• Өнөөдөр 2024-04-20

ДОГШИН ХУТАГТЫН НАЙМ ДАХЬ ҮЕИЙН ТАХИЛЧ А.АЛТАН-ОЧИР: А.Алтангэрэл тахилчаас надад ирсэн есөн тэмдэглэлийн дэвтэр захиас бий

2023-07-14,   5691

Догшин ноён хутагтын найм дахь үеийн тахилч А.Алтан-Очиртой уулзахаар Хамарын хийдийн өвгөн суваргыг зорьж очлоо. Өвгөн суваргад дотоод засал хийж байсан учир гадаа суугаад хүлээх болов. Хэсэгхэн орсон борооны дараах салхи сэрүүн татаад байтал өвгөн суваргын баруун урдаас хар өнгийн машин ирж явна. Машин ч хашааны дэргэд ирж зогсоод дотроос нь чөлөөт хувцастай, том нарны шилтэй эр бууж ирсэн нь догшин хутагтын тахилч А.Алтан-Очир. Ярилцлагаа Хамарын хийдэд эхлүүлэхээр төлөвлөсөн ч цаг агаартай холбоотойгоор хэсэгхэн зуур хойшлуулж, Сайншандын төвд байх хутагтын музейд эхлүүлэхээр болсон юм.

 

Догшин хутагтын музей руу явж ороод доод давхарт 20-иод минут хүлээв. Тэгээд байтал А.Алтан-Очир тахилч гарч ирээд намайг хоёр давхар дахь тахилын өрөө рүү дагуулж орлоо.

                    Тахилын хойморт догшин хутагт Данзанравжаагийн хөргийг залж, ширээний хажууханд долоо дахь үеийн тахилч А.Алтангэрэлийн цээж баримлыг тавьжээ. Өрөөгөөр дүүрэн бурхан шашны эдлэл байх бөгөөд өрөөгөөр дүүрэн хивс, эсгий дэвссэн байх аж. А.Алтан-Очир тахилч бид хоёр ч тахилын өрөөний булангийн эсгий дэвссэн сандал дээр суугаад ярилцлагаа эхлүүлсэн юм.

***

-Таны өмнөх тахилч А.Алтангэрэл агснаас хойш догшин хутагтийн тахил танд шилжээд гурван жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өмнөх тахилчийн бүтээн байгуулж, босгосон өвийг авч явсан үеэ хэрхэн үнэлж байгаа вэ?

                    -2019 оны долдугаар сард жанч халсан. Түүнээс хойш эхний жилд танин мэдэх ёстой олон зүйл гарч ирсэн. Хэдий сайн бэлтгэгдсэн ч, илүү ихийг олж, мэдэх хэрэгтэй жил өнгөрсөн. Харин түүний дараа жилээс өмнөх тахилчийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, өөрийн бодлоо төвхнөж, бүтээх зорилгоо гаргасан.

-ХЭДЭН ҮЕ ДАМЖИН ИРСЭН ТАНГАРАГ МИНИЙ ҮЕД УНАЖ, ГУДАЙХ ЁСГҮЙ-

-Тахилчийн бүтээн байгуулалт, бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд өмнөх тахилч танд юуг захиж байв?

                    -Тахилчид нэгэндээ захиас үлдээдэг юм. Өмнөх тахилчаас надад ирсэн есөн тэмдэглэлийн дэвтэр бүхий захиас бий. Зарим тэмдэглэлийн дэвтрийг хэдэн онд нээж үзэхийг нь ч заасан байдаг.

-Хүмүүсийн дунд тахилчийн суудал шилжсэний дараа тахилч өөрийн гэсэн тэмдэг авдаг гэх яриа бий. Танд ямар тэмдэг ирсэн юм бэ?

                    -Говийн догшин ноён хутагтын тахилч болгон нуруун дээрээ тал саран мэнгэтэй төрдөг. Тал саран мэнгэ бол тахилчийн тэмдэг. Тэмдэгтэй хүүхэд төрснөөс эхлэн их тахилч нь дараагийн тахилч төрлөө хэмээн бөөцийлнө. Бага тахилчийг таван нас хүртэл нь эрхлүүлж, түүнээс хойш 25 нас хүртэл нь сургаж, тахилч болгоход бэлтгэх юм.

