Монголын рок хамтлагийн түүхэнд Хурд хэмээн өөрсдийгөө тамгалсан ах дүүсийг өнөөдөр мэдэхгүй хүн, сонсохгүй сонсогч гэж нэгээхэн ч үгүй ээ. "Хурд" рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд дуу хуураа хүргэж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг. Үүнээс хойш 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар олон сайхан хөгжим бүтээсэн түүхтэй. Тэгвэл энэ хамтлагийн уран бүтээлчдийн амин сүнс болсон аялгууг С.Ишхүү хэмээх эрхэм хийж, сонсогчдынхоо зүрхэнд амилуулж, амьдруулж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ удаа хөгжмийн зохиолч С.Ишхүүгийн гэргий А.Оюунтай хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байна. Тэрбээр“Аавдаа би хайртай”, “Бүсгүй” зэрэг дууны аяыг зохиосон юм.
-Зөөлөн салхи хүлээж, алтан нар ээсэн намрын энэ налгар өдөр тантай ярилцах болсондоо баяртай байна. Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох “Хурд” хамтлагийн дууг таны нөхөр болох С.Ишхүү гэдэг хүнгүйгээр төсөөлөх аргагүй. Анх хэрхэн “Хурд” хамтлагтай холбогдож байсан юм бол. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Энэхүү сайхан өдөр ханийнхаа тухай эргэн дурсахаар болсон нь сайхан байна.1992 онд “Харанга рок төвд дуучин авна” гэсэн радиогийн зарын дагуу орон нутгаас очиж, шалгуулж анх дуучнаар орж байлаа. Ингэж л их хувь заяагаар Ганбаяр ах буюу "Хурд" хамтлагтай холбогдсон. Үүнээс хойш бидний баяр жаргал, өвчин зовлон бүх зүйлд энэ сайхан хамт олон урам зориг өгч үргэлж тусалж дэмжиж ирсэн.
-С.Ишхүү гуай хувь хүнийхээ хувьд ямар зан араншинтай хүн байсан бэ?
-Сангаагийн Ишхүү гэж эгэл даруу, даруу гэхэд дэндүү даруу хүний хайлан байлаа. Би ханийгаа хүнтэй маргалдаж, их зан гаргаж байхыг нь хараагүй. Ер үг цөөнтэй хүн байсан даа.
-Та ханийнхаа ая оруулсан ямар дууг ихэвчлэн сонсох дуртай вэ. С.Ишхүү гэдэг хүний орон зайг нөхөж өгдөг, тэр хүн яг хажууд тань байгаа мэт мэдрэмж төрүүлдэг дуу бий юү?
-"Хурд" хамтлагийн болон жүжгийн зохиолын 40 гаруй дууны аяыг хань минь зохиосон. Бүх дуу нь миний хувьд шилдэг аугаа санагддаг. Энэ эгэлхэн хүний хаанаас ундардаг юм бол гэмээр шүү. Өөрийнх нь хэлснээр “Аялгуу гэдэг чинь миний ойлгосноор энэ сормуус дээрээс тасраад унаж байгаа нулимс юм. Энэ нулимсанд баяр жаргал, гуниг, зовлон мөн ч их юм багтдаг хорвоо юм” гэж хэлсэн байдаг. Үнэхээр л зохиосон дуу бүрд нь их ухаарал, хайр, аз жаргал байдаг. Бүх л дууг нь сонсох дуртай. Ханийнхаа бүх дуунд нь хайртай.
-Бидний баяр жаргал, өвчин зовлон бүх зүйлд энэ сайхан хамт олон урам зориг өгч үргэлж тусалж дэмжиж ирсэн-
-С.Ишхүү гуай “Хурд” хамтлагийнхантай нөхөрлөхөөс гадна мэргэжил нэгт ямар хүмүүстэй найзалж байсан бол?
-Хүнийг ялгаж харьцана гэж хэзээ ч байхгүй. Хүүхэд ч бай том хүн ч яг нэг зиндаанд харьцана. Хурд хамтлагийн Д.Ганбаяр ах болон дүү нар нь бүгд мэдэж байгаа. Өөрийн төрсөн дүү шигээ л ханийг минь авч явдаг байсан. Ханьд минь ахын үг бол хууль байсан даа. Ямар нэгэн алдаа хийхэд нь “Ганбаяр ахад хэлнэ” гэхэд ухаан алдана шүү дээ. Ийм л сайхан ах дүүс байлаа.
