйн судалгаа гэдэг улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгаа байдаг юм.  Би МУИС-д 40 гаруй жил багшилж, хөдөө явах бүрдээ 2-3 шавиа дагуулаад л юм сургах гээд л их үздэг байсан даа. Тэдэн дундаас минь 20 доктор, дөрвөн шинжлэх ухааны доктор төрсөн. Одоо шинжлэх ухааны салбар маань залуу сайхан эрдэмтэдтэй, судалгаа хийхэд ч  техник технологи хөгжөөд сайхан болж дээ. Хөгшин судлаач би шинэ үедээ итгэж, тэдэндээ зааж сургаад л явж байна даа. Тэднийгээ харахаар залуу судлаач байсан үеэ их санадаг юм. Би шавь нартаа ном их унш, орос хэл сур л гэж байнга үглэдэг. Шинжлэх ухааны их ном орос хэл дээр бичигдсэн байдаг юм. Надад шинжлэх ухааны олон ном бий. Хааяа шавь нартаа өгч уншуулдаг. Залуу судлаачдадаа эрч хүчээ битгий алдаарай гэж хэлмээр байна.

   Тэрбээр Монгол орны хөрсний зургийг хамгийн анх 250000 масштабтай зохиосон. Мөн “Байгаль нуурын сав газрын атлас”, “Монгол орны экосистемийн атлас”, “Монголын үндэсний нэвтэрхий толь”, олон үндэстнийг хамруулсан “Монгол судлалын нэвтэрхий толь” зэрэг  300 гаруй бүтээл туурвижээ. Түүний бүтээл туурвилыг үнэлж, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг өнгөрсөн жил тус улсын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн Их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, академич Н.С.Касимов хүрэлцэн ирж гардуулж байсан билээ. 


Д.Доржготов: Шинжлэх ухааны салбарт хагас зуун жил хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлж, төрийн дээд Чингис хаан одонгоор шагнаж байгаа гэж ойлгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 18:54:28
    Б.Цэнгэл: Халуун баяр хүргэж,эрүүл энх сайн сайхныг хүсэн ёрөөё.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188