***

Тахилчдын тэмдгийг тавдугаар догшин ноён хутагт Д.Равжаа тал сараар тамгалж өгсөн гэнэ. Харин тахилчдын овог нь шарнууд гэх. Дээхэн цагт боржигон нь дотроо их боржигон, бага боржигон гэж салахад их боржигоноос нь шарнууд овог салаалсан аж.

***

-Таныг анх хэзээнээс бага тахилч болгон бэлтгэж эхэлсэн юм бэ. Тахилчид бэлтгэгдэж байсан үеийн түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

                    -Тахилч бол говийн тавдугаар догшин ноён хутагтад ам тангараг өргөсөн бурхан номын хүн. Тал саран тэмдэгтэй төрснөөс хойш бага тахилчийг бөөцийлөх ёстой. Харин таван настайгаас нь тахилчид бэлтгэж, долоо настайд нь хүүрийн газар хаях, мөнгөнд туйлуулах эцэг, эхийн үхэлд нулимс гаргахгүй байх зэргээр бэлтгэж, бага тахилч 25 нас хүрэхээрээ тахилчийн суудлыг авдаг.

-Бага тахилч 25 нас хүрэхээрээ тахилчийн суудлыг авдаг гэлээ дээ. Заавал 25 нас гэсэнд учир бий болов уу?

                    -Бага тахилчид 25 нас хүртэл нь бурхан тахилын үнэт ном, судрыг борлуулж, үрэхгүй байх сэтгэл суулгадаг. 25 нас хүрээд тахилын суудал шилжвэл өмнөх тахилч үг ч хэлэх эрхгүй болно. Улмаар шинэ тахилч өөрийн сэрж мэдэрснээрээ хувьсаж, буддын ухааныг шинэ үетэй нь зэрэгцүүлэн хөгжүүлж явах юм. 

-Урд хөршид сурч, бэлтгэгдээд ирэхэд өмнөх тахилч юу хэлж байв? 

                    -Хятадад сураад ирсний дараа өмнөх тахилч надаас “Хятад айлын хаяанд хэвтээд байж чадна биз дээ” гэж асууж байлаа. Тэгж асуусан нь ч учиртай. Хутагтын бүтээж, босгосон 20 гаруй сүм, хийдээс хил дагуу буюу урд хөрштэй хамгийн ойр нь Хамарын хийд. Тиймээс Хамарын хийдийг сахиж, Хятадын хилд сууж чадах уу гэсэн биз ээ.

-Тахилч болгоны сурч, бэлтгэгдсэн арга нь цаг үеэсээ хамаараад өөр өөр байсан болов уу. Жишээ нь, таны үе болон танай аавын бэлтгэгдсэн үед ч их ялгаа гарах байх?

                    -Өмнөх тахилчаас олон юм сурч, мэдсэн. Гэхдээ өмнөх тахилчийн үеийн сургах арга нь өнөөгийнхөөс тэс өөр. Хоёр үеийн өмнөх буюу зургаа дахь үеийн тахилч бага тахилчийг дэргэдээ суулгаж, тахилын авдартай зүйлийг нэг нэгээр нь гаргаж, хэрхэн ашиглах, яаж хадгалах, түүхийг нь ярьж өгч, цээжлүүлдэг. Харин бага тахилч тахилын эдийг авдар руу эргэн хийх бөгөөд ингэхдээ тахилчийн ярьсныг дахин хэлж, суралцдаг байж. Миний үе өөр.

-Тахилчийг эцэг, эхийн үхэлд нулимс гаргахгүй байхад сургадаг талаар та дурдсан. Сурч, бэлтгэгдээд ирэхэд нь аав тань өөд болсон. Тэгэхэд нулимс ч гаргаж чадахгүй байх хэцүү байсан байх даа?

                    -Юуг нь нуух вэ. Дотор сэтгэл хэцүү байсан. Гэсэн ч маш том үүрэг, хариуцлага хүлээсэн хүнийхээ хувьд өөрийгөө бэлтгэсэн байсан. “Олон жилийн турш бэлтгэгдчихээд ганц хоромд нурааж болохгүй” л гэж бодож байлаа. Хэрэв нулимс гаргачихвал түүнээс илүү гансрал, сэтгэлийн шарх үүснэ. Хэдэн үе дамжин ирсэн тангараг миний үед унаж, гудайх ёсгүй харин ч улам өргөжин тэлж, хөгжөөсэй гэсэн бодлыг дотроо тээж явсан. 

-З.Алтангэрэл агсныг дурдах болохоор л өмнөх тахилч гэж байгаа анзаарагдах юм. Эсвэл тахилчийнхаа хувьд аав гэж дуудахгүй байгаад учир байна уу?

                    -Хувь хүн, ажил хоёроо ялгаж байгаа хэрэг л дээ. Би хувь хүнийхээ хувьд аав гэж дуудна. Харин тахилчийнхаа ёсоор өмнөх тахилч гэж байгаа хэрэг.

***

Биднийг ийн ярилцаж байх үед тахилын өрөөг гаднаас онгойлгож, настайвтар эмэгтэй орж ирэв. Бид хоёрыг байгаа гэж бодоогүй бололтой бөндгөсхийснээ А.Алтан-Очир тахилчтай мэндлээд зул мандаахаар орж ирсэн тухайгаа хэлж байна. Тэгээд тахилын өрөөний яг голд байх цагаан гантиг чулуун дээрх 10 хэртэй зулнаас нэгийг нь бадраав. Настайвтар эмэгтэй гарахаасаа өмнө тахилын ширээний дэргэд очоод гурван удаа сунаж мөргөөд гарч явлаа.

***

-Зөвхөн хутагт гэлтгүй тахилчдын шидний талаар хүмүүсийн дунд ам дамжсан яриа байдаг. Тухайлбал, долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл агсан Хамарын хийдийн өвгөн суваргыг зургийг гаргахаар өөр гурван бурхны шашны хүнтэй хамт бясалгаж, ном хурсны дараа өвгөн суваргын зураг өөрөө цаасан дээр зурагдсан гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Үнэн.

***

Ийн хэлснийхээ дараа А.Алтан-Очир тахилч хэсэг амсхийгээд “Харсан хүн цааш ярина уу гэхээс сонссон хүн цааш яривал зохимжгүй. Тиймээс харах хүртлээ чимээгүй байсан нь дээр” гэсэн юм. Тэгээд А.Алтан-Очир тахилч гэнэт босоод тахилын ширээний дэргэдэх үстэй эдлэл рүү зааж байна. Тав гэзэг унжсан, гуулинд ороолттой тэр арьсан эдлэл догшин хутагтын тахилчдын угийн бичиг гэнэ. А.Алтан-Очир тахилчийн үе найм дахь гэж яваа ч 12 үе бичигдсэн тахилчдын угийн бичигт тахилч байсан хүн өөрийн гэзгээ тайрч, наасан нь миний анзаарсан тав гэзэг байх аж.

***

-Таныг залгах дараагийн бага тахилч төрсөн үү?

-Бага тахилч бий.

-Одоо хэдэн настай вэ. Хэр сурч, боловсорч байгаа бол?

-Хоёулаа энэ яриаг мөн битүү орхиё.

***

Гээд А.Алтан-Очир тахилч нарын түүхээс нэгийг нь онцлон ярилаа. Хуучин цагт хоёр ихэр хүүхэд төрж, нэгийг нь тахилчаар сонгож, нөгөөг нь айлд өргүүлсэн юм гэнэ. Гэтэл тахилчаар сонгогдсон хүү бусдад хорлогдож өөд болсноос хойш айлд өргүүлсэн ихэрийг нь эргүүлэн авч, бага тахилч болгон удам залгуулсан түүхтэй аж. Тиймээс бага тахилчийн талаар тэгж их ярьдаггүй гэлээ.

***

-А.Алтан-Очир тахилч хувь хүнийхээ хувьд өөрийгөө хэрхэн бодож, харж явдаг юм бэ?

                    -Алдаа гаргахгүйн тулд өөрөө байхгүй юм шиг үргэлж өөрийгөө гаднаас нь харж, хянаж явдаг. Хүнд юу хэлэх, хэлэхгүйгээ бодож, үгээ цэгнэдэг. Дотоод хувь хүнийхээ хувьд цээрлэх зүйл бий. 

-ХУВЬ ХҮН МИНЬ ӨРӨНД УНАХААС ИЛҮҮТЭЙ ТАХИЛЧИЙНХАА ХУВЬД ЭНЭ БУРХАН ШАШНЫ ОРОН ЗАЙГ БАТ БЭХ БАЙЛГАХ ЁСТОЙ-

-Өнгөрсөн цар тахлын жилүүдэд шашны байгууллагын хувьд үйл ажиллагаагаа хаахад хүндрэлтэй байсан байх. Тухайн үед Хамарын хийдийг зорьж ирэх сүсэгтэн байв уу?

                    -Цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Сахил хүртсэн лам ч гэлээ хүн учир цалинтай золгож байж л амьдралаа авч явна шүү дээ. Харин би тангараг өргөж, хатуу сахил, санваар хүртсэн тахилчийнхаа хувьд өөрийн эд зүйлээ банканд тавьж, өнөөг хүртэл лам нарт цалин тавьж байна. Хувь хүн минь өрөнд унахаас илүүтэй тахилчийнхаа хувьд энэ бурхан шашны орон зайг бат бэх байлгах ёстой юм аа.

***

Энэ хүрээд бид хоёр ярилцлагаа өндөрлөхөөр болсон юм. Намайг бостол А.Алтан-Очир тахилч тахилын ширээнээс ногоон хаш аягатай рашаан аваад над руу зүглэлээ. Рашаанаас амссаны дараа А.Алтан-Очир тайлбарлаж байна. Рашаан байх ногоон аяга нь догшин хутагт Данзанравжаагийн эдэлж, хэрэглэж байсан эд гэнэ. Догшин хутагт хуучин цагт Нанхиадаас 1000 жилийн рашаан залж, авчирч, өнөөг хүртэл эхээ алдалгүй тахилчид хадгалагдаж байгаа нь энэ юм байна. Тахилчид хаш аягатай 1000 жилийн рашаанаа хэдэн жилдээ нэг гаргаж, 3-4 дуслыг хэрэглээд шимийн архиар сэлбэж, эхийг нь хадгалдаг аж. 

Тахилын өрөөнөөс гарч явтал А.Алтан-Очир дуудаж “Нутгийн чинь юм шүү” гээд арц, хүж атгуулах нь тэр. А.Алтан-Очир тахилч намайг замчилсаар бид хоёр хутагтын музейн үүднээс салсан юм.

 

 

 

 

ДОГШИН ХУТАГТЫН НАЙМ ДАХЬ ҮЕИЙН ТАХИЛЧ А.АЛТАН-ОЧИР: А.Алтангэрэл тахилчаас надад ирсэн есөн тэмдэглэлийн дэвтэр захиас бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-04 11:01:30
    Пп.: Зарим тал дээрээ ч гайхмаар жүжиглэнэ шүү. Хэдхэн сарын өмнө нэг Улаан сахиус бурханы хоёр мутар, линхуатай суурь зэргийг бүтэн болгож бүтээлцсэн юм. Тэгтэл 50 сая төгрөгөөр зарчихсан байсан түүнийг 50 саяар аваад манай ноён хутагтынх хадгалагдаж байгаад гараад ирлээ маягтай ярьж байсан шдээ хаха.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-03 17:31:59
    Ц.Эрхэмбат: Сайхан ярилцлага болжээ.8 р тахилчдаа АМЖИЛТ хүсэe. Ажил амьдрал нь сайн сайханыг хүсэe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-30 18:27:49
    Өнөр Ловон овогт Хайдавын Оюунчимэг: Тахилч багшийн минь буяны агуу их үйлс өнөд мөнх мандан бадрах болтугай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-30 16:00:33
    Зуузай: Ярих ёсгүй зүйлээ чанд хадгалсан ч гэлээ нийтэд зарлахааргүй мэдээллийг бас мэдэж авлаа, сэтгүүлчид ийм нийтлэлээ өөрөөс нь асууж үзүүлж байж цацаа болов уу даа,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 03:41:50
    [email protected]: Зарим нэг зургийг ашиглахдаа хэвлэн нийтлэгчийн эрхийг хүндэтгэж байгаарай. Ялалт сонин дурдагдах ёстой. Тамга чинь танайх гэсэн утга биш.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-08 14:56:24
    Unshigch: Gaihaltai shuu neeree
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188