• Өнөөдөр 2024-04-25

ҮЛ ТАНИХ ЭР

2021-12-06,   1563

-УЛААН НЯЛЗРАЙ “ҮЛ ТАНИХ ЗОЧИН”-ЫГ МИНЬ ТӨРӨХИЙН ЭМЧ ЭНГЭРТ НААЖ, ТЭВРҮҮЛЭХЭД НЬ Л БИ ТЭР “ҮЛ ТАНИХ ЗОЧИН”-ДОО ХАЙРТАЙ БОЛЧИХСОН-

Монголын яруу найргийн “Үл таних зочин” гэвэл уншигчид андахгүй. Тэр бол ламаист яруу найрагч Б.Одгэрэл.

Ярилцлага авахаар тохирсон өдөр болоход гэнэт л яруу найрагч Б.Одгэрэл бид хоёр түүний аавынд нь ярилцахаар болсон юм. Аавынд нь хүрч очихоос минь өмнө хэд хэдэн удаа “Ирж байна уу” гэж утас цохисон Б.Одгэрэл аавынхаа гэрийн үүднээс тосож авав.

Зочны өрөөнд зассан ширээний хоёр талд сууснаар эхэлсэн бидний ярилцлага ламаист яруу найрагч Б.Одгэрэлийн яруу найрагтаа эргэн ирж байгаа тухай яриагаар эхэлсэн билээ.

 

-Энэтхэгээс ирээд өгсөн нэгэн ярилцлагадаа “Яруу найрагтайгаа дахин зам нийллээ” гэж дурсаж байлаа. Үгийн урлаг, шүлэг, яруу найргаас олон жил хөндийрч, хол байсаар эргэн “уулзах” ямар санагддаг юм байна?

          -Би Энэтхэг рүү явахдаа энгийн хүний хийдэг үйл, амьдралаас татгалзаж, “Яруу найргаа орхиё” гэж шийдээд л явсан. Эргээд санахад заавал тэгж өөртөө хатуу хандах хэрэггүй байжээ.

Манай Дацангийн 10 дахь зиндаанд Энэтхэгийн яруу найрагч Дандины “Зохист аялгуу”-ны тайлбарыг үзэж шалгалт өгдөг юм. Тэнд л би яруу найрагтайгаа зам нийлсэн.

          Багш маань ч “Төв үзлийг үзсэнийхээ дараа бичнэ биз ээ” гээд нэг их ч хориглоогүй. Дахин шүлэг бичихэд харшлах зүйл байгаагүй учир шүлэг бичих хуучин дадлаа сэргээж эхэлсэн. Би 10 гаруй жил шүлэг бичээгүй.Их төсөөрсөн байсан.

-“Яруу найрагтайгаа дахин зам нийлсэн” болохоор “Үл таних зочин” номоороо дахин Монголын утга, уран зохиолд орж ирж байгаа гэж болох уу. Монголын яруу найрагт өөрийгөө багтааж эхлүүлсэн бүтээлээрээ дахин учран золгож байна уу?

-Дахин эргэж ирэх ч гэх юм уу. Ямар нэгэн тэгж бодож, шийдсэн зүйл байхгүй.

          Зарим  дүү нар “Та дахин номоо гаргаач ээ” гэсэн санал тавьж байсан. Миний “Үл таних зочин” яруу найргийн түүврийн анхны хэвлэл нь тийм ч олон хүнд хүрээгүй байх. Тэгээд  дахиж гаргая гэж бодсон.

          Урьд нь бичиж байсан ганц нэг, өнгөрсөн жилээс хойш бичсэн цөөхөн шүлгээ нэмээд “Үл таних зочин” номынхоо нэмсэн хоёр дахь хэвлэлийг гаргасан.

          Намрын номын баяр болохыг хэдхэн хоногийн өмнө нь мэдсэн. Харин сайхан найз, дүү нарын ачаар номын ажил саадгүй бүтсэн. Энэ ташрамд “Үл таних зочин” номын маань нэмсэн хоёр дахь хэвлэлийг гаргахад сэтгэл тавьж туслалцаа үзүүлсэн "Тагтаа"-гийнхан, найз Баяртөгс гээд бүгдэд талархсанаа илэрхийлмээр байна.

-Энэтхэг рүү бурхны шашинд шамдахаар явснаасаа хойш 10 гаруй жилийн хугацаанд шүлэг бичээгүй юм байна. Харин хуучин дадлаа сэргээхээр жил гаруйн хугацаанд шүлэг бичээд эргэн дадлаа сэргээж, бүр хуучны түвшиндээ хүрч байна уу?

          -10 гаруй жил болоход ямар ч хүний авьяас төсөөрнө шүү дээ. Харин дадлаа сэргээж, хуучны түвшиндээ хүрч, шүлэг бичиж байгаа үгүйг минь уншигчид л  хэлэх байх.

-Та анх “Үл таних зочин”-ы талаар бичээд яруу найргийн түүврээ хэвлүүлж байлаа. Гэсэн ч тэр цагаас хойш бүтээлийг тань мэдэх ч, таныг үл мэдэх, цаашлаад танихгүй байх уншигчид дунд та өөрөө “Үл таних зочин” болох ямар мэдрэмж төрүүлж байв?

          - Ямар ч хүнийг алдар нэрт дургүй гэж хэлбэл үнэнд нийцэхгүй юм болно. Уран бүтээлч, урлагийн хүнд өөрийн бүтээлээ хүмүүст хүргэх зорилго байдаг байх. Харин миний хувьд хүнд хүрэхээр шүлэг бичвэл аяндаа бүтээлээрээ танигдана гэж боддог.

-Бүтээл тань л танигдаж байвал өөрөө хүнд танигдахгүй байсан ч зүгээр гэж үү?

          Бүтээл танигдаад, бүтээл маань хүнд хүрч л байвал миний ямар нэртэй байх, ямар хүн байх гэдэгт нэг их ач холбогдол өгдөггүй.

Гэрэл зургийг Мө.Батбаяр

-Уншигчид таныг “Үл таних зочин” шүлгээр тань илүү сайн танина. Хүн бүрийн хувьд “үл таних” байдаг шүлгээ бүтсэн түүхээс хуваалцаач?

          -Эхнэр маань хийсвэрээр төрсөн юм. Ганц ч шүдгүй, улаан нялзрай “Үл таних зочин”-ыг минь төрөхийн эмч энгэрт нааж, тэврүүлэхэд л би тэр “Үл таних зочин”-доо хайртай болчихсон. Харин эмнэлгээс гараад гэртээ очсон хойноо Үл таних зочин”-оо санаад болдоггүй.

Амрахаар хэвтэж байтал

“Өнөөдөр нэгэн үл таних зочин манайд ирлээ

Өр зүрх минь түүнийг харуут хачин их догдоллоо”

гээд шүлгийн эхний хоёр мөр орж ирсэн. Оройн 23:30 цаг болж байсан юм болов уу, би босоод ямар ч ноорог, засваргүй шууд л бичсэн шүлэг юм л даа.

-Бурхан шашны замыг сонгож, гэр бүл, “Үл таних зочин”-оосоо ч хагацжээ. Харин энэ хагацлуудын дараа бурхны замыг сонгосондоо харамсаж байсан уу?

-Хэцүү шүү дээ.Гэхдээ харамсах зүйл байхгүй.

 

-ЗАХИРЛЫНХАА ӨРӨӨНД ДУУДАГДААД БАГШ НАРЫН ХУРАЛД ОРДОГ ДҮРСГҮЙ ХҮҮ БАЙЛАА-

-Таны анх яруу найрагтай холбогдож, шүлэг бичиж байсан түүх уншигчдад сонин байх болов уу. Манай уншигчдад дурсамжаасаа хуваалцвал?

          -Энэ насандаа уран бүтээл ч юм уу, мужаан сайн хийдэг  хүний  чадварыг зөвхөн энэ насны бус урьд насны авьяас гэж бурхны шашинд үздэг. Хэрэв хүн аливаа нэг зүйлийг сайн хийж байвал хүн бүрт тэгж сайн хийх боломж нь байх ёстой. Гэтэл тийм биш байгаа биз.

          Би сарын өмнөөс ямар нэг зүйлийг хийж эхэлбэл сарын дараа гэхэд арай чадварлаг болсон байна. Яг л үүний адил авьяас, билгийг урьд наснаас уламжилж ирсэн гэж үздэг юм. Би Монголын зохиолч, яруу найрагчдыг урьд насандаа бичгийн хүмүүс байсан гэж боддог.

