• Өнөөдөр 2024-04-27

Бригадын генерал Ч.Цогтжаргал: Би генералын цол хүртэхдээ эх орноо бодож зогссон

2020-10-25,   3282

-Эх орон бол аминаас үнэтэй эрх ашиг гэдгийг цэргийн хүмүүс л хамгийн түрүүнд мэдэрдэг дээ-

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой уржигдар тохиов. Монголын генералын тоо нэмэгдэж, цэргийн дээд цол тэмдгийг гурван хүн энгэртээ гялалзуулсан түүхэн өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал Бригадын генерал цол хүртсэн юм. Эрхэм цол, тэмдгээ дөнгөж гардаад байхад нь түүнтэй ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Юун түрүүнд цэргийн дээд цол, шагнал хүртсэн танд баяр хүргэе. Төрийн албанд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Эрийн цээнд хүрсэн 18 наснаас хойш өөрийн ухамсарт амьдралаа цэрэг, армийн салбартай холбожээ. Нийт 34 жил Зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэсэн байна. Үүнийг минь төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас цэргийн дээд бригадын генерал цол хүртлээ. Миний хувьд энэ бол маш их нэр төрийн хэрэг. Зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлж, цаашид хийх ажилд минь үүрэг даалгавар өгч энэ цолыг олгосон гэж бодож байна. Би Зэвсэгт хүчний жанжин штабын 188 дахь бригадын генерал боллоо.

-Та цэргийн хүн болохыг мөрөөдсөөр цэрэгт татагдаж байв уу, эсвэл үүрэг ёсоор цэргийн албанд мордож байсан уу?

-Тухайн үед чинь цэргийн хүн болох нь бүх эрэгтэй хүүхдийн мөрөөдөл байсан байх. Учир нь, цэргийн албанд гурван жил явдаг. Гурван жил цэргийн алба хаагаад ирсэн ах нар гоё хувцастай, жавхаатай, цаанаа л сайхан харагддаг байж билээ. Энэ нь цэргийн сургуульд элсэн суралцах хүслийг минь асааж өгсөн. Би тухайн үеийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд аравдугаар ангиа төгсөөд сонсогчоор сурч эхэлсэн. Цэргийн сургуульд орчихлоо гэж бодсон чинь карентинд гардаг юм байна. Дээд сургуульд орчихлоо гэж бодсон чинь цэргийн албанд татагдсан хүн шиг л байж билээ. Тэр үеийн цэргийн сургуульд цэргийн алба хаагч шиг бүх зүйлийг хатуу дэгтэй зааж сургадаг байсан. Хамгийн эхлээд цэргийн карентинд  ороод дараа нь тангараг өргүүлдэг байв. Ингээд л цэргийн казарамд амьдарна. Дээд курсийн гурван ах шинэ оюутнуудад цэргийн хүн ямар байх ёстойг зааж өгнө. Цэргийн дээд сургуульд шинэ цэрэг ямар байдаг вэ яг л түүн шиг бүгдийг мэдрүүлдэг байлаа. Цэргийн сургуульд суралцаж, амьдралаа цэрэг, армитай холбоод ирэхээр эх орны үнэ цэн, түүнийг сахин хамгаалахын хариуцлага, гайхамшгийг сэтгэлээсээ ойлгож байгаа юм. Эр орон гэдэг чинь маш ариун нандин, үүнийхээ төлөө зүтгэнэ гэдэг аминаас үнэтэй зүйл шүү дээ. Эх орон бол аминаас үнэтэй эрх ашиг гэдгийг цэргийн хүмүүс л хамгийн түрүүнд мэдэрдэг дээ. Хүн болж төрөөд амьд явна гэдэг хамгийн том эрх ашиг. Гэтэл үүнээс давсан эрх ашиг нь эх орныхоо төлөө зүтгэх юм. Хүүхэд байхдаа цэргийн хүн болбол гоё харагдана гэж  сэтгэлийн хөөрлөөр бодож явсан бол одоо миний амьсгалах агаар бол зэвсэгт хүчин.

