• Өнөөдөр 2024-04-20

Х.Намшир: Х.Баттулгыг би Ерөнхийлөгч болно гэж бодоо ч үгүй. Бас өөрийгөө “Ардын багш” цол хүртэнэ гэж зүүдлээ ч үгүй

2020-10-12,   7104

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 5-нд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Тэр үеэр чөлөөт бөхийн спортоос тав дахь “Ардын багш” төрөн гарсан нь Хангайн Намшир гуай байсан юм. Бөхийн спортод их хувь нэмэр оруулж, монгол түмний бахархал болсон түүнтэй ярилцлаа. 

-“Ардын багш” хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдлээ хэлэхээс өмнө нэг учир хэлмээр байна. Би чинь ерөөсөө инженер хүн шүү дээ. Спортын салбартаа мэргэжлийн хүн биш. Гэхдээ спорт, инженер хоёрын аль нэгийг нь орхилгүй, хавсаргаж явсаар байгаад овоо өндөр амжилт гаргасан. Жишээлбэл, дэлхийн эхний арав орчим аварга нь миний шавь нар байна. Галдангийн Жамсран таван удаа, З.Ойдов, Ш.Чанарав бас дэлхийн аварга болцгоосон. Эд нараас гадна амжилт гаргасан бөх олон бий. Ингээд бодохоор би биеийн тамир чиглэлийн хүн болчихож байгаа юм. Энэ түвшинд хүрсэн нь “Үгүй, бас овоо доо, спортоор багшилсны үр дүн гарч” гээд түүгээрээ бахархаж байлаа.

-Энэхүү цолыг гардуулсан хүн болох Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таны шавь шүү дээ. Шавиасаа уг цолыг гардах танд ямар санагдав?

-Тэр бол бахархмаар зүйл. Х.Баттулгыг би Ерөнхийлөгч болно гэж бодоо ч үгүй. Өөрийгөө ардын багш цол хүртэнэ гэж зүүдлээ ч үгүй. Гардуулсныхаа дараа “Миний анхны багш шүү” гэж хэлж байна лээ. Тэгж хэлэх нь аргагүй юм. Би стадионд бөх барилдуулчихаад явж байтал Х.Баттулгын аав нь тааралдаад “Хоёулаа замаараа хүүхдүүдийн барилдаан харчихаад явъя” гэсэн. Очоод үзтэл одоогийн Ерөнхийлөгч нэг хүүхдийг солгой талд нь өмсөөд, алдчихсан. Тэгэхэд нь “Энэ хүүхэд барьцтай барилдаанд алдахгүй юм байна даа” гэж бодсон юм. Дараа нь дүү Х.Баттуултайгаа хамт надад шавь орсон. Хоёулаа миний шавь, дээрээс нь нэг жинд барилддаг байсан.

Тухайн үед ерөнхийлөгч 16 орчим настай байсан байх. Х.Баттуулыг би чөлөөт бөхөөр барилдвал сайн бөх болно гэж бодсон. Харин Ерөнхийлөгчийг барьцтай барилдаанаар явбал зүгээр юм байна гэж бодсон. Тэгтэл “Хөдөлмөр” нийгэмлэгийн дарга нэг секцээ Д.Цэрэнтогтоход өг гэдэг юм байна. Тэгэхээр нь би хүүхдүүдээ жагсааж байгаад нэг, хоёроор тоолуулаад хуваатал Х.Баттулга, Х.Баттуул хоёр хоёулаа чөлөөт бөхийн секцэнд үлдээд болдоггүй. Нэг хүүхдийн байрыг сольж байгаад тоолуулаад Х.Баттулгыг Д.Цэрэнтогтохын секцэд өгсөн. Тэгтэл Ерөнхийлөгч гэртээ харихдаа “Багш намайг голоод өөр секцэнд оруулчихлаа” гэж уйлж очсон гэж байгаа. Дүү нь их мундаг бөх болсон. Дэлхийн цомын тэмцээнд багаа оролцуулахад Х.Баттуул ганцаараа түрүүлсэн. Тэгэхээр л сайн бөх байгаа биз. Дэлхийн цомд оролцож байгаа найман бөх бүгд чансаатай болоод л оролцож байгаа шүү дээ.

Тэднийг бүгдийг нь давчихаад сүүлийнхтэй нь барилдахдаа надаас “Яаж барилдах вэ” гэж асуусан. “Чи түрүүлчихээд байна. Одоо яаж барилдах нь хамаагүй. Уран чадвараа харуулаадах” гэж л хэлсэн. Тэгтэл солгой талд нь хоёр суугаад, гурав өөдөө хараад л дууссан. Тэгэхдээ л түрүүлчихсэн байсан. Харин Х.Баттулгыг би буруу хараагүй байна лээ. Жүдогийн дэлхийн аварга, гавьяат тамирчин болсныхоо дараа аавдаа “Багш, яаж мэдэв ээ” гэж уйлж ярьсан гэж байгаа. /инээв/ Үнэн чанартаа бол аав нь намайг дагуулж тэр тэмцээнийг үзүүлснээр л хуваарилсан байхгүй юу.

-Гэхдээ л багш хүний мэдрэмж гэх үү, шавь нарыгаа хараад мэддэг шүү дээ?

-Тийм мэдрэмж, чанар байдаг л байх. Надад бол юу байх билээ дээ. Би чинь мэргэжлийн дасгалжуулагч биш шүү дээ. Өөрийнхөө сурсан юмаа хүүхдүүдэд зааснаар л энэ тамирчид төрөөд байгаа болохоос би секцэнд яваагүй учраас үнэлгээ авч чадахгүй байгаа юм.

-Та өөрийгөө чамлаад байна уу даа?

-Үгүй, чамлаагүй.

-Таныг хуучнаар “Пионер” одоогийн “Хүүхдийн ордон”-гын бөхийн секцэнд явахаар шалгуултал “Жижиг биетэй, бөхийн спортод тохирохгүй” гээд тэнцүүлээгүй гэдэг. Ер нь бөхийн спортод биеийн том, жижиг тийм чухал байдаг юм уу аль эсвэл оюун ухаан чухал юм уу?

-Тэр үнэн. Пионерын ордонд дунд сургуулийн хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан болно гэсэн зар сонсоод ангийнхаа нэг хүүхэдтэй хамт бүртгүүлсэн. Би бага насны ангилалд барилдаад гуравдугаар байрт орсон. Маргааш нь идэрчүүдийн барилдаанд хүч үзтэл түрүүлчихсэн. Тэгтэл багш “Хөдөлмөр” нийгэмлэг дээр хүрээд ир гэж дууддаг юм байна. Хүрээд очтол штангны бэлтгэл хийлгэсэн. Дараа нь Б.Түвдэндорж багш надтай тааралдаад “Үндэсний бөх чамд тохирохгүй, чөлөөт бөх гэж нэг юм болж байгаа” гэсэн. Тэгээд л чөлөөт бөхийн секцэнд орж, энэ спорттой учирсан даа.

Бөхийн амжилтын оргил нь бие бялдар, бяр тэнхээнээс гадна биеийн байрлал, оюун ухаан юм. Толгой сайн байвал бусад нь тэгээд болдог юм шиг байгаа юм. Гэтэл бид одоо бяр, хүчээрээ бөх хийх гээд байна. Бидний үед ямар ч хүчний хэрэгсэл байдаггүй байсан. Дан ганц штанг л байсан. Гэхдээ тэрүүгээр хичээллүүлэхгүй. Одоо бодохнээ өнгөрсөн 60,70-аад жилийн үр дүнд бөхийн спортод бие бялдар биш оюун ухаан чухал гэдгийг ойлгож байгаа юм. Шавь нартаа оюун ухаан чухал гээд арга барилыг нь заах гэхээр надад боломж нь байхгүй. Дээрээс нь би үүнийг ойлгосноос болж шигшээ багаас 23 настай, их залуухан байхдаа буусан даа.

Намайг дэлхий болоод олимпод барилдуулахгүй гэдгийг багш надад хэлсэн. Нэг тэмцээнд  барилдахад түрүүлэх шахуу мөнгөн медаль авсан. Яагаад түрүүлэх шахуу гэж хэлж байна гэхээр би тав барилдахад дөрвийг нь цэвэр хожиж, аваргын төлөө барилдахад кармандаа 6.5 оноотой байсан. Нөгөө хүн бол 6-гийнхаа нэг бүтэн оноог алдчихсан л хүн байсан. Тэгээд барилдаад ялчихлаа даа гээд хартал шүүгч нар нөгөө хүнд оноо өгсөн байсан.

Багшдаа хэлтэл “Чи дуугүй л наад дээрээсээ буу. Мөнгөн медаль авчихсан, цаашаа шунаад байна, чи” гэх маягаар намайг загнасан. Яг үнэнээ хэлэхэд би дэвжээн дотор нөгөө найз маань гадна талд байх байсныг дуусгаад л, бүх шүүгчид нөгөө талд оноо өгөөд л дууссан. Тэрэнд гомдох юм байхгүй л дээ. Монгол хүн анх удаа тэр том тэмцээнээс мөнгөл медаль авахад баярлах ёстой. 

-Таны аав “Надаас хойш дахиж битгий барилдаарай” гэсэн гэдэг. Яагаад барилдуулахыг хүссэнгүй вэ?

-Би хүний ганц хүү байгаа юм. Дороо нэг охин дүүтэй. “Чамайг бэртэж гэмтвэл ганц дүү чинь харж, хандах болно. Миний хүү ааваасаа хойш дахин битгий барилдаарай” гэж хэлж байсан. Тийм л утгатай. Би ч тэр шигшээ багаас уйлаад л автобусанд суугаад явж байлаа. Хүсэж, тэмүүлсэн спортоо орхиод гарах хэцүү байсан болоод л уйлсан байх. Гэхдээ нэг талаараа зөв болсон гэж боддог. Нэгэнт л би олимп, дэлхийн аваргад барилдах эрхгүй болсон. Тийм учраас гомдож байгаа гэх үү, тэгээд л уйлсан байх. Барилдах эрхээ алдаагүй байсан бол чөлөөт бөхийн дэвжээг орхихгүй байсан байх.

Гэхдээ тухайн үеийн инженерийн нэг сарын цалин болох 700 төгрөг наддаа л болоод байгаа байхгүй юу. Тэгээд ч бөхийн дэвжээг орхисон нь ч сайн юм болсон. Яагаад гэвэл Ш.Чанарав дэлхийн аварга болчихлоо, дараа нь З.Ойдов хоёр удаа дэлхийн аварга боллоо. Галдангийн Жамсран таван удаа дэлхийн аварга боллоо. Би ханалгүй яах билээ.

Гэхдээ нэг сонин гэх үү, сайхан юм нь З.Ойдов. Ш.Чанарав, Г.Жамсран гурвуулаа яг миний жин дээр аваргууд болсон. Сонин байгаа биз. Би шигшээгээс уйлаад гарсан нь эргээд энэ гурав маань миний жинд аваргууд болсон болохоор ханачихсан юм болов уу даа гэж бодож байгаа юм. Сүүлд нь олон шавь нар маань дэлхийгээс медаль аваад гавьяат болсон.

Багшлах болсон шалтгаан бол спортоор дээд түвшинд хичээллэж байгаад инженер хийгээд хөдөлгөөн бага, биеийн ачаалал байхгүй болсон. Тэгээд л хүүхдүүдээ цуглуулаад бэлтгэл хийж эхэлсэн. Өдөр нь инженерийн ажлаа, орой нь бэлтгэлээ хийгээд харьдаг байлаа. Иймэрхүү байдлаар л бүх насаа өнгөрөөсөн дөө.

-Та чөлөөт бөхийн уран мэх, арга барилыг заалгаагүй. Өөрөө хичээж, зүтгэж байгаад л сурсан шүү дээ. Та олон аавын хүүг алдрын замд хөтөллөө. Танд өгөгдмөл авьяас байна уу даа?

-За баярлалаа. Би ч бас заримдаа тийм юм болов уу гэж боддог юм. Яагаад гэвэл З.Ойдов тэр гурав заавал миний жинд дэлхийн аварга болсныг бодоход хувь тохиол, болох ёстой зүйл юм болов уу гэж боддог. Ш.Чанарав дэлхийн аварга болоход З.Ойдов долдугаар байрт орж байсан. Тэгээд З.Ойдов бүтэн жил бэлтгэл хийгээд долоод ордог жилийнхээ хойтон нь дэлхийн аварга болж байлаа.

-Та “Энэ насандаа гуравхан даалгавар биелүүлэх гэж яваа” гэж ярьдаг. Одоо хэд нь биелээд байгаа вэ?

-Инженер хийх үүргээ би чамлахааргүй биелүүлсэн. Аж үйлдвэрийн комбинатад Хөдөлмөр хамгааллын инженерээр хоёр жил ажилласан. Тэр гурван даалгаврын нэг нь дажгүй биелсэн гэж болно. Нөгөөх нь бөхийн дэлхийн аварга төрүүлэх даалгавар байсан. Одоо нэг юм дутуу байгаа. Тэр юу гэвэл, босоо зогсож байгаа хүнтэй барилддаг бөх бэлтгэх юм сан гэж бодоод байгаа. Тэрийгээ би чадчих байх аа. Хаана амьдардгийг нь би мэдэхгүй, тэр л их чухал хүн байгаа юм. Миний оноосноор бол Улсмөнх гэж хүний хүүхдүүдийн удамд л нэг хүн байх болов уу гэж бодож байна.

-Эмэгтэй чөлөөт бөхийн хөгжилд таны оруулсан хувь нэмэр их. Эх үүсвэрийг нь тавьсан ч гэж болно?

-Чөлөөт бөхийн спорт тэр үед эмэгтэй битгий хэл, эрэгтэй ч байгаагүй. 1960-аад оны үед гэж болно. Эмэгтэйчүүдийг чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхэд би дасгалжуулагч хийж байсан. Эмэгтэйчүүдтэй ажиллахад их эвгүй. Эхэндээ би хөөдөг байсан. Миний шавь нараас Д.Нармандах, Ю.Гандолгор гээд олон гавьяат төржээ.

-Монголын чөлөөтийн бөхчүүд бусад орны бөхчүүдээс юугаараа онцлог байдаг юм бэ?

-Миний багад бөхчүүд бүгдээрээ бяртай, зогсолт сайтай байсан. Жишээлбэл, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ч.Дамдиншарав гэх мэт. Тэд чөлөөт бөх, үндэсний бөхөөр сайн барилддаг байлаа. Гэхдээ бяр тэнхээ биш, оюун ухаанд л бөхийн ур чадвар бий. Үүнд л бөхийн амжилтын гол оргил, ялгарах онцлог бий.

-Таны аав, ээж ямар хүмүүс байв. Аав ээжийнхээ талаар ярихгүй юу?

-Би 1942 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд Хар хадны өвөлжөө гэдэг газар төрсөн юм билээ. Ээж минь Нацаг гэж жижигхэн биетэй хүн байсан гэдэг. Намайг долоон настай байхад, хонины бэлчээрт явж байх үеэр нас барсан юм билээ. Долоон настай, дөрвөн дүүтэй үлдсэн. Ухаан муутай байжээ, долоон настай хэрнээ мэдэхгүй. Аав минь 53 настайдаа нас барсан. Миний хувцсыг оёдлын машинаар их сайхан оёж өгдөг байсан. Би аавыг 30-тайд, ээжийг 20 настайд би төрж байсан гэдэг.

-Таны удамд бөхийн уран мэх, чадвартай сайн бөх байсан уу?

-Миний нагац талын хүмүүс л барилддаг хүмүүс байсан гэнэ лээ. Ээж минь бөхийн удамтай хүн байсан эсэх талаар ярьж байгаагүй. Аав сүүлд нас барсан учраас аавын талын удмыг мэдээд байгаа юм. Харин ээж талын хүмүүс бяртай хүмүүс байсан.

-Гэргийтэйгээ хэрхэн танилцаж байв?

-Эмэгтэй болоод ч тэр үү манай хүн нэлээн овжин байсан шиг байгаа юм. Эдний аав жолооч хүн байсан. Түлээ, нүүрс бэлтгэх болно. Тэр үеэр нь би тусладаг байлаа. Гэрт нь оронгуут тараг хийж өгнө. Мөн ч сайхан тараг байдаг сан. Улиастайн голд усанд орно, тоглоно.Манай хүн их аргатай. Автобусанд суух болгонд надтай зэрэгцэж сууна. Тэгсээр байгаад өөртөө сайн болгосон юм шиг байгаа юм. Нэг мэдсэн чинь би эднийд орчихсон байсан даа. /инээв/ Таван сайхан үр төрүүлж өгсөн байна. Хоёр сайхан хүү төрүүлж өгсөн. Хоёуланг нь бөх болгоё гэж бодсонгүй. Инженер болгоё л гэж боддог байсан.

-Яагаад тэр вэ?

-Яах юм. Би бөх болгох дургүй. Над шиг юм болбол яана. Олон гавьяат төрүүлж, өдий зэрэгтэй хүртэл ажилласныгаа би голохгүй. Хэрвээ би бөхийн дэвжээг орхиогүй, барилдсан бол гээд бодохлоор гологдмоор байдаг байхгүй юу.

-Яагаад гологдоно гэж?

-1955-1957 онд би багаа гүйцээхийн тулд улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдахдаа дандаа хоёрдугаар байрт орсон. Дээд жинд гурван удаа ороод хоёр ялагдсан. Тэгэхээр надад юм байжээ гэж бодогдохоор байгаа биз. Хоёр удаа ялагдсан нь, Төмөрийн Артаг гэж сайн бөх байсан. Багш “Артаг чамайг л ялчихвал мастер болох гээд байна” гэж хэлсэн. Надад хэрэгтэй биш, Артагт хэрэгтэй юм чинь гээд л даваагаа өгсөн. Артаг чинь намайг бодвол бяртай, тулгатай, сайн бөх байсан.

-Багш болсон нь ч зөв байж уу дээ гэж та боддог уу?

-Бодолгүй яах вэ. Бие чилсэнээс болоод багшлах болсон минь одоо бодоход зөв сонголт болжээ гэж боддог. Түүнээс биш тамирчин болсон нь зөв сонголт байх байсан гэж боддоггүй.

-Сайхан ярилцлаа. Танд баярлалаа

-Баярлалаа.


Х.Намшир: Х.Баттулгыг би Ерөнхийлөгч болно гэж бодоо ч үгүй. Бас өөрийгөө “Ардын багш” цол хүртэнэ гэж зүүдлээ ч үгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188