-Таны ханийг Улаанбаатар хотод тогтдоггүй нутаг амьтай хүн байсан гэж ярьдаг юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ?
-Аймгийн театрт хамгийн олон орж гарсан хүн нь бараг би байх аа. Манай гэр Арвайхээр хотод байсан. Хань минь байс хийгээд л хот руу явж ажил хийнэ. Бид амьдрах гэж зүтгэдэг байсан даа. Хаана боломж байна тэр л газраа ажиллана.
-Одоогоос 20 гаруй жилийн өмнө “Хурд хамтлагийн дуулснаар “Бүсгүй” дуу сонсогчдын хүртээл болж байлаа. Энэ дуу одоо ч сонсогчдын хайртай дуу хэвээр байна. Хүн бүхэн л шинэ дуу мэт дуулсаар байна шүү дээ. Энэ дууны үгийг яруу найрагч Х.Чилаажав бичиж, таны хань ая оруулсан байдаг. Энэ дуу хэрхэн бүтсэн байдаг юм бол?
-Ай даа миний л энхрий
Эелдэг даруу бүсгүй минь ...мэдэхгүй хүн ховорхон байх. Өчигдөрхөн л зохиосон шинэ дуу шиг санагддаг.
Өвөрхангай аймгийн иргэд морины Сэргэлэн гэдгээр сайн мэднэ дээ. П.Сэргэлэн сайд энэхүү уран бүтээл дээр хамтран ажилласан. Саяхан, Бүсгүй нэртэй хальс бичлэг худалдаанд гарч “Хурд” хамтлагийнхан Өвөрхангай аймагт баярын тоглолт хийсэн. Үнэхээр гоё тоглолт болсон. Сэтгэл догдолж, баярлаж, бахдаж, бас уйлж сонслоо. Энэ сайхан бүтээлийг ивээн тэтгэсэн П.Сэргэлэндээ болон “Хурд” хамтлагийнхандаа маш их баярласан. Хань минь тэнгэрээс хараад мөн ч их баярласан байх.
-Хоёулаа С.Ишхүү гэдэг хүний талаар яриагаа эхэлсэн. Харин цааш тэр хүний ар гэр, төрж өссөн нутгийн талаар ярья гэж бодож байна. Таны ханийн удамд урлагийн хүн байв уу?
-Ишээ маань 11 хүүхэдтэй айлын отгон хүү байлаа. Аав Сангаа нь манай аймагт тавигдаж байсан “Учиртай гурван толгой” дуурийн анхны Юндэнд тоглосон гэдэг. Сайхан хүн байсан гэж мэдэх хүмүүс нь ярьдаг. Ханийн минь удамд урлагт дуртай, урлагийн хүн олон бий.
-Анх та хоёр хэрхэн яаж танилцаж, гэр бүл болж байв. Үр хүүхдүүд нь дуу хөгжимд дурлаж байна уу. “Бөхийн хүүхэд бөх, жолоочийн хүүхэд жолооч болдог” гэж манайхан ярьдаг шүү дээ. Тэгэхээр С.Ишхүү гэдэг хүний авьяас билгийг өвлөх хүн байгаа байх?
-Бид хоёр 10 жил нэг ангид сурдаг байлаа. Нэг ширээнд тохой нийлүүлэн сурдаг байсан гэхэд болно. Мөн нэг гудамжны хойшоо, урагшаа харсан зэргэлдээ хашаанд байлаа. Ханьтайгаа 20 настай байхдаа гэр бүл болж, хурим найраа хийж, албан ёсоор эхнэр, нөхөр болсон. Үүнээс хойш хүү, охин хоёрын аав, ээж болсон доо.
Аавыгаа бурхан болоход хоёр хүүхэд маань 10 жилийн сургуульд сурдаг байсан. Хүүхдүүд минь одоо нас биед хүрсэн. Охин И.Ариунзаяа МУБИС төгсөөд, одоо 115-р сургуульд багшилдаг. Хүү И.Будзаяа СЭЗД нягтлан бодох бүртгэлийн анги төгсөөд хувийн компанид программистийн ажил хийж байгаа. Ханийн минь үргэлжлэл болсон үр сад олуулаа болж байгаа. Тухайлбал Г.Батсайхан гэдэг сайхан хүргэнтэй болж, зээ хүү Б.Пүрэвдорж маань мэндэлсэн. Эд нар минь сайхан аавынхаа үргэлжлэл болоод явж байна. Нэрийнх нь өмнө мөнхөд бичигдэх аавынхаа нэрийг сайнаар дуудуулах сайн хүүхдүүд болсон.
