• Өнөөдөр 2024-03-28

Алдарт эхийн I одонгоор шагнуулсан Б.ПҮРЭВСҮРЭН: Амьдралын хатуу ширүүнийг туулсан ч туулаагүй юм шиг гялалзаж яваа эмэгтэйчүүдийг хараад хайр хүрсэн

2022-05-26,   1263

                   Жил бүр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдар”-ийг угтан, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг урамшуулах, алдарт эхийн одон гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардуулах ёслолын ажиллагааг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр бид алдарт эхийн I одонгоор шагнуулсан Б.Пүрэвсүрэнтэй хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12.559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11.647 ээж шагнуулна. Тэдгээрийн төлөөлөл нь Б.Пүрэвсүрэн юм.

-Юун түрүүн танд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
                     -Зургаан сайхан үрийн ээж, тогооч мэргэжилтэй, 39 настай, гурван хүү, гурван охины ээж байна аа. Өнөөдөр алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнуулж, улсынхаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр энгэрээ мялаалгасандаа баяртай байна. Хамгийн том хүү минь 17-той, бага хүү маань хоёр настай. 2005 онд ээж болж байлаа.
-Олон хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэй хүнээс маш их тэвчээр шаарддаг байх?
             -Тэгэлгүй яахав. Хэний ч үнэлдэггүй олон ачааг ээжүүд үүрдэг. Ажил дээр ч, амьдрал дээр ч. Хүүхэдтэй болно, өсгөнө, хүмүүжүүлнэ гэдэг хэзээ ч зогсдоггүй суралцах үйл явц юм шиг санагддаг. Яагаад гэвэл том хүүгээ өсгөсөн арга барилаараа одоо бага хүүгээ өсгөвөл юу болох бол. Цаг үеэ дагаад ч тэр юм уу "Сурчихлаа даа" гэж бодож болдоггүй юм билээ. Байнгын л өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байдгийг өөрийн биеэр мэдрээд явж байна. Хүүхэд гэдэг чинь өөрөө бэлэг байдаг. Эцэг, эхчүүдээ хүмүүжүүлэх гэж бидэнд ирдэг гэж би боддог. Ер нь тэгээд эмэгтэй хүнд ээж болохоос илүү сайхан мэдрэмж байдаггүй юм билээ. Хажууд байгаа хань их чухал. Манай нөхөр надад сайн тусладаг тулдаа л бүгдийг амжуулдаг. Нүдэнд харагдахгүй хэрнээ маш их цаг, хүч хөдөлмөр зарцуулдаг ажил бол ээжийн ажил.
 
-Хамгийн анх ээж болсон мэдрэмжээсээ хуваалцвал?
              -Тухайн үед 22 настай залуухан ээж юу ч мэдэхгүй хүүхэд байж дээ. Их өвдсөн. Юугаа ч мэдэхгүй уйлаад л. Бараг өөрөө хүүхдээрээ байсан юм чинь арга ч үгүй биз. Ээжийгээ л их өрөвдөж, хайрласан. Магадгүй тэр уйлсан нь өвдсөндөө биш, ээжийгээ бодож, хайрлаж “Яаж энэ амьдралын төлөө, хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсэн юм бол оо” гэж ухаарсан байх.
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана гээд энэ шүлэг биеллээ олсон гэлтэй.

Хүүгээ харахаар л уйлах, инээх зэрэгцээд цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй хэрнээ энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болсон мэдрэмжийг ээж болоод мэдэрсэн. Нэг үгээр тодорхойл гэвэл “Гайхалтай” гэж хэлмээр.

-Хүүхдүүддээ ямар зан чанарыг төлөвшүүлэхийг хүсдэг вэ?
             -Ээж хүн бүрийн хүсэл  үр хүүхдээ сайн хүн болгох гэж хэлэх байх. Миний хувьдаа баримталдаг зарчим бол энэрэнгүй, бусдыг зөвөөр хайрлаж мэддэг болгож хүмүүжүүлэхийг хичээдэг. Би найман жил Баянзүрх дүүргийн XXII хорооны хэсгийн ахлагчаар ажилласан. Тухайн үед хүний эрх, хүүхдийн эрх, эрүүл аюулгүй харилцааны чиглэлээр олон сургалтад суусан. Тэндээс үлдсэн зүйл нь буруу юм хийвэл зодохоос илүүтэй тэр зан үйлийг зөв болгоход анхаарах нь чухал гэдгийг ойлгож авсан. Тэр арга барилаараа л хүүхдүүдтэй харилцаж байна. Мэдээж хэрэг заримдаа загнах үе байлгүй яахав. Хоёр гуравхан насны зөрүүтэй тэрсхэн хүүхдүүд тоглоомоо булаацалдахаас эхлээд өчнөөн л юм болно. Хөндлөнгийн хүн харвал “Ямар төвөгтэй юм бэ” гэж харах үе бий. Тэглээ гээд энэ орчлонд гэрэл гэгээ болоод ирсэн үрсээ харахаар өлссөн ч өлсөөгүй мэт, ядарсан ч ядраагүй мэт болдог. Амьдралдаа хийсэн цөөн хэдэн зөв сонголтууд нь миний хүүхдүүд. Бүгдийг нь эд хөрөнгөөр баян болгохгүй ч сэтгэлээр баян хүн болгож төлөвшүүлэхийг хичээдэг дээ.
 
-Алдарт эхийн I зэргийн одонгоор шагнуулж байх үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
              -Алдарт эхийн одон бол хариуцлага, хайрын баталгаа юм. Яг үнэндээ, алслагдсан дүүрэгт амьдардаг олон хүүхэдтэй ээжүүд өдөр бүр Төрийн ордонд орж, Ерөнхийлөгчтэй уулзах боломж олдохгүй. Магадгүй амьдралд нь ганц л тохиох байх. Өнөөдөр Төрийн ордны гадна зогсож байхдаа, “Монгол эмэгтэйчүүд ямар гайхалтай юм бэ” гэж бодож байлаа. Амьдралын хатуу ширүүнийг туулсан ч туулаагүй юм шиг гялалзаж чадаж байгаа эмэгтэйчүүдийг хараад үнэхээр хайр хүрсэн. Алдарт эхийн одон гардуулах ёслолын ажиллагааны зохион байгуулалт цэгцтэй, хүнд сурталгүй, хүндэтгэлийн байдалтай хүлээн авсанд баярлаж байгаа.  Одонгоо аваад гарч ирээд улаан хивсэн дээгүүр алхахдаа яг л урлагийн од шиг мэдрэмж авсан шүү. /Инээв/
 
-Олон хүүхэдтэй ээжүүдэд ямар асуудал түгээмэл тулгарч байна вэ?
                -Над шиг хүүхдээ хараад гэртээ байдаг ээж нарт өдөр тутамдаа тулгардаг олон асуудал байдаг. Хамгийн чухал нь гэвэл сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу. Манай дөрвөн настай охин цэцэрлэгийн сугалаанд багтаагүй. Тийм учраас цэцэрлэгтээ явж чадаагүй. Мөн ээжүүдийг алдаршуулах ажлыг бүр сайн дэмжих ёстой юм шиг санагддаг. Улсаас нэг удаагийн урамшуулал өгөхөөс илүү  сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь ээжүүдийн ажлыг хэд дахин хөнгөвчилнө. Энэ мэт нүдээ олсон бодитой дэмжлэгүүдийг бий болговол зүгээр санагддаг.
 
-Таны бодлоор хүчирхэг ээж байхын нууц юу вэ ?
       -Өөртөө итгэлтэй байдал эмэгтэй хүний хүчирхэг байх нууц болов уу. Хөндлөнгийн зарим хүн намайг “Арай л олон хүүхэдтэй, орчин үед яаж өсгөнө өө” гэж хэлдэг. Харин би хариуд нь “Өөрөө хүүхдүүдээ хэнээс ч юу ч гуйхгүй өсгөөд, хүмүүжүүлээд болоод байхад бусдад ямар хамаа байна аа” гэж хэлдэг. Өөртөө итгэлтэй байдал гэдэг нь миний хувьд зөвхөн гадаад байдал, хэлж байгаа үг биш. Хийж буй зүйлдээ итгэлтэй байхын нэр гэж боддог. Монгол эмэгтэйчүүд бүгд хүчирхэг. Өөрийн гэсэн гэрлийг гэр бүлдээ болон нийгэм чадах чинээгээрээ цацруулж яваа хүмүүс бол эмэгтэйчүүд. Тиймээс бүх эмэгтэйчүүддээ аз жаргал, амар амгалангийн дээдийг хүсье. 
 

Алдарт эхийн I одонгоор шагнуулсан Б.ПҮРЭВСҮРЭН: Амьдралын хатуу ширүүнийг туулсан ч туулаагүй юм шиг гялалзаж яваа эмэгтэйчүүдийг хараад хайр хүрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-28 14:14:17
    doogii doogii: minii egch hvrgen ah mani zurgaan hvvhediin eej aaw ta hoer sain saihan bvhniig hvsen erooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-28 14:14:15
    doogii doogii: minii egch hvrgen ah mani zurgaan hvvhediin eej aaw ta hoer sain saihan bvhniig hvsen erooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-27 21:09:45
    алтанцэцэг: миний дүү 6 сайхан хүүхэд төрүүлж мундаг ээж дүүгийн минь сайн хань чамдаа маш их хайртай шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-27 12:44:47
    ажаа: Миний хөөрхөн дүү амьдралыг улам өнгөлөг, утга учиртай, зорилготой болгож, бусдад үлгэр жишээ болж яваа бүсгүй шүү. Дүүдээ хүний амьдралд тохиох хамгийн сайхан бүгдийг ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-27 11:29:00
    Оюунцэцэг: Миний дүү үнэхээр мундаг хүчирхэг бас гайхалтай бүсгүй шүү хайртай шүү дүүдээ гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-26 14:39:03
    Хайртай найзаас нь : Миний найз чинь мундаг шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188