-Анх цэргийн хүн болно гэх шийдвэрийг гаргаж байхад гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

-Ээж минь жигтэйхэн их эсэргүүцэж билээ. Эх хүн бүрт л хэцүүхэн байдаг биз. Цэргийн алба чанга дэглэмтэйгээс гадна, амиа алдахаас буцахгүй хатуухан мэргэжил шүү дээ. Үүнд санаа нь зовж байсан биз. Манай удамд ч цэргийн хүн байсангүй. Би чинь айлын том хүү учраас санаа нь  зовж байсан гэдэг. Эмээ минь “Та нар чинь хүүгээ юунд  явуулчихсан юм бэ” гээд ээж, аавыг зэмлэж байсан гэсэн. Харин аав минь “Эр хүний үзэх ёстой алба. Хамгийн гол нь очоод шантарч болохгүй. Гэртээ байгаа юм шиг дураараа байдаг зүйл биш шүү” гэж захиж билээ. Цэргийн сургуульд ороод бага дарга нартаа загинуулж, хөлөө олохгүй явна гэдэг нь л болсон доо. Би цэргийн сургуульд ороод сайхан унтах юм сан л гэж боддог байсан (инээв). Цэргийн амьдрал хүнийг маш олон зүйлд сургаж, хатуужуулдаг. Аав, ээжийнхээ өврөөс салаагүй шахам хүүхдүүдийг жинхэнэ эр хүн болгодог нь эр цэргийн алба юм.

-Танай нутгаас цэргийн дээд цолтон олон төрөв үү?

-Өнөөдөр цол тэмдэг аваад хөөрөөд байгаа болохоос нутаг орноосоо хэддэх нь болохоо сайн мэдсэнгүй. Би Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн ч Тосонцэнгэл суманд өссөн. Бага нас минь Идэрийн голын хөвөөнд өнгөрсөн дөө. Хүний төрж өссөн нутаг хүйн холбоотой байдаг юм уу гэж боддог. Би төрж, өссөн нутагтаа байнга очиж, энерги авдаг. Нүдэнд харагдахгүй ч гэсэн маш нарийн нандин хүйн холбоотой байдаг юм байна. Нутаг ус, бага насны дурсамжаа бодохоор хэчнээн ядарч байсан ч сайхан болоод ирдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сум гэхээр хүмүүст хамгийн хүйтэн сум гэх ойлголт төрдөг дөө. Одоо бодохнээ би хүүхэд байхдаа тэр хүйтнийг мэдрээгүй баяр хөөртэй дурсамж л үлджээ. Идэрийн голынхоо усанд шумбаж өссөн бага насныхаа дурсамжид хайртай.

-Тухайн үед хүүгээ цэрэгт явуулахгүй гэж санаа нь зовж суусан ээж тань одоо танаар бахархаж байгаа нь лавтай. Цэргийн дээд шагнал хүртэх гэж байгааг нь хэрхэн хүлээж авав?

-Ээж минь намайг шагнуулсанд ихэд баярлаж байгаа бололтой уйлаад л байсан. Хүн эцэг, эхийнхээ ачийг хариулж бардаггүй юм гэнэ лээ. Харин өнөөдөр би сонгосон мэргэжилдээ үнэнч байж, генерал цол хүртэж, төр засагтаа үнэлүүлнэ гэдэг нь ачийг нь багахан ч гэсэн хариулж байгаа болов уу гэж бодож сууна. Намайг өдий зэрэгтэй өсгөн хүмүүжүүлсэн аавыгаа их маш дурсан саналаа. Аав минь амьд байсан сан бол гаднаа уйлахгүй ч сэтгэл дотроо жигтэйхэн баярлах байсан биз. Хүн чинь өөрөө аав болоод ирэхээрээ аавыгаа илүү мэдэрч ойлгодог юм байна. Аав минь намайг цэргийн хүн болгохдоо ч биш, айл гэрийг авч явах хүн болохоор алсын хараатай, ноён нуруутай байх ухааныг цэрэгт элсэхийг минь зөвшөөрснөөрөө зааж сургажээ гэж боддог. Би аавыгаа амьдад нь цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Аав минь их баярлаж байсан даа.

-Цэрэг армийн удирдагч нар олон цэргийг аав шиг нь зааж чиглүүлдэг шүү дээ. Та ч тэдний нэг. Олон цэрэг удирдана гэдэг амаргүй байх. Та хэр зарчимч хүн юм бэ?

-“Харахад зөөлөн ч хатуу зарчимтай хүн” гэж эхнэр минь намайг хэлдэг юм. Хатуурхах гэдэг нь шууд захирч задрангуй харьцахгүй ч аливаад тууштай байж, хэрэгтэй зүйлд нь яг таг сургахыг хэлж байгаа юм. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тангараг өргөсөн эр цэргийн алба нь хүндтэй хэрнээ хатуу үүрэг хариуцлага хүлээдэг. “...Амь биеэ үл хайрлан эх орноо батлан хамгаална...” хэмээн тангараг өргөнө гэдэг чинь зүгээр ч нэг хэлчихэж байгаа үг биш юм. Шаардлагатай бол амиа өгөхөөс ч буцахгүй гэдэг санааг хэлж байгаа биз. Монгол Улсын тусгаар тогтнол бол эх орончдын урсгасан цус, хэмхчүүлсэн ясан дээр тогтсон гэж хэлсэн байдаг. Цэргийн алба гэдэг чинь өөрөө эрэмбэ, дараатай. Шинэ цэргээс дэслэгч болох мэдрэмж хамгийн сайхан дурсамжтай нь байдаг юм. Офицерийн цолд хүрчихлээ гээд ихэд баярлана шүү дээ. Үүний дараа хурандаа болно. Хурандаа болчихлоо гэхэд маш их огших мэдрэмж төрдөг юм билээ. Ингээд үүний цаана цэрэг хүний сэтгэлийн мухарт нэг зүйл үлдэнэ дээ. Энэ бол нэлээд өндөр босготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог нэр хүндтэй генерал цол юм. Би энэ шагналыг авч байхдаа эх орноо бодож байлаа.

-Гуч гаруй жилийн өмнө таныг шинэхэн цэрэг болж байхад Монгол Улсын Зэвсэгт хүчин ямар дэг журамтай байв. Одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл өөрчлөгдөн хөгжиж байна. Би 1990 онд анх офицер цолонд хүрч байлаа. Намайг дөнгөж ахлах дэслэгч болж байхад нийгмийн шилжилт болж, цаг үе ч  амаргүй байлаа. Цэрэг армийн салбар уналтад орж, цалингаа ч тавьж чадахгүй байсан үе. Гэтэл өнөөдөр маш өндөр түвшинд хүрсэн байна. Монголын Зэвсэгт хүчин олон улсад үүрэг гүйцэтгэж, хилийн чанадад ажиллаж байна. Бүр тодруулбал, НҮБ-ын нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг болсон нь маш том дэвшил. Зэвсэгт хүчин бол шинжлэх ухаан, технологийн хамгийн өндөр ололтыг ашигладаг салбар. Шинэ зэвсэг, техник нь шинжлэх ухааны өндөр ололтыг шингээсэн байдаг. Залуу үеийн амьдралын хэв маяг миний үеийн амьдралын хэв маягаас өөрчлөгдсөн учраас шинэ, хуучны ялгаа гардаг нь үнэн. Мэдээллийн технологи дээр суурилсан шинэ, залуу үеийн ур чадвар, мэдлэг Зэвсэгт хүчний салбарт маш их өөрчлөлт хийж байгаа.

-Монгол цэргийн мөн чанар юунд байна гэж та хардаг вэ?

-Монгол цэргийн мөн чанар монгол хүний мөн чанартай шууд холбоотой. Бид чинь дайчин удмын үр сад. Бид шинжлэх ухаан, аж үйлдвэрийн соёл гэхээсээ илүүтэй нүүдэлчин, дайчин омгийн хүмүүс гэдгээрээ ялгардаг. Монгол цэргүүд олон улсад үүрэг гүйцэтгэж байна. Хариуцлагатай, тэсвэр хатуужилтайгаараа манай цэргүүд дэлхийн бусад орны цэргүүдээс ялгардаг. Алдаж, онох нь хүн төрөлхтний түүхийн жам. Гэсэн ч монгол хүний ухаан, тэсвэр хатуужил бол монгол цэргийн мөн чанар юм шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярт мөчөөс минь хуваалцсан танай сайтын хамт олонд баярлалаа.

 


Бригадын генерал Ч.Цогтжаргал: Би генералын цол хүртэхдээ эх орноо бодож зогссон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-28 18:06:50
    Цэрэндулам : Би ч бас энэ мэргэжилийг сонгож байга би яг энэ хvн шиг болноо мундаг юмаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188