-С.Ишхүү гуайн аав, ээжийнх нь талаар яриа дэлгээч. Ямар ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байсан юм бол?
-Хань минь хүний дээд болсон сайхан аав ээжтэй. Манай хадам ээж ёстой бурхан шиг хүн байлаа. Хань минь айлын отгон хүүхэд болохоор эрх гэж жигтэйхэн. Би ч мөн айлын отгон охин болохоор эрх. Хоёр эрх хүүхэдтэй хадам ээж амьдралыг минь болгох гэж, дутууг нь гүйцээх гэж ямар их хөдөлмөрлөж, жаахан бор эмээ ханцуйндаа тор углаад л гардаг сан. Энэ дүр зураг одоо ч нүдэнд харагдаг юм.
-С.Ишхүү гуайг олон хүн эрт бурхан болсонд харамсдаг юм билээ. Хэрэв өдийд амьд сэрүүн байсан бол илүү олон сайхан бүтээл туурвих байсан гэж ярьдаг. Тэгэхээр энэ хүний авьяас билэг үнэхээр хосгүй байжээ. Энэ авьяас билигт хүн танд зориулж дуу хийж байв уу?
-Дэндүү эрт хорвоог орхисондоо хань минь. Ханьтай минь хамт хэчнээн аялгуу нойрсон байгаа бол гэж бодохоор үнэхээр харамсалтай. Хэрэв амьд сэрүүн байсан бол гэж бодох бүр уйтай. Гэхдээ миний хань өөр, өөртөө хөшөө босгоод явжээ. "Бүсгүй" болон ээжийн тухай дуу болгоноо надад зориулсан байдаг. Би их азтай хүн .
-Н.Жанцанноров гуай таны ханийг СУИС-д оруулж байсан гэдэг. Гэтэл сураагүй орхиод нутаг руугаа явж байсан юм билээ. Яагаад СУИС-д сураагүй юм бол?
-Би хөгжмийн ямар ч боловсролгүй хүн гэж ярьдаг байсан. Төрөлхийн унаган авьяас гэж их том мэдрэмж, боловсролыг энэ хүнд бурхан харамгүй өгсөн.
-Ханьтайгаа өнгөрүүлсэн сэтгэлд тань дулаан байдаг дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Анх охиноо өлгийдөж аваад бөөн баяр болж байлаа. Охин минь гэртээ мэндэлсэн дээ. Хань минь унтчихаар нь сэмээрхэн очоод чагнана. Амьсгалж байгаа эсэхийг нь шалгана. Үүнийг эгч нь шоолоод “Зүгээрээ унтаж байхад” гээд бөөн инээд болдог байсан.
Үүнээс гадна ханьтайгаа нэг анги байсан болохоор ангийнхан маань манайд л цуглана. Мөн хүүтэй болоод бөөн баяр. Найзуудаа дагуулж, ирээд олонтой хүн байлаа. Яг одоо бүх зүйл санаанд ил байна.
-Таны хань ямар үзэл бодолтой хүн байсан бэ. Хувь хүний хувьд ч, уран бүтээлийн хувьд ч асууж байга юм шүү?
-Манай хүн ч эдийн засгийн сонирхолгүй. Зөвхөн хөгжим тоглоод, түмэнтэй бужигнаад явж байвал боллоо. Ийм л жирийн эгэл хүн байв. Дуу цөөнтэй, цэвэрч, үсийг бол угаана шүү дээ.
Бид хэзээ ч мартахгүй. Мартагдах ч үгүй. Уран бүтээл нь үр хүүхэд, ач зээд нь мөнхөд эгшиглэх болно .Чамаараа үргэлж гоёод амьдрах болно бид.
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ С.ИШХҮҮГИЙН ГЭРГИЙ А.ОЮУН: Ханьтай минь хамт хэчнээн аялгуу нойрсон байгаа бол... |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |