-"АЦАГ ШҮДНИЙ ЗӨРӨӨ" КИНО БҮТСЭН ТҮҮХ-
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Мэнд хүргэсэн явдалд гялайлаа, хүү минь. Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Би цус харваад нэг хэсэг ярьж чадахгүй байлаа. Ачтай буянтай эмч нарын хүчээр бослоо. Бурхан намайг аваад явахгүй байгааг бодоход хийх зүйл үлдсэн болоод л тэр биз.
-Таны бие одоо давгүй биз дээ?
-Тун дажгүй байгаа шүү. Эмч нарын буянаар хорвоод хоёр ч болов илүү хонох гэж байгаадаа баяртай байна даа. Ер нь амьд явна гэдэг сайхан. Яагаад гэхээр хүн, мод, цэцэг гээд бүгд наслах хязгаартай. Мэдээж харилцан адилгүй амьдардаг хэдий ч бүгд л аз жаргал, баяр гунигийг амтлаад буцдаг жамтай болов уу гэж бодно. Үүнээс гадна “Ацаг шүдний зөрөө”, “Агшин-1”, “Агшин-2”, “Үлгэр шиг хайр”, Торлогдсон хайр”, “Зориг” “Хүний хүүхэд” гэсэн долоон кино зохиол бичсэн. Мөн “Чөлөөт цаг, залуучууд” гэсэн нэг баримтат кино зохиол бичиж туурвисан даа.
-Миний санаж байгаа мөн бол “Зориг” уран сайхны киноны гол дүрд Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гуай тоглосон бил үү?
-Энэхүү кино зохиол нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн талаар өгүүлдэг юм. Ч.Баасанжав найруулж, Ц.Төмөрбаатар гол дүрд нь тоглосон. “Зориг” киноны зохиолыг сайн болсон гэж дотроо тоож явдаг юм. Үзэгчдэд харин сайн хүрээгүй юм шиг байна лээ. Ард, түмэнд хүрээгүй гэдэг нь гомдоод байх хэрэг биш. Цаг хугацааны явцад үнэлэмж нь нэмэгдэх үү, үгүй юү гэдэг л асуудал байна. Гэхдээ үнэхээр сайн кино бол үнэлэмж нь доошоо буурахгүй гараад ирэх биз. Би ингэж л боддог.
-Та “Ацаг шүдний зөрөө” уран сайхны кино зохиолыг яагаад бичих болсон бэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна.
-Би өмнө нь ойр, зуурын зохиолч бичих гэж оролддог байсан. Миний хувьд анх удаа нэлээд даацтай бүтээл туурвих юм сан гэх том санаа орж ирсэн юм. Тиймээс нэлээд хөдөлмөр, зүтгэл гаргах шаардлага тулгарсан даа.
Миний хувьд тэнгэрийн хишиг атгасантай адил байсан даа.
Би Архивт ажиллаж байлаа. Тиймээс нэг хачирхалтай түүхэн баримт тааралдсан. Энэ нь ч миний сонирхлыг татаж, кино зохиол болгоод бичвэл яах бол гэсэн бодол төрсөн. Өөрт төрсөн бодол, сэтгэгдлийн дагуу л бичээд л байсан шүү. Мөн олон жил архивын тоос, тортог, чийг үнэртсэн бичиг хэрэглэгдэхүүнийг нягтлах явцад тааралдсан бичиг миний хувьд тэнгэрийн хишиг атгасантай адил байсан даа.
-Ямар бичиг байсан юм бэ?
-Одоогийн Дорнод аймаг буюу тухайн цаг үедээ Сан бээсийн хүрээ хэмээх газрын банкнаас хуурамч мөнгө илэрсэн гэх баримт байлаа. Энэхүү хуурамч мөнгөний хэрэг тухайн үедээ л нэг хэсэг түмэн олны чихийг дэлдийлгэж, хэсэгхэн хугацаанд шуугиулаад нам гүм болсон байдаг. Мөн энэ явдлыг маш нууцын зэрэглэлд хамааруулж байсан юм билээ. Харин тагнуулчид энэ хэргийг хэрхэн илрүүлсэн талаар хэн ч мэдэж чадалгүй нууц болон үлдсэн байдаг юм даа.
-Тэгэхээр гол дүрийн баатар болох Намжил бодит дүр үү эсвэл уран сайхны дүр үү?
-Зохиолч хүнд гол баатраа олно гэдэг том олз байдаг шиг санагддаг. Та гол дүрийн баатраа бодож болоод хэрхэн баяжуулна гэж бодож, төлөвлөсөн бэ?
-Өөрийн оюун ухаанаар нэг ч болов дүр бүтээж буйдаа баярласан. Гэхдээ энэ дүрээ ер нь яах ёстой, юу хийлгэх вэ гээд бас бодсон. Зохиол бичнэ гээд санаан зоргоор туугаад байж болдоггүй юм билээ. Бичиж байхдаа олон ч засвар хийсэн. Элдэв бодол толгойд их орж ирнэ. Бичиж байгаа зүйл маань огт өөр болоод нэг л болж өгөхгүй байх тохиолдол гарна. Ер нь хэцүү л байсан. Үйл явдлуудыг хэд, хэдэн хувилбараар бодож үзлээ. Сэтгэлд огт хүрэхгүй байсан. Тиймээс түүхч М.Ринчентэй хамтран тал талаас нь ярилцаж, зарим үед маргаж, санаагаа боловсруулсны хүчинд зохиолын ноён нуруу боссон.
-Тэгээд яасан бэ?
-Зохиолоо бичиж дууссан тухайн жил 1984 он байсан санагдаж байна. Тэр жил Монгол банкны 60 жилийн ой тохиож, утга зохиолын олон төрлөөр уралдаан зарласан. Тиймээс М.Ринчентэй ярилцаж байгаад “Ацаг шүдний зөрөө” кино зохиолоо уралдаанд өгсөн. Мөн банкны жирийн ажилтны ээдрээ төвөгтэй үйл явдлыг харуулсан “Сорилт” өгүүллэгээ мөн л уралдаант өгсөн дөө. Харин санаанд оромгүй зүйл тохиолдож кино зохиол, өгүүллэг хоёр минь төрөл төрөлдөө тэргүүн байрт шалгарсан. Чамгүй их төгрөгөөр шагнуулаад магнай хагарч явсан даа.
Кино зохиол, өгүүллэг хоёр минь төрөл төрөлдөө тэргүүн байрт шалгарсан. Чамгүй их төгрөгөөр шагнуулаад магнай хагарч явсан даа.
“Ацаг шүдний зөрөө” киноны зохиолыг найруулагч хэрхэн хүлээж авсан бэ?
-М.Ринчен бид хоёр эхлээд найруулагч Ж.Бунтар гуайтай уулзаж, кино хийх саналаа хэлсэн. Гэтэл Ж.Бунтар найруулагч “Би ийм төрлийн кино хийдэггүй. Харин энэ зохиолоор чинь манай Д.Сумхүү л сайхан кино хийнэ дээ. Та хоёр одоохон очиж уулз” гээд өрөөг нь зааж өгсөн. Тэгээд зааж өгсөн өрөөд яваад ортол Д.Сумхүү гуай ганцаараа юм бичээд сууж байв. Мэнд мэдэлцээд учир байдал, зорилгоо хэллээ. Гэтэл тэрбээр “Уг нь наад зохиол чинь сонин сэдэвтэй зохиол байна. Би наад зохиолоор чинь кино хийвэл хиймээр л байна. Даанч их ажилтай байгаа болохоор боломж алга. Та хоёр Б.Балжиннямд зохиолоо уншуулаад үз. Их авьяастай ямар ч бүтээлийг хийж чадах хүн” гээд гаргасан. Тиймээс Б.Балжиннямтай уулзаж, Д.Сумхүү гуайн хэлснийг дамжууллаа. Аз болоход дуртай хүлээж аваад “Та хоёр зохиолоо үлдээгээд яв. Нөгөөдөр өглөө ирээрэй” гэсэн. Товлосон өдөр нь яваад очтол Б.Балжинням “Та хоёр кино зохиолоо үнэхээр сонирхол татахуйц сэдвээр бичсэн байна. Кино хийж болмоор санагдаж байна. Би уран сайхны зөвлөлөөр хэлэлцүүлье” гэсэн. Ингэж л “Ацаг шүдний зөрөө” кино бүтэж байсан юм даа
Одоо киноныхоо ерөнхий санааг гүнзгийрүүлэн бодоод үзэхэд тухайн үеийн эрс, тэс хоёр нийгмийн үзэл санааны нийцэмгүй шинж төрхийг илэрхийлж байсан санагддаг.
-МАРШАЛ ЧОЙБАЛСАНГААС АДИС ХҮРТСЭН НЬ-
-Таны бага нас хаана хэрхэн, яаж өнгөрсөн бэ. Мөн сайтын уншигчдад аав, ээжийнхээ тухай танилцуулж болох уу?
-Бололгүй яах вэ. Манай аав төлөөлөгчөөр ажиллах байх хугацаандаа олон үүрэг ажлыг гүйцэтгэж байсан гэх бөгөөд нэг хэсэг маршал Х.Чойбалсан гуайн комиссараар ажиллаж байсан гэдэг л дээ. Ээж маань ч мөн л яаманд бичээчийн ажил хийж байсан юм билээ. Миний дүү Бямбасүрэнг төрсний дараа ээж маш их ажилтай байсан тул ажилдаа авч яваад бичгийн машиндаа унтуулдаг байсан гэдэг. Миний ээж, аавтай танилцахаасаа өмнө нэг хүнтэй ханилж хүүхэдтэй болсон. Тэр хүүхдийг Дашзэвгэ гэдэг бөгөөд хамгийн том эгч маань юм.
Аав ээж хоёр төрийн ажил ихтэй байсан болохоор биднийг багад эмээ минь харж, ханддаг байсан. Аав амрах үедээ бидэнтэй шагайгаар тоглох юм уу, ном, сонин уншиж, үлгэр их ярьж өгдөг байсан даа. Энэ ч надад багагүй нөлөө үзүүлсэн болов уу гэж боддог юм.
-Та маршал Х.Чойбалсан гуайн талаар ярьлаа шүү дээ. Энэ хүний тухай ааваасаа хэр сонсож бэ?
-Аав тухайн үед Маршалын хамгаалалтын албанд ажиллаж байсан юм билээ. Харин дарга “Шомбонз” хочтой Бат-Очир гэдэг байсан гэдэг. Энэ хүнтэй 1980-аад оны үед нэр сэтгүүлч Ц.Дамдин гуайн гэрт тааралдсан. Намхан шоволзсон, хөнгөн, шингэн хөдөлгөөнтэй өвгөн байж билээ. Би Бат-очир, Ц.Дамдин гуай хоёрын хууч ярихыг чих тавин сонсож суусан. Бат-очир гуайн гэр миний санаж байгаагаар одоогийн нэгдүгээр эмнэлгийн урд “Тавын халуун ус”-ны хойд талын нарийн замаар холбогдсон том байшин, гэртэй уужим хашаанд амьдардаг байсан даа.
-Та өөрөө Чойбалсан гуайтай нүүр тулан таарч байв уу?
-1950 онд Бат-Очир гуайн гэрт аав, ээжтэй хамт очиж цай ууж, тэд хавь ойрын сонин сайхан ярилцаж суусан. Гэтэл нэг хүн “Маршал ирж байна” гэсэн. Гэрт байсан хүмүүс цөмөөрөө ухасхийн босч гарцгаасан. Би ч нэлээд сүүлд араас нь гараад хэдэн хүүхдийн хамт хаалганы дэргэд зогсож байлаа.
