• Өнөөдөр 2024-04-25

Шинэхэн Соёлын Гавьяат Зүтгэлтэн Б.Мөнгөн-Өлзий: Миний уран бүтээлийг сонсож, таашаадаг түмэн олон надаас илүү баярлаж байгаа бололтой

2020-10-07,   2389

Дорноговь аймгийн төвд Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театр бий. Хүүхэд ахуй цагаас тус театрт орох бүрд нуруулаг, нүдэнд дулаахан нэгэн хүн таардаг байлаа. Түүний хувцаслалт биеэ авч явж буйг нь харсан хэн ч биширч, хүндэлмээр. Тэр бол Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзий юм. Тэрбээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан халуун баяраа хуваалцахаар редакцийг минь зорин ирсэн юм. Шинэхэн гавьяаттай ийнхүү хуучиллаа. 

-Говь нутгаар намаржаа тавлаг байна уу. Таныг Дорноговийн уугуул гэдгээр тань мэдэх юм байна? 
-Тиймээ би Дорноговь аймагт төрж өссөн хүн. Сайхандулаан сумын төвийн өмнө байдаг Өвсөн гэр гэдэг газар төрсөн. Намайг бага байхад манай сумаас 30 гаруй өрх айл таслаж, Улаанбадрах сумын харьяанд өгсөн юм билээ. Ингээд гурван настайгаасаа Улаанбадрах сумын хүн болж, тэмээ, мал хариулж өссөн дөө. 
-Хөгжимчин болохоосоо өмнө өөр мэргэжил эзэмшсэн тухай сонсож байсан. Анх ямар мэргэжлээр сургууль төгссөн бэ? 
-Аймагтаа долдугаар анги төгсөөд Төв аймгийн Баянчандмань сумын XII ТМС-д элсэн орсон. 1971-1973 онд өргөн мэргэжлийн трактор комбайнч, хөдөө аж ахуйн хүнд машин механизмын слесерь, засварчин мэргэжлээр төгссөн. 


-Энэ мэргэжлээрээ ажилласан уу. Урлагт хөл тавихад тань юу нөлөөлсөн бэ? 
-Хар багаасаа урлагт ойр байсан. Манай ээж аман хуур татдаг, ардын язгуур урлагийн томоохон төлөөлөгч байлаа. Эгч маань 1958 оноос хойш тухайн үеийн Соёлын ордон, театрт жүжигчнээр ажилласан. Ер нь урлагийн гэр бүлд өссөн хүн дээ. Долдугаар анги төгсөхдөө баянхуур тоглодог болсон. ТМС-д сурч байхдаа хөгжмөө хаялгүй явсан болохоор тэр цагаас урлагийн авьяасаа хөгжүүлж эхэлсэн. Зүүнбаянгийн сургуульд сурч байхад том ах Батмөнх маань надад гармон хөгжим авчирч өгсөн. Тэр үед хөгжмийн зэмсэг тун ховор. Тухайлбал, ахын авч өгсөн гармон хөгжим 200, хайрцаг нь 10 төгрөгийн үнэтэй байсан. Өдөр, шөнөгүй өнөө гармоноороо оролдсоор байгаад хөгжим тоглох дөртэй болсон. Хамгийн анх “Шилийн давааг цастай ч гэнэ ээ хө
Шижигнэсэн машинтай залуу л гэнэ ээ хө” гэдэг дууг тоглож сурах гэж хөглөсөн. Эхний мөрийг явчихаад төгсгөлийг нь доошлуулж чаддаггүй өнгө нь улам өндөрсөөд болдоггүй. Соёлын ордонд очиж байж сурч авсан. Ингэж л будилж байлаа.  


-Хэдэн жилийн цэрэгт алба хаасан бэ?  
-Сургуулиа төгсөж ирээд жил гаруй Сайхандулаан суманд трактор барьсан. Тэгээд эр цэргийн зарлан ирж, хилийн цэргийн албанд мордлоо. Тэр үед Сүхбаатар аймгийн Онгон сумын отръяд шинээр байгуулагдаж байсан. Чулуугаар өрсөн ганцхан дөрвөлжин байшин, нэг аавын цээж машинтай үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Цэргийн хөгжмийн салаанд гурван жил алба хаахдаа үлээвэр хөгжим байгуулж, салааны орлогчоор ажилласан. Хугацаагаа дуусгаж халагдахдаа жолооч мэргэжлээрээ ажиллана гэсэн дэврүүн хүсэлтэй ирсэн. Ирэнгүүтээ “Авто XI баазад” ажилд орсон. Диспетчер, шатахуун түгээгч, жолоочдын тээврийг нэгтгэж дүгнэгч, Соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, автомашины засварчин гээд тус баазад хийгээгүй ажил байхгүй.
-Хөдөлмөр, бүтээл буцалж байсан социализмын бүтээн байгуулалтын цаг үед урлагт тийм ч яараагүй байх нь ээ? 
-1979 онд Улаанбаатар хотод “Соёл, урлагийн 10 хоног” гэж зохион байгуулагдахаар боллоо. Аймгийн захиргааны захирамжаар баазаа төлөөлж тус арга хэмжээнд оролцохоор татагдсан. Улаанбаатараас буцаж ирээд манай театрын 30 гаруй ажилчин “Азийн цагаан уул” гэдэг хамтлаг байгуулж, Польш Улс руу явж “Ардын урлагийн XII их наадам”-д оролцсон. Залуу халуун насан дээрээ явсан болохоор өөртөө итгэсэн үү, хамт олон маань намайг авьяастай гээд Соёлын ордонд үлдээсэн. Соёлын ордны даргаар Д.Болд, хөгжмийн багшаар МУГЗ, ОХБУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдорж багш маань байлаа. Үндсэндээ 1979 оноос хойш урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Эхний таван жил хөгжимчин, жүжигчин хийж байгаад сүүлд театр байгуулагдахад мөн хөгжмийн ангид орсон. Зургаан жил хөгжимчнөөр ажилласны дараа хөгжмийн багш, ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажилласан даа. 
-Жолооч болно гэж дэвэрч явсан залуу гэнэтхэн урлагт орж, гадаадад тоглоно гэдэг сайхан хувь тохиол. Тухайн үеийн мэдрэмжээ одоо санаж байна уу? 
-Гадаад руу явна гэсэн асуудал хориотой социализмын хатуу үе. Сайд дарга нарын хүүхдүүд, ар өврийн хаалгатай том дипломатууд явдаг. Зүгээр энгийн малчин ардын хүүхэд гадаад явна гэдэг баргийн хүнд олдохгүй боломж. Тэндээс л урам зориг авч, урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Нэгэнт орсон болохоор мэргэжлээ дээшлүүлэхээр зорилгоор 1984 онд Улсын багшийн дээд сургуульд дөрвөн жил сурч төгссөн. 


-Хөгжмийн багшаар төгсөж ирээд Дорноговь аймагтаа ажилласан уу? 
-Тэгэлгүй яах вэ. Тэр үед чинь Ардчиллын уур амьсгал ид орчихсон байлаа. Шинэ залуу боловсон хүчин өөрөөр сэтгэнэ гэдэг асар их хүндлэл дунд ажилдаа орсон. Нөгөө талаар бага зэргийн дарангуйлалтай цаг үе шүү дээ. 1992 онд хөдөөгийн соёлын байгууллагуудын бүх соёлын багш нарыг сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх олгох арга хэмжээн болсон юм. Би тухайн үед баянхуур хөгжим, хөгжмийн заах арга, хөгжмийн онол, хөгжмийн удирдаачийн анхан шатны мэргэжил олгох хичээлүүдээр багшилж байсан. 
-Дорноговьчууд урлагт тэр дундаа хөгжмийн урлагт хэр элэгтэй вэ? 
-Манай Дорноговь уламжлалаараа бодоход соёл, урлаг тал дээр сайн. Соёлын ордон байх үеэсээ улсдаа нэртэй байсан. Аймгуудад театр байгуулагдаагүй Соёлын ордон гэж байхад нэртэй байсан аймаг гэвэл Дорноговь, Дорнод, Ховд, Өмнөговь байлаа. Тэр үед Ч.Банзрагч, Н.Жагдал, Д.Пунцагбал зэрэг агуу багш нар найрал дуунд ажиллаж байсан. Дорноговийн зон олон хөгжмийн боловсрол маш сайн байсан. Харин сүүлийн үед зах зээлийн нийгэмд орсноос хойш хөгжмийн анги, театр маань тараад хэсэг эзгүйрсэн. Би сүүлдээ дөрөвхөн хөгжимтэй үлдэж байсан. Уран бүтээлчид зах зээл гээд амьдралаа хөөгөөд явчихсан, урлаг соёлын цалин бага байсан цаг үе. Дорноговийн театруудаас бусад бүх театр цалингаа тавьж чадахгүй хаалгаа барьчихсан. Манай театр бол цалингаа цагт нь тавьж, уран бүтээлээ чадахын чинээгээрээ туурвисаар ирсэн. Гэхдээ ажиллах хүч, техник хэрэгсэл дутмаг болохоор театрын чанар муудсан. Энэ нь юу вэ гэхээр том уран бүтээлийн ард гарах бололцоо хаагдсан. 


-Ноён хутагтын нэрэмжит “Саранхөхөө” театрын томоохон уран бүтээлээс дурдвал? 
-Сумын улаан клуб, Соёлын ордон байхаасаа эхлээд жүжиг, дуулалт жүжиг тоглож эхэлсэн. Тоочоод барахгүй уран бүтээл бий. 1980 онд мэргэжлийн театр байгуулж эхэлнээс хойш Б.Дамдинсүрэн гуайн “Учиртай гурван толгой” дуурийг тавьж уран бүтээлийн замналаа эхэлсэн. Түүнээс хойш дуурийн сонгодог дуунуудыг сурталчилах тоглолт, “Шивээ хиагт тал”-ыг бүтэн шахуу тоглож байсан. Ноён хутагт Данзанравжаагийн “Алаг заяа”, Х.Цэрэндорж багшийн бичсэн “Гэгээн домог” гэдэг гурвалсан жүжгийг нэр цохож болно. Ер нь хутагтынхаа уран бүтээлээс цөөнгүй тоглодог. Сүүлийн үед миний бичсэн “Бөмбөлдэй баатар” гэж бүрэн хэмжээний дуурь, “Есөн шаргын тоос” дуурийг ч тавьж байлаа. 
-Соёлын давлагааны цаг үед хэрхэн ажиллаж байв? 
-Хэдэн он билээ дээ, Ю.Цэдэнбал даргын “Хөдөөгийн суурь малчдаар хүрч үйлчлэх” 36 дугаар тогтоол гарсан. Тухайн үед 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг болж тал, тал тийшээгээ тарж явдаг байсан. Бид хөдөө бригадаар их явж тоглодог байсан. Нэг айл ч гэлтгүй очиж тоглоно. Хот айл нь зайтай бол хүмүүсийг нь цуглуулж байгаад тоглодог. Тэр бүү хэл Соёлын яамнаас хуваарь гаргачихдаг. Тухайлбал, энэ жил Дорноговийн театр Баян-Өлгий, Ховд, Завханаар аялан тоглолт хийнэ гэх мэт. Одоо үнэхээр цаг үе өөр болж. Нийгэм нь ч хөгжлөө, цаг үеэ дагаад мэдээллийн ертөнц ч хурдацтай хөгжиж байна. Тийм болохоор бидний тэр үе шиг их ажил дахин ундрахгүй байх. Бүх аймгийн театрын уран бүтээлчид нэгнийгээ таньдаг, бие биенээ арван хуруу шигээ мэддэг, тусалж дэмждэг, санаж хүлээдэг, очсон хэдийгээ хүлээж авдаг байсан. Харин одоо яаж байна. Аймгийн театрын уран бүтээлчид нэгнийгээ танихгүй байна. Тэр аймгийн театр гэж мэдэхээс тэр, энэ гэдэг хөгжимчин, бүжигчин бий гэж танихаа больсон. Би үүнийг бригадаар явахаа больсонтой холбоотой гэж ойлгодог. 


-Залуу насанд Монгол орноо тойрч явахад ядрах, зутрах үе цөөнгүй байсан байх. Харин та шантарч, халширч байв уу? 
-Бардам хэлэхэд шантарсан үе надад нэг хором ч байхгүй. Хүн ер нь хүссэн ажлаа, дурлаж хийсэн тохиолдолд шантрах, халшрах, уйдах, залхуурах гэсэн асуудал байдаггүй. Аан, дургүй ажлаа хийх юм бол энэ бүх бэрхшээл тулгарна. Бид тоглолтоор явахад хамгийн ахмадуудаа орон дээр унтуулж, өөрсдөө гудастай гудасгүй газраар зулж унтдаг байлаа. Тэр байтугай автобус дотроо хүртэл нойр авна. Тухайн үед аймгууд буудал хүрэлцээгүй, айлуудаас эвхмэл ор гуйж ирээд хүрээгүй нь амиа аргалж унтана. Намар оройн сэрүүнд даарч хөрч байсан ч тоодоггүй байлаа. 
-Танд тоглохгүй хөгжмийн зэмсэг гэж байхгүй байх. Хамгийн их хайрлаж, дурладаг хөгжмийн зэмсэг тань юу вэ? 
-Гармон хөгжмөөр анх суралцсан ч би Баянхуурандаа илүү дурладаг. Би мэргэжлийн сургууль төгссөн баяанист биш. Гэхдээ би нот сураад мэргэжлийн уран бүтээлчийн тоглодог бүх бүтээлийг нотоор нь гаргаж тоглодог. Өөрөөр хэлбэл яг мэргэжлийн баяанистын түвшинд гаргаж тоглодог байсан. Тийм учраас намайг энэ уран бүтээлийн замналд оруулсан, олон алдартай бүтээлд хамт байсан, өнөөдөр хүртсэн энэ өндөр дээдийн цол хэргэмд хүргэж байгаа баянхуур хөгжимдөө илүү хайртай гэж болно. Тоглохын хувьд бол таны хэлдгээр бүх хөгжмийн зэмсгийг барьж, хөгжимдөж үзлээ дээ. 
-Таны өөрийн уран бүтээлийн голчлох сэдэв юу байдаг вэ? 
-Би цөөнгүй уран бүтээл хийсэн хүн. Сүүлийн үед уул, усны уран бүтээл рүү түлхүү орчихсон. Яагаад ч юм 1998 онд дугуйн аяллаар Баянхонгор аймгийн Ихэр уул руу очиж “Ихэр богд” гэдэг дуу хийснээс хойш ийм болсон. Хан Баянзүрх хайрханыхаа тухай дуу хийж “Морин хуур” наадамд дээгүүр давхиулж байлаа. “Баянбогд”, “Эргэл богд” зэрэг дуу гарсан маань нутгийн минь сайхан хайрхад намайг түшиж, би тэдэндээ сэтгэлийн өргөлтэй явдгийн илрэл. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумын заагт орших Хутаг уулын тухай “Өвгөн уулын салхи” гэдэг дуу хийж, зон олондоо өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд энэ уран бүтээлийг хийж, энэ алдар цолонд хүрлээ. 
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэх үед ямар мэдрэмж төрсөн бэ. Ер нь хүлээлт их байсан уу? 
-Аливаа юм цаг үетэй байдаг. Манайхан чинь алдар цолд дуртай шүү дээ. Тэрийг нь ч бас буруутгах юм байхгүй. Хамгийн гол нь шударга, үнэн байх ёстой. Авсан, өгсөн хүнээ ичээдэггүй байх ёстой гэж би хувьдаа боддог. Би дөрвөн дуурь бичсэн хүн. Ид хийж, бүтээж залуу насны эрч хүчтэй явж байх үед дандаа л алдар цолд хүрсэн хүмүүсийг харж, хүндэлж мөн харьцуулдаг. Энэ надаас илүү юу, дутуу юу, миний энд хүрэх үү гэж. Ний нуугүй хэлэхэд өөрөөс мэдлэг, чадвар дутуу хүн төрийн хайр хишиг хүртээд байхаар эхэндээ янз бүрийн л юм боддог юм билээ. Сүүлдээ ч бүр тоохоо байчихдаг. Төр засгийн өгч буй шагналыг хүндлэлгүй яах вэ, баярласан. Гэхдээ сүйд болоод дэгж дэрвэж, сэтгэлээ барьж, нулимсаа тэвчиж дийлэхгүй болтлоо хөөрсөнгүй. Нутгийн минь зон олны илч халуун сэтгэл надад хуримтлагдсаны үндсэн дээр энэ шагнал надад ирж байна. Нутгийн иргэдийн итгэл, төрд түмнээ төлөөлж буй нутгаас гарсан УИХ-ын гишүүд намайг олж харснаар энэ шагнал надад ирж байна. Би өөрөө энэ цолыг хүртээд баярлахаас илүү миний хамт олон, уран бүтээлчид, миний уран бүтээлийг сонсож, таашаадаг түмэн олон минь надаас илүү баярлаж байгаа байх. Тэднийгээ баярлуулж, итгэлийг нь дааж чадсандаа л би туйлын баяртай байна. 


 


Шинэхэн Соёлын Гавьяат Зүтгэлтэн Б.Мөнгөн-Өлзий: Миний уран бүтээлийг сонсож, таашаадаг түмэн олон надаас илүү баярлаж байгаа бололтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-08 17:49:46
    Сайн хүү: Өөрийн гэсэн өнгө аязтай сайхан хөгжмийн зохиолч андынхаа 4н с дууг дуулж үзэгч олноосоо нижгэннсэн алга ташилтаар мялаалга авч байсныхаа хувьд өөрөө энэ алдрыг хүртсэн шиг л баярлаж байна найздаа уран бүтээлийн өндөр амжилт эрүүл энх сайн сайхан бүгдийг хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188