• Өнөөдөр 2025-02-05

ӨНДӨР ЭЭЖ

2020-11-12,   1515

     Хүний байтугай өөрийнхөө хүүхдийг хөхөө шувуу шиг хаяж, эсвэл хорвоод мэндлэхээс өмнө амийг нь тасалсан тухай бишгүйдээ л сонссон. Харин хүний хүүхдийг өсгөхийн тулд өөрөө өөртөө хүүхэд төрүүлэхийг “хориглосон” зарлиг буулгасан нэгэн эмэгтэйн тухай сонсоод мэл гайхав. Энэ хүн бол Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Ч.Адьяа гуай. Тэрбээр хоёр хүний арван хүүхдийг өөрийн хүүхэд шиг өсгөжээ.

      Баянхонгор аймгийн Богд сумын Мал эмнэлгийн жолооч С.Бадам эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Гэвч бие давхар эхнэр нь багыгаа төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээр насан эцэслэв. Олон жаахан хүүхэдтэй, ганц бие эр хүн улаан нялзрай амьтныг өсгөж чадахгүй тул хүнд өргүүлж. Харин жил орчмын дараа хүүхдүүддээ ээж болох хүнийг олсон нь Ч.Адьяа. Тавын таван хүүхдийн ээж болно гэдэг 22-хан настай залуухан бүсгүй санаанд багтахгүй байсан ч өнчин өрөөсөн хүүхдүүдийг өрөвдсөн гэдэг. “Би ердөө л өрөвчхөн сэтгэлтэй, тэгээд л боллоо” хэмээн тэрбээр даруухан өгүүлнэ. 2-13 насны таван хүүхдийн ээж болсон нь 1965 он. Гэвч гурван жилийн дараа таван хүүхдийнх нь эцэг автын ослоор таалал төгсжээ. Нөхрийнх нь ах, дүүс таван хүүхдийг нь хуваарилан “Би ч энийг нь авна, чи ч тэрийг нь ав” гэхэд “Гаргасан эх нь байсан бол энэ хэдэн хүүхдийг тараахгүй байсан. Энэ хэд маань тарчихвал эргээд биесээ олох уу. Үхлийн хагацал үзсэн тэднийг амьдын хагацалд учруулаад яах вэ. Ядаж л хамт өсөг” гэж бодохдоо “Би өсгөнө өө” хэмээн ам гарчээ. Хэлсэндээ ч хүрч хүүхдүүдийг өөрийн мэт өсгөн, сумын тооцоо кассын няравын цалингаар хүүхдүүдээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулж, гэрт орж эм, гадаа гарч эр болж байв. “Өвлийн идэшнийхээ малыг нэгдлээс худалдаж авна. Мал “муулах” хүн олдохгүй бөөн юм болно. Би их шартай. Хүний адагт орохгүйг бодно. 70 кг-ын гурилыг мөрлөчихдөг байлаа. Одоо хүнд хэлбэл итгэхгүй дээ.  Малаа гэрийнхээ гадаа орилуулаад байж байхгүй юмсан гэхдээ мал авахаасаа өмнө “муулах” хүнээ олдог байсан” гэв.

    Амьдралдаа хамгийн их гомдсон нь тэр нэгэн танил эгчийнх нь хэлсэн үг. “Чи эцэг, эхийнхээ толгойг “идсэн” ийм хэдэн хүүхдийг авч юу хийх нь вэ. Бушуухан өгчихөөд өөрийнхөө амьдралыг бод” гэсэн нь. Гэхдээ тэр хариуг нь гайгүй сайн барьсан гэнэ. “Энэ хэдэн хүүхэд надад гаргаснаас ялгаагүй. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл өсгөнө” гэж хэлжээ. Ингээд хүүхдүүдтэйгээ таван жил хэртэй амьдарч байтал эхнэр нь өнгөрөөд таван хүүхэдтэйгээ үлдсэн сумын худалдаа бэлтгэлийн ангийн тоо бүртгэгч Д.Баттогоо гэх залуу “Чи хүний хүүхдүүдийг сайхан өсгөлөө. Миний хүүхдүүдийг ганц чи л өсгөж чадна. Би энэ хэдэн хүүхдээ чамаар л өсгүүлмээр байна” хэмээн гэрлэх санал тавьжээ. “Энэ хэдийгээ яая гэж байж” хэмээн бодсон ч бас л өрөвдсөндөө зөвшөөрсөн нь 1973 он. “Ингэж л арван хүүхэдтэй болсон юм. Ээж минь “Чи шар будаа шиг энэ олон хүүхдийг яаж өсгөнө дөө” гэсэн ч эсэргүүцээгүй” гэж өгүүллээ. “Таны үеийн хэр баргийн хүн, хүний олон хүүхдийг өсгөхгүй дээ” гэж намайг хэлэхэд Ч.Адьяа гуай “Одоо бодоход зоригтой байжээ. Сүүлийн тавыгаа ч яах вэ, аавтай нь хамжиж өсгөсөн” хэмээн хариулав. Тэр ер нь уг дуу цөөтэй. Асуусан асуултад маань яг  таг хариулахаас хэтрэхгүй.

Хүний олон хүүхэд өсгөснийгөө тэрбээр зовлон гэж бодоогүй. Харин ч жаргал гэнэ. Өвөл нь дааруулахгүй, зун нь цангаахгүй юмсан гэж бодож зүтгэжээ. Цагаан сар, наадмаар тэдний хүүхдүүд шиг гоё дээлтэй хүүхэд байгаагүй гэсэн. Тэрбээр баяр болгоноор хүүхдүүддээ шинэ дээл оёж өгнө. “Тэр үед  юмны үнэ ч хямд байсан юм даг. Хамгийн том мөнгөн дэвсгэрт 100 төгрөг байлаа. Одоо хөөрхий, 100 төгрөг нэг төгрөг шиг л болж” хэмээн дурсав.

   Хөөцөлдөж байж эхлээд том гурвыгаа  гадаад, дотоодын сургуульд оруулжээ. Тэд ч угийн сурлагатай хүүхдүүд байж. Харин дараагийнх нь охин хичээлдээ тааруухан. “Чихэр тавиад л “Энэ хэд вэ?” гэж асууна. Тоог нь гүйцэд хэлж чаддаггүй. Тэрийг л сургуульд явуулж чадаагүй, малчин болгосон. Одоо гэр бүлтэй, ач, зээтэй болж, сайхан амьдарч байна. Эхний тавын бага нь хичээлдээ сайн. Орост олимпиадад хүртэл оролцсон юм даг. Хэдэн хүүхдээ санасандаа хүргэж өсгөсөн. Миний хүүхдүүд хэзээ ч нэгэнтэйгээ ам мурийж, зодолдож үзээгүй. Би "Нэг эцэг, эхээс төрсөн юм шиг л эвтэй, сайхан яваарай гэж захиж өсгөсөн. Худлаа битгий хэлээрэй, хулгай битгий хийгээрэй, чин үнэн бүхнээс хүчтэй гэж сургадаг байлаа. Хэнд нь ч гар хүрч үзээгүй дээ, би. Нэг чихэр байсан ч хуваагаад идэх сэтгэлтэй өсгөсөн” гэлээ.

Тэд ч ээжийнхээ захисан ёсоор эвтэй,  нэгийгээ хүндэлдэг, ажилч хичээнгүй болон хүмүүжжээ. Сайхан дурсамжаа ярихад түүний нүд нь гялалзана. Харин жаахан гунигтай зүйл ярихад аньсага нь чийгтэн, юу юугүй уйлах нь уу даа гэтэл тэгсхийгээд “залгичихна”.

   Д.Баттогоо гуай морь, тэмээ уралдуулдаг, нутаг усандаа нэр хүндтэй, ажилд сүрхий хүн байжээ. “Манай ойролцоо хойд ээжтэй нэг хүүхэд байсан юм. Хүүхдүүд маань тэднийд орчихоод “Ээж ээ, айлын ээж яагаад нэг хүүхдэдээ хоёр, нөгөөдөө гурван боорцог өгч байгаа юм бол” гэж асууж байсан. Тухайн үед хэлэх үг олдоогүй” хэмээн Ч.Адьяа ярилаа. Одоо ч Ч.Адьяа хүний өгсөн зүйлийг хэдэн хүүхдэдээ л хадгална. Түүнээс яагаад өөрийнхөө мах, цусны тасархайг төрүүлээгүй юм бэ хэмээн асуухад “Ер нь хүмүүс өөрийн хүүхдийг заавал илүү үздэг юм гэсэн. Өөрийн хүүхэд гараад ирэхээр хүнийхийг гадуурхана. Би илүү үзэхгүй л дээ. Гэхдээ л энэ арвыгаа л сайхан өсгөе гэж л бодсон” гэлээ.

    Түүнд шантрах үе цөөнгүй байсан ч хүүхдүүдээ хараад урам ордог байжээ. Арван хүүхдийнх нь хоёроос бусад нь их, дээд сургууль, коллеж төгссөн. Өдгөө тэдний гэр бүл 132 гишүүнтэй, өнөр бүл болжээ. Ач, зээ нь л гэхэд 42, гуч, жич нь 43. Сумынхаа ойн номонд зориулж хүүхдүүдийнхээ тоог гаргасан нь энэ. Хүүхдүүд нь эмч, багш, инженер, цэцэрлэгийн эрхлэгч, холбоочин, инженер, гал сөнөөгч,  малчин гээд нийгмийн бүх л салбарт ажиллаж байна. Цагаан сараар байшинг өргөх нь холгүй юм болно. Шинийн гуравнаас нааш толгой өндийхгүй. Цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд хүүхдүүд нь бэлтгэлийг нь хуваан базааж байв. “Муусайн хүүхдүүд яах вэ, эднийгээ өсгөснийхөө буянаар л эмээ нь сайхан явна. Хэдэн хүүхэд минь хүний зэрэгтэй амьдарч, ач, гучаа үзээд сайхан л байна. Үүнээс илүү юу хүсэх вэ, энэ л миний амьдралын хамгийн том аз жаргал” гэж ярив. Харин бага хүү нь өнгөрсөн жил ээждээ хоол хүнс дөхүүлчихээд сумынхаа төвд ачаа буулгаж байгаад машинаасаа унаж гэртээ очиж чадалгүй нас баржээ.

   Тэрбээр 2002 онд галынхаа зээг оюутан болоход дагаж, Баянхонгороос хотод иржээ. Өдгөө 70 хэдий гарсан ч хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Хараа нь муудсан ч тэрнийхээ, энэнийхээ хүүхдэд гэж дээл оёсон хэвээрээ. “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонтой тэрбээр сумынхаа “Өгөөмөр ээж” болохдоо л хамгийн их баярласан гэнэ. Ч.Адьяа гуай “Одоо ч гэсэн зээгийнхээ хоёр хүүг өсгөх гээд үхэхгүйг л хичээх юм” гэж ярьж сууна. Өрөөлийн арван хүүхдийг өсгөхийн тулд өөрөөсөө хүүхэд төрүүлээгүй энэ эхийн сэтгэл нь Гималайн оргилоос ч өндөр юм.

2014 он


ӨНДӨР ЭЭЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188