Хашааны хаалга онгойж нэг ногоон хувцастай хүн ирээд ирсэн. Би ч Чойбалсан гэж бодлоо. Гэтэл нөгөө хүн хашааны хаалгыг хажуу тийш нь онгойлгоод барьж зогссон. Харин араас нь хүрэн торгон дээлтэй, дөлгөөн царайтай маршал Чойбалсан гуай аажуухан алхсаар орж ирэх нь сүрдмээр байсан даа. Гэрийн үүдэнд ирээд над руу харж инээмсэглэн толгойг минь илснээ “Ямар хөөрхөн толгойтой хүү вэ. Онц сураарай” гэж хэлээд гэрт орж байсан. Ингэж л Чойбалсан гуайгаас адис хүртсэн дээ. Энэ хэдийгээр өчүүхэн тохиолдол ч гэлээ би ихэд бэлэгшээн марталгүй санаж явдаг юм. Үүнээс хойш 1952 оны цагаан сарын үеэр Х.Чойбалсан гуай тэнгэрт дэвшиж, Монголын ард түмэн идээ, будаагаа хураагаад уйлан, хайлан гашуудаж байсан. Би аав, ээжтэйгээ Сүхбаатарын талбайд жагсаж зогссон хүмүүсийн уртын урт цуваанд нэгдэн Төрийн ордонд орж Маршалтайгаа салах ёс гүйцэтгэсэн дээ.
Хөөрхий ийн сонс эргэж байгаад л хорвоогоос буцсан даа.
-Та Чойбалсан гуайн хүүхдүүдтэй нөхөрлөж байсан уу?
-Нөхөрлөлгүй яах вэ. Охин Сувдаатай нь хамт нийслэлийн нэгдүгээр сургуульд суралцаж байснаар барахгүй тавдугаар ангид байхдаа “Сургуулийн тэргүүний уран бичигч” цолыг зэрэг хүртсэн. Бидний уран бичгийг сургуулийн нэгдүгээр давхарт үзвэр болгон шилэн самбарт байрлуулсныг хараад нэг нэгэндээ баяр хүргэж билээ. Мөн бид Шинжлэх ухааны академийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болж, хурал чуулган тохиоход уулзаж, сонин сайхан хуучилдаг байлаа. Сувдаа сүүлд Олон улсын шатрын мастер, хэл бичгийн ухааны доктор Мөөмөө багш ханилсан даа.
-Та аавынхаа тухай дурсаж болох уу. Маршал Чойбалсангийн хамгаалалтын албанд ажиллаж байсан гэхээр сонирхол татаад байх юм аа?
-Аав минь өндөр биетэй, булчин шөрмөс нь гүрэлзсэн тэнхээ чадалтай, зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Аав савлуурт яг л хүрд шиг эргэж чаддаг байсан болохоор найзууд нь “Сонс Дүйнхор” гэж хочилдог байлаа. Аав минь бороо орсны дараа найзуудтайгаа савлуур дээр эргэж байгаад гар алдан унаад, амиа алдсан юм. Найзууд нь “Одоо болно оо. Боль” гэж хэлсэн боловч аав эргэсээр байсан гэдэг. Хөөрхий ийн сонс эргэж байгаад л хорвоогоос буцсан даа.
-Гунигтай явдал болжээ. Та одоо хэрхэн амьдарч байна даа?
-Ах нь хүний л адилаар амьдарч явна. Илүүгүй, дутуугүй яг сайхан амьдарч байна даа.
-Сайхан яриа дэлгэсэн танд баярлалаа.
-Баярлалаа, чамд.
"АЦАГ ШҮДНИЙ ЗӨРӨӨ" КИНОНЫ ЗОХИОЛЧ Д.МЯГМАРСҮРЭН: Зохиол бичнэ гээд санаан зоргоор туугаад байж болдоггүй юм билээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |