Богино тайрмал үстэй, монголжуу төрхтэй, шийдэмгий алхаатай, басхүү дайчин тамирчин. Дэвжээний гадна талбайд эгэл жирийн нэгэн монгол бүсгүй, гэрийн сайн эзэгтэй, айлын танхил охин. Харин дэвжээнд гараад барилдаан нь эхэлчихвэл хэнд ч дийлдэшгүй мэт эрэмгий, харьшгүй дайчин нэгэн.
Боксын спортоор хичээллэх гэж төөрч, будилж яваад жүдо бөхөд хөл тавьж, хичээнгүй хөдөлмөрийнхөө үр шимийг ч хүртсэн нь түүний хамгийн том ололт байлаа. Тэр бол олимп, дэлхийн медальтан, хэвтээ барилдааны хатан хаан гэгдэх тамирчин бол яах аргагүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг. Хэвтээ барилдаанд дэлхийд ноёрхдог япончууд хүртэл М.Уранцэцэгийн өчих, боолт, даралтаас жийрхдэг. Тэрбээр 2013 онд дэлхийн аварга болохдоо японы дэлхийн аварга Харуна Асамиг өчих мэхээр цэвэр ялж байв. Олимпын хүрэл медалийн ялалтыг мөн л өчих мэхээр авсан.
Түүний тамирчний амьдрал шулуун дардан замаар яваагүй. Амжилт, уналт, бэртэл, гэмтэл, ялалт, ялагдлыг амтыг мэдэрч туулсан. Японы 48 кг-ын жингийн шилдэг тамирчдын бүхэл бүтэн 4-5 үеийн олимп, дэлхийн аваргуудтай барилдсан Монголын цор ганц тамирчин тэр мөн.
Олимп, дэлхийн аварга ямар ч бөхийг хэвтүүлээд авбал өчих мэхээр өчиггүй ялна. Тэрбээр эгэл жирийн охин байхдаа ч олимп, дэлхийн аварга болохдоо ч нэг л зангаараа байсан. Одоо ч тэр хэвээрээ. Энэ нь түүний амжилтын төдийгүй олны хайр хүндэтгэлийг хүлээдгийн нэг үндэс билээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэгийн жүдо бөхийн мөрөөдлийн оргил нь олимпын наадмаас медаль хүртэх байсан. Тэрбээр олимпын наадмаас бусад бүх тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн өвөрмөц амжилтын эзэн болж, гиннесийн номонд бичигдэж байлаа. Уг нь тэрбээр аль эрт "Рио-2016" олимпоос медаль хүртэх боломжтой байсан юм. Шүүгчид түүнийг Өмнөд Солонгосын бөх Жеон Бо Кеоны хөлд хүрсэн хэмээн торгож ялагдал хүлээлгэсэн билээ. Харин "Токио-2020" олимпын наадмаас хүрэл медаль хүртэн хүсэл мөрөөдөлдөө хүрсний дараа жүдо бөхөөсөө зодог тайлж, хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийг гонсойлгон, хөнгөн гуниг төрүүлсэн.
Харин зодог тайлаад удалгүй мэргэжлийн холимог тулааны спорт руу хөл тавин орно гэдэг мэдэгдэл хийсэн нь олон хүнийг “шок”-нд оруулсан маш хачирхалтай мэдэгдэл байв. Жүдо бөх сонирхогчдын олонх нь аваргаа “цуст зодоон”-ы дэвжээнд харахыг төдийлөн хүсэхгүй байлаа. “Эмэгтэй хүн байж ямар сонин сонголт хийдэг юм бэ” гээд л шуугьсан. Гэвч түүнийг сонголтыг спорт сонирхогчид хориглон, хязгаарлаж чадахгүй нь ойлгомжтой.
М.Уранцэцэг аварга анхны тулаанаа 2022 оны есдүгээр сарын 11-ний өдөр хийж, хоёрдугаар үе дээр тулааныг дуусгасан билээ. Түүний холимог тулааны замналын эхний өрсөлдөгч нь 25 настай Амбер Террель гэх америк бүсгүй байв. Техас мужаас гаралтай Амбер Террельгийн хувьд нийт долоон тулаан хийснээс дөрөв ялж, гурав ялагдсан тамирчин юм билээ. Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг тулааны хоёрдугаар үед Амбер Террелийн толгойг хавчиж уургалж тонгороод, баруун гарт нь өчөөд л дуусгасан. “PFC 23” өдөрлөгийн хүрээнд нийт есөн тулаан болсон бөгөөд М.Уранцэцэг гавьяат үндсэн хөтөлбөрт багтсан. Энэ тулаан нь сонирхогчийн түвшнийх учир М.Уранцэцэг ялснаар мэргэжлийн тулаан хийх эрхтэй болсон юм.
Урнаа багаасаа л боксоор хичээллэх мөрөөдөлтэй явсан гэдэг. Анх 2005 онд боксын секцэд бүртгүүлэх гэж Спортын ордонд очсон аж. Гэтэл боксын бэлтгэлийн заал засвартай үе таарч. Харин самбо, жүдо бөхийн секц хичээллэж байхыг сонирхож харж л дээ. Дасгалжуулагч нь ирээд “Чи секцэд бүртгүүлэх яваа хүүхэд үү" гэхэд нь сандрахдаа "тийм” гээд хэлжээ. Түүний жүдо бөх рүү орсон түүх энэ. Харин түүнийг анх бүртгэж авсан тэр багш бол Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, “Монхор" хэмээх Ж.Баярсайхан багш байлаа.
Харин М.Уранцэцэгийн дэлхийд данстай шилдэг тамирчин болгосон “гавьяатан” бол яах аргагүй “Женко” клубийн багш, Гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа юм. Урнаа гавьяат “Би Ш.Цэвэлмаа багштайгаа учирсан өөрийгөө маш их хувьтай, азтай хүн гэж боддог” хэмээн хэлсэн нь бий. Энэ яах аргагүй үнэн. 2007 оны кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд залуу тамирчин М.Уранцэцэг Узбекистаны бөхийг ялж дэлхийн аварга болж, амжилтын гараагаа эхлүүлж байв. Түүнээс хойш М.Уранцэцэгийн амжилт тогтмол өссөн. Кураш, самбо, жүдо гэсэн бөхийн гурван өөр төрлөөр дэлхийн аварга болсон тамирчин түүнээс өөр байхгүй. М.Урнаагийн бүх амжилтыг тоочно гэвэл маш урт жагсаалт хөвөрнө. Тэрбээр 2013 оны Рио-Де-Жанейрогийн ДАШТ-ээс алт, 2017 онд Будапештын ДАШТ-ээс мөнгө, 2019 онд Токиогийн ДАШТ-ээс хүрэл, 2021 онд Будапештын ДАШТ-ээс хүрэл, 2010 онд Ташкентын Азийн аваргаас алтан медаль хүртэж байлаа.
Дээр дурдсан бахдам амжилтуудаас гадна Урнаа 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2021 оны гуравдугаар сарын 26-ны хооронд буюу 11 жилийн хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны world tour тэмцээнээс 48 кг, 52 кг-ын жингүүдэд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртсэнээр "Гиннесийн дээд амжилт" эзэмшиж байгаа юм. Энэ үнэхээр бахархам, гайхмаар том амжилт мөнөөс мөн.
Урнаа гавьяат Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1990 оны гуравдугаар сарын 14-ний өдөр мэндэлсэн. Түүнийг таван настай байхад тэднийх Улаанбаатарт шилжиж иржээ. Урнаа томоохон тэмцээний өмнө юм уу дараа нь заавал төрсөн нутагтаа очин, мөргөдөг гэнэ лээ. Үүнээс тэрбээр маш их тайвшрал, сэтгэлийн эрч хүч, урам, илүү их жаргалыг мэдэрдэг гэсэн.
М.Уранцэцэг аваргын аав А.Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж, түрүүлж байсан, бөхийн удамтай гэдэг. Тэр нь М.Уранцэцэгт нөлөөлөсөн байж магадгүй. Багаасаа үеийн банди нартай барилдаж өсжээ. 2006 онд "Женко" клубийн тамирчин болсон, энэ үеэс Уранцэцэг өсвөрийн тэмцээнүүдэд ордог болжээ. 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан юм. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болов.
Зарим тамирчин амжилтадаа эрдэн, буруу замаар ордог. Тэгэхгүй юм гэхэд амжилтын үзүүрээс хагас дутуу атгангуутаа хамраа сөхөн, биеэ тоох нь цөөнгүй. Жүдо бөхөд хөл тавин, уналт, өнхрөлт заалгахдаа ч, дэлхийн аварга болж, монгол түмнээ баярлуулахдаа ч М.Уранцэцэг гавьяат нэг л зангаараа байсан. Одоо ч тэр хэвээрээ. Энэ нь түүний амжилтын төдийгүй олны хүндлэлийг хүлээдгийн нэг үндэс болов уу.
Тэрбээр “Багш нар минь надад их итгэдэг. Тэднийгээ, төдийгүй монгол түмнээ үргэлж баярлуулахыг би хүсдэг. Итгэлийг нь алдах эрх надад байхгүй. Гэхдээ тэр бүр санаснаар болохгүй нь гачлантай. Би заавал олимпоос медаль хүртэнэ” гэж 2016 оны Риогийн олимпын дараа ярьж байв. Тэр хэлсэн амандаа хүрч Токио 2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртээд л зодог тайлсан.
Тамирчин хүний гол “дайсан” бэртэл, гэмтэл билээ. Тэрбээр бэртэл аваагүй бол хоёроос, гурван удаа дэлхийн аварга болж, олимпын хоёр ч удаа медаль хүртэх боломжтой байв. Урнаа аваргын өвдөг бэртэн, гурван сар эмчлүүлж байв. Тэрбээр монгол түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй гээд мэс засалд орохгүйгээр дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан нь бий.
2017 онд дэлхийн дэвжээнд түрүүлнэ гэж хамгийн ойрын зорилгоо тодорхойлон хөдөлмөрлөсөн юм. Тэгж зүтгэсээр дэлхийн дэд аварга болохдоо үнэхээр баярлаж, урамшсан гэдэг. Тухайн үед “Өмнөхөө бүгдийг нь мартъя, зорилгоо биелүүлэхийн төлөө бүхнийг шинээр эхлүүлье, одооноос зөвхөн урагшаа харъя” гэж бодсон гэнэ лээ.
Тамирчид амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулахын зэрэгцээ гэр бүлийнхээ төлөө нойр, хоолоо умартан хөдөлмөрлөдөг. Тэднийг амжилт гаргах нөхцөл, боломжоор хангах чухал. Гэтэл үндэсний шигшээ багийн цалин маш бага сард 500-600 мянган төгрөгийн цалин авна. Өнөөдөр амьжиргааны өртөг ямар өндөр байгаа билээ. Хэрэв өндөр цалинтай бол тамирчид зөвхөн бэлтгэл, сургуулилалтдаа санаа тавина шүү дээ. Гэтэл тэгэх боломж алга. Зодог тайлаад дасгалжуулагчийн албанд шилжих үү. Ингээд л мэргэжлийн холимог тулааны спорт руу орох уу гэдэг хоёр сонголт түүнд байжээ.
Урнаа аваргын багын мөрөөдөл боксын спорт, түүний гэр бүлийн хүн Г.Төрмөнх таеквондогийн тамирчин. Эхэндээ түүний хань тулааны урлаг руу орох хүсэлтийг нь дэмжээгүй аж. Гэвч гэргийнхээ хүсэл мөрөөдлийг унтраахыг хүсээгүй учраас арга буюу дэмжжээ. Г.Төрмөнх тулааны спортын хүнд хэцүү, эрсдэл ихтэйг мэддэг хүний хувьд, эхнэртэй дэндүү хайртай болохоороо л тэр эсэргүүцсэн байх.
Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг "Visaapnews.asia" сайтад өгсөн ярилцлагадаа ирээдүйнхээ талаар ярьжээ. Сэтгүүлч түүнээс “Та дараагийн төлөвлөгөө, зорилгоосоо бидэнтэй хуваалцаач” хэмээн асуухад тэрбээр “Ойрын хугацаанд би “UFC”-д өрсөлдөж магадгүй. Мөн их спортоос гарсны дараа хувийн бизнесээ өргөжүүлэх, дараагийн үеийн шилдэг залуу тамирчдыг бэлтгэхэд туслах мэргэжлийн түвшний төрөлжсөн спортын сургууль байгуулах төлөвлөгөөтэй байна” гэж хариулжээ.
Хүний хүсэл, мөрөөдөлд хязгаар үгүй. Урнаа аваргынхаа дараа, дараагийн тулаанд нь амжилт хүсье.
МӨРӨӨДЛИЙН ХЯГААРГҮЙД ТЭМҮҮЛЭГЧ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |