• Өнөөдөр 2024-03-29

АМАР АМГАЛАНД ХӨТЛӨГЧ

2021-12-04,   835

“Буй бүхнийг байгаагаар нь хүлээн авч, үнэн сэтгэлээсээ хайрлаж сурахад л бүх цаг хугацаагаа зарцуулж байна” хэмээн ярих түүний үг бүхэн амар амгалангийн эрэл мэт санагдана. Сүүлийн 13 жилийн эрэлээ тэрбээр Гандантэгчэнлин хийдийн Бадма Ёго дацангийн жижигхэн атлаа саруулхан өрөөнд үргэлжлүүлжээ. Гэхдээ оюун санааны хувьд хязгааргүйн чинадад хүрчээ гэдгийг түүнийг есөн цагийн турш шалгааж суухдаа мэдэрсэн юм.

 

08:50 цаг

          Бадма Ёго дацангийн үүдэнд түүнийг хүлээн хэсэг зогслоо. Гурван есийн жавар тачигнаж, өглөөгүүр эргэл мөргөл хийж яваа олон түмэн бээвийхээрээ бээвийжээ. 6-7 ламхай улаан орхимжоо намируулсаар гүйлдэж асанаа явдал нь зөөлөрч, бие биенээ нудраад өмнөөсөө ирэх ламаас зэрэг шахуу мэнд мэдээд цааш гүйлдэв. Бие биенээсээ түрүүлэх гэж ноцолдон гүйлдэх хуврага хувцастай жаалуудын араас Д.Цогтбаатар зурхайч амсхийх шиг эргэж хараад инээмсэглэсээр бидэн дээр ирэв. Тэрбээр “Сайхан өвөлжиж байна уу. Миний ажилд дүн тавина гэсэн хүүхэд мөн үү” гэснээ “Бид тун удахгүй сайхан, дулаахан дацантай болно. Одоохондоо би тэнд ажлаа хийж байгаа” гээд Гандангийн төв хаалганы зүүн талд байрлах “Зурхайч” гэсэн бичигтэй сендвичин жижиг байшинг заав. Өрөөнийх нь үүдэнд түүнийг 3-4 хүн хүлээгээд зогсож байв. “Ажлаасаа таван минут ч хоцрох эрхгүй байгаа биз. Хөдөө, орон нутгаас намайг зорьж ирсэн, эсвэл буян номын ажилтай яваа яарч тэвдсэн хүмүүс үүдэнд минь хүлээгээд зогсож байхад хоцорч болохгүй” гээд биднийг үлдээгээд хүмүүсийг орууллаа.

 

09:15 цаг

          Маанийн аялгуу магнитафонд хөгжиж, арц, хүжийн үнэр хамар цоргиулна. Зорьж ирсэн хүмүүсийн зурхайг зурсан дөрвөлжилж хайчилсан хэд хэдэн цагаан цаас түүний өмнөх ширээн дээр байв. Мөн нэлээд эртнийх гэлтэй чулуун, маанийн зургаан үсэг сийлж урласан хүрд, хуруунуудынх нь хээ зайгүй шингэсэн үү гэлтэй бор эрхи, ирэх оны цаг тооны бичиг, компьютерийн утасгүй хулгана харагдав. Гурав давхарласан олбогон дээрээ хэдийнэ завилсан тэрбээр биднийг идээ идэхийг хүсэнгээ “Та нар бурхан тахилдаа  аврал одуулж байна уу” хэмээн сонжингуй асуув. “Цай, хоолныхоо дээжээс л өргөдөг” гэсэн итгэл муутай хариултыг маань сонссон шинжгүй “Өглөө, өдөр, оройдоо болж өгвөл үргэлж сэтгэл, тархиндаа аврал одуулж байх хэрэгтэй. Ажил үйлс чинь бүтэхээс гадна сэтгэлийн амар амгаланд очно” хэмээгээд дахин арц хөгжөөв. Түүнээс “Улирал ялгаагүй таны ажил өглөө цагтаа л эхэлдэг үү” гэхэд “Урин дулааны цагт хүмүүсийн хувьд эрт эхэлнэ ээ. Тэр нь ихэвчлэн 10-11 цаг. Хүйтний улиралд хүмүүс нойрноосоо нойрноосоо сэрэх гэсээр байтал 10-11 цаг болж, гэрээсээ гарах, хүрэх газраа очих гэсээр яваад монголчуудын амьдрал 13-14 цагийн орчимд л идэвхтэй болдог доо. Өглөөгүүр бурхан болоочийнхоо хойдохыг үзүүлэх гэсэн, буян хийх гэсэн хүмүүс л гандангаар ирнэ. Монголчуудын ялангуяа одоогийн залуучуудын ажил, амьдрал нойрон дундаа л өрнөж байна” гэв. Тэрбээр яриагаа үргэлжлүүлэн “Сэтгэл, оюунаа цэгцэлж чаддаг бол хүнд олон цаг унтах шаардлага байдаггүй. Өөрийгөө амар амгалан байлгаж, бусдын болоод орчлонгийн хүлээсээс ангижруулж чадвал хүмүүний бие хийгээд сэтгэлд амралт төдийлэн шаардлагагүй. Ахуйдаа хүлүүлж, цаг, нөхцөл нь ирэхээр бүтэх л зүйлийг болохгүйн тухай бодол, санаашралаараа түгжиж, өөртөө авдар авдраар нь зовлонт бодол тээсэн хүн хэчнээн цаг, өдөр, сар, жилээр унтсан ч ядаргаа нь үл тайлагдана. Миний хувьд орой эрт амарч, 4-5 цаг нойр аваад цагтаа сэрдэг” гэв.

 

09.45 цаг

          Гурван ч хүн хаалга тогшсон тул зочдыг оруулахаар болов. Тэднийг хүлээх зуураа түүний эрхлэн гаргадаг байсан “Зурхай”, “Дорно өрнийн сарын зурхай” сонинуудаас нэг нэгийг авч гарч ирсэн нь 2002 оных, 2005 онд хэвлэгдсэн байв. Өрнө, дорнын зурхай, засал, цаг тооллын тухай сонирхолтой, бага хэмжээний өгүүллүүд, Гандантэгчэнлин хийд, лам нартай холбоотой мэдээ, мэдээлэл багтжээ. Мөн арын нүүрт үгийн сүлжээ оруулсан байв.

 

10.00 цаг

          Зочдын зурхайг зурж дууссан тэрбээр биднийг өрөөнд нь ороход “Гүрэм заслын судар” хэмээх өөрийнхөө бичиж, эрхэлсэн номыг будаг нь арилсан ч ур хийц нь хэвээрээ бор модон авдарнаас гаргаж үзүүлээд “Зурхайч болсноос хойш хийсэн ажил гэвэл энэ хэд л байна. 1997 оноос хойш цаг тооны бичгийг найзтайгаа хамтран зурж, гаргасан. Хийж байгаа ажлынхаа үр шим болгож энэ номыг хэвлүүллээ. Та нарын сая үзсэн хоёр сониныг эрхлэн гаргаж үзлээ. Үүнээс гавьсан зүйлгүй” гээд өмнөх чулуун хүрдээ эргүүлэв. Тэгснээ “Сая ирдэг хүмүүс их сайхан энергитэй байгаа биз. Сайхан энергитэй, зөв сэтгэлтэй хүмүүстэй уулзаж, учрах бол том хувь тохиол юм шүү” гэв.

          “Төрж өссөн Ховд аймгийн Зэрэг сум руугаа, Алтан дээлийн хөндий, Баатар хайрханыхаа оргилд жилд хамгийн багадаа хоёр удаа очдог. Очиж байгаагаа нэг дүүгээсээ өөр хүнд хэлдэггүй. Тэр дүү минь намайг очиход хоёр морь бэлдчихээд тосож авна. Гэрт нь очиж, бурхан шүтээнд нь аврал одуулж, хийморийн сан тавьчихаад үүр хаяарахаас бүүр эрт уяан дээр сойсон морьдоо унаад оргил руугаа давхичихна. Нар мандахтай зэрэгцээд л оргилынхоо оргилд хүрдэг юм. Оргилд хүрэх хүртэлх хугацааг ямар сайхан гэж санана. Хүүхэд нас, өнгөрсөн, одоо, туулж өнгөрүүлсэн бүхнээ жилийн жилд тэр л хугацаанд нэхэн санадаг юм уу даа. Хангай дэлхийгээ аргадчихаад буцаж явах замдаа бүүр нэг налайчихна. Ирж буй бүхэн бүтэмжтэй, учрал тохиол бүр гэрэл гэгээтэй, зол жаргалаар дүүрэхийг тэндээс, төрж өссөн нутгаасаа мэдэрч байгаа нь тэр. Тэр зөн аргагүй биелдэг” хэмээн ярихдаа тэрбээр нүдээ аниад ярьж байсныг сая л анзаарав. Түүний ийн ярьж байхдаа сэтгэлдээ нутагтаа оччихсон гүйж яваа сэтгэлийг нь эргүүлэн авчрахгүйн тулд дуугүй харзнасан над руу нэг харснаа “Бусад сэтгүүлчийн адил “Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ” гэж асуугаач” гээд инээвхийлэв. Юу ч хэлж амжаагүй байтал түрүүчийн адил нүдээ анин “Миний төрсөн аав Дандар, ээж Вайханд гэж хүмүүс байв. Намайг дөнгөж 3-4 настай байхад аав, ээж хоёрын маань амьдрал тусдаа болж, намайг ээж авч үлдсэн. Тэр үед Зэрэг сумын үнээний фермд л ажил өрнөдөг үү гэмээр байдаг байсан. Айл, саахалтын хүн бүхэн намайг ойр зуурын ажилдаа зарна, гүйлгэнэ. Ээж минь бие муутай байсан болохоор хэлж, өмөөрөх нь ховор. Тугал татаж, сүү хүргэж, хөөрүүлж, аргал түлээ хамж, аяга таваг угааж, хүн юу хийдэг вэ бүгдийг амжуулна. Эмээ “Миний хүү нар ургахтай зэрэгцэж гараад л ургахынх нь өмнөхөн орж ирэх юм даа” гэж шогширдог байж билээ.

          Таван нас хүрээд удаагүй байтал ээж минь бурхны тааллыг олж, би эмээгийн хүү болсон ч байдал өмнөх янзаараа л байв. Ингэж байтал сургуульд орох болж, эмээ надад “Эмээ нь бүртгүүлчихсэн. Миний хүн сургууль тэр хавьд байгаа. Гүйж очоод орчих” гэж явуулж байж билээ. Гэрийнхэн маань намайг Монхоо гэдэг байсан болохоор би өөрийгөө Монхоо л гэж бодож байв. Нэг багш нэгдүгээр ангид элсэж байгаа хүүхдүүдийн нэрсийг дуудтал миний нэр байдаггүй. Хамгийн сүүлд очоод асуувал “Өө тэр хөгшний бүртгүүлсэн хүү байна. Чиний жинхэнэ нэрийг Цогтбаатар гэдэг юм байна” гэж нэрээ анх мэдэж байлаа. Ингэж явсаар гуравдугаар ангид ортол Цэрмаа гэж багш намайг дуудаж байна. Гүйгээд очтол “Эмээтэй нь ярилцсан. Бид чамайг өргөж авахаар болсон. Өнөөдрөөс эхлээд миний хүү болж байгаа юм шүү” гээд үнссэн. Тэгэхээр нь би “Би мэдэхгүй. Эмээ мэднэ” гэчихээд гүйчихэж байгаа юм. Ингээд намайг төрүүлээгүй ч өсгөж, өдий зэрэгт хүргэсэн Дорж гэж хүн миний аав болж, ээж минь Цэрмаа багш болсон доо. Иж, аав хоёрынхоо чихийг мөн ч их халууцуулсан даа. Сурлагаар бол тэргүүний байгаад байдаг. Сахилгагүй гэж жигтэйхэн. Ингэж явсаар наймдугаар анги төгсөж, Ховдын Хөдөө аж ахуйн техникумын Зоо техникчийн ангид орсон. Сурлагаараа хоёрт жагссан надад уг нь гурван сургуулийн урилга ирсэн юм. Би Дарханы техникумд барилгын инженерийн ангид сурна гэж их зүтгэсэн. Харин аав маань “Хүүгээ дэргэдээсээ холдуулахгүй ээ. Эндээ сур” гээд явуулаагүй юм. Аав надад их амь байсан. Намайг юу л гэнэ тэр бүгдийг биелүүлж, эрхлүүлнэ. Тэр ч утгаараа дэргэдээсээ холдуулах их дургүй. Миний оюун ухаанд хүн хайрлах, хүнээр хайрлуух, хүндлэн асрах, бүхнийг сайн сайхнаар харж, сэтгэхийн үндсийг аав минь тарьж, ургуулсан гэж би үргэлж бодож, залбирч явдаг юм. Нутгаадаа гарахаараа аавдаа очих гэж байгаа мэт яарч, догдолно. Аавдаа очиж байгаа юм чинь аргагүй биз дээ” гээд арц шинээр уугиулав.

-Та багын уншлагатай, эсвэл юм үзэж мэргэлдэг байсан уу?

          -Би энгийн л нэг сахилгагүй хүүхэд байсан. Зурхайч болсон явдал бүр хойно. Би юм юм сонирхдог хүүхэд байсан. Самбо, жүдо, чөлөөт бөхийн аль алинаар нь аймагт дээгүүрт ордог байлаа. Чөлөөтөөр бүр аймгийн аварга болж байлаа. Нэг жилийн намрын спарткадаар чөлөөт бөхийн тэмцээнд орж явтал хажууд буудлагын тэмцээн болж байна. Нэрээ бүртгүүлээд, яваад орчихлоо. Тэгсэн түрүүлчихдэг юм байна. түрүүлсэн хүүхдийг хотод улсын тэмцээнд оруулна гээд анх удаа онгоцонд сууж, Улаанбаатарт ирж байлаа. Хотод ирээд яахав дээ, ямар ч бэлтгэл сургуулилтгүй хүн чинь амжилт гаргаагүй нь ойлгомжтой.

          Гэхдээ хүн юу хүсэж мөрөөднө, сэтгэлдээ бясалгаж тэмүүлнэ түүндээ хүрч, түүнийгээ авдаг гэдгийг үүнээс ойлгосон. Техникумын нэгдүгээр дамжаанд орчихсон атлаа дунд сургуулийнхаараа бусадтай зодолдож, дэггүйтэж явтал аймгийн цагдаагийнхан гар зөрүүлсэн найзтай минь хамт бариад явчихдаг юм байна. Тэр үед сургуулийн захирал эсвэл хичээлийн эрхлэгч нь очиж, оюутнаа авдаг байв. Хичээлийн эрхлэгч бид хоёрыг авахдаа намайг нэг номерт цэргийн албанд гээд цэрэгт явуулчихаж байгаа юм”.

 

10:40 цаг

Хэд хэдэн хүн үүдэнд дугаарлан суужээ. Байсхийгээд хаалга онголзуулах учир бид гарч хүмүүсийг орууллаа. Гэхдээ цаашид бидний яриаг хүмүүс олон удаа тасдан орж, гарна гэдгийг хэлье.

          Долоон хүний зурхайг зурж, одоо хийгээд ирээдүйд сахин санах ёстой зүйлсийг нь тайлбарлан ойлгуулахын зэрэгцээ уншуулах шаардлагатай ном, тахих ёстой бурхан шүтээнийг нь хэлж өгсөн атлаа тэрбээр бидний өмнө яг түрүүчийн дүрээрээ завилж, суугаад яриагаа үргэлжлүүлэв. Ийн хүүхэд ахуй хийгээд идэр насныхаа тухай ярих нь түүнд амттай бөгөөд сайхан байгаа нь илт байв. “Хоёр жил цэргийн албаа хааж ирээд сургуулиа төгсөж, зоо техникч боллоо. Хаах ёстой албаа бараг нэг дор гүйцэтгээд ирсэн хүнд шинэ гэр авч, миний гэх мал хуйг тасдаж өгөөд, хүнтэй суулгана боллоо. Тэр үед миний сэтгэл зүрхэнд “Би лам болно. Сахил хүртэнэ” гэсэн ухамсар бат суучихсан байсан. Юу надад тэгтэл нөлөөлж, тийш нь урвуулсан юм мэддэггүй. Аав, ээжид “Би лам болно. Хүнтэй суухгүй” гэхээр ээж тэрний охин тийм сайн, ийм ажилтай гээд л үргэлж хэлнэ, аав хааяа нэг хэлнэ. Зоо техникчийнхээ ажлыг хоёр жил хүрэхгүй хугацаанд хийхдээ ээж аав хоёрыгоо ийн зовоож байгаа хэрэг л дээ. Аав тэр үед Нэгдлийн дарга байсан юм. Ингэж байгаад эвлэлийн илгээлтээр Чандмань суманд хоёр жил болж, дараа нь тууварт нэг жил явсан. Баян-Өлгий аймгийн Хөх эргийн гармаар Орос руу мал туудаг байсан юм. 1500 гаруй бог мал тууна гэдэг 1-2 сарын ажил болно. Ингэж явсаар гэртээ ирлээ. Гэртээ ирээд гэрээс гарахгүй, хүнтэй уулзахгүй, хойморын орон дээрээ завилж суучихаад, хааяа нэг зурхайн ном, сонин харчихаад л лам болно гээд байж байдаг байлаа.

          Аав намайг өргөж авсан талаараа өмнө нь нэг ч үг цухуйлгаж байгаагүй юм. Тэгсэн нэг өдөр дуудлаа. Өвдгийг нь түшээд суутал уйлж эхэлсэн. Яах учраа олохгүй, ёстой уул нурна гэдэг л тэр байх. Аавынхаа уйлахыг харах шиг хэцүү зүйл орчлонд байхгүй. Аав “Миний хүү нэгийг бодоо л байлгүй. Аав нь чамд итгэж байна. Хулгай хийхгүй, худал ярихгүй, чих халууцуулахгүй яваад байж чадна гэдгийг аав нь мэдэж байна. Чамайг хот явна гэвэл явуулъя. Хүн зорьсон зорилгодоо хүрч байж гэртээ ирдэг юм шүү. Хүмүүс аавыг нь өргөсөн хүүгээ өөрөөсөө холдуулаад явуулчихлаа л гэх байх. Гэхдээ миний хүү явна гэж байгаа бол аав нь явуулъя” гэсэн. Би аавдаа эхнэр авахгүй лам болно гэж хэлж байсан.

          Хэсэг чимээгүй суусан тэрбээр “Сонин юм шүү. Сэтгэл огт эргээгүй. Лам болно л гэж бодсон. Ховдын онгоцны буудлаас аав, ээж, дүү нар маань намайг үдэж, би нэг ч таних хүнгүй Улаанбаатар хотод буулаа”. Дөрвөн хүн үүдэнд иржээ. Тус тусдаа үзүүлэх гэнэ.

 

11:05 цаг

          Доржийн том хүү албан ёсоор болж, өргөгдсөнөөсөө хойш төрсөн аав, ээжийнхээ хамаатан садны алинтай ч уулзалгүй холдсон аж. Тэрбээр өдгөө хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй дүүтэй гэнэ. Гэхдээ нэг нь төрсөн аавыг нь дагаж явсан дүү нь бөгөөд түүнтэйгээ байнга холбоотой байдаг аж.

          Том лам болох чин хүсэл сэтгэлд нь байгаа ч яаж, хэрхэх замаа төдийлэн мэдэхгүй тэр Ховдын айл сурагласаар Дэнжийн мянгын захын орчимд Цэдэн-Иш гэж хөгшин байгааг сонсоод очиж байв. Нутгийн хүмүүсээ бараадаж байгаа хэрэг. Ингээд 1993 оноос хойш тэднийд байж, Хайлаастын 72 дугаар сургуулийн хажууханд галчаар ажилд орсон. “Аав минь надад юу гэж хэлж, захиад явууллаа. Тэгэхэд би галч хийгээд, хөөтэй ноцолдоод явж байх гэж” гэж бодож, сэтгэлээр унана. Тэгсэн хэрнээ миний мөрөөдөл, хүсэл огт няцаагүй. Ингэж байгаад 1997 онд Ж.Пүрэвсүрэн багштайгаа учирч, Нинмава тарнийн Дэчинчойнхорлин хийдийн дэргэдэх “Авралын од” шашны дээд сургуульд элсэж, шашин судлаач, зурхайч багш мэргэжлээр 2002 онд төгссөн. 1999-2003 оныг хүртэл Дэчинчойнхорлин хийдэд хурлын лам, Да лам болсон. Гэхдээ амьдралд ам гарч болохгүй зүйл гэж бий. Миний хүсэж мөрөөдсөн бүхэн санасан сэтгэлээр бүтэж, эрүүл саруул байж, аавдаа амласанаараа лам ч боллоо. Гэвч бас болохгүй л байв.

 

11:45 цаг

Ирсэн хүмүүсийг гарангуут бид амьдралд ам гарч болохгүйн тухай юу ярихыг  нь үргэлжлүүлэн сонсохоор хурдхан оров.

          Бараг арван жилийн хугацаанд бодож, бясалгасан болохоор сэтгэл зүйгээрээ би лам болсон байв. Гэвч аав, ээждээ “Би хүнтэй суухгүй. Эхнэргүй лам болно” гэж ам гарсан минь тэр давааг заавал давах үйл, зурагтай байсныг ойлгуулсан даа. Том охин минь төрж байж би зурхайн ухаанд өөрийн хэмжээнд түвшнийг олсон. Ээж минь хүүхэд байхад дандаа л “Юунд ч битгий ам гар. Хүн давахгүй гэсэн даваагаараа долоо давдаг юм” гэдэг байсан юм. Одоо ч тэгж хэлнэ. Үнэхээр хүн юунд ч ам гарч болохгүй. Ам гарах тусмаа түүнийгээ өөртөө даваа болгон дуудаж байдаг юм.

          Амар амгалан бол бусдад өгч буй амар амгалан, сэтгэлийн цэнгэл, баяр хөөр юм шүү дээ. Түүнээс  биш өөрийгөө бусдаас тусгаарлаад чимээгүй суух, хэн ч өөрт нь саад хийхгүй амьдрахыг хүсэх биш. Аз жаргалтай оршихын тулд бусдыг эхлээд аз жаргалтай болгох юм шүү дээ. Би Гандантэгчэнлин хийдэд 13 дахь жилдээ зурхайчаар ажиллаж байна.

 

12:10 цаг

-Зурхайч гэдэг нь ажил юм уу. Хүмүүс таниас хувь заяагаа асууж, харуулахаар ирж байгаа учраас энгийн нэг ажилтан бишээр харж байгаа.

          -Хэдийгээр зургаан зүйл хамаг амьтны тусын тулд зурхайн зурлагаа хийдэг ч энэ миний ажил юм. Надад бүр мэргэждийн үнэмлэх бий. Аль нэг албан байгууллагад ороход “Таныг хэн зурхайч гэж  итгэх юм бэ” гэхээр нь үзүүлдэг юм. Барилгачин, багш, сэтгүүлчид хэдэн цагт ажилдаа ирж, хэдэн цагт дуусч байна түүнтэй адил. Нийгмийн даатгал төлнө, цалин авна.

-Аав, ээжээсээ зөрөн байж мөрөөдсөн зүйл чинь энэ л гэж үү?

          -Би ямар нэгэн ид шид, өөрчлөлтийг хүсээгүй. Хүсээгүйгээ ч мэддэг. Би өөрөөрөө өөрийгөө олж, бусдын сайн сайхны төлөө амьдарна л гэж зорьсон. Миний мөрөөдөл, зөн биелсэн гэж боддог шүү. Өнөөдөр ч биелэлийнх нь нэг хэсэг. Ээж минь баяртай байдаг. Аав минь өнөөдрийг үзсэн бол бас л сэтгэл дүүрэн байх байсан. Энэ л миний мөрөөдөл. Хэн нэгэнд туслахын тулд зарлаж, тунхаглан бусдын анхаарлыг татах хэрэг байхгүй шүү дээ. Туслалаа гэж бодох ч хэрэггүй. Туслах ёстой зүйлээрээ тусалж чадсан л бол хэзээ нэгтээ сайн үйлийн үр чам дээр буцаж ирнэ.

-Таны цалин амьдралд тань хүрэлцдэг үү?

          -Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг. Бид найман хувийн зээлээр орон сууц авсан. Түүндээ амьдарч байна. Өөрт байгаагаас илүүг хүсэхгүй, өөртөө байх ёстойг бий болгож амьдарч чадвал юм бүхэн хүрэлцэнэ. Орчлонд хүнд хэрэгтэй хийгээд хэрэггүй зүйл хангалттай бий.

 

13:00 цаг

Түүний хэлснээр үдийн цайны цагтай уралдан хүмүүс олноороо ирэх юм. Олонх нь амьдралын ноён нуруу, ажил үйл бүтэхгүй байна, олзны үүд хаагдаж, гарзын үүд нээгдсэн бололтой үзээд өгөөч гэж байгаа нь сонсогдох юм.

          “Аз жаргалтай амьдрах гэж хүн бүхэн зүтгэж, зарим нь аз жаргал олохын тулд зовж байгаа" тухай бидний яриа үргэлжлэв. Тэрбээр ярианыхаа эхэнд “Чамтай тохиож, учирч буй бүхэн, үйл явдал болгон үйлийн үрээр болох ёстой зүйл л болж байгаа хэрэг. Хувь төөргөөс гажсан зүйл огт байхгүй. Бүгдийг байгаагаар нь хүлээн авч, өчигдөртөө амьдралгүй, өнгөрснөө бодож өнөөдрийн зол жаргалаа алдахгүй байхад л болно. Олон хүн ингэж чаддаггүй” хэмээн шүүрс алдсан юм. Үргэлжлүүлэн “Хүн жаргахын тулд есөн шидийн зүйл хийдэг. Сайн, муу үйлийг ялгахгvй учраас өөрийнхөө жаргалын тухай хийсэн үйл нь эцэстээ зовлонгийн үрийг тарих тохиолдол зөндөө байна. Аливаа нэгэн муу сэтгэлийн үрд зовлон, сайн үйлийн үрд жаргал гэдэг зарчмыг ойлгоод өөрийн зовлон гаргаж буй 84000 муу сэтгэлийг сайн увдисанд нь урвуулах бурхны заасан 84000 номын цогцыг ашиглаж, өөрөө өөрийнхөө амьдралыг сайн сайханд хувиргах хэрэгтэй.

          Түүнчлэн жаргалтай амьдрахын тулд жаргал гэж юу болохыг таньсан, түүндээ хүрэх зөв арга замыг олсон байх учиртай. Түүнчлэн жаргалаас хагацуулагч зовлон гэж юу болох, түүнээс зайлсхийх арга учрыг мэдэх хэрэгтэй болно. Энгийнээр хэлэхэд, хорвоогийн амьтны хүслэн болсон аз жаргал гэж юу болохыг таних, түүнд хүрэхийн тулд зовлонгоос гэтлэх, улмаар төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай сургаал гэж Бурханы шашныг ойлгож болно. Чи жаргамаар байгаа юм чинь бусад ч бас тэгмээр байгаа. Та зовлонгоос салахыг эрмэлзэж байгаа шиг хорвоогийн олон амьтан гачаал бэрхшээлээсээ гармаар байгаа. Чи бие хэл сэтгэлээрээ төгөлдөршиж, хамаг бүгдийг нигүүлсэн хайрлахын хэрээр өөрөө бусдын хайр энэрэлд багтана. Жаргал тэр л юм.

          Мөн “Санаа сайн бол заяа сайн. Сайхан төрөх заяаных, сайн явах нь санааных” хэмээх ардын үг байдаг. Энэ үгэнд утга санаа бий. Хүн тэргүүлшгүйгээс орчлонд хязгааргүй олон удаа төрөл авсан байдаг. Хүний бие цогцсыг авсан хэдий ч бид зовлонгоос салж чадаагүй. Бүгд өтөлдөг, өвддөг орчлонгийн хүний найман зовлонг хүссэн хүсээгvй туулдаг заяанд хаягдсан учир бид өөрсдийн хүсэн мөрөөдөж байгаа зүйлдээ хvрч чадалгүй эдүгээ ч зовлонт газар байж байна. Энэ нь урьд өмнө хийсэн үйлийн үр боловсорсон үр дүнд ийм төрлийг авсан. Тэгэхээр хүний гадаад биеийн хэлбэр, дуу авиа гээд бүх зүйл ерөөсөө урьд төрлийн толь юм. Тийм учраас төрсөн өдрийн төөрөг, хүний авсан бие цогцос, галбир энэ бүх шинж чанараас хамаараад тодорхой идэх хоолны, наслах насны хэмжээ цаанаас шийдэгдсэн байдаг. Тиймээс юунд адгах хэрэггүй.

 

13:30 цаг

-Таныг ганданд ирэх үед хүмүүс ихэвчлэн юу асууж ирдэг байв. Одоо харин юу асууж байна вэ. Хүмүүсийн амьдрал хийгээд оюун санааны өөрчлөлтийг та анзаарч байгаа юу?

          -1993-2000-аад оны үед автобусанд тасалбарын мөнгөө төлдөг хүн цөөн байлаа. Олонх нь чимхүүлээд, өшиглүүлээд, базуулаад сурчихсан. Хүмүүс мөнгөө өгдөггүйгээс болж тасалбар түгээгчид нь ууртай, догшин авиртай байлаа. Одоо бол бүр тасалбар түгээгчгүй автобус үйлчилгээнд явж эхэллээ. Энэ бол монголчуудын амьдрал эдийн засгийн хувьд хэрхэн сайжирсныг илтгэж байгаа хэрэг. Харин хүн чанар, оюун санааны хувьд адилхан мөнгөгүй хэрнээ биенийгээ түшиж өгөөд автобусанд суулгадаг, хажуу айл нь хоолны усгүй гэвэл байгаагаа хуваагаад хашаан дээгүүрээ давуулаад өгчихдөг байв, 2000 оноос өмнө. Одоо бол хөршөө ч танихгүй, хонхыг нь андуураад дарчихвал гарч ирээд загнах жишээний л байна. Идэр болоод настай хүмүүсийн хувьд энэ асуудал биш. Нялх, жаахан хүүхдүүд л харамсалтай байна.

-Яах ёстой вэ?

          -Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын программд эх оронч үзэл, ёс зүйн тухай оруулах хэрэгтэй. Хувь хүний ёс зүйн тухай ойлголтгүй мянга мянган хүүхэд бэлтгэж төгсгөчихөөд оюун ухаан нь тогтсон хойно  их сургуульд эх оронч үзэлтэй болох ёстой гэж заагаад яах юм бэ. Хүүхдэд багаас нь суулгах ёстой үзэл баримтлал, хайрлах энэрэхүйн сэтгэл, эх оронч үзлийг мартаж болохгүй.

-Та өглөө бидэнтэй уулзахаар ирж явахдаа таны хажуугаар тоглож өнгөрсөн ламхай нарыг эргэж харж зогсоод инээгээд байсан. Түүнд ямар нэг учир бий юү?

          -Тэдний инээлдэхийг сонссон юм. Тэд бол миний хүүхэд нас. Балчир, нялх зүрх, оюун ухаан нь гэгээрлийг олохоор тэмүүлж буй ч үг, үйлдэл бүр нь хүүхдээрээ. Ариун цагаан сэтгэлийг нь яг хүүхдийнхээр нь олон жил, болж өгвөл насан туршид нь үлдээхийн тулд томчууд тэднийг хайрлах хэрэгтэй. Хүүхдээсээ өөрийгөө, хүүхдүүдээс гэрэл гэгээг аяндаа мэдэрч, тэднээс суралцаж амьдрах ёстой юм. Хүн ариун гэгээн чанаруудаа өдөр ирэх тусам алдсаар байдаг. Гэтэл тэр нь хүүхдэд нь байгаа. Тэднээсээ суралц. Хүүхэд бол хүний ертөнцийн гэрэл гэгээ юм шүү дээ.

Дотоод сэтгэлийн хүч гэж ярьдаг. Энэ хүчийг хүчирхэг байлгахын тулд яах ёстой вэ?

          -Хүний биед 10 төрлийн хий бий. Энэ хийнүүд бидний явах, ууж, идэх, уусан идсэнээ боловсруулах, үзэж харах гээд бүх зүйлийг зохицуулж, хөдөлгөж байдаг хүч юм. Энэ хийний хүчээр бид хоёр одоо яриад сууж байгаа шүү дээ. Сүнс гэдэг зүйл маань энэ хийг хөлөглөөд бүх биед түгээд сэрж мэдрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, биед сүнсийг тээдэг учраас хийг морь гэдэг. Тэгээд “хийморь” гэж хэлж байгаа нь тэр. Тэгэхээр энэ дотоод хийний чадал нь муудахаар сүнсний чадал муудах нь л дээ. Бид энэ хийний хүчээр харж байгаа юм чинь нүдэнд гүйж байгаа хийний хүч муудахаар хараа муудна. Тэрний хэрээр сэрэл мэдрэл дагаад муудна. Энэ дотоод хийг сайн болгохын тулд эм уугаад, бариа хийлгээд сайжирдаггүй. Яахаар сайжирдаг вэ гэхээр өндөр уулын оройд гарах, номын хүч, зөв сэтгэл, сайхан үнэртэн зэргээр дотоод хийний хүч чадлыг сайжруулдаг.

 

14:20 цаг

          10 гаруй хүний хувь заяа, ирэх амьдралын өнгийг зурсан цаасаа цааш тавих түүнээс “Өглөөнөөс хойш бараг 30-аад хүн орж ирлээ. Та ядрахгүй байна уу” гэхэд “Хамгийн дээд буян бол сэтгэлийн өглөг. Чиний сэтгэлийн өглөг дараагийн сайн сайхны гүүр болж байдаг. Жишээлбэл, гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдийн дэргэдүүр чи “Энэ хүүхдэд бууз ч болтугай авч өгөх юмсан” гэж бодоод өнгөрсөн байхад чиний дараагийн, эсвэл дараагийн хүн бууз авч өгдөг жамтай. Сайн сэтгэлийн үр бүхэн үйл болох замыг засаж байдаг юм. Чаддаг бол бүгдэд туслахсан гэж бодож амьдардаг хүн олон. Арга мухардаж, чиг хайсан хүн л биднийг зорьж ирдэг юм. Түүнээс биш ажил үйлс нь дэлгэрч, аз жаргалтай яваа хүн лам, зурхайчийг зорихгүй. Бид сэтгэлийн зовлонгийн хүлээсээс ангижрах эхний гарц нь болдог юм уу, хүмүүст.

-Хүний зовлон сонсох төдийд л давхар үүрдэг гэж ярьдаг. Та хүмүүсийн болох, болохгүйн тухай яриа, асуулт, амьдралыг эргэн боддог уу?

          -Бүгдийг чин сэтгэлээсээ Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хийх ёстой.

 

14:40 цаг

          Өглөөнөөс хойш суусан түүнд одоо л цай уух зав гарлаа. Гэхдээ дээрх хугацаанд утас нь барга тасралтгүй дуугарч, хүмүүс элдвийг асууж, хариултаа авах аж. Орон нутгаас их ярих юм. Биднийг цай уухаар сууж байтал Архангай аймгаас холбогдож байна гээд нэгэн хөгшин ярив. Тэрбээр “Цогтбаатар гуай таны гаргадаг цаг тооны бичиг худалдаанд гарсан уу. Хотод байгаа хүүхэд олсонгүй гэнэ. Драгон төв дээр зарах боломж байна уу. Таныхыг л авмаар байна” гэв. Түүнд хаанаас худалдан авч болохыг нь хэлээд утсаа салгалаа. Цай уунгаа ширээнийхээ дороос нөөтбүүк гаргаад ирэв. Асаах зуураа “Охин маань фэйсбүүк хуудас нээж өгсөн. Би өдөр өдрөөр нь зурхайгаа оруулж байгаа. Хүмүүс их дуртай байгаа бололтой. Лайк дараад байгаа. Лайкдаа чухал биш. Хүмүүст хэрэгтэй юм” гэв. Ийн ярьж байтал хүүхдээ тэвэрсэн хүн хаалгаар шагайв. Тэрбээр багагүй хугацаанд ном уншсаны эцэст залуу гэр бүл гарч ирлээ.

 

15:40 цаг

          Монголчуудын мөрөөдөл нь Монголынхоо тухай, эх орноо, үүх түүхээ мэддэг болох байгаасай гэж би хүсдэг. Ингэж ч хүүхдүүддээ захидаг. Монголоо мэдэхгүй байж “Гадаадын тийм орон руу явна, ийм юм үмээр байна” гэх хүн дэндүү олширч байна. Монголоо мэдэхгүй, монголоо хайрлахгүй хүн олширч байна. хүн хүнээ хайрлахгүй, ойлгохгүй нийгэмд бид амьдарч байна. Монголынхоо тухай мэддэг, бахархдаг, эх оронпоо хайртай бол амьдарч байгаа алга дарам газраа харийн хүнд худалдахгүй. Гэтэл одоо бол хөршийндөө өгөхгүй хэн нэг гаднын хүнд зарах гээд л үзээд байдаг явдал их байна. Монгол мөрөөдөл, эх оронч сэтгэлгээг хүүхдүүддээ, найз нөхөддөө, өөртөө бат суулгахыг хичээх цаг ирсэн. Эх оронч үзэл гэдэг минийхээр амьдран буй энэ орчин дэлхийгээ хайрлах, хамгаалах.

 

16:10 цаг

Түүнийг гэр рүүгээ залахаар нэгэн гэр бүл иржээ. Түүнийг ирэх баасан гарагийн үдээс өмнө ирж авах гэнэ. Хүмүүс гэртээ аваачиж ном хуруулахыг их хүсдэг юм. Сүсэг бишрэлээрээ болдог байх. Хүний хүсэл биелүүлэх, хүсэл нь биелэсэн хүний нүд гэрэлтэж, сэтгэл цэлмэхийг харах сайхан шүү дээ. Зовлон, гунигаас ангижирч буй бүхэн дараагийн зовлон гунигийг үргээх чадалтай болно хэмээн ярив.

-Та гэртээ байхдаа энэ л янзаараа ярьдаг уу. Хүүхдүүд нь “Аав аа, та бүгдийн учир шалтгааныг дандаа тайлбарлаж ярих юм гэдэг үү?

          -Хүн юу сонсож, мэдэрч өснө. Түүгээрээ л хүмүүждэг юм. Надад тийм юм ярьж байсангүй.

-Та гэгээрсэн хүн үү?

          -Олохыг хичээж явна.

-Таны өрөө их хүйтэн юм. Халаах зуухууд төдийлэн сайн халаахгүй байгаа ч та огт даарсан шинжгүй өдрийг өнгөрөөлөө.

          -Тун удахгүй Их Чогчэн дуган ашиглалтад орж, бид маш сайхан дацантай болох гэж байгаа гэж бодохоор даарахгүй л байна.

-Даарах, даарахгүйн асуудлыг та арай “Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх” гэдэг ухагдахуунаар бодоод байгаа юм биш дээ?

          -Би энд суугаад ажиллаж байхад хүйтэнд өдөржин гадаа зогсоод будаа зарж байгаа, машины зогсоолын талбайд ажиллаж байгаа, гудамж цэвэрлэж байгаа хүмүүсийг яаж байгаа гэж бодож байна. Тэгэхээр би дулаан газар өөрийн ажлаа хийгээд сууж байгаа минь хувь байгаа биз.

 

16:50 цаг

Түүний нэг өдрийн ажил 17:00 цагт дуусна. Гэсэн ч үүдэнд  тавьсан урт модон сандал дээр дөрвөн эмэгтэй хүлээн сууна. “Миний ажлын цаг ингээд дуусч байна. Гэхдээ үүдэнд хүлээж байгаа хүмүүсийн зурлагыг зурчихаад явна аа” гэсээр үлдэв.

            Тэр бусдад амар амгалан бэлэглэхээр үлдсэн нь энэ. Түүний ярихыг сонсоод суух өөрөө амар амгалан байсныг тэндээс гарч явахдаа ойлгох шиг болов. Тийм болоод л түүний өрөөний үүднээс олон тасардаггүй, түүнд итгэж найдах сэтгэл үржин нэмэгдсээр байдаг биз ээ. Түүний хүүхэд байхдаа хүссэн зүйл энэ л байжээ. Бусдад амар амгалан бэлэглэхийн тулд совин, мөрөөдлөө даган зөрүүдэллэсэн нь биелэлээ нэгэнт олжээ. 

 

 

2016 он

 


АМАР АМГАЛАНД ХӨТЛӨГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188