          Харин миний хувьд хамгийн анхны гэж санаж байгаагаар хөдөө өвөөгийндөө чөдөрлөж тавьсан морио аваад хөтлөөд явж байхдаа ямарваа нэгэн үгийг эвээр холбож, найруулаад өөртөө тааламжтай байдлаар уншиж явснаа санадаг юм.

          Түүнээс хойш хоёрдугаар ангидаа найзынхаа дурсамжийн дэвтэр дээр анх  толгой холбож, мөрийн шад тэнцүүлж байсан юм байна.

          Дараа нь тавдугаар ангидаа бас бичсэн. Түүнээс хойш долдугаар ангидаа шүлэг их бичиж, дэвтэр шүлэг бичсэн байсан. Харин нэг өдөр шүлгийн дэвтрээ өвөртөлж яваад ангийнхныхаа дунд унагачихсан юм билээ. Гэтэл найзууд маань аваад “Энэ хэний дэвтэр вэ” гээд дотроос нь шүлэг уншаад, инээж хөхрөлдөөд байхаар нь ичээд минийх гээд авч чадаагүй. Тэгж ичсэнээсээ болж хоёр жил гаруй хугацаанд шүлэг бичээгүй хаячихсан.

-Таныг багадаа их дүрсгүй хүүхэд байсан гэж сонсож байсан юм байна?

          -Дүрсгүй байсан л даа. Бүр бага ангиасаа дүрсгүй хүүхдүүдтэй найзалчихдаг байсан юм байна. Улсын начин Б.Батбаяр бид хоёр цэцэрлэг, сургуулийн нэгдүгээр ангийн найзууд. Гурав дөрөвдүгээр ангидаа манай гурван найз бид дөрөв багш нарын хурлаар орох вэ дээ. Одоо эргээд нэг ангийнхантайгаа уулзахаар “Энэ Б.Одгэрэл аягүй дүрсгүй хүү байсан даа” гээд л дурсаж ярьдаг юм.

-Захирлынхаа өрөөнд дуудагдаж, багш нарын хуралд орж явсан дүрсгүй хүү хэрхэн бичгийн эрдэмд шамдаж, бичгийн хүн болох болов?

          -Зургадугаар ангиас Амарсайхан гэж хүүтэй нэг анги болсон юм. Бид хоёр нийлэхээрээ тухайн үеийн томчууд ч мэддэггүй байсан зүйлсийн талаар их ярилцана.Намын дээд сургуульд үздэг “Философийн эхлэн суралцах бичиг”-ийг уншиж, өөр өөрийн биоритмээ бодож, бясалгалын талаар ярилцаж, эгэл бөөмс, квант физикийн талаар уншдаг болов оо. Дүрсгүй хүү дэгтэй хүү болсон нь багын найз Амарсайханы нөлөө. Амарсайхантай нийлэхээр манай ангийн бусад хөвгүүн дургүй. Есдүгээр ангийн намрын ажил дээр ангийнхаа хөвгүүдтэй зодолдож байв. Одоо эргээд санахад хүүхэд цагийн гэгээн гэнэн дурсамж болж үлджээ.

-Таныг түүх, газар зүйн мэргэжлээр их сургуульд байсан тухай сонсож байлаа. Тухайн мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?

          -Сайндаа ч биш. Аравдугаар ангиа төгсдөг жил сэтгүүлчийн хувиар байгаагүй юм. Тэгэхээр нь Оросын нэг сургуулийн хууль судлалын ангид өрсөлдсөн. Гэтэл шалгалт өгч байх үеэр миний хоолой өвдөөд, тэрнээсээ болоод зүрх өвдөөд бие хямарч, өндөр оноо авч чадаагүй. Авсан оноо маань Багшийн их сургуулийн түүх, газар зүйн анги авах боломжтой байсан юм. Авахгүй байя гэхэд аав, ээжийн зүгээс “Авчих аа, сургуультай бай” гээд. Тэгээд л тэр анги руу орсон доо. Уг нь би багадаа Рихард Зоргегийн тухай өгүүлдэг “Маш нууц” гэж романыг уншаад сэтгүүлч болъё гэж бодож явсан юм.

          Багшийн их сургуулийн түүх, газар зүйн анги миний сонирхол биш байсан болоод ч тэр үү математик, физикийн ангийн хүүхдүүүдтэй шөнө дүл болтол шатар тоглоод өнждөг байсан. Их сургуульдаа хэдэн хэдэн удаа жилийн чөлөө авч, 1990 он гэхэд би гуравдугаар курст байсан. Нийгэм солигдоход МАХН-ын түүх, ЗХУ-ын коммунист намын түүх, шинжлэх ухаан коммунизмын онол  гээд хичээлүүдийг үзэхгүй гэж өргөдөл бичээд чөлөөлөгдсөн юм.

-Түүнээс мөн л 10 гаруй жилийн дараа Оросын Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд сураад ирсэн. “Зохиолчдын сургууль” гэж нэрлэгддэг том сургуульд сураад ирсэн нь том завшаан байсан юм болов уу?

          -2002 онд Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд очиж сурч ирсэн. Түүнээс өмнө “Шар сонин” гаргаж байсан. Харин тэр үед эрх баригчдын дарамт шахалт их болоод чөлөөт хэвлэлийн оргил үе суларч эхлэхэд нь сониноо зарсан.

          Тэгээд л Горький явж сурсан юм. Горькийн нэрэмжит сургууль гэдэг чинь зохиолчдын мөрөөдөл байлаа шүү дээ. Хүн бүрийн “Явчих юм сан” гэж боддог л байсан сургууль.

-Горькийн нэрэмжит утга зохиолын сургууль Монгол хамаг л томчуудын сурч байсан сургууль. Гэхдээ үнэхээр уран зохиол, уран бүтээлийг сурч олдог гэж үү?

          -Мэдээж зохиолч хүн бичихэд суралцах хэрэгтэй. Гэхдээ заавал сургуульд суралцах хэрэггүй шүү дээ. Горькийгоос өмнөх, Оросын бус зохиолчид сургуульд сураагүй. XVII-XX зууны зохиолчид бусдыгаа уншиж, бусдаасаа суралцсан байгаа. Тэд нэгнийхээ бүтээлээс авахыг нь авч, хаяхыг нь хаяж суралцсан.

-Монголын уран зохиолд сайн суралцсан хүмүүсийн нэгт таныг ч мөн нэрлэх нь зүй юм болов уу. Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж агсан, Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Нямаа хоёр таныг чиглүүлж байсан гэдэг...

          -Н.Нямдорж багш “Шүлгээ маш сайн засаж бай” гэж захидаг байсан. Өмнөх номондоо алдаа гаргасан бол дараагийн номондоо засаж оруулдаг дэлхийн яруу найрагчдын жишиг байна. Испанийн нэг зохиолч хэвлэгдээд гарсан номон дээрээ засвараа хийгээд түүнийгээ дахиж хэвлүүлж байсан ч тохиолдол бий.

          Харин манай Д.Галсансүх багадаа гацаж, ээрч ярьдаг хүү байлаа. Л.Нямаа багш түүнийг нь засна гээд шүлэглэсэн зохиол цээжлүүлж, уншуулдаг байв. Өрнийн сэтгэлгээний алдартай зохиолчдыг уншуулдаг байсан юм.Л.Нямаа багш Хэнтий аймагт байхгүй номын сантай байв. Н.Нямдорж багшийг маань ч “Монголын зохиолчид дундаас хамгийн сайн уншсан хүн” гэдэг дээ.

 

-НАДАД ЯРУУ НАЙРГАА ОРХИЖ, БҮХ ЗҮЙЛЭЭ БУРХНЫ ШАШИНД ЗОРИУЛАХ СОНГОЛТ ТУЛГАРСАН-

-Таны туулсан, туулж яваа амьдралаас яруу найргаа орхиж, харь орон руу бурхны шашны хүн болохоор явсан цаг үе уншигчдад сонин байх. Яагаад тэгж шийдэх болж, яруу найргаа хүртэл орхихоор болсон юм бэ?

          -Энэ маань тийм ч гэнэтийн шийдвэр байгаагүй. Би хүүхэд байхаасаа л шидэт үлгэр уншдаг, ид шидэнд дуртай хүүхэд байлаа. Харин тэр үед бурхны шашин хаалттай байлаа шүү дээ.

          1990-ээд оноос нийгэм нээлттэй болж, бүх төрлийн зүйлс л орж ирсэн. Гэтэл тэр үеэр хуучин номын дэлгүүрт явж байтал “Дотоод сэтгэлээрээ өөр гаригуудаар аялах тухай” гэсэн нэр бүхий сонин гарчигтай номнууд элбэг байв. Тэр нь Энэтхэгийн хиндү шашны номнууд байж.

          Тэгээд хиндү шашны ном уншиж байгаад үнэхээр үүнийг сурч болдог юм бол суръя гэж бодсон. Харилцаа холбоо ч үгүй тэр үед Энэтхэгтэй холбогдох ганц арга нь Энэтхэгийн Элчин сайдын яам. Тэгэхээр нь зураач С.Төрбурам бид хоёр Элчин сайдын яаманд явж очоод “Мэдэхгүй” гэх хариулт авч гараад хиндү шашныг цааш нь судлах сонирхол ч байхгүй болсон.

          Түүнээс өмнө Тайваньд хэвлэсэн “Библи” олж аваад хөдөө гэртээ авч очоод уншиж байгаад аавдаа загнуулсан юм. Буцаж хот орж ирэхдээ нөгөө “Библи”-ээ  зараад христээс салсан.

          Хожим нь сонин, хэвлэлд гарсан Далай ламын хэлсэн үгийг харж, Мял богдын намтрыг ч сонирхож, уншиж байв. Тэр үед самадиг олбол ийм тийм эрдэмтэй болно, ниснэ гэсэн нь анх сонирхол татсан. Судлаад, мэдээд ирэхээрээ ид шид гэдэг нь хүний олох ёстой гол зүйл биш юм байна гэдгийг  ойлгож эхэлсэн. Нисдэг байна уу, биеэсээ гал, ус гаргадаг байх нь чухал бус самадиг олох,түүнд шүтээд номын утга бясалгах  нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэндээсээ аажим аажмаар өөрийгөө бэлдэж, сурах боломжтойг нь мэдээд явж сурахаар шийдсэн юм.

-Гэхдээ яагаад заавал яруу найргаа орхин байж гэж...

          -Хүнд бурхан шашнаас суралцах асар олон юм бий. Хүн нэг насаараа суралцсан ч, сурч гүйцэхээргүй. Тэгээд энэ замаар явбал бүх насаа үүнд зориулах сонголт хийх хэрэгтэй болсон. Энэ насандаа хоёр юмны араас хөөцөлдвөл хоёуланд нь цаг гаргах хэрэгтэй болж, насны эцэст хоёуланд нь дундуурхан үлдэнэ. Харин нэгнийг нь араас явбал бүх зүйлээ зориулж буй учир түүнээс авах тус, эрдэм нь илүү байна.

-Магад хэт сониуч, нэг зүйлийг мэдвэл түүнийгээ улам гүнзгийрүүлж судалдаг залуу байсан нь бурхан шашны хүн болоход их нөлөөлсөн юм болов уу?

          -Хүн өөрийн хувь заяаны сонголтоо янз бүрээр тайлбарлаж болно л доо. “Сониуч байсан”, “Нэг хүнтэй учирсан”, “Нийгэм солигдсон”, “Өөр улс оронд очсон” гэдэг ч юм уу. Маш олон тохиолоос болж хүний хувь тавилан өөрчлөгдөж болно.

          Гэхдээ бурхны шашинд санаандгүй, гэнэтийн зүйл гэж байдаггүй. Тийм зүйл болох үр хөврөл урьд өмнөх хэзээ нэгэн цагт тавигдсан байгаа гэдэг. Харин үүнд нэг ном харах,чухал хүнтэй учрах зэрэг хөндлөнгийн хүчин зүйл тэр үр хөврөлийн ургах шалтгаан нь болдог.

 

-БИ САЙХАН ГЭЖ БОДСОН ЗҮЙЛЭЭ Л БИЧДЭГ-

-Уншигчид танай үеийнхнийг хамгийн сайн яруу найрагчдын үе гэдэг дээ. Залуу нас, бусад яруу найрагч, зохиолчидтой хамт өнгөрүүлж байсан сайхан дурсамжаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу?

          -Нэгийг нь нэрлэвэл бүгдийг нь хэлэх хэрэгтэй болно. Зөвхөн яруу найрагч, зохиолч ч гэлтгүй бидний нөхөрлөж байсан сайхан хөгжмийн зохиолч, зураачид хүртэл олон бий. Ташрамд хэлэхэд миний үеэр төрөөс шагнал авдаг явдал дуусна гэж найддаг байлаа. Та нарын үе хүртэл энэ төөргөдөл явчихлаа.

-Одоо цагт ид туурвин бичиж байгаа залуу зохиолч, яруу найрагчдын бүтээлийг үзэв үү. Ямар санагдаж байх юм бэ?

          -Би бүгдийг барьж суугаад уншиж чадахгүй л байна. Гэхдээ харснаасаа ажиглахад сэдэв нь их явцуу байна.Бичих сэдэв маш их байна шүү дээ.Монгол шүлэгт монгол ахуй их чухал. Яагаад гэвэл дэлхийгээс монгол зохиолч, монгол яруу найрагч  ялгарах юм байх ёстой.

          Монгол хүний сэтгэлгээний онцлог байгаа. Монгол шүлэг болгох гээд заавал уянгалж, уламжлалт хайрцагласан хэлбэрээр бичих албагүй. Шүлгийг ямар ч  ямар ч хэлбэрээр бичиж болно. Хэрэв тэгж л чадах юм бол маш өвөрмөц, онцгой монгол шүлэг төрөх байх гэж би боддог.

          Миний үгийн сан сайн биш ч, үгийн сан баялаг байх хэрэгтэйг онцолж хэлье. Судлаачид А.С.Пушкины үгийн санг тоолоод 28 мянга орчим болохыг нь тогтоосон. Харин дундаж зохиолчийн үгийн сан 10 гаруй мянган үгтэй. Хэл бичгийн хүмүүс хэлээ баялаг болгож, ашиглаж байгаа хэл, найруулгаа чадварлаг эзэмших ёстой. Өнөө л жижүүрийн хэдэн үгээ хэрэглэдэг баймааргүй байна. Зохиолчид мөн шинэ үг хэллэгээр үгийн санг баяжуулж байдаг. Жишээ нь Хлебников орос хэлэнд дөрвөн зуу гаруй шинэ үг оруулсан. Шекспир хоёр зуу гаруй гэдэг билүү дээ.

          Харин уламжлалт хэлбэрээр бичиж байгаа яруу найрагчид төдийлөн хэрэглээд байдаггүй хуучны үгийг хэрэглээнд оруулж байна. Үүнийг би зөв  гэж боддог.

-Дэлхийн зохиолчдыг харахад бүх амьдралынхаа турш яруу найргаа бичсэн хүн хүүрнэл зохиол руу орсныгоо бодвол бага байдаг. Харин таны хувьд хүүрнэл зохиол болон бусад бичгийн төрөл рүү орно гэж боддог уу?

          -Би уг нь хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан юм. Гэхдээ хэлье дээ. Би хүүхдэд зориулсан шүлэг бичих бодолтой байгаа. Энэ  магадгүй яруу найргийн хамгийн хэцүү төрөл ч байж мэднэ.

-Хүн бүрийн сайхны төсөөлөл өөр өөр. Таныхаар сайхан гэж яг юуг хэлэх юм бэ?

          -Сайхны тухай ойлголт маш харьцангуй. Өрнөдөд эстэт гэж хэлдэг зохиолчид гоо зүйн шинэ ойлголт санал болгодог. Урьд өмнө нь сайхан гэж үздэг ойлголтоос өөр түвшний бараг эсрэгцэхээр зүйлийн гоо сайхныг нээж гоо зүйг өөр түвшинд гаргадаг. Миний хувьд ч уламжлалт гоо сайханы ойлголтоос зайлсхийхийг эрмэлздэг. Миний сайхны тухай ойлголтыг бичсэн шүлгээс минь харах байх аа (инээв).

Гэрэл зургийг Мө.Батбаяр

 


ҮЛ ТАНИХ ЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-08 03:18:35
    Зочин: Хайрламаар цөөхөн хүмүүний нэг. Сайхан ярилцлага болжээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-07 23:29:52
    Зочин: Миний дуртай найрагч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-07 12:17:08
    Зочин: Энэ хүнийг Батжаргалын Одгэрэл гэдэг юм. Улсын начин Б.Одхүүгийн ах. Таны яриад байгаа Одгэрэлийг Дамбын Одгэрэл хэмээнэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-06 21:02:11
    90д оны оюутан : Хэнтийн Одгэрэл гээд зураг зурдаг ... сүнсний билүү...юуны билээ..бас шүлэг бичдэг нэг залуу байлуу. Энэ Одгэрэлээс өөр.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-06 15:38:40
    Үл таних зочин: Сайхан чриа болжээ баярлалаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188